Facebook Page Like

2015/03/20

Монгол үлгэр: Доголон шаазгай

Share & Comment
Долоон бор өндөгтэй доголон
шаазгайн үлгэр


Эрт урьд цагт нэг доголон шаазгай долоон ногоон өндөгтэй байж гэнэ. Гэтэл нэг өдөр үнэг хүрч ирээд, -Долоон өндөгнөөсөө нэгийг нь өгөөч би авч идье! гэжээ. Тэгэхэд нь шаазгай: -Би өндөгнөөсөө өгөхгүй гэж гэнэ. -Чамайг өндөгнөөсөө өгөхгүй бол алсын газраас тоос татуулж ирээд, алтан улиасыг чинь хуга мөргөөд, аравгар өдийг чинь хуу зулгаагаад өндөгнүүдийг чинь бүгдийг нь авна даа гэж үнэг хэлж. 

Шаазгай айгаад нэг өндөг өгчээ. Тэгээд нөгөө үнэг өдөр бүр хүрч ирэн урьдын адил хэлж өндгийг нь идсээр байтал ганцхан өндөг үлджээ. Тэгээд өнөөх шаазгай уйлж байж гэнэ. Тэгтэл нэг оготно гарч ирээд:
- Та юунд ингэж уйлаа вэ? гэж асуужээ. Шаазгай хэлжээ:

- Би уул нь долоон өндөгтэй байсан юмсан. Гэтэл нэг үнэг хүрч ирээд: “Чи өндөгнөөсөө надад өгөх хэрэгтэй” гэхэд би хичнээн өгөхгүй гэвч “Чамайг өгөхгүй бол би алсын газраас тоос татуулан ирээд, алтан улиасыг чинь хуга мөргөөд, аравгар өдийг чинь хуу зулгаана” гээд аргагүй авч явсаар байгаад одоо ганцхан өндөгтэй үлдлээ гэж оготнод хэлэв.


Оготно шаазгайд ингэж үг зааж өгөв: - За чи одоо “өндөгнөөсөө өгөхгүй” гэж хэлээрэй. Ингэж хэлэхэд үнэг чамд урьдын адил “Алсын газраас тоос татуулан ирээд, алтан улиасы чинь хуга мөргөөд, аравгар өдийг чинь хуу зулгаана даа” гэж хэлэх биз! Ингэхэд нь чи: “Алсын газраас тоос гаргадаг туурай чинь аль вэ? Алтан улиас хуга мөргөдөг эвэр чинь аль вэ? Аравгар өдийг минь хуу зулгаах сарвуу чинь аль вэ?” гэж асуугаарай. Ингэхэд “Чамд энэ үгийг хэн зааж өгөв?” гэх биз. Тэгэхэд нь “Би өөрөө бодон бодон бодол оров. Унтан унтан ухаан оров. Санан санан санаа оров” гэж хэлээрэй! гэжээ.

Өнөөх үнэг хүрч ирээд шаазгайд: -Надад үлдсэн ганц өндгөө өгөөч! гэсэнд шаазгай “Өгөхгүй” гэв. Үнэг: -Тэгвэл алсын газраас тоос татуулан ирээд, алтан улиасыг чинь хуга мөргөөд, аравгар өдийг чинь хуу зулгаана даа! гэжээ. Шаазгай асуув:

-Алсын газраас тоос гаргадаг туурай чинь аль вэ? Алтан улиас хуга мөргөдөг эвэр чинь аль вэ? Аравгар өдийг минь зулгаах сарвуу чинь аль вэ? гэжээ. Үнэг:
-Чи энэ үгийг хэнээс сонсов, хэл! гэхэд нь шаазгай хэлсэнгүй.
- Би өөрөө бодон бодон бодол оров, унтан унтан ухаан оров, санан санан санаа төрөв гэж хариулжээ. Үнэг “Хэн зааж өгснийг хэлэхгүй бол би чамайг үнэгний арван гурван мэхээ хэрэглээд бариад идлээ!” гэж сүрдүүлсэнд шаазгай аргагүй болж айхдаа:
-Тэр нүхэнд байдаг оготно зааж өгсөн гэжээ.

Тэр үнэг өнөөх оготны нүхний амсар дээр очоод оготныг дууджээ. Оготно “Би хогоо цэвэрлэж байна гэв. Гэтэл үнэг хүлээж байгаад бас дахин дууджээ. Оготно “Би толио арчиж байна” гэжээ. Үнэг хүлээж байгаад бас дахин дууджээ. Тэгэхэд нь оготно толгойгоо цухуйлгаж гэнэ. Тэгэхэд нь үнэг: -Толгой нь ийм хөөрхөн байгаа юм, цээж нь ямар хөөрхөн бол? гэхэд нь нөгөө оготно цээжээ гаргажээ. Гэтэл үнэг:

-Цээж нь ийм хөөрхөн байгаа юм, бөгс нь ямар хөөрхөн бол? гэжээ. Тэгэхэд оготно бөгсөө гаргажээ. Гэтэл үнэг: -Бөгс нь ийм хөөрхөн байгаа юм, сүүл нь ямар хөөрхөн бол? гэсэнд оготно сүүлээ гаргажээ. Үнэг хэлэв: -Ийм хөөрхөн биетэй юм хадан дээгүүр бөг бөг гүйх нь яасан хөөрхөн бол? гэсэнд оготно бөг бөг гүйх гэтэл үнэг үмхээд авчээ.

Ингэхэд нь Оготно “өмөр өмөр гэж идвэл өмхий байдаг юм шүү. Ангар ангар гэж идвэл амттай байдаг юм шүү! гэсэнд үнэг оготны хэлсэн ёсоор “ангар ангар” гэж идэх гэтэл амнаасаа оготныг алдаад гаргачихжээ.

Сургамж: 
1. Оготно тунгаан бодох чадвараараа зальт үнэгний мэхийг илрүүлж, шаазгайд арга зааж өгсөн. Гэвч шаазгай тунгаан бодох чадвар муутай тул үнэгний мэхэнд дахин орж байна. Үлгэрт шаазгайг “доголон  гэж онцолсон нь шаазгайн ухаан тунгаан бодох чадвараар сул байгааг илэрхийлжээ.
2. Зальт үнэг оготныг мэхэлж нүхнээс нь гаргаж, холдуулж, улмаар үмхэж чадсан. Энэ нь заль мэх гэдэг ямар аюултайг, мөн ойворгон, хөөрүү зан гай тарихыг харуулж байна. Гэвч оготно үнэгний залийг өөрт нь хэрэглэж, түүний амнаас эсэн мэнд мултран гарч чадаж байна. Үүнд бас л тунгаан бодох чадвар нь тус болж буй хэрэг.  
3. Өнөөгийн нийгэмд үнэг шиг зальтнууд улам л олширч байгаа. Гэтэл таны үр хүүхэд шаазгай шиг “тунгаан бодох чадвараар сул буюу ухаан доголон нэгэн болж өсч байгаа юм биш биз! 
Ангилал:

0 сэтгэгдэл:

Post a Comment

 

Онцлох санаа

Амжилтын 5 хошуу - Тунгаан бодож сур - Шинэ санаатай нөхөрлө

Онцлох санаа

Шаардлага хангасан боловсрол - Уламжлал&шинэчлэл - Хож хож

Хэрсүү ухаанаар хамаг монгол хөгжинө.

Зохиогчийн эрх © Баатарын Батаа /