Дамбадаржаагийн Жаргалсайхан
/Эдийн засагч, нийтлэлч, De
facto нэвтрүүлгийн хөтлөгч/
Ишлэлүүд
¨¨¨
Та бүхэн мэдээллийг мэдлэг болгох, мэдлэгээрээ үнэ цэнийг
бүтээхийг эрмэлзэх ёстой. Даяаршсан хавтгай ертөнцөд та дэлхийн аль ч орны,
адилхан ухаантай хүмүүстэй өрсөлдөх болно. Таны голын аль эрэгт төрсөн, аль
аймаг сум, ямар яс үндэстэй байх нь гол асуудал биш. Та аль хэр мэдлэг
чадвартай, түүнийгээ яаж, ямар хэлээр илэрхийлж чадаж байгаа нь гол асуудал юм.
¨¨¨
Та нар дараачийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болно гэхээсээ
илүүгээр дараачийн Билл Гэйтс, Марк Цукерберг болохыг мөрөөдөөсэй гэж би хүсэж
байна. Та өөрөө тэр хүсээд байгаа өөрчлөлтөө хийх хэрэгтэй.
¨¨¨
“Дэлхий хавтгай боллоо” гэж алдарт зохиолч Томас Фридман хэлжээ.
Даяаршлын эрин үед хөрөнгө мөнгө, хөдөлмөрлөх хүч нь улс орнуудын хил хязгаарыг
саадгүй давж, хөрөнгө оруулалтын сангууд бизнесийн шинэ боломж хайн асар их
мөнгийг нэг орноос нөгөөд агшин зуур шилжүүлж буй өнөөгийн ертөнцөд ямар ч
буурай орон эдийн засгаа үсрэнгүй хөгжүүлж болох тухай өөрийн номондоо тэр
өгүүлсэн байдаг.
¨¨¨
Соёл гэдэг нь тодорхой бүлэг хүмүүсийн шинж чанар бөгөөд тэдний
хэл, зохиол, шашин, хоол, хувцаслалт, нийгмийн зуршил, хөгжим ба урлагаар нь
түүнийг тодорхойлж болно. Соёл нь бас тухайн бүлэг хүмүүсийн итгэл үнэмшил,
үнэт зүйлсийг илэрхийлдэг бөгөөд хүн бүр мэддэггүй ч амьдралынх нь бүх хэсгийг,
үйл, бодол, мэдрэмжийг нь удирдан жолооддог. Мөн соёл бол нэг хүний биш, хамтын
бүтээл бөгөөд аль нэг утга санааг цаг үргэлж тайлбарлаад байх шаардлагагүйгээр
гишүүд нь хоорондоо шууд ойлголцон харилцаж, хамтран ажиллаж болдог тул
нийгмийн амьдралын амин чухал хэсэг юм.
¨¨¨
Нийгмийг ил тод байлгахыг хамгийн их шаарддаг хэвлэл мэдээлэл
өөрөө Монголд хамгийн хаалттай, нуугдмал салбар болж. Хэвлэл мэдээллийн
компаниудын жинхэнэ эзэд хэн болох, эдийн засгийн үзүүлэлт нь ямар байгаа тухай
мэдээлэл олох боломжгүй ажээ.
Хэвлэл мэдээллийн салбар Монголын нийгмийн “нөлөөт” биш,
тунгалаг толь нь байх учиртай.
¨¨¨
Өрсөлдөх чадвар дорой, боломж муу салбарт л үнээ хямдруулж
өрсөлддөг бөгөөд аажмаар бүх тоглогч алдагдалд ордог.
¨¨¨
Манай
сурталчилгааны зах зээл 60 биш, зургаан суваг л олон улсын түвшний үйл
ажиллагаа явуулахад хүрэхээр байхад энэ олон сувгууд алдагдалтай ажиллаад,
болоод байгааг яаж ойлгох вэ? Энэ бол Монгол Улсад хэвлэл мэдээллийн
хэрэгслийг олон нийтийн үзэл бодлыг төөрөлд үүлэх, тархи угаах зориулалтаар
ашиглах сонирхол бат бөх оршиж байгааг илэрхийлж буй хэрэг. Монголын хэвлэл
мэдээллийн салбарт “хаалтын гэрээ” буюу тодорхой асуудал, хувь хүний талаар
ямар ч үед, юуг ч гаргахгүй гэсэн өндөр үнэтэй тохиролцоо явдаг тухай ярилцах
боллоо. Тодорхой мэдээлэл бүх том сайтаас цагийн дараа алга болчих жишээтэй.
¨¨¨
Монголчууд зөвхөн хурдны самбартай эдийн засгийн машинд
суучихсан гэлтэй. Жолоочид хаашаа, ямар зардлаар явах нь биш, зөвхөн хэрхэн
хурдлах нь чухал ажээ. Манай улс эдийн засгийн бодлогын хомсдолд ороод байна. Аль ч
бодлогын цөм нь зарчим байдаг.
¨¨¨
Британи хүн байхын нэг нууц бол боловсролын системтэй нь
холбоотой aж. Тэд 800-гаад жилийн өмнө Оксфорд, Кэмбриж зэрэг дэлхийн анхны их
сургуулиудыг байгуулсан юм. Английн боловсрол нь цаг үеийнхээ эрэлт хэрэгцээг урьдчилан харж
хөгжихийн зэрэгцээ түүхэн уламжлалаа хадгалан түүндээ зохицож өөрийгөө
боловсронгуй болгодог систем тул орон бүрийн залуусын мөрөөдлийн нэгэн оргил
болжээ.
Ирээдүйн хатагтай, ноёдын суурь нь тавигддаг тул бага сургуульд
британичууд онцгой ач холбогдол өгдөг. Долоо хоногийн тогтсон нэг
өдөрт ямар хичээлийн ямар сэдвийг ямар аргаар зааж буй тухай таниулах хичээлийг
эцэг, эхчүүдэд үзүүлнэ. Ингэснээр эцэг эхчүүд яг багшийнх нь зааж буй аргаар
хүүхдэдээ туслан, сурах үйл явцад хэрэгтэй олон янзын аргын дунд будилуулж
самууруулахгүй гэснээс ийн ханддаг аж. Багш нар сурагч бүрийн сурлага
хүмүүжлийн тухай сар тутам хэлэлцэн, юунаас хоцорч байгаа, хэрхэн сайжруулах вэ
гэдгийг төлөвлөдөг. Хичээлийн жилийн эхэнд хүүхэд бүрийн түвшинг тогтоосноор уг
хүүхдийн өнөөгийн болон хүрч чадах боломжит дээд түвшинг хичээл бүрээр үнэлэн,
улсын дундажтай харьцуулсан хүснэгт гаргана. Ингээд улирал бүрийн эцэст эцэг,
эхэд нь хүүхдийн мэдлэгийн өсөлт дэвшлийг тайлбарлан дараагийн улиралд ямар
сэдвийг илүү анхаарах, түүнд нь хэрхэн туслах тухай ярилцана.
¨¨¨
Орон нутаг сэрж, морь, бөхөөсөө гадна оюун ухаанаараа уралдаж,
бизнесээрээ өрсөлдөн дэлхийн зах зээлд гарах хэрэгтэй байна. Ямар ч гэсэн аймгууд өөрсдийн давуу талаа ойлгох, сул талаа
хэрхэн өөрчлөх тухай ажил хэрэгчээр хэлэлцэх, эдийн засгаа өрсөлдөх чадвартай
болгох хэлэлцүүлгийг аймгийн нийтийн удирдлага, хувийн хэвшил, иргэний нийгэм,
иргэдийн оролцоотойгоор ярилцан чуулах цаг болжээ.
¨¨¨
Монголын хөгжилд цэнхэр стратеги (энэ тухай “Цэнхэр далайн
стратеги” гэж ном бий) баримтлах буюу бизнес байгаа зах зээлд өрсөлдөж,
булаацалдах биш (улаан стратеги), цоо шинэ зах зээл, шинэ хэрэгцээ шаардлагыг
бий болгох, өрсөлдөөнийг утга агуулгагүй болгох арга замыг сонгох боломж байгаа
юм.
¨¨¨
Төр засгийн салаа мөчир бүрт үйл ажиллагаа нь зөвхөн сонгуулийн
хугацаанд л захирагдах боллоо. Урт хугацааны бодлого алдагдаж, алсын хараа муудаж буй учир
эдийн засаг өрсөлдөх чадвар тай болохын оронд амиа аргацаасан өнөө маргаашийн
орлого хөөцөлдөх болж, нийгмийн хөдөлмөрийн бүтээмж өсөхгүй байна.
¨¨¨
Монголын нийгэм хоёр хуваагдаад байна. Мэдээлэл харилцааны
технологи ашиглан цахим ертөнцөд нэвтрэн орж, хэрэгцээт мэдээллээ олж ашиглаж
чадаж буй эсэхээр ялгарч байгааг цахим хуваалт (digital divide) гэж
нэрлэдэг. Энэхүү цахим хуваагдал цаг ахих тусам эдийн засгийн эрх тэгш бус
байдлыг хөөрөгдөж, хүн амын тодорхой хэсгүүдэд нийгмийн хөгжлийн ялгааг өсгөх
болсон тул олон орны төр засаг энэхүү харьцангуй шинэ хүчин зүйлд онцгой
анхаарч, цахим хуваагдлыг арилгахын төлөө тусгай хөтөлбөр боловсруулж ажиллахад
хүргээд байна. Интернет айлын гэрт орсноор улс орон үсрэн хөгжихгүй юм аа гэхэд
хүн бүрт эрх тэгш боломж олгоно.
¨¨¨
Монголчууд бид “тэнэг ховдог тогоогоо, цэцэн ховдог галаа” гэж
ярьдаг. Манай төр засаг ховдог, гэхдээ тэнэг ховдог ажээ. Ховдог
байж болно, ядаж цэцэн нь бай л даа.
¨¨¨
Дугуйг шинээр бүтээх шаардлагагүй бөгөөд манайх шиг улс бусад
орны алдаанаас суралцаж, маш хурдан урагш явж байж л хөгжилтөй орнуудыг гүйцнэ
шүү дээ.
¨¨¨
Хаана хүрэхээ, хаана ирснээ, хаана байснаа бүрэн ойлгоогүй
хүмүүсийг Энэтхэгийг судлахаар яваад Америк тивийг нээснээ мэдэлгүй, Зүүн
Энэтхэгт аялав гэсэн далайчин Кристофер Колумбтай заримдаа зүйрлэдэг. Монголын
төр засагт олширч буй “Колумбууд”- ын тухай гэхээсээ тэдний “уран бүтээлүүд”
өнөөгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн хурд, шаардлагыг гүйцэхгүй, бидний
амьдралын өдөр тутмын хэм хэмжээг алдагдуулж байгааг илүү онцлоё.
¨¨¨
Капитализм хамгийн шилдэг нь биш ч хүн төрөлхтний туршиж үзсэн
нийгмийн бүх тогтолцооноос хамгийн үр дүнтэй нь гэдгийг монголчуудын дийлэнх нь
эдүгээ бүрэн ойлгож, хувийн хэвшлийг дэмждэг болжээ. Гэтэл төр засаг өмнөх
алдааг засах нэрээр хувийн хэвшлийг “золиосны ямаа” болгон, зөвхөн хувийн
хэвшлийн цөөн хэсгийн алдаанд нийгмийн анхаарлыг төвлөрүүлэх, тэднийг улам
чанга шахаж, торгох, бүр ихээр зохицуулах, илүү их татвар ногдуулах хандлагатай
боллоо.
¨¨¨
Ядуу оронд улс төр бол хамгийн ашигтай бизнес болдог. Эрх
мэдэлтэй болмогц бүтэц, зохион байгуулалтаа өөрчилж, чадвартай биш тохиромжтой
хүмүүсээр шинэ орон тоогоо бөглүүлэн баахан бужигнуулан, нийтийн хөрөнгийг
завшсаар дараагийн сонгуульд ордог жишиг тогтож байна.
¨¨¨
Хөдөлмөрлөж, бүтээж чадсан хүн амжилтад хүрдэг, хуйвалдаж
луйвардаж болдоггүй гэдгийг харуулахад баяр наадмын агуулгыг хандуулмаар байна.
¨¨¨
Аль ч оронд, түүний дотор манайх шиг дэлхийд эхний хорьд багтдаг
том газар нутагтай, хамгийн сийрэг хүн амтай оронд агаарын тээврийн үйлчилгээ
нь боломжийн үнэтэй, хүртээмжтэй, чанартай байх чухал. Агаарын орон зайн
удирдлага нь бүртийх ч үүлгүй цэлмэг тэнгэрийн адил ил тод, саруул, алсын хараа
тод, цаг шиг зөв, жигдхэн байх ёстой. Гэтэл Монголын авлига
газрын дор дээр, ус цас, уулан дээрээсээ халиад тэнгэрт ч бас хүрчээ. Монголын
агаарын тээврийн салбарын удирдлага өтгөн мананд төөрч, таамаглан нисэж,
зорчигчдын аюулгүй байдлыг эрсдэлд учруулж магадгүй болоод байна.
¨¨¨
Аль ч улсын сүр хүч, эдийн засгийн цар хэмжээг улстөрчид,
удирдагчид нь гэхээсээ нэрд гарсан компаниуд нь илүү илэрхийлдэг.
¨¨¨
Төсөөлөл нь үргэлж
өөрчлөгддөг төр засаг урт хугацааны бодлого боловсруулах чадвар мөхөс, харин
түүнийг нь засаж залруулахын оронд хувийн сонирхолдоо зохицуулан ашиглах
сэтгэлтнүүд олон бололтой.
0 сэтгэгдэл:
Post a Comment