Дашзэвэгийн
Ганхуяг
/Инженер, эдийн засагч, судлаач, нийтлэлч/
Ишлэлүүд
¨ ¨ ¨
Өнөөдөр дэлхий дахинаа онол түүхийн нэн их,
маш олон суурь бүтээлүүд гарч байна. Харамсалтай нь эдгээрийг Монголд
лавшруулан судалсан, эрэгцүүлэн бодсон нь бараг үгүй. Монгол орон эрдэм ном
уншихаа огт байж. Онолын номыг бол яамай л байна.
¨ ¨ ¨
Манай Монголд хамгийн адгийн нэг муухай зан байдаг юм. Онол сургаальд
хандахдаа эсвэл магтан дуулж бурханчлан шүтнэ, эсвэл газар дор ортол муулж
нулимна. Дандаа цээжнийхээ бангаар.
¨ ¨ ¨
Хүн бол
Бурхан биш юм. Түүхэн зүтгэлтнүүд ч гэсэн нарийн судлаад ирэхээр сайнтай,
муутай байх нь бий. Гэхдээ л тэдний олонхи жирийн нөхцөлд жирийн хүн шийдвэрлэх боломжгүй
түүхэн асуудлыг хувь хүний онцгой шинжийнхээ ачаар монгол үндэстэндээ
тустайгаар шийдсэн байдаг юм.
¨ ¨ ¨
Нийгмийн хуучин байгууллыг халах шиг хамгийн чухал, хамгийн хүнд зорилт
ХХ зуунд байгаагүй, цаашид ч байхгүй биз.
¨ ¨ ¨
Монголын
түүхийг голчлон гадаадууд гадаадаар бичсэн байх. Энэ байдал одоо ч хэвээрээ.
Түүхээ өөрөө бичдэггүй монголчууд түүнийг ямар ч шүүлтүүргүй хуулан авах.
Сүүлдээ хуулж байгаагаа мэдэхээ байчихсан мэт. Иймээс Монголын түүхийг монголоороо бичиж эхлэх нь монголууд бидний үүрэг
мөн.
¨ ¨ ¨
Үнэндээ
бол хөрөнгө оруулалт бол мөнгө биш юм. Мөн чанараараа технологи, үйлдвэрлэл юм.
Цаана нь бас мэргэжлийн боловсон, үйлдвэр, техник, бас соёл юм. Манайх л тэнэгээрээ мөнгө гэж боддог байх. Ухаандаа Япон гэхэд тэр
чигээрээ америк технологи, тэхдээ бүр 5 дугаар үеийнх. Япон үүнийгээ Орост өгөх
тун дургүй. Оросууд энэ технологийг өнөөдөр авлаа л бол маргааш нь “мангас
болно” гэдгийг японууд сайн мэднэ. Тэд Хятадтай ч ингэж харьцдаг.Хятад бол орос
технологийг сайн нутагшуулж, дээрээс нь америк технологийг “нэмж” байгаа орон.
Хятад аргаар их хурдан “эрлийзжүүлж” байгаа. Тэдэнд айх юм үгүй. Орос
бол сайн технологитой ч тэр нь голдуу цэргийн. “Буруу” чиглэмжтэй.
¨ ¨ ¨
Зүгээр л ажлаа чин шударгаар хийгээд байхад нэр
алдартай болж болно ш дээ. Залуусаа, битгий улаан гараараа могой барь л даа…
¨ ¨ ¨
Энэ хүүхдийн хүмүүжил боловсрол арай хэтэрлээ. Бид тэдэнд
“эрх чөлөөнөөс” өөр юу ч өгсөнгүй. Уг нь мэдлэг боловсрол, соёл, мэдээлэл өгөх
ёстой. “Эрх чөлөө” өгсөөр байтал бид бараг “гэмт хэрэгтэн” бэлтгэж эхэллээ.
Одоо бүр байчихаад бүх хүүхдийг адилхан сургана гэсэн “гүн ухаан” дэвшүүлж байна.
Хүүхэд болгоны авъяас чадварыг хөгжүүлэх нөхцлийг бий болгохыг зорих ёстой мэт
санагдана.
¨ ¨ ¨
Монголчууд мэдлэг мэдээллийн XXI зуунд оюун
сэтгэлгээний ядууралд бүрэн автжээ. Манай нийгмийн мэдлэг боловсролын дундаж
түвшин илтэд унав. Ялангуяа залуу үе бараг л тас харанхуй хүмүүс болж байна.
¨ ¨ ¨
Кругозорын тухай: Эхлээд мэдлэг
боловсролыг авч үзье. Гэхдээ дадсан ёсоор боловсролын систем гэж ярихгүй, бас
хүүхэд ярихгүй, харин “системийн гаралт”-ын үзүүлэлт буюу ерөнхий мэдлэгийн
магадлалт үзүүлэлтийг авч үзье.
Энэ юу байж болох вэ ?! Энэ бол бидний хамгийн сайн мэддэг “кругозор” буюу тал бүрийн мэдлэгийн ерөнхий түвшин байдаг юм. Кругозор их олон утгатай. Зарим талаар боловсрол, мөн түүний илэрхийлэл, мөн мэдлэг, түүний илэрхийлэл. Хүн бүх зүйлийг мэдэх албатай биш, гэхдээ заавал мэдвэл зохих зүйл гэж байх. Ер нь тодорхой хэмжээний зүйл мэдэхгүй бол хувь хүн төлөвшиж чадахгүй.
Энэ юу байж болох вэ ?! Энэ бол бидний хамгийн сайн мэддэг “кругозор” буюу тал бүрийн мэдлэгийн ерөнхий түвшин байдаг юм. Кругозор их олон утгатай. Зарим талаар боловсрол, мөн түүний илэрхийлэл, мөн мэдлэг, түүний илэрхийлэл. Хүн бүх зүйлийг мэдэх албатай биш, гэхдээ заавал мэдвэл зохих зүйл гэж байх. Ер нь тодорхой хэмжээний зүйл мэдэхгүй бол хувь хүн төлөвшиж чадахгүй.
¨ ¨ ¨
Нийгмийн хамгийн том зовлон залуу үеэ хүмүүжүүлэх, мэдлэг
соёлоо үлдээхэд байдаг.
¨ ¨ ¨
“Өөрөө юм хийхгүй, хүнийг юм хийлгэхгүй” зан авир
бол яах аргагүй өвчин юм.
¨ ¨ ¨
Ганц туйлт ертөнц өөрчлөгдөж байна. Хятад эрчимтэй
өсөж, Энэтхэг хүчирхэгжиж, Орос эргэн ирж, Бразиль гэх мэтийн шинэ тоглогчид
гарч ирэв. Энэ болон бусад олон үйл явц сүүлийн 20 жил тогтож ирсэн АНУ дангаар
ноёрхсон олон улсын системийн ахин авч үзэхэд хүргэж байна.
¨ ¨ ¨
Креационизм - Энэ бол “бүтээгч” гэсэн латин үгээс гаралтай бөгөөд
шинжлэх ухаан хийгээд түүний тулгуур зарчмуудыг үгүйсгэдэг, түүний орыг
эзлэхийг оролддог, тэгсэн атлаа шинжлэх ухааны нэр томъёог зээлдэж, оронд нь
далд, нууц, шашинлаг үзлийг номлодог янз бүрийн сургааль номлолын ерөнхий нэр
юм.
¨ ¨ ¨
Монголын эрүүл мэндийн салбар шиг дампуу юм хорвоод
үгүй. Дассан сурснаараа л “систем” гэхээс биш, түүнд системтэй төстэй зүйл нэг
ч байхгүй. Одоо шинэ систем бүрдүүлэхээс өөр арга байхгүй.
¨ ¨ ¨
Манайд Хятадыг эсвэл хараадаг, эсвэл айдаг тэнэг зангаа татаж, сайн
судлах л хэрэгтэй гэж бодож байна. Харин сайн судалбал арга нь олдож л таарна…
¨ ¨ ¨
Монголдоо нэг сайн музейн цогцолбортой болж авъя. Нүүрс зарахаас өөр юм
бодохгүй байсаар мал болж гүйцлээ ш дээ.
¨ ¨ ¨
Хэрэв
дэлхийн улс орнуудыг гүйлтээр уралдаж байгаа хүнтэй зүйрлэвэл эхэнд нь АНУ,
Хятад гээд, тэгээд цуварсаар байгаад манайх 200 гаруй улсаас эхнээсээ 160-170 хавьцаа,
хойноосоо 30-40 хавьцаа яваа гэж гэж ойлгож болно байх. Ингэхлээр асуудал бол
гүйцэх гэдэг нь дэндүү ойлгомжтой атлаа яаж гэдэг нь тодорхойгүй. Энэхүү яаж
гэдэг нь стратегид хамаарна. Тэгвэл баялагтай бол “гүйж” болох уу.
Болохгүй. Булаагаад авчихдаг юм, булаах ч юу байхав, хуураад авчихдаг юм.
Баялгаа зарцуулдаг, хуваарилдаг хэрэгсэл хэрэгтэй. Энийг нь төр гэдэг. Төр дундаас нь идээд болж өгдөггүй юм.
Энийг авилга гэнэ. Манайхны ганц сайн мэддэг юм энэ л дээ. Авилга нэвт шингэсэн
төр нийгмийг олигтой “гүйлгэнэ” гэж ёстой байхгүй. Дан ганц эдийн засагт баримжаалсан төр
амжилт олохгүй. Хүнээр бол байгаа бүх мөнгөөрөө хоол аваад идчихээр чинь яаж
“гүйхийм”. Дараа буюу хойч үеийн идэх хоолыг бэлтгэх ёстой, энэ системийг
үйлдвэрлэл гэнэ. Яг “одоо идэх” гэдэг хүмүүсийг аль ч нийгэм “шууд зайлуулдаг”
жамтай. Энэ ч харин манайхаар дүүрэн.
Нийгэм өөрөө үйлдвэрлэн бүтээгч байх ёстой, энэ нь дан ганц хэрэглээ болбол нийгэм “гүйх” байтугай сөнөнө. Мөн “гүйх” сэтгэл зориг, чин эрмэлзэл байх ёстой, үүнийг үзэл санаа, оюун санааны систем гэнэ. Энэ байхгүй бол “гүйх” сэдэл байхгүй, “гүйх” нь утгагүй. Хамгийн гол нь “гүйхэд” нийгмийн бүх организм “эрүүл” байх ёстой. Үүнийг социал систем гэнэ. Эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухаан, ёс суртахуун, гэр бүл, шашин, хамт олон гээд явж өгнө. Энийг мартвал “гүйх” бол ёстой лөөлөө болно.
Өөрөөр хэлбэл улс төр, эдийн засаг, нийгэм, оюун санааны бүх системийг уялдуулж бүхэлд нь харж төлөвлөж байж сая нэг “гүйх” төлөвлөгөө гаргаж болох бөгөөд үүнийг стратеги гэнэ. Өөрөөр хэлбэл нийгмээ бүхэлд нь системтэйгээр харж төлөвлөж стратегаа гаргаж байна.
Нийгэм өөрөө үйлдвэрлэн бүтээгч байх ёстой, энэ нь дан ганц хэрэглээ болбол нийгэм “гүйх” байтугай сөнөнө. Мөн “гүйх” сэтгэл зориг, чин эрмэлзэл байх ёстой, үүнийг үзэл санаа, оюун санааны систем гэнэ. Энэ байхгүй бол “гүйх” сэдэл байхгүй, “гүйх” нь утгагүй. Хамгийн гол нь “гүйхэд” нийгмийн бүх организм “эрүүл” байх ёстой. Үүнийг социал систем гэнэ. Эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухаан, ёс суртахуун, гэр бүл, шашин, хамт олон гээд явж өгнө. Энийг мартвал “гүйх” бол ёстой лөөлөө болно.
Өөрөөр хэлбэл улс төр, эдийн засаг, нийгэм, оюун санааны бүх системийг уялдуулж бүхэлд нь харж төлөвлөж байж сая нэг “гүйх” төлөвлөгөө гаргаж болох бөгөөд үүнийг стратеги гэнэ. Өөрөөр хэлбэл нийгмээ бүхэлд нь системтэйгээр харж төлөвлөж стратегаа гаргаж байна.
¨ ¨ ¨
Олон
залуу надаас байнга асуудаг юм. Яаж Тан шиг “их юм мэддэг” болох вэ ? Би Та
нараас “илүү их мэдээд” байгаа юм байхгүй гэхэд надад “үнэмшдэггүй” юм. Би асар
их мэдээлэл дундаас “хэрэгтэй юмаа” олж чаддаг л хүн. Өөр ямар ч ид шид
байхгүй. Мэдээж ингэхэд их дадлага, туршлага хэрэгтэй л дээ.
¨ ¨ ¨
Тэгэхлээр сэтгэлгээний дасгал сайн хийж үз, залуусаа. Тархиний гимнастик
биеийн гимнастикаас нэг их дор орохгүй байлгүй дээ. Ер нь тархигүй бол бие
байгаад яах ч билээ.
¨ ¨ ¨
Сонгууль
ойртсон биш, телевиз үзэх, радио сонсох, сонин хэвлэл унших огтын боломжгүй
болов. Монголоор дүүрэн цагаан хэрээнүүд гараад иржээ. Эрдэм мэдлэгтэй, ард
түмнээ яс махнаасаа хайрладаг, бүр төрөхөөсөө эхлээд л ард түмнийхээ төлөө үхэн
хатан зүтгэж ирсэн, хувийн ямар ч сонирхол байхгүй, төгс төгөлдөр хөгжсөн ямар
ч олон эх оронч хөвгүүд, охидтой болчихсон юм, Миний Монгол.
0 сэтгэгдэл:
Post a Comment