Facebook Page Like

2015/02/11

Ишлэл: Д.Бямбасүрэн

Share & Comment
Дашийн Бямбасүрэн
/Монгол Улсын 16 дахь ерөнхий сайд, нэрт эдийн засагч, систем судлаач/



Ишлэлүүд
¨ ¨ ¨
1960-аад оны үед манайхан Германы уран бүтээлчидтэй хамтран “Алтан өргөө”  гэж кино хийсэн. Тэр кинонд өвөг дээдсийнхээ өвлүүлсэн эрдэнэсийн авдрын түлхүүрийг шуналтай хүү нь авч авдрыг онгойлгоод нутаг орноороо хэрхэн сүйрдэг тухай өгүүлдэг. Одоо яг л тийм болчихлоо. 

¨ ¨ ¨
Ном олон янз. Ном бүрийг унших ёстой ч юм биш. Манай монголчууд номыг ариун нандин зүйл гэж шүтэж биширсээр ирсэн. Ном байтугай бичигтэй цаасан дээгүүр алхдаггүй  байсан. Үүний цаадах утга нь тэр номын дотор өгүүлсэн зүйл бол ховор нандин эрдэнэтэй дүйхүйц гэж үздэг байсных. Угаасаа хүн гэдэг амьтан ямар нэгэн танин мэдэхүйн хэрэгцээ гэсэн хөшүүрэгтэй. 

¨ ¨ ¨
Гадны улс  төрийн зүтгэлтэн хэн нэгэн хүн ингэж амьдарч байж гэдгийг харуулсан сайхан сайхан номууд байдаг. Түүнийг унших хэрэгтэй.  Хүнд амьдралын туршлага өгнө. Гэхдээ цаад талд  нь суурь философи байгааг бас судлах ёстой. Өнөө цагийн манай удирдагчид тэрхүү суурь философи талдаа сул анхаардаг юм уу даа  гэж  би хувьдаа боддог. 

¨ ¨ ¨
Биеэ засна гэдэг чинь орчлон хорвоогийн явдлыг таньж сэтгэлийн төвийг олохыг хэлж байгаа юм. Сэтгэлийг төвийг олно гэдэг нь эмчийн боловсрол, инженерийн боловсролыг олохыг хэлдэг юм биш.  Энэ мэргэжлийн боловсрол олох чинь “Бага суртахуй”-даа орно. Одоогийн 76 гишүүнээс их суртахуйг олсон хүн их цөөхөн дөө. 

¨ ¨ ¨
Монголчуудын оюун санааны ертөнцөд нэг өөрчлөлт гарсан. Тэр нь үнэлж хүндэтгэж явах ёстой үнэт зүйлээ мөнгөөр орлуулах болсон явдал. Ялангуяа манай залуучуудад элбэг тохиолддог.

¨ ¨ ¨
Орос, Хятад хоёр чинь  Монгол Улсын бий болгосон бүтээл. Орос 62 жижиг вант улс байсан бол  Зүчийн байлдан дагуулалтын улбаа явсаар өнөөгийн  Оросыг бий болгосон  байдаг. Хятад Чингис хаанаас өмнө 12 жижиг улс байсныг бид нэгтгэж нэгдмэл хятад үндэстнийг бий болгож өгсөн юм. Монгол улсыг тойроод  монгол угсаатны хүрээ байгаа.  Ингээд бодвол  гадуураа дэлхийн хоёр том улсаар хүрээлүүлсэн, тэр дотроо өөрийн монгол угсаатнаар хүрээлүүлсэн дархлаа сайтай улс болчихоод байгаа юм.    

¨ ¨ ¨
Хэл соёлынхоо үндсэн чанарыг алдсан үндэстэн байхгүй болох тавилантай юм. Энэ бол түүхийн жам. Үүнийг л ухаарч чадвал тэр хоцрогдсон байна уу, үгүй юу хамаагүй. Монголоо орхиод өөр газар очиж сайхан амьдарья гэж бодож байгаа бол тэр хүнд монгол хэл, монгол зан заншил, Монголын соёл хэрэггүй.  Харин монгол хүн гэх өөрийг нь бий болгож бүтээсэн энэ орчин хэрэгтэй гэж бодож байгаа  хүнд бол хэл соёл, оюуны үнэт зүйлсээ юугаар ч солихгүй биз ээ. 

¨ ¨ ¨
Монголын хэл соёл, зан заншил, монгол хүний амьдрах арга монгол хүнийг бүтээж байгаа юм.  Энэ бүхэн Монгол эх орноос чинь бүрэлдэж байгаа хэрэг. Эх орон гэдэг хил хязгаар татсан газар шороо биш. Энэ хил хязгаар дотор оршиж буй хэл соёл, зан заншил, амьдралын арга технологи бүхэн эх орныг бүрдүүлнэ. Энэ бүхнээ алдвал чи монгол хүн биш болно. Чи монгол хүн биш болчихоод хаана очиж яаж амьдрах юм бэ. Хэрэв эх орон гэдэг ойлголтоо алдах юм бол чи хэн ч биш болж хувирна.  Баян болох баян амьдрах амархаан. Япончууд Оросоос Куриллын дөрвөн арлаа 28 тэрбум  ам.доллараар худалдаж авъя гэхэд Орос өгсөнгүй. Тэгвэл Монголын газар нутгийг тэр жишгээр худалдья гэвэл гурван триллион доллар хүрнэ. Монголоо тэгж худалдаад хүн бүр нэг сая ам.доллар өвөртлөөд гадагшаа явж сайхан амьдарья. Монголын гуравхан сая хүнийг шингээчих газар нутаг дэлхийд хаа ч бий. Харин хаа нэгтэй очоод хэрхэн яаж амьдрах юм бэ. Яаж ч амьдарч чадахгүй. Хүн болж төрсөний чинь илтгэх цорын ганц зүйл бол Монгол эх орон чинь юм. Үүнийгээ худалдчихаад хаа хүрэх билээ дээ. 
АНУ-д доктарантурт сурахад 60 кредит цаг байдаг юм. Үүний 12 цаг нь Америкийн түүх.  Ямар ч мэргэжлээр сурсан тэр хүн юуны түрүүнд америк хүн байх ёстой. Тэгвэл чи Монголоосоо татгалзаад Америкт очоод “Би та нарыг шүтдэг. Би монгол хүн биш. Би дэлхийн хүн байна” гээд очоод үз дээ. Чи тэнд хэн ч биш. Чамайг хэн ч тоохгүй. Хятадад бас ингээд яваад оч. Хэн ч чамайг тоохгүй. Чи хүн гэдэг үнэлэмжээ бүтээж хүн шиг амьдрахын тулд чи монгол хүн л байх болно. Хүнээрээ байх ухаанаа, боловсролоо Монголоосоо л олж авах болно.

¨ ¨ ¨
Орчлон хязгааргүй бөгөөд түүний язгуур үндэс нь махбод, эрчим, онч дохионы нэгдмэл урсгал юм.
  
¨ ¨ ¨
Орчлон хязгааргүй боловч хорвоогийн цэг бүхэн өөрийн өвөрмөц орчин нөхцөлтэй билээ. Хүмүүн энэ орчныг гаднаас нь тодорхойлохдоо огторгуй хэмээх бөгөөд тэрхүү огторгуйд оршигчийн талаас нь Тэнгэр хэмээх билээ.  Энэ орчны хортой, хоргүй нөлөө, ертөнцийн таталцал, цахилгаан соронзон орны үйлчлэл, эрхэсийн хоорондын орон зайн харьцаа зэрэг бүх л хүчин зүйлийн шүтэн барилдлагааны үр дүн нь дэлхийн байршил, хэмжээ, геохимийн болон биохимийн шинж төлвүүдийг төрүүлнэ. Үүний дотор амьдрал үүссэн орчны нөхцөл ч багтах бөгөөд хүн төрөлхтөн ч Мөнх тэнгэрийн бүтээгдэхүүн мөн.

¨ ¨ ¨
            Хорвоогийн цэг бүхэнд тэнгэр нь адилгүй. Иймийн тул хорвоогийн цэг бүхэнд оршигч өөрийн тэнгэртэй, өөрийн орчинтой, өөрийн мөн чанартай, өөрөөс бүтэж орших тавилантай, өөрийн төрсөн болон өөрийн мөхөх орчин нөхцлийн тохиолтой байдаг. Хүн өөрийгөө орчлонгийн заяагаар төрсөн ховор эрдэнэ хэмээн дээдлэхийн үндэс нь энэ.

¨ ¨ ¨
Орчлон заяанаасаа тэгш хэмтэй ажээ. Орчлонг бүрдүүлэгч махбод, хэлбэр дүрс, хөдөлгөөн бүгд тэгш хэмтэй.  Орчлонгийн бүх хөдөлгөөн нь төрж бүтэх, түрдэж мөхөхийн нэгдэл билээ. Хорвоо ертөнц ч өөрөө бүхэлдээ энэ л хуульд захирагдана.

¨ ¨ ¨
Мэдлэгийн сан, дэлхийг хамарсан мэдээллийн урсгал дэлхийн уламжлалт тэнцвэрийг хүчтэй өөрчилж, ОЮУН УХААН дэлхийн хувьслын хамгийн нөлөө бүхий хүчин зүйл болоод байна. Энэ бол хорвоогийн хөдөлгөөний шинэ төлөв юм.

¨ ¨ ¨
Хорвоогийн хууль, жамыг хийсвэр ойлголт, логик сэтгэлгээний хүчээр таньж, ажиглалт, сорилт туршилтаар нотолсон үр дүнг шинжлэх ухааны мэдлэг гэнэ.

¨ ¨ ¨
Хүний уураг тархи, түүний бор гадарга нь оюун ухааныг хуримтлуулан агуулж, түүгээрээ хүний амьдралыг жолоодох төв болсны хувьд хүний биологийн өгөгдхүүний хамгийн гол онцлог юм.

¨ ¨ ¨
Хүний оюун ухаан, ёс суртахуун, үзлээс төрж тэр бүхнийг нэгтгэн илэрхийлж өөрийг нь залж, гадаад орчинтой холбох ухамсар буюу мөн чанарын ертөнц нь сэтгэл юм. Хүний сэтгэл өөртэй нь бодлоор харьцаж, гадаад ертөнцтэй үг хэл, үйл ажиллагаа, зан араншингаар харьцдаг.           Хүний сэтгэл үнэн ухаан, үнэн ёс, үнэн үзэлд тулгуурлаж байгаа бол түүнийг ариуссан сэтгэл гэнэ.

¨ ¨ ¨
Ном их хэрэгтэй. Телевиз бол үзээд өнгөрөх юм. Ном ухаан өгнө. Номгүйгээр амьдарна гэвэл, телевиз, радио тэр ухааныг өгдөггүй юм шүү дээ. Түмэн утга учрыг тайлж, ухуулж, тайлбарлаж бичсэн учраас ном бол агуу. Түүнгүйгээр амьдарч болохгүй.

¨ ¨ ¨
Нам гэж байхын утга учир үзэл баримтлалдаа л байдаг. Үзэлгүй улс төрийн хүчин дээрмийн бүлэглэлтэй адил.

¨ ¨ ¨
 Үзэл бодлын огторгуй чинь явцуурч, үүлтэй байгаад байвал нар мандахад их хэцүү.

¨ ¨ ¨
Үзэлгүй нийгэм бол харанхуйд тэмтчиж яваа хүнтэй адил алхам тутамдаа хана мөргөж, бие биенийхээ гар, хөл дээр гишгэж, хоорондоо мөргөлдөж явна.

¨ ¨ ¨
Монгол төрийг алсын хараатай, холын бодлоготой, чадварлаг, ухаалаг болгоё гэсэн зорилгоор Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлан зохион байгуулсан чуулга уулзалтыг эсэргүүцэх хүн Монголд байхгүй болов уу. Түүхэн болон жам ёсны талаас нь авч үзвэл төр бол нийгмийн тархи нь юм. Ухаалаг, том биш төртэй болно гэвэл оюуны салбар өөрөө их хөдөлмөрийн талбар болж хувирах ёстой.

¨ ¨ ¨
Монголын эртний судруудад төрийн эрх бариулах хүнээ сонгох шалгуурыг тун тодорхой заасан байдаг. Ингэхдээ гурван зүйлээр шинждэг. Нэгдүгээрт, үзлийг нь, хоёрдугаарт, үйл хэргийг нь эцэст нь хүслийг нь шинж гэж. 

¨ ¨ ¨

Нийгэмд хамгийн их дутагдаж байгаа зүйл бол төрийн бодлого. Одоо болтол цэгцэрч өгөхгүй байна. Төр өөрийн гэсэн бодлоготой байж үүнийгээ хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдгийг ярих хэрэгтэй. 

¨ ¨ ¨
Ардчилсан нийгэмд хууль нийт иргэдийн эрх ашгийг хамгаалж байж л мөрдөгддөг. Цөөн бүлэг, хэдэн дарга нарын эрх ашгийг хамгаалсан хууль нийгэмд мөрдөгдөнө, нийгмийн харилцааг зохицуулна гэж байхгүй. Хэрвээ төр өөрөө хуулиа хулгайгаар баталж л байгаа бол түүнийг мөрд гэж нийгмийг, олон түмнийг шаардах эрхгүй. 

¨ ¨ ¨

¨ ¨ ¨

¨ ¨ ¨

¨ ¨ ¨

Баяжихаа хөгжлөө гэж бодож болохгүй. Харин хөгжсөний үр дагавар нь баяжих байж болно. 
Ангилал:

0 сэтгэгдэл:

Post a Comment

 

Онцлох санаа

Амжилтын 5 хошуу - Тунгаан бодож сур - Шинэ санаатай нөхөрлө

Онцлох санаа

Шаардлага хангасан боловсрол - Уламжлал&шинэчлэл - Хож хож

Хэрсүү ухаанаар хамаг монгол хөгжинө.

Зохиогчийн эрх © Баатарын Батаа /