Гомбосүрэнгийн Галбадрах
/Нийтлэлч, чөлөөт сэтгүүлч/
Ишлэлүүд
¨ ¨ ¨
Хүний амьдралын цаг
хугацааны хамгийн сайхан үе нь залуу нас. Залуу нас хүн бүрийн харааг булааж
бахадлыг төрүүлнэ. Намайг балчир жаахан үедээ хүссэн гоё хувцасаа дэлгүүрээс
авахуулж чадаагүйнхээ төлөө хорсон уйлж суухад, хөгшин аав минь "залуу нас
гэдэг чинь өөрөө гоёл, та нар уранхай муу хувцас өмссөн ч гоё харагдана, харин
өтөлж хөгширсөн хойноо хичнээн гоё хувцас өмссөн ч гоё харагдаж чаддаггүй
юм" гэж зэмлэж хэлсэн нь өнөө ч санаанаас гардаггүй юм.
Тийм ээ! Залуу
нас-жинхэнэ гоёл. Гэхдээ энэ бүхэн мөнх биш бөгөөд үүлэн чөлөөний нар шиг л
өнгөрнө. Амьдрал болон цаг хугацааны урсгал бүхнийг элээдэг.
¨ ¨ ¨
Оросын нэрт зохиолч
Н.Островскийн "Хүнд хамгийн эрхэм зүйл амьдрал. Тэрээр ганцхан удаа олдох
бөгөөд түүнийгээ үр ашиггүй өнгөрүүлсний төлөө хожим харамсахгүйгээр амьдрах
хэрэгтэй" гэсэн энэ үгэнд би дуртай. Хожим харамсахгүй
амьдрахын тулд өнөөдөр их тэвчиж их уншиж, их хөдөлмөрлөх хэрэгтэй болж байна
даа залуус минь.
¨ ¨ ¨
Омголон зөрүүд бас бие
тоосон залуу нас: Залуу насандаа
хүн бүр өөрийгөө бүх зүилийг мэддэг чаддаг мэтээр төсөөлж омгорхдог. Тэд
бусдын сургаал үгсийг төвөгшөөн сонсож, алив зүйлд хайхрамжгүй хандах нь элбэг.
¨ ¨ ¨
Залуу хос хуримаа хийж
байж гэнэ. Хуримын зочид залуу хосод бэлэг гардуулж ерөөлийн үгс хэлнэ. Бүх
зочид ёс юм шиг л " Aз жаргалтай сайхан амьдраарай. өнөр өтгөн
сайхан айл болоорой" гэхчилэн ерөөнө. нилээд сүүл рүү хөдөөний бололтой
нэгэн өвгөн бэлгээ өгөөд үнсэхдээ " Миний хоёр хүү хааяа бие биедээ бууж
өгч байгаарай" гэж хэлж. Аз жаргалдаа умбасан залуу хосууд
хөгжилтэйгээр инээлдээд өнгөрч. Олон жилийн хойно өвгөний хэлсэн энэ л үг
амьдралд нь үнэхээр хэрэг болсон гэдэг.
¨ ¨ ¨
Хүмүүс бид нэгэн
загварт цутгагдан бүтээгдээгүй болохоор, өөр хоорондоо адилгүй төдийгүй,
өөрсдийн хүсэл мөрөөдөл, эрдэм ухаан, авьяас чадвар, боломжоороо ялгагддаг.
Гэсэн хэрнээ өөрийгөө үргэлж бусадтай харьцуулж, илүүрхэн гайхуулж, атаархан
бухимдаж байдаг муу зантай.
¨ ¨ ¨
Их мөнгөтэй хүн
болгон, аз жаргалтай амьдарч чаддаггүй. Мөнгийг амьдралын зорилгоо болгосон,
ихээр хурааж хуримтлуулах хүсэлтэй зарим хүний, эргэн тойрон дахь бүх л зүйлс
нь мөнгөөр хэмжигдэж, мөнгөнд түшиглэсэн хүсэл мөрөөдөл нь, эзэндээ их зовлон
шаналал болон хувирах нь бий. Их мөнгө гэдэг, аз жаргалын үндэс биш ажээ.
¨ ¨ ¨
"Үүдэн шүд нь
унаж, үс гэзэг нь цайгаад ирэхийн цагт" өнгө шүтсэн хөнгөн амьдрал, өөрийн
эзэндээ зовлон болон хувирах нь бий.
Эрх мэдэл гэдэг, өнө
мөнхийн зүйл биш бөгөөд, сайн үйлдэл, зөв шийдвэрийнхээ төлөө бусдын талархал
хүлээж, муу үйлдэл, буруу шийдвэрийнхээ төлөө бусдын хараал зүхлийг хүртэж,
халагдан солидох нь бий. Харин эрх мэдэл хүнээс, их ухаан, их хариуцлага
шаардах бөгөөд хэн бүхний хийж чадах ажил биш аж. Муу удирдагч, муу үйлдлийнхээ
төлөө, хэт өндрөөс унаж, "хэн ч биш" болж хувирах тохиолдол
бий.
Бусдын бишрэл,
атаархал бүхнийг дааж амьдарна гэдэг амаргүй. Ард олны хүндлэл бишрэлд, толгой
нь эргэн мансуурсан зарим нь, архи, хар тамхинд донтож, өөрийн тавилангаа
гунигт төгсгөлөөр сольсон нь бий.
¨ ¨ ¨
Хийсэн өчүүхэн
алдааныхаа төлөө гэмшсэн, айсан харцаар харж, амьсгаа нь дээрдэн, зүрх нь
хүчтэй цохилон, "одоо л ирээд цохиод авах байх даа" хэмээн айн
бүлтэгнэн орох байх газраа олж ядан тэвдэх хүүхдээ тэр болгон анзаардаг бил үү?
бид. Айж тэвдэх хүүхдээ ч анзаарах сөгөөгүй, хагарсан ваарны хэлтэрхий рүү,
харамсаж гашуудсан төрхөөр ухасхийж, хайр найргүй үглэнэ.
¨ ¨ ¨
Энэ ертөнцөд бүх зүйл
эсрэг тэсрэгээрээ хослон байдагт тэнцвэр нь оршдог гэлтэй.
Сайн муу, сайхан
муухай, оноо алдаа, жаргал зовлон гээд. Хүн бүр энэ амьдралд их бага
хэмжээгээр алддаг. Харин оноо алдааны аль нь их байна вэ ? гэдэгт л жаргал
зовлонгийн хэмжээс байдаг аж. Их алдааныхаа төлөө зарим нэг нь насан туршдаа
шаналaн зовж явахад, бага алдаанаасаа нөгөө нэг нь ухаарч хатуужин, улам хэрсүүжиж
явдаг гэнэм.
¨ ¨ ¨
Харин ямар ч хүн ажил,
амьдралдаа санаатай ба санамсар болгоомжгүйгээс алдаа гаргах нь зөндөө л
байдаг. Үүнийх нь төлөө тэр хүнийг байнга дарамтлан гутааж, хов жив болгон,
олон нийтэд зарлан гутаагаад байх нь харин зохисгүй үзэгдэл. "Өмдгүй байж,
өвдөг цоорхойг шоолов", "Өөрийн толгой дээрх бухлыг харахгүй байж,
өрөөлийн толгой дээрх өвсийг харав" гэж өнө эртнээс монголчууд ийм
үзэгдлийг жишээлэн сургаж байв.
Хүн болгон алдаа
гаргадаг, алдаа гаргах ч эрхтэй энэ хорвоод хэн нэгний гаргасан алдаа гэдэг
туйлын аймшигтай, гутамшигтай зүйл хараахан биш ээ. Тиим болохоор хэзээд бие
биенийхээ гаргасан алдаанд ухаалаг хүлээцтэй хандаж, уучилж, сайхан сэтгэлээр
хандаж, итгэж урам өгч байх нь энэ цаг дор их хэрэгтэй байна даа.
¨ ¨ ¨
Гэр бүл бол өрхийн
тэргүүнтэй, өөрийн өмч хөрөнгө, эдийн засагтай, аюулгүй байдал болон гадаад
дотоод харилцаатай, эрүүл мэнд, боловсрол, хууль эрх зүйн олон
асуудлуудтай биеэ даасан вант улс юм. Тэд алив
асуудлаар хамтдаа шийдвэр гаргах бөгөөд ардчилсан зарчим үйлчилдэг, гагцхүү
төрийн өмнө хариуцлага хүлээдэг. Ийм хариуцлага болон харилцааны хэм хэмжээг
бүх улс орнууд даяар "Гэр бүлийн хууль"-иар зохицуулна. Харин тэр гэр
бүлийн дотоод асуудал болон аюулгүй байдалд хэн нэгэн дураар оролцон, нөлөөлөөд
байх шаардлага болон эрх үгүй. Өндөр хөгжилтэй орнуудад гэр бүлийг өндөр
хэмжээнд хүндэтгэн үздэг бөгөөд, гэр бүлийн гишүүд зөвхөн өөрийн гэр орондоо
бусдад саад болохгүйгээр дур зоргоороо байх эрхтэй гэж үздэг. Гэр бүлийг гадны
халдлагаас хамгаалах бүх арга хэмжээг авах бөгөөд эхнэр нөхөр болон хүүхдүүд
хэн нэгэнд дарамтлуулахгүйгээр, хянаж цагдуулахгүйгээр өөрийнхөөрөө амьдрах
эрхтэй.
Төр маш олон гэр
бүлүүдээс бүрддэг болохоор хууль эрх зүйн үүднээс энэ гэр бүлүүдийг хамгаалж
байх учиртай. Тийм болоод "Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө
зас" гэдэг үг гарсан байх. Ямар ч хүн гэр бүл болно гэдэг өөрийн эрхээ
багасгаж, үүргээ нэмэгдүүлж, хариуцлагаа хүлээх чадвартай болно гэсэн үг ажээ.
¨ ¨ ¨
Хүмүүс юyнд хамгийн
ихээр бухимдаж, бас ядардаг гээч. Маргаан болон хэрүүлд. Түүнчлэн маргалдагч
нөгөө хүнээ давж гарахын төлөө, хорыг нь малтаж, оюун санааг нь хиртээж, итгэл
найдварыг нь гутаахын тулд хэлэгддэг, элдэв муухай зүйрлэл бүхий бохир үгсийн
цуглуулгын тухай бүр ч ярилтгүй. Хүмүүс санаа нийлэхгүй байгаа асуудлуудаараа
маргалддаг. Маргаанд тухайн хүн өөрийн бодол санаагаа хамгаалж тайлбарлахыг
оролддог. Харин өөрийн бодол санаагаа бусдад тулгах, үүнийг хүлээн зөвшөөрөхийг
шаардах нь хэрүүл маргаанд хүргэдэг. Чанга дуугаар орилж хашгирч, зарим
тохойлдолд уйлж унжин, ихэвчлэн харааж зүхэх нь хэрүүл маргааны оргил
хэсэг.
Хүн дуугүй байсандаа
цөөхөн харамсдаг. Хэрүүл маргаанд ялагч байдаггүй. Санал зөрөлдөөнтэй
алив асуудлаар уурлаж бухимдалгүй, тайван ярилцаж суугаад, харьцуулах маягаар
асуудлыыг олон талаас ньцэгнэж, өөрсдийн хувьд 'зөв" байж болоххувилбрыг
олж харах ньшал өөр асуудал. Хэрүүл маргаан ньөөрийн бодол санааг бусдад
тулгаж, хүчээр зөвшөөрүүлэх гэсэн оролдлогоос үүдэлтэй. Тэр ч бүү хэл нөгөө
хүнийхээ санаа бодол тайлбрыг ойшоож сонсохгүйгээр "чи бүү худлаа хэл,
ингэсэн байж л таарна' гэхчилэн нөгөө хүний өмнөөс бодол санааг нь тайлбарлах ч
тохиолдол гардаг. Аливаа асуудалд хүлээн зөвшөөрөгдсөн "туйлын үнэн' гэж
байдаггүйтэй адил, "өөрийн бодол өөртөө зөв" байдаг зүй тогтол
байдаг.
¨ ¨ ¨
Харь
нутагт ажиллаж, амьдарч байгаа монголчууд эх орноо чин зүрхнээсээ санадаг.
Монголдоо
байхдаа эх орноо магтан дуулж , шүлэглэж, биширч байснаасаа шал өөр мэдрэмжээр
"эх орон" гэдэг үгийг ойлгож хүлээж авдаг юм. Хүний газар жаргаж,
зовж, ядарч , баярлаж явахдаа буцаад очих өөрийн эх оронтой байна гэдэг ямархан
их өмөг түшиг, сэтгэлийн нөмөр нөөлөг, омгорхол бардамнал байдгийг ямар ч
сурталчилгаагүйгээр зүрхнийхээ гүнд мэдэрнэ. Бүр зүрхнийхээ гүнд шүү.
¨ ¨ ¨
Миний нэг танил “Алив юмыг хийж бүтээх гэж
оролдох бүрд 9 хаалга хаагдаж байхад 1 хаалга нь онгойж байдаг” гэж хэлж
байсан. Ажил хийх хүнд арга нь олдоно, хийх дургүй хүнд шалтаг
олдоно"гэдэг үг ч үүнтэй утга нэг билээ.
¨ ¨ ¨
Хүүхдийг хүмүүжүүлэх
хамгийн хялбар/болхи арга нь "хориг". Чи тэгж болохгүй, ингэж
болохгүй, чи үүнийг чадахгүй, боль гэсэн олон хоригууд, "Яагаад"
гэсэн асуултын хариуд хэлэх "мэдэхгүй" гэдэг мянган үгийн таглаа
хүүхдэд тань бий болох өөртөө итгэх итгэлийг нь алдагдуулж, алив зүйлд идэвхгүй
хүлцэнгүй хандлагыг бий болгодог. Ийм хандлага нь хүүхдийг алив зүйлд ухамсраар
биш албадлагаар ханддаг, шийдвэр гаргахдаа аав ээжийн амыг дагадаг
"дуулгавартай" хүмүүжилд сургана.
¨ ¨ ¨
Үглэж яншиж, загнаж
зандарч байгаагүй ч аавын минь харц л "буруу", "зөв"-ийн
шүүлтүүр байсан. Байнга зааж сургаж байгаагүй ч хаа нэгтээ хэлэх
"хатуу", "зөөлөн" үгс нь амьдралын минь чиг шугам, бас
"ухаарал” минь байсан. Хааяа нэг хүртээх шийтгэл зэмлэл, духыг минь
үнэрлэн байж магтан сайшаах нь, бяцхан оюун санааны минь "зовлон шаналал",
бас "баяр баясгалан" минь байсан. Уул мэт нөөлөг, уужим саруул, холч
мэргэн бодол, ховорхон заяах хайр халамж, энэ бүхэн монгол эр хүний шинж билээ.
¨ ¨ ¨
Албадлагаар бус хүсэл
мөрөөдөл, итгэл үнэмшлээрээ сурагчид сургуульдаа очицгоож, багштайгаа хамтдаа
өдөр бүрийг үр дүнтэй эрэл хайлт, оюуны олз омгоор дүүрэн өнгөрөөж, цаг ямагт
сурч мэдэхийн баяр баясгаландаа бялхаж байгаасай гэж бид хүсч байгаа.
¨ ¨ ¨
Өөрт тань "мундаг
хүн" харагдах гэж хичээвч, үнэндээ танаас хайр халамж битүүхэндээ
горьдож л яваа, амьдралаа авч явах гэж өнөөдөр балчирдан будилавч, алсдаа уул
шиг түшиг болох залуусаа хайрла.
Өсөхөд тань
байнга үнсэж үлгэж байгаагүй ч, өөрийн тань хувь тавилан ирээдүйг өр зүрхэндээ
тээж, үүний төлөө чадах бүхнээ хийсэн, өтөлж бууралраж яваа ааваа хайрла.
Хүнд хэцүү цагт бие
биедээ түшиг болж, андын сайхан сэтгэлээр бие биеэ ачилж, айл гэрийн амьдрал,
улс орныхоо хувь заяаны төлөө "дуугарвал дуу нэг, дугтарвал хүч
нэг" явдаг эрчүүд ээ! бие биеэ хайрла.
¨ ¨ ¨
... Ээжийнхээ сүүг татрахгүй юм шиг, энхрийлэл хайрыг
нь дуусахгүй юм шиг, энэрэл халамжийг нь дундрахгүй юм шиг санах, омголон
хөөрүү насандаа даан ч олон зүйлийг анзаарч ухаардаггүй юм даа бид.
Өөрийнх нь төлөө үглэж зэмлэх сэтгэлийг нь "өө
ээж яршигтай юм" гэж тээршээнэ. Өмөлзөж, гомдох сэтгэлийг нь үүдээ хаяад
гарахдаа үл анзаарч, хамтад нь хааж одох. Өөрийнхээ төлөө бус үрийнхээ төлөө л
гэж үглэн дуулах "буруу ч", "тээртэй ч" энэ л үгс
хайр, хармын сэтгэлээс гарч байгааг бид анзаардаггүй.
Хааяа даа ээждээ
очихдоо "ээж сайн уу?" гэсэн хайхармжгүйхэн мэндийн хариуд
"ээж нь сайн" гэж хахаж цацан ханиалган хариулахад нь хүртэл
"за, яамай даа" хэмээн бодолдоо тайвшрана. Өөдөсхөн багадаа
өвдөж халуурахад нь биедээ нааж өөртөө халууныг нь авдаг байсан тэр л
ээжийнхээ, бүлээрсэн магнайг нь алгаараа дарах ухаан бас л дутмаг. 'Үр минь.
өвчингүй эрүүл байвал, өтөл миний өвдөх ч яамай" гэж хайхрамжгүй
хандах тэр л хандлагыг өөрөөсөө өмөөрөх сэтгэлийг бид анзаардаггүй.
¨ ¨ ¨
... Хэн
нэгэнд зүгээр л мөнгө өгвөл эхэндээ гайхаж баярлана. Дахиад өгвөл
талархаж баярлана. Үргэлжлүүлээд өгвөл дасч эхэлнэ. Байнга өгөөд байвал чамлаж
эхэлнэ. Огт өгөхөө байчихвал уурлана.
¨ ¨ ¨
...Үнэтэй
костюм пиджак, цагаан цамц, гоёмсог зангиагаар гангарсан сайхан ч бие хаатай
залуу нэгэн албан газрын хаалгаар гарч ирэх дор хүн болгоны хараа сониучирхсан
байдлаар түүн "ханарав". Харин мөнөөх залуу хэнэг ч үгүй гудамжинд
шүлсээ годхийтэл хаяснаа хавь орчноо хайнгадуу харж, гудамжинд зогсох үнэтэй
"ЖИП" машиныхаа дугуй руу шээж гарах нь тэр. Саяхан л олны харааг
булааж байсан сайхан монгол залуугийн төрх сэтгэлд минь "шал хөгийн мангар
бацаан" ы төрхөөр солигдон, эгдүүцсэндээ түүн рүү чулуу нүүлгэж орхимоор
санагдана.
¨ ¨ ¨
Худалдаж
буй нэг шил архи, хундаганд мэлтэлзүүлэн өргөх сархадын ард СЭГЛЭГДСЭН АМЬДРАЛ,
ЦӨХӨРСӨН СЭТГЭЛ, АРГАА БАРСАН НУЛИМС, БЭРТЛЭЭС ДУССАН ЦУС байдаг юм.
¨ ¨ ¨
Сэтгэлээ
үргэлж залуугаараа байлгж чадвал чи хэзээ ч хөгшрөхгүй. Үрчлээтэх вий гэж
нүүрээ шинжихээс сэтгэлдээ сууж буй “бяд” аа шинж. Ухаанаа ямагт сэлбэ. Уншиж,
үзэж, амьдралын гэрэл гэгээг ямагт мэдэрч сэтгэлээ цэнэглэх аваас чиний
сэтгэл ямагт өөдрөг залуу байж чадах болно. Амьдралын сүүдрийг мэдэрч, айдас
шаналгаанд автах аваас чи хурдан хөгшрөх болно.
¨ ¨ ¨
Энэ УИХ-ын гишүүдийг хар! Нэг л их бидний төлөө "шаналж",
"шар махтайгаа хатсан" дүртэй улсууд. Сонгуульд ялмагцаа
"биеэ тоож" алга болчихоод, сонгууль дөхөөд ирэхээр л учиргүй
биднийгээ "санаж", "хайр зарлана". Зурагтын камер
харахаараа нэг л их "эх оронч" дүртэй ч, камераас холдохоороо хэд
гурваараа нийлж "энийг ч яаж завших вэ? тэрийг ч яаж идэх вэ?" болоод
явчихна. Жил жилийн төсвөөс тэрбум тэрбумаар нь өөрсдөдөө хуваарилуулж,
тэрнээс нь "ашиг унагах" гэж зүсэн зүйлийн сайн муу арга сүвэгчлэх.
Тэр мөнгөнөөсөө жалга дов бүхэнд хэрэгтэй хэрэггүй засвар, өргөтгөлд
"наахдаа" өөрөөсөө өгч байгаа мэт "сүржигнэн", дараагийн
сонгуулийн "нүхээ малтана".
Энэ бөхчүүдийг хар! Нэг л их найраа хийж "баяжсан"
улсууд. Монголчуудын сар саатаж, жил хүлээдэг үндэсний наадмын бөхийн
барилдааныг "найраа" болгон хувиргасаар удаж буй. Үнэн хүчийг үзэн,
уран мэхийг уралдуулан барилдаж, түмэн олноо баясгахын оронд, уран үгсийг
уралдуулан хэлэлцэж, үнэт мөнгийг тоолон байж, түмэн олныг мэхлэн байж
улсын цолонд хүрнэ. Цол авснаас хойш уугуул нутаг, уул усныхаа
нэрийг барин байж, түргэн унаа тохилог байр, сүргээр мал, түмээр мөнгө авч "мялаалгуулна".
¨ ¨ ¨
Бид өөрсдийн амьдралд тохиолдож байгаа сайн
муу элдэв үйлдлүүдийн шалтгааныг өөрөөсөө бус бусдаас хайдаг муу зуршилтай.
Зарим тохиолдолд шалтгаан нь өөр зүйлд байх авч, буруутгах шалтгаа өөр зүйлээс
олж мэдрэхдээ сэтгэл бага боловч тайвширна. Энэ хандлага нь өөрийгөө өмөөрөх
сэтгэлгээнээс үүдэлтэй юм уу даа. Өөртөө бурууг өгөх аваас өөрийнхөө сул талыг
мэдэрч, бусдад дорой харагдах нигууртай тул, сэтгэл тайвшрахгүйгээр үл
барам улам ч ихээр гунин гутарч болох. Харин бурууг бусдаас болон өөр зүйлээс
олж харах нь өөрийгөө зөвтгөх түмэн шалтгийн эхлэл.
Айлын хүүхэдтэй тоглож байгаад муудалцан уйлж
бархиран орж ирэх хүүхдээ өмөөрч, бурууг нь бусдын хүүхдэд л онооно. Өөрийн
хүүхдээ хайрлан, эрхлүүлэх ухаандаа бүх бурууг бусдад тохох арчаагүй сэтгэлгээг
бий болгож буйгаа бид бас л анзаардаггүй. Бүдэрч унавал гутлын буруу,
хальтарч унавал газрын буруу, хахсан бол хоолны буруу, ханиасан бол өвчний
буруу, буруу буруу бусдын буруу, харин миний хүүхдэд хэзээ буруу үгүй. Ингэж
өссөн хүүхэд үйл үйлдлийн буруугаа өөрөөсөө бус өрөөл бусдаас л хайдаг болно.
Адаг сүүлдээ арчаагүй нэгэн болбол аав ээжийн буруу болох нь харин үнэн байж
магад. "Буруу өссөн хүүхэд бухын хүзүүнээс ч
хатуу " гэж монголчууд хэлэлцдэгсэн.
¨ ¨ ¨
Хэрвээ чи тийм л ухаантай, бас авьяастай юм
бол яагаад ядуу байгаа юм бэ? Ийм асуулт болон тодорхойлолтууд бишгүй нэг бий.
Зөвхөн өнгө мөнгийг шүтсэн өнөөгийн Монголын нийгэмд "ахуйн
ядуурлаас" илүүтэй "сэтгэлгээний ядуурал" газар
авч буй. Бохир аргаар улстөрд орж, хууль бус аргаар "баяжсан"
хэн нэгэн, өөрийн авьяас билгээрээ бүтээсэн бүтээлээрээ Монголд төдийгүй
дэлхийд гайхагдаж байгаа "алдартнууд"-аас илүү
"хүндлэгдэж" байхад, найраагаар ч болов Улсын наадамд
"цол" ганзгалсан бөх, багш эмч нарын насаараа шударгаар
хөдөлмөрлөөд олж чадаагүй орлогыг нэгэн өдөрт олж байхад, мэдлэггүй
хэрнээ сайхан бие, хөөрхөн царайгаараа хэн нэгэн бүсгүй, мөнгөтэй нэгний
"халамж, ивээл" дор хүссэнээ олж, мөрөөдлөөрөө
"жаргаж" байхад ингэж асуун тавлаж болно гэж үү? Эрдэм мэдлэг, авьяас
чадвар, хичээл зүтгэлтэй нь бус, арга зальтай, завших сэтгэлгээтэй, ичих
"булчирхайгүй" нь эрх мэдэлд хүрч, элдэв муу аргаар "баяжин"
гайхуулж байгаа нь Монголын нийгмийн тогтолцооны том "ядуурал" болж
байна.
¨ ¨ ¨
"Үнэгүй бяслаг зөвхөн хулганы хавханд
байдаг" хэмээн эгэл хүмүүс хэлэлцдэг. "Хэн нэгэн чамд өнөөдөр үнэтэй
зүйлийг бэлэглэж байгаа бол маргааш чи үүний төлөө тэр хэмжээний зүйлийг хийх л
болно" хэмээн бизнесменүүд хэлэлцдэг.
¨ ¨ ¨
Гурван найз "буу халж" сууна гэнэ.
Тэд бусад хүмүүс болон найз нөхдийнхөө тухай ярихдаа "тэр ч хөгийн
амьтан", "энэ ч новшийн амьтан", "ёстой бүтэхгүй
нөхөр" гэхчилэн муулцгаана. Нилээд удаан ч ярилцаж. Нэг найз нь бие засах
гээд 00-ийн өрөө руу орсон хойгуур нөгөө нөхөр нь "яс юман дээр энэ ч бас
л хөгийн гар даа" гэсэн гэдэг. Онигоо ч гэмээр энэ түүхийг миний нэг танил
маань бидэнд ярьж бид нилээд их инээлдсэн юм даг. Хамтдаа хэн нэгнийг муулж
ярьж байгаа үед салж холдож болохгүй нь л дээ.
Яг үнэндээ бол ӨНӨӨДӨР БУСДЫГ ЧАМД МУУЛЖ
ЯРЬЖ БАЙГАА ХҮН, МАРГААШ БУСДАД ЧАМАЙГ МУУЛЖ ЯРИХ Л БОЛНО.
¨ ¨ ¨
..."Сонин дээрээ соохолзож, сониноо
буурахаар хоохолзоно" гэдэг хэллэгээр хүмүүс эхэндээ аливаа юмыг ихэд
сонирхон сониучирхаж байснаа удалгүй уйдаж, аажмаар дасан тоохоо больдог.
Дассан хойноо анхлан сонирхож байсан зүйлээ "байх л ёстой зүй" мэтээр
хандаж огтхон ч анзаарахгүй. Ахуй амьдралын явцад ийм тохиолдол зөндөө л
байдаг. Харин улс орны амьдралд ийм байдал нилээд газар авах байдалтай.
Өнөөгийн манай улстөрчид монголчууд бидний ийм сэтгэхүй дээр нилээд
"ажиллаж" сурч байна даа.
Монголчууд бидний муу зуршил болон муу үйлдэлд
дасан зохицсон сэтгэхүй дээр өнөөгийн Монголын Төрийн буруу муу үйлдэл оршиж
байгаа. "Ямар АРД ТҮМЭН байна, тийм ТӨР байдаг" гэсэн хэлц
бий.
¨ ¨ ¨
Шашин бол хүмүүсийн итгэл үнэмшил бас сүсэг
бишрэл. Адил итгэл үнэмшил болон үзэл бодлоороо хүмүүс нэгддэг, бас бие биедээ
чин сэтгэлээсээ хандаж тусалж дэмжиж, хамтдаа сайн үйлсүүдийг бүтээдэг болохоор
шашин хүмүүст сайнаар нөлөөлөх нь бий. Харин эсрэг үзэл бодлоосоо болж
зөрчилдөж, энэ байдал нь хүмүүст таагүй байдлыг авчрах тохиолдол ч бий.
"Хүний бодол санаа болон хүсэл зоригийг олсоор хүлж болдоггүй"тэй
адил хүний итгэл үнэмшил, сүсэг бишрэлийг албадаж болдоггүй.
¨ ¨ ¨
Монголчууд бид БОЛОВСРОЛ гэдгийг "ДИПЛОМ'
гэж ойлгосоор удаж буй. Хэдийгээр нийгэм өөрчлөгдсөн хэдий ч өнөө хэр нь энэ
ойлголтоосоо салаагүй явна. Ямар сайндаа манай ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын
гишүүн Х.Тэмүүжинтэй маргалдахдаа "чамайг бодвол би Ленинградад сургууль
төгссөн хүн шүү" гэж "илүүрхэж" байхав. Монголын боловсролын
салбрын бодлого, хөгжлийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх учиртай эрхмүүдийн
"мэдлэг чадвар" нэг иймэрхүү.
¨ ¨ ¨
Монголчууд бид өдгөө үнэнээс айдаг болжээ.
Ноёныг шав шалдан алхаж явахад нь "Манай ноён ямар гоё өмсгөлтэй юм
бэ?" гэж дуу алдацгаана. Харин цаашаа бол шоолж инээнэ. Гэхдээ юуг ч
өөрчилж чадахгүй. Бидний аймхай арчаагүй байдлаас болж ноёдууд бидний дэргэд
шав шалдан алхацгаана. Харин "Ноён нүцгэн явж байна" гэж дуу алдсан
хэн нэгнийг барьж аван дүүжлүүрт хүзүүг нь углан, алгаа ташицгаана. Харин
сэтгэлд зүрхэндээ бүгдээрээ зэвүүцэх хэрнээ ноёдыг даган хэлээ унжуулан алгаа
хорстол ташин дагаж гүйцгээнэ. Ердөө л хэдэн зоос хаях байх гэж
горьдсондоо шүү дээ. Тэр зоос нь хоёр хоногийн л хоолонд хүрнэ.
¨ ¨ ¨
Монгол эрчүүд ер нь байгаагаараа байх дуртай.
Сайн чанар нь ч, муу үйлдэл нь ч үндсэндээ ил байдаг. Тэд худал хуурмаг,
жүжиглэсэн төрхөнд дургүй. Тэднийг ойлгох, дүгнэхэд амархан. Гадаад
эрчүүдийг таних амаргүй. Учиргүй боловсон харьцавч цаана нь байгаа сэтгэл
зүрхийг мэдрэх амаргүй. Сайхан инээмсэглэлийн цаана байгаа хорон сэтгэлийг тааж
таних амаргүй. Суурин амьдрал дундах хэвшил тэднийг ингэж сургасан байдаг.
Өдгөө монгол эрчүүд бид ч өөрсдөө өөрчлөгдөж
буй. Амьдралын хүндийг үүрэх сэтгэлийн тэнхээтэй, алив зүйлд хандах холч
ухаантай, арав таван үгний наана цааныг мэдрэх уужуу сэтгэлгээтэй, алдаа онооны
дэнсэн дээр тэнцвэр олох тэвчээртэй болж л яваа. Түүхээ мэдэж омогшиж, үндсээ
мэдэж бахархаж, нударгын хүчээр бус ухааны цараагаар шийдвэр гаргадаг болж л
яваа.
¨ ¨ ¨
Уулсын оройгоос салж ядан дээшлэх манантай
өглөө гэрээс гарч тэртээх холыг хараачлан суниах сайхан. Бие нэг л хөнгөрөх
шиг. Гэрийн яндангаас тэнгэрт суунаглах утаанаас аргалын үнэр үнэртэх нь
сайхан. Сэтгэл нэг л сэргэх шиг. Хонь майлах, үхэр мөөрөх, адуу янцгаах чимээг
сонсох дор чихнээ сонсголонтой. Сонор мялаах шиг.
Тогоон дотор даргилан буцлах сүүтэй цайнаас аягалан, боорцог өрөмтэй холин хазлан идэх ямар сайхан. Гэдэс цадах шиг. Өөрийн тааваар, онгон байгальдаа хэнээс ч айж ичихгүй, бас шаналахгүй амьдрах сайхан. Жаргал ирэх шиг.
Тогоон дотор даргилан буцлах сүүтэй цайнаас аягалан, боорцог өрөмтэй холин хазлан идэх ямар сайхан. Гэдэс цадах шиг. Өөрийн тааваар, онгон байгальдаа хэнээс ч айж ичихгүй, бас шаналахгүй амьдрах сайхан. Жаргал ирэх шиг.
Зуу зуун/мянга мянган/ жилд буурал түүхийн тоосон дор эмтэрч
хэлтрээгүй үлдсэн эх болсон газар нутаг минь. Энд л монголчууд биднийг амьдарч,
аж төр хэмээн тэнгэр хайрласан юм шүү дээ. Энэ л нарны дор бид зовж жаргаж
болноо. Энэ л хөрсөн дээр унаж, энэ л хөрсөн дор шингэх хувь заяа зөвхөн
монголчууд биднийх. Энэ л уулс, говь, тал хээрт бид дураараа хашгирч, бас уйлж,
дуулж болно. Ингэлээ гээд биднийг хэн ч зэмлэхгүй. Энэ л газар нутаг дээр бид
"эзэн" гэдгээ мэдэрдэг.Энэ газар нутаг дээр Монголчууд бид нэгдэн
амьдрах учиртай. МИНИЙ МОНГОЛЫН ГАЗАР ШОРООНООС БУРХАН ГАЙСАН Ч БҮҮ ӨГ.
¨ ¨ ¨
Бидний араншин: Сүүлийн үед гарсан шинэ онигоо. "Moнголчууд
аа! Тайван байцгаа гэж Япончууд хэлжээ". Энэ онигоо миний мессежээр ирсэн
юм. Энэ гамшгийн үеэр Япончуудаас илүү монголчууд тэвдэж, санаа нь зовов.
¨ ¨ ¨
Хүн юунаас ичих ёстой вэ? 1.Уншихгүй байхаас 2.Сэтгэхгүй байхаас 3.Хөгжихгүй байхаас Гэтэл монголчууд бид... 1.Өмссөн хувцаснаасаа ичиж байна
2. Элдэв зүүсгэл,
гоёлоосоо ичиж байна 3. Барьсан гар утаснаасаа ичиж байна
4. Унасан машинаасаа ичиж
байна Энэ хийрхэл биш гэж үү? Эрүүл
саруул сэтгэлгээ хаана явна вэ?
Алив давалгаа бүхэн тодорхой цаг хугацааг
туулдаг гэдгийг бид хүлээн зөвшөөрдөг. Харин монголд минь өнөөдөр дэгдэж буй
өнгө мөнгөний төлөөх их хийрхэлд санаа зовж байна. Хэр удаа үргэлжлэхийг бид
таашгүй. Энэ бол бидний сэтгэлгээнээс хамаарах асуудал. Лавтайяа гадаадын олон
оронд хөлс хүчээ урсган байж олж, монголдоо илгээж байгаа олон монголчуудын
мөнгөний нэг хэсэг нь энэхүү хийрхлийг хөгжүүлэхэд зарцуулагдаж байгаа нь үнэн.
Өөрөө зовж олоогүй мөнгийг өрөөл нэгэн ингэж үрэхдээ харамсдаггүй. Нөгөө
талаар Монголын өнөөгийн төр засгийн буруу бодлогын нөлөө ч үүнд
тусгалаа олж буй.
Бид өөдрөг оюун ухаан, эрүүл саруул
сэтгэлгээгээр бус, өнгө мөнгөөр өөр хоорондоо өрсөлдөцгөөж байна. Өөрчлөх зүйл
их байнаа, Монгол оронд минь. Харин үүнийг биднээс өөр хэн хийж чадах
билээ.
¨ ¨ ¨
Хүн алив нэгэн зүйлд улайрахаараа өөрийн
хяналтаа алддаг. Хэрэв уг зүйл нь хууль бус эсвэл буруу зүйл байсан ч ялгаа
үгүй. Өөрийн шунал, тэчьяадалдаа автсан тэрээр "энэ бол муухай зүйл болж
байна даа" хэмээн сэтгэлдээ өгүүлэвч, олж авах гэсэн, эсвэл зорилгодоо хүрэх
гэсэн мунхаг тэмүүлэл нь зогсоож дийлэхгүй. Хүн чанар, мунхаг хүслийн хооронд
болж буй энэ дотоод сэтгэлийн тэмцэлд мунхаг нь ялах нь олонтаа.
Муу зүйлд улайрч байгаа хүн улам улмаар эрээ
цээрээ алдаж, бусдын жигшиж дургүйцсэн байдлыг ч анзаарахаа болино. Ямар ч
аргаар хамаагүй өөрийн шунал, тэчьяадалаа биелүүлэхийн тулд, өөрийн хүн чанар,
ичих сэтгэл, бодит ухамсраа ч алдаж орхино. Яг л манан дунд бүдчиж яваа мэт...
¨ ¨ ¨
Хүмүүс бид итгэл найдвараа
алдаж арчаагаа барах цаг дор мухар сүсэгт автаж, хийрхэх нь бий. Энэ бол 21-р
зуун. Цахим хөгжил, мэдээллийн үсрэнгүй хөгжлийн үед бид амьдарч байгаа. Алив
зүйлд бодитой хандах нь илүү чухал байнаа. Ядаж л мэдээлэл их уншиж мэдлэгээ
тэлж, гадаад олон орны хөгжилтэй харьцуулж, эрүүлээр харж, бодитойгоор сэтгэх
боломж буй.
¨ ¨ ¨
Гоо сайхан ертөнцийг, бас
монголчуудыг аварна: Гоо сайхан гэдэг зөвхөн хөөрхөн хүүхний царай
биш юм. Хүний зүрх сэтгэлийн гүн дэх уяралт мэдрэмжийг хөндөж, дуу алдуулдаг
гайхамшиг. Ямар ч хүн өөрийн харах, сонсох, үнэрлэх, сэтгэх мэдрэмжээрээ
"ямар гоё юм бэ? " гэж дуу алдах агшин. Тэр гайхамшигт, бахархалт
мэдрэмж, сэтгэл дотор нь удаан орших дор, хүн баярлан бахдаж, бусдад талархан
биширч, бусдыг хайрлан энэрэх, уучлан өршөөх сэтгэл төрж, оюун санаа нь
тайвширч, бас өргөжин тэлдэг.
Гоо
сайхан гэдэгт, гайхамшигт хөгжим, уран зураг, уран зохиолоос гадна олон
зүйлсүүд багтдаг. Дэлхийн олон гайхамшигуудын тоонд багтдаг Энэтхэгийн Таж
Махал, Египетийн Пирамид, Францын Эйфелийн цамхаг, Хятадын Цагаан хэрэм зэргийг
үзсэн хүн болгон гайхан биширч, дуу алдaна. Энэ бүхэн хүний оюун ухаан, хүч
хөдөлмөр зүтгэлээр бий болсон гэхээр, бахархан бишрэхгүй байх аргагүй. Энд л
хүмүүсийн гоо сайхнаар бахархах бахархал, бишрэх бишрэл асч байдаг аж. Бахархал
бишрэл нь хүмүүсийн сэтгэлд баяр баясгалан, уярал догдлол, бие биенээ хайрлан
хүндлэх сэтгэлийг бий болгож байдаг. Энэ бол дайн, хүчирхийллийн эсрэг сэтгэхүй
юм.
¨ ¨ ¨
Олон
өнгө сүлэлдсэн орчлон ертөнцийн аяг аашинд хүний сэтгэл хайраар л дутаж
явдаг.Хатуу зөөлөн хосолсон амьдралын нугачаанд халгаж бүдэрч, босож сэхэж
явахдаа хүний сэтгэл хайраар л дутаж явдаг. Хааяадаа ганцаардаж, хэн нэгэнд
гомдож бас гомдоож явсан сэтгэлийн үрчлээсэнд гагц хайраар л дутаж явдаг.
¨ ¨ ¨
Би
Америкт ирээд нэг зүйлийг л маш сайн ойлголоо. Монголдоо буцаж очоод хичээлээ л
сайн хийж, сайн сурахгүй бол миний ирээдүй энэ тэрэг түрэх ажил юм байна.
АНУ-д
оюутан солилцооны хөтөлбөрөөр ирээд Атлантик хотод тэрэг түрж байгаа оюутны
хэлсэн энэ үг биднийг баярлуулсан.
¨ ¨ ¨
... Шуурга исгэрнэ. Хүчтэй энэ салхи шуурганд
орчин тойрны юу ч үл харагдаж, хичнээн хичээвч түүнийг сөрж үл дийлэн, гагцхүү
уруудан уруудна. Энэ шуурганы хүчтэй үлээлтэд бие төдийгүй сэтгэл минь хүртэл
жиндэнэ. "За яахав, ингээд л явж байтал учир нь олдох байгаа, нэгэн цагт
энэ шуурга намдах л байгаа" гэж дотор сэтгэлдээ учирлан үглэх. Хичээж байж
эргэн тойрноо ажих ахул, зөвхөн би төдийгүй бүх л хүмүүс энэ шуурганд уруудаж
буйг мэдрэхдээ бяцхан тайвшралыг олно.
... Өдгөө цаг дор Монгол оронд минь
"мөнгөний төлөө" хар шуурга шуурч, бүгд л энэ шуурганд уруудаж,
төөрч будилж, бас шаналж буй. Нэгэн цагт арилжаа наймааны хэрэгслэл болгон,
аугаа монгол хаадын минь бий болгосон "мөнгө" хэмээх энэ цаас,
өдгөө ийн хар шуурга болон дэгдэж, олон олон хүмүүсийн сайхан сэтгэл, хүн
чанар, үнэт зүйлсийг нь хийсгэн одож буйг бид анзаарах сөхөө үгүй.
¨ ¨ ¨
Аливаа
улс үндэстэн, өөрсдөөрөө бахархах бахархал, өөртөө итгэх итгэлээ алдах цаг
үеэсээ мөхөж эхэлдэг.
¨ ¨ ¨
Монгол
хүн, монгол морь хоёр хэзээ ямагт нутгаадаа тэмүүлдэг. Газар тэнгэрийн
савслагад, сэтгэл зүрхний гүнд орших монгол нутаг гэдэг юугаар ч сольшгүй
эрдэнэ минь билээ. Ядарч зүдэрсэн нэгэн цагт зориод очиход, алгаа сарвайж,
энгэртээ тэврэх эх орон минь, бас халуун дулаахан өлгий минь билээ.
Алдрай
бага наснаас минь сэтгэлд минь хоногшсон монгол ахуй, алт эрдэнэсээр ч сольшгүй
монгол амьдрал, айраг цагаа. агь таана нь үнэртсэн монгол байгаль унтах нойр,
алжааж ядарсан сэтгэлийн угаас салах нь үгүй. Буцаад очих эх орон,
бахархан гайхуулах түүх, соёлтой байна гэдэг юутай сайхан. Аяа Монгол сайхан орон минь.
¨ ¨ ¨
Монголчуудын
"тавхан үгэндээ танигдана" гэдэг хэллэгээр, тухайн хүний хэн болох нь
ярьж буй ярианаасаа мэдрэгддэг гэнэм. Тэгэхээр зөв соёлтой ярина гэдэг таны
хүмүүжил, оюун санааны илэрхийлэл аж. Ядахнаа үйлээ хянаж, үгээ цэнэж, өрөөлийг
хүндэлж, хариуд нь өөрийгөө ч хүндлүүлэх нь, таны сэтгэл санаа тайван, өөрдөг
сайхан байхын үндэс. Та ч гэсэн одооноос өөрийн ярианы өнгө, хэллэгээ
анзаарч, засаж сайжруулж яагаад болохгүй гэж?
¨ ¨ ¨
Бид
алив зүйлийн тэнцвэртэй байдлыг илүүтэй анхаардаг. Жингийн туухайн нөгөө талд
тавьсан зүйл нь тухайн жиндээ тохирч байвал бид хүссэн хэмжээгээ мэдэрч сэтгэл
ханана. Харин жингийн нөгөө талд уг жингээс хэт хүнд зүйл тавихад тэнцвэр
алдах төдийгүй, савалж эхэлдэг. Яг үүнтэй адил бид амьдралд тэнцвэрийг ихэд эрхэмлэдэг
мэт. Сайн муу үйл, сайхан муухай өнгө хосолсон энэ
хорвоод жаргал зовлонг ч адил үүрч, гэтэлж, давж гарах учиртай. Зовж
байна хэмээн савж унаад байхгүй, жаргаж байна хэмээн сагаж дэврээд байхгүй,
сэтгэлийн хат түвшин явах нь, энэ л тэнцвэрийн хэмжээс гэнэ.
0 сэтгэгдэл:
Post a Comment