Гунаажавын
Аюурзана
/Яруу найрагч, зохиолч, орчуулагч/
Ишлэлүүд
Намайг анх уран
зохиолд шагайж байхад толгойтой толгойгүй цөмөөрөө л газар дор ортол муулдаг
байсан. Над шиг авьяасгүй, Монголын уран зохиолд гай тарих амьтан ер нь урьд
хожид үзэгдээгүй байх шүү. Тийм болохоор би муулуулж, гүтгүүлээд сурчихсан юм
аа. Морь унаад сурчихсан хүн мориороо ажлаа амжуулна уу гэхээс зугаацдаггүйтэй
адилхан, надад шүүмж мүүмжээс нэг их сэтгэгдэл төрдөггүй шүү дээ. Одоо намайг
бас магтдаг хүмүүс мэр сэр гараад ирчихэж. Баярлаж тэнэгтэхгүй юм шүү л гэж
боддог.
¨ ¨ ¨
Нийгмийн
асар олон тогтолцоо энэ зуунд зэрэгцэн оршиж, хамгийн олон хувьсгал гарч,
өчигдөр-өнөөдөр-маргааш
гурвын ялгаа анх удаа дэндүү эрс тэс тодрон харагдах болсныг бид мэднэ.
¨ ¨ ¨
Ямар ч хүнд агшин зуурын гэгээрэл ирдэг.
Гэнэтхэн юунд ч адгахаа больж, хүмүүст чин сэтгэлээсээ найр тавьж, бусдын төлөө
ямар нэгэн сайхан зүйл хиймээр санагддаг, огт танихгүй хэн нэгнийг энэрэн
хайрлах, өөдгүй амьтдыг ч гэлээ ойлгож уучлах сэтгэл төрөх, тийм байдалд бид
цөмөөрөө л ордог. Амьдралыг түр зуур ч болохноо жигтэйхэн уудам саруулаар харж,
“Амьдрал ийм амархан, бас ер бусын сайхан юм байна шүү дээ” гэж бодогдоод,
сэтгэл уужраад, ирээдүй өөдрөг сайхнаар төсөөлөгддөг. Ийм үе таарч байгаа маань
гэгээрэл юм. Даанч гэнэтхэн хажуунаас нэг сагсуу жолооч дайрчих шахаад нөгөө
сайхан бодлыг маань хийсгэчихдэг. Тэгээд бид хараагаад хоцордог. Дараа нь
өдөржингөө сэтгэл бухимдуу явна. Ийм болохоор л эртний лам нар олноос дайжиж,
аглагт даяан хийдэг байсан болов уу.
¨ ¨ ¨
Ер нь амьдралын сайхан нь өөр рүүгээ гүнзгий
нэвтэрч, бусадтай хутгалдахгүй байхад л илүү тод мэдрэгддэгийг би бясалгалаар
батжуулан ойлгож авсан. За, тэгээд хог шороогоор шуурсан, машин бөглөрсөн хотын
амьдрал дунд ч даяанчлах боломж бий. Сайхан ном унших бол нэг ёсны даяанчлал юм
даа. Эндхийнхээс эрс өөр ертөнцөд яваад оччих хамгийн амархан боломж бол миний
мэдэхээр энэ хоёр зам л байна.
¨ ¨ ¨
Хүн бүр л өөрийнхөө хүүхдийг бусад хүүхдээс
хөөрхөн, ухаантай, сайн гэж хардаг. Заримдаа хүмүүс “Танай охин яасан царай
муутай юм бэ?” гэхээр нь би бүр мэл гайхдаг гээч. Би л лав тийм хөөрхөн охин
ерөөсөө хараагүй юм чинь аргагүй шүү дээ. Ер нь хүний зан юм даа, би өөрөө
чөрчийсөн туранхай юм байж хүүгээ том болоод барилдвал аваргаа байг гэхэд
начинтай, хөл бөмбөгчин болбол Бэкхэм шиг биш юм аа гэхэд сэлгээгээр орж ирээд
л гоол хийчихдэг баагий хавьцаа л үзнэ дээ гэж боддог.
¨ ¨ ¨
Зовлон ч, жаргал ч тухайн хүний л сонголт. Бид
гадагшаа гараад хаашаа явахаа, яг ямар замаар алхахаа, ямар таксинд гар өргөж,
ямарт нь суулгүй өнгөрөөчихөө өөрсдөө л сонгоно шүү дээ. Архи уух эсэхээ, тамхи
татах, хэнтэй танилцах, хэнтэй үг солихгүй байхаа бас л өөрсдөө шийднэ.
Ухаантай байх эсэх нь ч нарийндаа бол сонголтын асуудал юм. Тансаглах, мөнгө
үрэх ялгаагүй, цөм хувь хүний сонголт. Насанд хүрсэн хүний хүүхдээс ялгагддаг
гол шинж бол энэ мэт сонголтынхоо хариуцлагыг өөрөө даах явдал.
¨ ¨ ¨
Бас та юуны өмнө хүчин мөхөстдөг вэ? Зарим үнэхээр сүрдэж биширмээр зохиол байдаг
юм аа. Бүр дотор харанхуйлмаар, “Би хэзээ ч ийм ном бичиж чадахгүй байх аа” гэж
өөрийн эрхгүй бодогдмоор. Би “Үлисс”-ийг оросоор хоёр, англиар нэг, редакторлож
байхдаа монголоор нэг уншсан. “Алдагдсан цагийн эрэлд”-ийн зарим ботийг би хоёр
дахиж уншсан. “Нууц товчоон”-ыг мэдэхгүй ээ, лав 5-6 удаа уншсан байх. Одоо
“Моби Дик”-ийг ахиад нэг уншъя гэж бодож байгаа. Унших тусам л би даанч түүхий
яваагаа ухаардаг.
¨ ¨ ¨
Лам хүн цол зэрэг ахихад бас мөнгө шаардагддаг юм
уу? Уг нь сурсан эрдэм, хураасан буянаас өөр юу ч шаардлагагүй л дээ. Гэвч нар
хүртэл хиртдэг хорвоо шүү дээ. Лам гэдэг өнөө цагт хийж буй ажлын нэр болчихож
л дээ. Хийдэд данстай ажилтнуудын дотор эсэн бусын л хүн таардаг.
"Шүгдэн", хуудас 198
¨ ¨ ¨
Миний
сүүлийн үед бичиж байгаа романуудад нэг нийтлэг амьсгал бий. Бөөгийн тухай ч
байна уу, бурхны шашин, туульс, уламжлалт эмчилгээ ч байна уу, юуны ч тухай
уншлаа гэсэн эцэст нь монголчууд гэж хэн юм бэ, энэ үндэстэн тэсч үлдэхийн тулд
ямар замыг туулж гарсан юм бэ гэдгийг уншигч маань эргэцүүлбэл, тэгээд л миний
зорилго бүтэж байгаа хэрэг.
¨ ¨ ¨
Роман дотор давхар яваад байгаа тэр
нууцлаг зохиол бол дархан хүний бүтээлдээ дардаг нууц тэмдэг гэдэг шиг далд
бэлгэдэл юм. Ийм зүйл миний бүх баатрын дотоод
ертөнцийн бүр цаана нь өрнөж байгаа. Ямар утгаар, яаж илэрч буй нь уншигчийн
олж харах асуудал. Насаагийн ч, Мэндээгийн ч, Алтан-Уул бариачийн ч, Зоригоо
эмчийн ч цаана монгол үндэс угсаагаа гэсэн хамгаас дээд нэг хүсэл, адгалт бий. Түүнийг
бэлгэдэж тавьсан дэвсгэр маягийн санаа л даа. Түүхэнд “хэрэв” гэдэг ойлголт
байдаггүй ч гэсэн, бидэнд харамсах зүйл, алдагдсан боломж олон шүү дээ.
¨ ¨ ¨
Баригдмал, загварчлагдсан сэтгэлгээнээс
ямагт татгалзаж явъя гэж өөртөө хэлэх болсон. Хүний сэтгэлгээ ер нь их залхуу
шүү. Амархан, загвартай, энгийнээр томьёологддог зүйлийг л дагаад, чөлөөтэй
сэтгэхээс зайлсхийх гээд, өөрийнхөө үзэл бодлыг бусдынхаас илүү зөв гэдэгт
итгэчих гээд, итгэлийнхээ аль мунхагтай нь үхширтэл зууралдах гээд байдаг. Ийм
мугуйд загвараас сэтгэлгээгээ чөлөөлөх нь хамгийн зөв юм байна гэдгийг бага
сага ойлгосон.
¨ ¨ ¨
Хүний
сэтгэл урвамхай, гуйвамхай, арайхийж ойлгож авсан зүйл нэг л удаагийн хоосон
ярианд хийсчих тохиолдол их.
¨ ¨ ¨
Зэвэргэн салхитай
өдөр зуслангийнхаа байшинд гал түлчихээд, дээлээр хөлөө хучаад ном уншаад
хэвтэхийг жинхэнэ аз жаргал гэж төсөөлдөг.
¨ ¨ ¨
Ажил төрөл нь бүтэмжгүй ч юм уу байх
юм бол та бөө
дээр очих уу, эсвэл шарын шашны ламдаа очих уу, эсвэл сэтгэл зүйчид хандах уу? Оюун ухааны дээд чанар болсон
шашныг, бөөг ч тэр, буддын шашны ламыг ч тэр
алдсан алдаагаа үүрүүлэх ч юм уу, мөнгө ашиг дуудах хэрэгсэл, үйлчилгээний
ажилтан болгож байгааг доромжлол гэж үзнэ. Би өөрийнхөө мөн чанарыг таньж
мэдэхгүйгээр бусдад алдаагаа үүрүүлж, өөрийгөө хуурахыг гайхдаг. Тийм ч учраас
бөөд ч, ламд ч хандахгүй. Тэр тусмаа сэтгэл зүйчид бүр ч хандахгүй. Гол нь мөн чанарыг нь ойлгох хэрэгтэй.
¨ ¨ ¨
"Шүгдэн" романаа Ажаа гэгээнд зориулж бичсэн гэсэн. Тэр буянтантай та тийм их ойр хүн үү? Би жинхэнэ ламыг анх удаа ойроос харсан минь л
тэр хүн. Жинхэнэ гэдгийг би өргөн, дээд утгаар нь хэлж байгааг ойлгосон биз.
0 сэтгэгдэл:
Post a Comment