Бат-Эрдэнийн
Батбаяр/Баабар/
/Микрохимич, улс төрч, орчуулагч, судлаач, нэрт нийтлэлч/
Ишлэлүүд
¨ ¨ ¨
“Сайхан сэтгэлтэй”
мунхаг хүмүүс л нийгэмд том гай чирдэг. Тийм ч учраас “Бурхан минь, мунхаг
хүнийг л битгий ажилсаг болгоорой” гэсэн үг гарсан байх.
¨ ¨ ¨
Сүгсэлзүүр: Ард түмэн дэмжээд л,
мань хүн халимаг үсээ сүгсэлзүүлээд л нүдэндээ доголон нулимстайгаар цахирдсан
хоолойгоор илтгэн тэднийгээ хэрхэн хулхидуулж байгааг өрөвдөн уйлагнана.
¨ ¨ ¨
Ер
нь төрд өлсгөлөн хүн, цаддаггүй хоёр тун аюултай бололтой. Түрүүчийнх нь цаддаггүй, шинковууд нь
өлсөж үхчих гээд.
¨ ¨ ¨
Төр
хийх ёстой юмаа хийхийн оронд оролцохгүй ёстой юм руугаа ороод байгаад л манай
хамаг зовлон байгаа юм биш үү?
¨ ¨ ¨
Хятад - Тэрбум
хагас хүнтэй энэ орны процент болгон агуу.
¨ ¨ ¨
Монгол
улс иргэдээ анхан шатны энгийн ойлголттой болгомоор юм!!! Миний орчуулгаар бол
бага сургуулийн дөрөвдүгээр ангид үздэг “Түмэн бодис” гэдэг хичээлийг бүх
иргэдэд сайтар ойлгуулмаар юм!!!
¨ ¨ ¨
Шинжлэх
ухааны мэдэж амжаагүй юм санасныг бодвол үй түм, гэхдээ энэ нь бөө, лам болон
луйварчин, мэдрэлийн согогтнууд тайлж чадна гэсэн үг биш шүү дээ.
¨ ¨ ¨
Төр
хуулиар өгөгдсөн үүргээ эс биелүүлэх буюу хагас дутуу гүйцэтгэхээр буй болсон
цоорхойгоор нь хэт идэвхитэй, аугаа ихийн хэнээтэй мулгуу хүмүүс дайран орж
нийгэмд нөхөж баршгүй хохирол учруулдаг ажгуу. Ийм үндэсний баатрууд дандаа ард
түмний нэрийн өмнөөс ард түмнийхээ төлөө л хоолой мэдэн орилдог ч үр дүн нь ард
түмний эсрэг гардаг.
¨ ¨ ¨
Ямар
ч сайхан юмыг муу муухайд ашиглаж болдог.
¨ ¨ ¨
СОШИАЛ
НЭТВОРК. Биенээ зөв ойлголцох. Тэрээр
хоорондоо биенээ ойлголцдоггүй, аягүй бол дайсагналцах гээд байдаг өнөөгийн
хүмүүсийг тэрбумаар нь нэг гэрт оруулж ирсэн. Ийм том өрх урьд хожид хүний
түүхэнд байгаагүй. Стивэнсоны “Гүливэрийн аялал”-ыг дэлхийн аль ч сургуульд
үздэг. Тэнд хоёр арлынхан өндгийг шовх талаар нь хагална, үгүй мохоо талаар нь
хагална гэж марган дайн байлдаан хийдэг. Бид юуны төлөө муудалцдаг юм бэ? /Тэр
нь/ ... дэлхийг сөнөөх шалтгаан гэж үү?
¨ ¨ ¨
Зүгээр
л хараагаад нулимаад суухаар цаад шалтгааныг нь олох, тэгээд засч залруулахад
нь хувь нэмрээ оруулбал зүгээрсэн.
¨ ¨ ¨
Мөнгөө
буруу зарцуулснаас огт мөнгөгүй байсан нь дээр.
¨ ¨ ¨
Ухаанд
хязгаар байдаг, тэнэглэлд харин хязгаар байдаггүй гэдэг.
¨ ¨ ¨
Дэлхий
ертөнц хурдтай өөрчлөгдөж байна. Өчигдрийн мэдлэг, дүгнэлт өнөөдөр өөрчлөгдөж
байгаа энэ ертөнцийн өнгө аяст зохицон амьдрахын тулд тасралтгүй сурч, судалж
байх шаардлагатай цаг үед бид амьдарч байна. Нөгөө талаас мэдээллийн далайд
живж зүг чигээ алдахгүйн тулд тэр их мэдээллийг өөрийн болгоод авах суурь
мэдлэг хүнд хэрэгтэй. Үүнийг төрийн жишээн дээр буулгаж хэлбэл тогтсон ой
санамж, мэдээллийг тасралтгүй авах, эмхэлж цэгцлэх чадвар, бас тийм бэлэн
систем хэрэгтэй гэсэн үг. Ийм чадавхгүйгээр сэтгэл хөдлөлөөр гаргасан хууль,
байгуулсан гэрээ хэлэлцээр гээд олон шийдвэр улс орныг яаж үймүүлдгийг нотлох
жишээ Монголоор дүүрэн.
¨ ¨ ¨
Цагдаа
нь цагдаагаа хийж чадахгүй, хууль тогтоогчид нь үүргээ биелүүлж чадахгүй, шүүгч
нь шүүн тасалж чадахгүй, татварын байцаагч нь үүргээ биелүүлж чадахгүй,
шоронгийн хуяг хоригдлоо захирч чадахгүй, цэргийн дарга түрүүчээ хамаандалж
чадахгүй болбол энэ нь төрийн функционал ажиллагаа тасарч байна гэсэн үг. Албан
үүргээ муу биелүүлдэг, буруу хэрэгжүүлдэг зэрэг бол тусдаа асуудал. Улс
орон давхар засаглалтай болбол тийм улсын оршин тогтнохуй нь эргэлзээтэй болно.
Иргэншсэн байтугай бүдүүлэг эртний нийгэмд ч энэ хууль хүчинтэй. Хааны тушаал
гэдэг одоогийнхоор шүүхийн шийдвэр. Хааны зарлигийг хэн нэг нь “хуц” гэвэл
эсвэл цээрлэгдэнэ, эсвэл тэр өөрийн дагалдагсадын хамт тусдаа улс байгуулна.
Ердөө л ийм энгийн дүрэм, энгийн логик.
¨ ¨ ¨
Ёстой
бүү мэд, хорвоод математик логик, эмэгтэй хүний логик гэж хоёр тусдаа юм байдаг
юм гэнэлээ. Үүнээс гадна монгол логик гэж бас нэг тусдаа юм байдаг байх
аа. За больё больё, тархи хүрэхгүй юм байна!
¨ ¨ ¨
Иргэншил
буй болж эхлэхтэй зэрэгцээд шашин үүссэн байна. Цэгц номлолтой, ертөнцийн тухай
тодорхой тайлбартай, тогтсон зан үйлтэй, өөрийн философитойгоороо шашин нь бөө
мөргөлөөс эрс ялгаатай юм. Шашин иргэншлийг төрүүлсэн үү, эсвэл эсрэгээрээ юу?
Юутай ч хүн төрлөхтний ихэнхийн оюун санааг сүүлийн дөрөв таван мянган жилд
шашин удирдаж байна.
¨ ¨ ¨
Шударга
гэсэн ойлголт аль эрт герегийн хуулийн системд ч байсан. Хэн нэгний шударга
гэснийг нөгөө нь шударга биш гэж үздэг учраас энэ нь харьцангуй ойлголт, нэг
мөрөөр хуульчлан авч үзэх аргагүй юм. Үүнийг хожим ойлгон шударга гэдгийг
хуулийн хүрээнд багтаж байгаа эсэхээр нь дэнслэх болжээ.
¨ ¨ ¨
Хувийн
эрх ашгийг дээдлэнэ гэдэгт бусдын эрхийг зөрчихгүй гэсэн баримтлал шууд
залгагдаж байдаг бол олон нийтийн эрх ашгийг дээдлэнэ гэхээрээ “үүний тулд”
хэнийг ч хохироож болно гэсэн мөрдлөг хар аяндаа дагадаг ажгуу.
¨ ¨ ¨
Хууль
хичнээн таалагдахгүй байсан ч би хуулийн дор амьдрах үзэл бодолтой. Энэ бол
миний итгэл үнэмшил. Хуулийг зөрчиж болохгүй, хуулийг тойрч болно гэж тэртээ 22
жилийн өмнө нийтийн өмнө хэлж байсан үгэндээ би одоо ч үнэнч.
¨ ¨ ¨
Би
хүний өмнөөс хариуцлага хүлээх ер нь дургүй. Манай нийгмийн иргэн болгон бусдын
гэхээсээ өөрийнхөө өмнө хариуцлага хүлээж чаддаг болох юм бол нийгэм маань
болоод явчих юм байгаа юм шүү дээ.
¨ ¨ ¨
Та аль болохоор улс төрөөс зугтаадаг
болж дээ?
Иргэний хувьд би зугтаахгүй. Зугтах боломж ч үгүй. “Та улс төрөөр оролдохгүй
бол улс төр танаар оролдоно” гэж үг их үнэн шүү.
¨ ¨ ¨
Урлаг
гэдэг бол аугаа зүйл. Урлаг гэдэг бол эрх чөлөө. Эрх чөлөөнөөс ангид үзэл
сурталжсан урлаг ихэнхдээ урлаг болж чаддаггүй.
¨ ¨ ¨
Алдарт
эдийн засагч Эрнандо дэ Сото “Ядуус
гэж нэрлээд байгаа нийгмийн хэсэг үнэндээ асар их хөрөнгө хуримтлалтай байдаг,
харин түүнээ эргэлтэнд оруулж чаддаггүй мэдэггүйгээсээ болоод ядуу байдаг юм
байна” гэсэн нээлт хийж “Капиталын нууц” гэж ном бичсэн нэгэн. Сотогийн
шинжээчид Улаанбаатарын гэр хорооллоор сар гаруй хугацаанд судалгаа хийгээд энд
эргэлтэнд орж чадаагүй 7 тэрбум орчим доллар нуугаастай хөсрийтөөд байгааг
илрүүлсэн. Хамгийн багаар бодоход. Мэдээж энд зурагтыг нь тооцоогүй(Машин
бүртгэж онигоотохоо болимоор юм. Эксэллээс хавьгүй үнэтэй бөгж, хөөрөг, цаг,
зүүлт гээд зөндөө юм байдаг юм шүү дээ. Хонь ямааг нь бүртгээд байгаа улсыг
одоо юу ч гэх юм билээ. Ширхэг нь 50 сая төгрөгөөс илүү үнэтэй зүйлийг нь
бүртгэдэг байгаа даа. ) Гол нь газар, газар, газар…
¨ ¨ ¨
“Эцгийн
халамж” гээд нэг төрлийн өвчин байдаг юм. Эцэгт гэхээсээ улс төрчид, ялангуяа
дарангуйлагчдад ажиглагддаг хам шинж. Ард түмэн яаж амьдрахаа мэддэггүй учраас
сайн зааж өгөөд туслаад дэмжээд ам руу нь бэлэн хоол хийж байх хэрэгтэй гэж ийм
өвчтөнүүд боддог юм. Та нар зурагтаа асаагаад тэр дуусдаггүй маанаг яриаг нь
сонс доо. Нуль халамж. Тэднийг дахиж сонгогдохын тулд таалагдах гэж ингэж
ярьдаг гэдэг. Уг нь ямар ч тэнэг амаа олоод халбагадчихдаг юм л даа. Ер нь мал маллахаа марксизмаар
заалгахгүй гэгчээр яаж хоолоо идэхээ Их хурлын хэдэн бөхчин, наймаачин, хуулийн
уранхай дипломтон, экологийн порпийсор, гавъяат эдийн засагч нараар заалгахдаа
ч яах вэ дээ.
¨ ¨ ¨
Юу
гэхээр календарь зарж хэдэн цаас цуглуулах гэж зовж яс булаацалдсан нохой шиг
хоорондоо архиралцаж байхаар казинод очиж ямар тоо гарахыг нь шууд хэлээд л
баяжаач. Эсвэл барон Унгерний нуусан алтыг олооч. Улсын мэдлийнх болохоор
хураагаад авчихана гэж үү? Олсон хүн хуулиараа 30 хувийг нь авдаг юм.
¨ ¨ ¨
Төрийн төлөө төмсгөө хавдтал
зүтгэсэн хэмээн ялархдаг хүн олон бий. Чамд хэрэгтэй учраас л тэгсэн бус уу?
Чамд хэрэгтэй учраас л өвчтэй хүн эмчилж, ардын хүүхэд сурган хүмүүжүүлж,
гудамжны хог цэвэрлэж, цэрэгт алба хааж, мал маллаж, будаа тариа тарьдаг. Цалин
нь, орлого нь, нэр хүнд нь, хүлээн зөвшөөрүүлэх нь, бахархал нь гагцхүү
ЧАМД л хэрэгтэй.
¨ ¨ ¨
Бидний
монголчуудад дэлхийн бусад үндэстнээс илүү гарч гаж содон болсон юу ч байхгүй,
гэхдээ бид аль ч үндэстнээс дутаад доройтоод байх юм үгүй. Бид гоц үндэстэн
биш, гэхдээ дорой буурай нь бас биш.
¨ ¨ ¨
Хорь
хүрээгүй хэдэн хөөрхөн охин банди нар хэвлэлийн бага хурал хийж байгаа нь
зурагтаар мэдээ болон гарч байна. Шудрага сонгууль, эх орны эрх ашиг, үндэсний
аюулгүй байдал хэмээн аманд нь томдчихсон юм түгдчин байж унших нь их л
өхөөрдмөөр. “Ард түмэн” л захиж дээ. Ганц орой шоудах зардал өгсөн болов уу,
аягүй бол концертны тасалбар өгч аргалсан даа, муусайн жудаггүй шаарнууд!
¨ ¨ ¨
Дэлхийн
дээрх хамгийн муу менежменттэй газар бол зүй ёсоор Засгийн газар байдаг. Хаана
ч тэр. Бидэнд
өнөөдөр юун түрүүн дутагдаж байгаа зүйл бол сайн засаглал. Сайн засаг байж байж
энэ улс орны амьдрал сайжирна.
Сайн
засаг гэдэг сайн мэнэжмэнт хийдэг газрыг хэлнэ. Сайн засаглалгүйгээр бид
явахгүй. Сайн засаг гэдэг хүүхдээ эрхлүүлдэг, орой болгон нэхсэн зүйлийг нь
өгсөөр байгаад мангар болгочихдог аав биш шүү дээ. Засаг бол стандарт тогтоодог
газар. Тэгээд иргэд тэр тогтоосон стандартын дагуу ажиллаж амьдардаг.
¨ ¨ ¨
Та
бүхэн санаж байгаа бол 1990-ээд оны үед Очирбат, Бямбасүрэн гуай нар “угтуулан
хөгжиж урд нь гарах” тухай ярьдаг байсан даа. Ингэж болох ганцхан зүйл бол
боловсрол. Боловсролын өндөр төвшингөөр олон зүйлийг капитал болгож болно.
¨ ¨ ¨
Мөнгө
олох амархан, чухам зарцуулахад л ухаан хэрэгтэй байдаг юм гэнэлээ. Ядуу
гуйлгачин түрийвчтэй мөнгө олж болно л доо, тэр мөнгийг яаж зарцуулах дээр л
ухаан хэрэгтэй.
Ялангуяа
хүний мөнгөөр хүүдэгнэж байгаа манай төр засаг яана даа? Гайгүй ч юм болов уу,
учир нь онгоц живхэд хамгийн түрүүн хархнууд гарч зугтаадаг гээ биз дээ?
¨ ¨ ¨
Ард
түмэн улам ядуурч идэх хоолгүй болон шороо долоосоор турж үхэж байгаа тухай
өдөр болгон мэдээллийн хэрэгслэл болон УИХ-ын танхим дотроос гал цогтой
цангинуулан бачимдах хүмүүсийг хараад юун түрүүн нэг л бодол орж ирдэг нь: Энэ
хүн яасан их таргалаа вэ?!
¨ ¨ ¨
Дивангарт бүр Күнзийн үеийн нэг онигоо маягийн ёгт үлгэр
бий. Нэг домч хүний нурууны бөхтөрийг засдаг хэмээн зар тараажээ. Хөөрхий нэг
бөхтөр эмгэн зарын дагуу ирэв. Домч эмгэнийг түрүүлэг нь харуулж хэвтүүлээд
дээр нь банз тавин гишгиж гарчээ. Эмгэн өвдсөндөө ёолон орилно. Нуруу ч
шажигнаад л хуга нуга үсэрч байна гэнэ. Эмгэн ч чимээгүй боллоо, домч ч банзаа
аваад хартал нуруу сайхан тэгширсэн аж. Харин эмгэн хэдийнээ амь тавьсан байв.
Орчин үеийн
анагаах ухааны эцэг Хиппократын алтан зарчим 2500 жилийн өмнө гарсан нь:Primium
non nocere. Би энэ үгийг оролдоод оролдоод монголоор аятайхан буулгаж
чаддаггүй юмаа. Үгчилбэл: Юун түрүүн хор болж болохгүй гэсэн үг. Юм засах гэж
байгаа бол цаад зүйлээ эвдэж болохгүй, эсвэл хүн эмчлэх гэж байгаа бол өвчтөнөө
гэмтээж үхүүлж болохгүй гэсэн санаа. Зүрхийг нь эмчлэх гээд элэгийг нь муутгаж
болохгүй. Арай зөв утгачилбал “нуух авахын тулд ямар ч байсан нүдийг нь сохолж
болохгүй” гэсэн үг юм уу даа. Тэгэхээр эндээс дээрх эртний хятадын ёгтлол санаа
дурайтал гараад ирж байна. Яаж ч бодоод тэгшхэн нуруутай хүүр байснаас амьд
бөхтөр байх нь хавьгүй дээр.
¨¨¨
Төгс төгөлдөр юм
гэж хорвоод үгүй. Энэ бол ерөөсөө
хорвоогийн цаад мөн чанар.
¨¨¨
Төр
бол байхаас өөр аргагүй зайлшгүй адгийн байгууламж. Францын нэрт сэтгэгч
Бастиагийн тодорхойлсноор “Төр нь бусдын хөрөнгөөр амьдрах гэсэн хүмүүсийн цуглуулга”
гэж хүртэл тодорхойлжээ. Гэхдээ төргүй улс гэж үгүй. Аль ч төр хүчирхэг байх
ёстой. Нийгэмд үйлчилдэг байгууллага гэдэг нь зөвхөн нэг тал нь. Аюул заналаас
хамгаалах үүрэг нь ялангуяа терроризмтой өнөөгийн зуунд бүр ч чухал тал нь.
Хүчирхэг төрийг данхар төртэй эндүүрдэг явдал манайд бол урхагшсан ойлголт.
Үүргээ зөв тодорхойлсон, функционал үйл ажиллагаа нь цагийн зүү шиг зөв
ажилладаг төрийг л хүчирхэг төр гэнэ. Үүрэг нь тодорхой биш, эсвэл бүхнийг
хариуцах үүрэг өөртөө хүлээсэн данхар төр авилга хүнд сурталдаа идэгдэж
Бастиагийн тодорхойлсон байгууламж болдог. Ийм төрд нийгмийн хамгийн өөдгүй
хэсэг нь цуглардаг ба төрийн иргэдэд үйлчлэх үндсэн үүрэг нь иргэдийг дарамтлах
аппарат болон хувирдаг.
¨¨¨
Нацизмын үед гарсан нэг алдартай ишлэл бий шүү “Нацистууд жүүд
нарыг баривчиллаа, би жүүд биш болохоор дугарсангүй. Дараа нь тэд
коммунистуудыг баривчиллаа, би коммунист биш болохоор дугарсангүй. Харин дараа
нь гэмгүй намайг баривчилахад дугарах хүн олдсонгүй”.
¨¨¨
Дээрэмчин луйварчдаас үлдээж байгаа хамгийн жигшүүртэй хар мөр
бол “ингэж болдог юм байна”, “ингэсэн нь хождог юм байна” гэсэн төөрөгдлийг
шинэ үеийн гэнэн томоогүй залууст үлдээж буй явдал. Ийм төөрөгдөл нь хойч үеэ
хорт хавдартай төрүүлж байгаагаас өөрцгүй аюул юм.
¨¨¨
Нүүдэлчид юмыг нэг удаа аргалаад өнгөрөөх сэтгэхүйтэй байхад
суурин иргэд юмыг нэгмөсөн шийдээд шийдээд явчихдаг хандлагаараа ялгардаг.
0 сэтгэгдэл:
Post a Comment