Facebook Page Like

2015/02/11

Ишлэл: Б.Лхагвасүрэн

Share & Comment

Бавуугийн Лхагвасүрэн

/Ардын уран зохиолч, Төрийн шагналт, МУУГЗ, зохиолч, яруу найрагч/

 


 Ишлэлүүд

 

¨¨¨

 

Баярлах зовох хоёртоо л ноён нуруугаа алдахгүй явбал хорвоод хүн болсны чинь утга учир шүү дээ


¨¨¨
Энэ хорвоог ухаарч ядаж байгаа залууст ухаан биш тэнэглэл түрүүлж ирвэл тэр бол жинхэнэ гэнэн тэнэг болно. Замынхаа төгсгөлд хүрээгүй байж олсон олзондоо цадна гэдэг өлсөхийн л шинж байх. Хийж бүтээж гавиагүй мөртлөө биеэ тоож, элдэв буруу зан аашинд автвал чиний хүсэл мөрөөдлийн төгсгөлд баяр хөөр биш гуниг уйтгар л хурна.

¨¨¨
Хүн ижийгээ байхад нь хайрлаж чаддаггүй юм. Өөрөө хайрлуулсаар байгаад дуусдаг. Би л лав тэгсэн. Намайг хайрласан хайрынх нь хариуд ижийгээ нэг ч аятайхан хайрлаагүй юм. Тэгэхээр ижийнхээ амьд сэрүүнд сэтгэлийг нь амар байлгах гэж том ач байдаг шиг ээ. Сэтгэлийг нь амар байлгаж, магадгүй өөрөө дутаж явахдаа ижийгээ дутаахгүй амьдраасай гэж хэлэх байна.

¨¨¨
Хүмүүсийн сэтгэлийн дулаан алга болоод байх шиг ээ. Тийм газар сайн сайхан зүйлс ховорддог юм шүү дээ.

¨¨¨
Сэтгэлээс айх ёстой. Би ч бас хүмүүний сэтгэлд зовоод л байх юм байна шүү дээ. Одоо хүмүүсийн сэтгэлийн дулаан алга болоод байна. Ийм газар сайн сайхан, ариун нандин зүйлс алга болж, устаж эхэлдэг. Би ийм нийгэмд амьдрах, ийм агаараар амьсгалан өсч өндийх хойч үедээ харуусч байна. Хүмүүний сэтгэлийг шинэчлэхгүйгээр бүх зүйлийг өөрчилж, шинэчилж, сайн сайхан болгож чадахгүй.

¨¨¨
Миний жүжигт "Төр хувцсаа тайчиж хаяад түмний дунд шалдан явдаггүй юм" гэж хэлдэг. Би төрөө бүтэн хувцастай, дээл хувцсаа бүрэн сайхан өмсчихсөн, бүсээ чангалчихсан, хийморь өөдөө яваасай л гэж залбирдаг.

¨¨¨
Би залуучуудынхаа номыг ун­шаад энэ ямар хүн бэ гэдгийг мэдчихдэг. Тухайн номноосоо хүн нь харагддаг юм. Бүр ааш нь хүртэл харагддаг.

¨¨¨
Хүн чанар алга болж байна гэдэг дээр би малгайгаа аваад мэхийн ёсолмоор байна. Хүн ча­нар гэдэг чинь ерөөсөө л ухаан юм.  Хүн чанарын талыг нь эхээсээ авч төрдөг. Үлдсэн хэсгийг нь өөрөө олдог. 

¨¨¨
Дотроос уншиж гэгээрэхээс биш гаднаасаа гэгээтэй харагдахыг бодож явсангүй

¨¨¨
Монголын соёл урлагийн салбар бол их ойлгомжтой юм шиг мөртлөө хамгийн ээдрээтэй салбар. Бусад газрууд хүний идэвхи чармайлт, санаа бодол дээр ажилладаг бол манай салбар хүний сэтгэл дээр ажилладаг болохоор их эмзэг юм.  Авьяас билэгтнүүд арьсгүй юм шиг мэдрэмтгий. Тэдний гомдох баярлахын зай хоорондоо их ойрхон. 

¨¨¨
Орчлон бол тэр чинээгээрээ оноо мөртлөө, тэр чинээгээрээ алдаа юм шүү дээ. Их юмны дэргэд бага юм хүчгүй. Их хайрын дэргэд хайрын жижиг алдаа юу ч биш. Их байгаагаа авч үлдэж,багыгаа хаяж байж хүн төрөлхтөн оршдог юм шүү дээ. Тийм болохоор хайртай л юм бол уучилж амьдарна гэдгийг л  эрхэм болгодог. Энэ орчлонд сүүдэргүй чулуу гэж байхгүй. 

¨¨¨
Хүн болно гэдэг өндөр болж өсөх, амь зуух ухаантай байх, алба хэргэм, алдар хүндтэй болох энэ бүгдээс ангид юм шүү дээ. Хүн шиг хүн байх, болох гэдгийг цөөхөн хүн чаддаг юм шиг байгаа юм. Тийм болохоор л би хүн болоорой гэж их хэлдэг.

¨¨¨
Шагналын  нэр хүнд нь буурсандаа биш юмаа, аливаа шагналыг өөрөө  хөөцөлдөөд явдаг болчихсоноос болдог юм болов уу. Шагналыг  удаан үргэлжлээч гэж өгдөг байх. Үргэлжлээч гэдэг маань бүтээгээч туурвиач гэсэн үг л дээ. Төр шагналаараа хүнийг үнсдэг,  бас ташуурддаг байх гэж би боддог. Шагнал зэмлэлтэй их ойрхон, яагаад гэвэл ичихтэй бас их ойрхон. Надад шагнал бол олдвол баярламаар юм биш, олдохгүй бол харамсмаар юм биш шиг санагддаг. Нийгмийн хүнтэйгээ харьцаж байгаа нэг хэлбэр  юм даа. Хийсэн бүтээсэн бүхэн  нь шагналтайгаа дүйж байвал тэгэж ярихгүй  л байх.

¨¨¨
Би эцгийн  хувьд өөрийнхөө санаанд тааруулах гэж зүтгэдэг эцэг байхгүй  юмсан даа гэж боддог.  Миний санасан бодсоноор байх тийм тэнэг шаардлагыг би үр хүүхэддээ тавихгүй юмсан. Аль болох тэднийгээ хайрлаж,  эрх чөлөө өгөх юмсан гэж боддог. 

¨¨¨
Би яруу найрагчийг зовлонгоо тоочдог хүмүүс гэж боддоггүй. Яагаад гэвэл өөрөөсөө гарсан тархины гэрлээ бусдын тархинд тусгахыг соён гэгээрүүлэх гэж яриад байгаа юм. Тэртэй тэргүй яруу найраг өөрөө тансаг учраас яруу найргийг бичиж л чадсан бол тэр нь эргээд гэрэл гэгээ өгч л таарна. Тийм учраас залуу уран бүтээлчид чанарт л анхаарах ёстой.

¨¨¨
Өрнийн урсгалууд хэдийнэ буурал болсон. Тэр буурал урсгалуудыг өнөөдөр шинэ юм шиг авчирчихаад шинэ юм шиг үзэж түүгээрээ түрий барьж хашгичих нь тийм сайн зүйл. Яруу найраг гэдгийн мөн чанар, ерөнхий зарчим нь уламжлалтайгаа хадгалагдсаар л байгаа шүү дээ. Тийм учраас янз бүрийн урсгалуудаар бичиж, задарч тэсрэг. Ганцхан тэр нь өөрийнх нь бодсон эцсийн тууль, хүмүүсийн хүлээж байсан тууль хоёрын уулзвар байх ёстой. Үүнийг би соён гэгээрүүлэх гэж үздэг. 

¨¨¨
Намайг дүрслэл ихтэй бичдэг гэж шүүмжилдэг байсан. Энэ бол миний зураг зурдагтай холбоотой байсан байх.

¨¨¨
Сүүдэргүй чулуу гэж хорвоод байхгүй. Монголчууд уг нь гэрэл гэгээгээрээ сүүдрээ идэж ирсэн. Гэтэл одоо сүүдрээ идэж амьдарч байгаа юм уу гэж гутаж байна.

¨¨¨
Хүн төрөлхтөн өөрийнхөө хөгжил дэвшилд хоёр зүйлд залгиулж үхэх байх гэж сэтгэл зовдог. Нэгдүгээрт хүн чанар, хоёрдугаарт оюун ухаанаа булаацалддаг байх гэж боддог. Дээр нь тархиа дэндүү  хөгжил дэвшилд булаалгаж байна. Миний хувьд гараараа шүлэг бичих нь компьютерт бичсэнээс хамаагүй дээр байдаг. Эгэл жирийн зүйлүүдээ гараараа үйлдээсэй гэж боддог.

¨¨¨
Их идэж чаддаггүй юм. Олон хүүхэдтэй хүн мах их идэж чаддаггүй юм. Тойрч суучихаад нүд болгон нь нэхдэг учраас. Тэгэхээр нөгөөдүүлдээ огтолж өгсөөр байгаад хамгийн сүүлд ясыг нь би мөлждөг.  Мах ясандаа ойртохоор амттай гэж үнэн юм билээ.

¨¨¨
Миний ээж аавыг орлосон сэтгэлийн орон зай, агаар бол миний хань. Хань минь надад их үнэтэй байдаг. Хоног ирэх тутам үнэ нь өсдөгт би гайхдаг. Зах зээлийн үед ямагт сэтгэлд минь үнэ хадаж байдаг ганц зүйл хань минь л байна. 

¨¨¨
Үхэл бол зовлон биш шүү дээ. Үхлийг жаргал мэт амгалан тосох ёстой. Би өвдөж зовохгүйн тулд тэгсэн юм биш, аль илүү түшигтэй, энэрэнгүй, өөрөөсөө хайр нэрж чаддаг нь үр хүүхэдтэйгээ удаан амьдрах хэрэгтэй. 

¨¨¨
Бие даасан соёл үндэстэн бүхэнд бий. Түүнээс нь даган дуурайж, сурах нь хүний эрх л дээ. Гэхдээ улс орон бүхлээрээ бусдын ёс заншлын эрхшээлд орох, хөгжлийг нь бишрэн хөл алдах таатай зүйл биш. Уламжлалаа мартсан ард түмэн удалгүй мөхдөг.

¨¨¨
…  Хүн чанар, мөн чанарын эрэлд хатах хожмын Монголыг би харж байна. Навчаа гүвсэн мод шиг намайг өшигчөөд яана! Нэмээд навч унахгүй, хөл чинь өвдөнө. Шинэ залуу үеэ, чадах болоод чадахгүй юмаа ч хийж суръя! гэж бодож яваа үнэн сэтгэлтнүүдээ битгий гомдоож гоочлооч! Бидний үнэн худал хоёрыг он цаг хатуугаас хатуу шүүх болно... Бие биенээ залгих гэж битгий яар! Ядахдаа цээжнээс нь сүү асгардгийг бодож, бүсгүй хүнийг хайрла!

¨¨¨

Их сайхан цэцэг ид дэлгэрч байхдаа эрвээхэй шаваад байхыг үнсэж байна гэж эндүүрдэг байх. Өнгө, бал хоёрыг нь шимж авчихаад өөр цэцэг рүү нисдэгийг нь мэддэггүй байх. 

Ангилал:

1 сэтгэгдэл:

  1. Сайн байна уу таа. Эдгээр ишлэлүүд дундаас Бавуугийн Лхагвасүрэн гуайг таних боломж олгосон танд маш их баярлала. Үнэхээр их хөдөлмөр шүү

    ReplyDelete

 

Онцлох санаа

Амжилтын 5 хошуу - Тунгаан бодож сур - Шинэ санаатай нөхөрлө

Онцлох санаа

Шаардлага хангасан боловсрол - Уламжлал&шинэчлэл - Хож хож

Хэрсүү ухаанаар хамаг монгол хөгжинө.

Зохиогчийн эрх © Баатарын Батаа /