Facebook Page Like

2015/02/11

Ишлэл: П.Батхуяг

Share & Comment
Пүрэвхүүгийн Батхуяг
/Зохиолч, шүүмжлэгч, багш, нийтлэлч/



Ишлэлүүд
¨ ¨ ¨
Одоогийн хөнгөн үзэгчид инээх хүслээр дүүрэн. Тэдэнд инээд бэлэглэх гэж өөрсдөө “инээд” болох хэрэггүй.

¨ ¨ ¨
Маргаашаа харах ухааны “нүд”-ээ эртээ урьдын цагт үгүй хийчихсэн магадгүй өмнө нь нүдтэй байсан эсэхэд эргэлзэхээр гэгээн гэрэлт төр маань өнөөдрөөрөө сэтгэл хангалуун “ амьдарч, амьсгалж” байна.

¨ ¨ ¨
Ийм нэг шүүмж нийтлэл бичсэн юм. Миний дайсан нөхдөөс олон болжээ. Үйлийн үрээ үүрээд дайсныхаа тоог нэмэгдүүлж л явна даа.

¨ ¨ ¨
Орчин цагийн бид юун дээр ч хамаагүй нэрээ сийлэхийг хүснэ. Асар том “СОЁЛГҮЙТЭЛ” юм бишүү? Утга зохиолоор дамжин нэр алдарт яаран яаран тэмүүлнэ. Гэхдээ тархи толгойдоо бөөн үмхий самхай. 

¨ ¨ ¨
Аливаа цаг үед “шинэ” байна, “шинэ” байхыг эрмэлзэх нь хамгийн эрсдэлтэй, хамгийн хэцүү төвөгтэй явдал болохыг “шинэ” байж үзсэн, эсвэл “шинэ” байхыг хүсэн эрмэлзсэн “ХҮМҮҮС” л мэдэрсэн, ойлгосон байдаг юм.

¨ ¨ ¨
Зохиолч сайн мэддэгээ л сайн бичдэг. Сайн мэддэгээ муу бичдэг зохиолчдод юу дутдаг, муу мэддэгээ ч сайн бичдэг зохиолчдод юу илүүддэг тухай ярих нь хүссэн хүсээгүй биднийг “авьяас” гэдэг зүйл рүү араас хүчээр түлхэн аваачдаг билээ.

¨ ¨ ¨
Шинэ байхыг хүсэх авьяас юм. Ядаж шинэ үнэртэй байх хүсэл авьяас юм. Түүнээс бус төв руу үхэн хатан тэмүүлэх, төв дотроо л зууралдан хутгалдах, төлөв даруу төв байх чин хүсэл ихэвчлин авьяасын дутмагшлаас анзаарагдаж байдаг. Хэн төвөөс зугатаах, ганцаардах, өөрийн төвийг бүрдүүлэх хүсэл байна. Түүнд авьяас буй. Төвд байх сайхан. Хэнд ч ад үзэгдэхгүй, гадуурхагдахгүй, боломж гарвал төвөөс зугатаагчдыг бөөрлөн гадуурхана. Харин төвөөс зугатаах хэцүү.

¨ ¨ ¨
ЦӨХРӨЛИЙН ФИЛОСОФИ. Яруу найраг ч ялгаагүй тийм болж байгаа юм. Заавал ийм бэрх замаар явах албагүй л дээ. Өөр нэг сайхан зам байна. Бусдад одоо юу таалагдахыг л бич. Тэгээд өөрийгөө зохиолч гэнэ үү, жолоодогч гэнэ үү, тэр өөрийн дур хүсэл. Хэн юугаа бичихийг заах гэж тэнэгтсэн он жилүүддээ би л лав нэгэн зарааны нуруун дээрх өргөснөөс олон зүү шиг дайснуудтай болсон юмдаг.

¨ ¨ ¨
Хандаа багш минь нэг удаа ”ДАШБАЛБАР САЙХАН ЯРУУ НАЙРАГЧ” хэмээж билээ. Тэр л ганцхан үгүүлбэр намайг ХУВЬ ЗАЯАНЫ МИНЬ зам руу түлхчихсэн юм. Сайхан яруу найрагч ямар шүлэгтэй байдгийг үзэхээр саваагүйтэж “Гэрэлт хайр”-ыг олж уншаад л ховсдуулчихсан юм.

¨ ¨ ¨
Холын ураг садан болох нэгэн эр “Ингэхэд та юу хийгээд байна” хэмээн их л найзархаг асуусан юмсан. Би хариуд нь мөн их л найрсагаар “Би зохиолч л доо? гэв. Гэтэл түүний царай нь гэрэлтэж инээд алдсанаа “Тэгвэл та орж биднийг хөгжөөж зугаацуулаач”. Ээ, бурхан минь. Хэзээнээс зохиолч алиа салбадай хоёр адилхан “зугаацуулагч” болчихсон юм бэ? Ямар боож үхмээр гутамшигтай асуулт вэ? Саяхан болтол “би зохиолч” гэж хэлэхдээ дууны минь өнгөнд ялимгүй бахархал нуугддаг байлаа. Гэтэл одоо би зохиолч-би алиа салбадай болжээ. Ингэхэд энэ цаг үеийн олон хүний хувьд миний насан багаасаа хүсэн мөрөөдөж, дурлан тэмүүлж ирсэн уран зохиол, түүнийг бүтээгч оюун санаа-мэргэжлийн нэр хүнд ямар хэмжээнд очсоныг өдөр бүхэн шахам зүрхэндээ шархтай мэдэрсээр ...

¨ ¨ ¨
Түүнийг илүү их ажигла. Түүнийг илүү ихээр чагна. Түүнд гүн нэвтрэхийг оролд. Түүний ер бусын хувирлуудыг ажигла. Тэндээс чи өөрийгөө илүү ихээр ойлгож, мэдэж таних болно. Тэр бол БАЙГАЛЬ. Чамд байгаа давуу тал бол ердөө энэ. Энэ бол Д.Нямсүрэнгийн давуу тал, С.Дамдиндоржийн давуу тал. Маргааш чиний давуу тал байхыг би хүснэ.

¨ ¨ ¨
“Гүн ухаантан ширээ түшин бодлогоширч байна” гэхээр тэр гүн ухаантан лав эрт цагийн хүн биш тун ойрхи цагийнх болох нь тодорхой. Тэгээд ч ширээ ер нь тийм ч эртний зүйл биш байх гэсэн бодол төрнө. Хэрэв “шанаа тулан бодологошрон” гэсэн бол огт өөр хэрэг. Хамаг нарийн учир нь ширээнд л байгаа юм гэж өөрсдийгөө бүрэн хуурахад хүрнэ. Гэтэл цаана нь байгаа “бодлогошроно” гэдэг хамаг гол үгийг хэн ч үл анзаарна. Тийм үг огт байхгүй мэт зөвхөн ширээний тухай ярина. Ширээний тухай бодно. Цагийн ханш ийм юм. Ийм цагт “бодлогошрогчид” бус харин “ширээнүүд” үнэд хүрнэ. Залуус бодлогошрогч биш “ширээ” болохыг хүснэ. Яруу найрагт ч “ширээнүүд” шилээ хараад эгнэж байхад “бодлогошрогчид” хуруу даран цөөрсөөр байна.  Эмгэнэл энэ юм. Нөгөө талаараа Гамлетийн ганцаардал шиг арга барагдмаар ...

¨ ¨ ¨
Энэ их ороолцолдоон ээдрээний эцэст ертөнц нэг зөв шугаманд орох юм шиг ямар гэнэнээр бодож яваа вэ? Гэтэл нас нэмэгдэх тусам улам улмаар “ээдэрдэг” гэдгийг одоо л ойлгож эхлээд байна.

¨ ¨ ¨
Одоогийн бэрх цагт номыг унших нь үгүй. Уншивч ухаарах нь үгүй. Хөнгөн хээнцэрийг шүтэж, үнэнээс хүндээс зайлсхийх болсон нь юутай харамсалтай.

¨ ¨ ¨
“Магадгүй хүний мэдээгүй, анзаараагүй гоо сайхныг нээж өгдөг нь судлаачийн үнэ цэнэ юм. Мэдлэгтэй байхаас гадна мэдрэмжтэй байх нь тун чухал мэт.” гэсэн шавийнх нь үг түүний “голыг” олоод хэлсэн санагдана. Шүүмж бол өчүүхэн минийхээр ердөө л “нээхүй” мэт. Хэний ч анзаараагүй гоо сайхныг нээх хамгаас хэцүү, авьяас шаардана.

¨ ¨ ¨
Драмын театртаа жилдээ хэд ордог оо, Тэнгис, Өргөөд сардаа ганц кино үздэг ээ, дээдийн хэмжүүр болгочихсон ялгаагүй дээ, ялгаагүй мөнгө, алдрын хойноос мөн чанараа алдчихсан ХӨРӨНГӨТНҮҮД. Халаасан дах цаасан тэмдэгт, гараашин дах машин нь л их бага, үнэтэй үнэгүй болохоос оюун санаагаараа бид “БУСАД” гэж боддогуудаасаа ялгарах юмгүй болжээ. Соёлт хүний мөн чанар минь алга болж, үзэж, дуулж, бодож болгоож байгаа урлаг ч ҮНЭ ЦЭНЭЭ бүрэн алдаж байна. Хаан хөгжмийн сонгодог үдэш, илүү дээд түвшний сонгодог таашаал хүсэгч ЭЛИТ гэж өөрсдийгөө эндүүрэн санагчид дэндүү олон болжээ. Тэдний сонсож таашааж, тухлан суугаад тамшаалж байгаа СОНГОДОГ УРЛАГ НЬ УГ НЬ ДУУГАРААД, ӨРНӨӨД БАЙВЧ МӨН ЧАНАР, ҮНЭ ЦЭНЭ НЬ ЗҮГЭЭР ГЯЛ ЦАЛ сонсогдоно, үзэгдэнэ. Гэвч түүнийгээ бид бусдаасаа ялгарах бузгай дээгүүр явдалд тооцно.

¨ ¨ ¨
Оршмоор байна. Энэ дэлхий бөмбөрцөг цэнхэрхэн биеэрээ эргэлдэнхэн байгаа цагт “МОНГОЛ” хэмээн дуудуулж ОРШМООР байна. Хил хязгаар, хэл соёлтой, хэлэх үгтэй, ярих түүхтэй оршмоор байна. Солонгос/бусдын/ соёлын хавдарт эзэмдүүлсэн хэн ч биш болохыг би үл хүснэ. Харин Та ...

¨ ¨ ¨
“НЭГ ДҮРТ” жүжигчин маань “баярлалаа гэхэд ч хаашаа юм, баяртай гэхэд ч хаашаа юм” гээд байдаг шиг тодорхой хэлэх зүйлгүй өнөөгийн олон “МОНГОЛ” киног яалтай. Бидний урлагийн сэтгэлгээний толь болсон энэ олон кинонуудаас өөрсдийнхөө мөн чанарын ядуурлыг олж харах байтал олз омог олсон мэт хөөрч дэгэлзэх нь ч эмгэнэлтэй. Монголчууд бидний ирээдүй, оюун санааг нь улам дорд байлгах гэсэн “ТУСГАЙ АЖИЛЛАГАА” зарим киногоор хэрэгжээд байна уу гэсэн ХАР СЭТГЭЛ төрнө. Их мөнгө олох, хэн нэгнийг хуулах гэсэн ядуу сэтгэлгээгээр кино урлагт хандах нь гэм биш зан болжээ.

¨ ¨ ¨
Готовын Нямаа ах минь ... нэг удаа шинэхэн хэвлүүлсэн “Цадиг хууч”-аасаа хэдийг тэврээд ажил дээр гэнэт хүрээд ирж билээ. Би ч тэр хэдэн номыг нь хир чадлаараа оюутнуудад “шахаж”, дараахан нь номынхоо мөнгийг авахаар ирэхдээ хэрхэн догдлонхон баярласныг нь одоо бодохоор зүрхний дотор мулгуучуудын тонгорог дураар тонгочих шиг шаналж билээ.
¨ ¨ ¨
Гэхдээ л бүх зүйл жинхэнэ утгаараа ОРЧУУЛГЫН болж байгаа Монголд урлагийн сэтгэлгээ, орчин үеийн театрын хэл түүнээс ч хурдан ОРЧУУЛГАЖИХ гай нүүрлэх вий дээ гэсэн өчүүхэн болгоомжлол байна.

¨ ¨ ¨
Чамд лав авьяас байна. Энэ үгүүлбэр намайг өвлийн хүйтэн өдрүүдэд нэг ч дааруулаагүй юм. Амьдралд итгэл төрүүлсэн НАМРЫН ҮГҮҮЛБЭР одоо ч намайг ивээдэг гэдэгт итгэсээр

¨ ¨ ¨
Бальмонтийн “удахгүй намар сэрээд уйтгартайгаар уйлахыг сонсном” гэдэг шиг намраас би зүрх сэтгэлийнхээ надаас хамааралгүй эмзэглэлийг мэдэрнэм. Мөн надаас хамааралгүй нас, гуниг, уйтгарын сувгуудыг хүлээн авч шүлгээ бичсээр суунам.
¨ ¨ ¨
Нэгэн өвгөн багш минь “би чиний утга зохиолын өмнөх шат. Чи над дээр гишгэж өөдөө өгссөн. Би байгаагүй бол чи дээш гарахгүй” гэж загнах занах хоёрын дундуур айлгаж билээ.

¨ ¨ ¨
Зохиолч хүн, эсвэл зохиолч болохоор санаархаж буй хэн нэгэн эх хэлнийхээ өмнө хариуцлага хүлээх ёстой.

¨ ¨ ¨
“ТА САЙД УУ, ЭСВЭЛ СААД УУ” гэдгийг сайтар бодож, соёлт хүн төрөлхтөний бүтээсэн “уран зохиол” хэмээх гайхамшигт урлагийг, өөрийнхөө санаачилсан “НОМ” хөтөлбөртэй бат холбон хүний сэтгэл зүрхний боловсролыг түгээх аваас сайн нэр түмэн үед үл баларна.

¨ ¨ ¨
Хамаг хэрэг ердөө сандлаас эхэлсэн юм. Муусайн сандлууд хүмүүн бидний амьдралд ямар их гай тарьснаа өөрсдөө мэддэг болов уу? Сандал сөнөтүгэй!

¨ ¨ ¨
Кино бол уран зохиол суурьт урлаг гэж бүгд мэддэг. Мэдэхээр барахгүй “сайн кино бол сайн зохиол, сайн зохиол, сайн зохиол” гэсэн алдарт найруулагчийн үгийг бахархалтайгаар ам дамжуулан ярьдаг.  Тэгвэл хөөрхий зохиолчгүй зохиол, зохиолгүй киног юу гэж нэрлэвэл зохих вэ?

¨ ¨ ¨
Роман, жүжиг хоёр бол яах аргагүй хүний хүч тамир, оюун ухаан, бодол бололцоо бүгдийг шалгадаг. Үнэхээр роман бичиж байгаа зохиолч бол оюуны хүчийг маш ихээр зарцуулдаг болов уу. Жүжиг ч бас ялгаагүй. Хэцүү нарийн төвөгтэй, амьдралыг таньж мэдсэн байх шаардлага гээд олон зүйл нэхэгдэнэ.

¨ ¨ ¨
Албан ёсны ойлголтоор тайлбарлавал мэргэжлийн зохиолч гэж утга зохиолын боловсролтой, системтэй мэдлэгтэй хүнийг хэлж болно. Дээр нь бүтээгч байх ёстой. Энэ хоёр хэмжүүрээр авч үзвэл мэргэжлийн гэдэг ойлголт гарч байгаа юм. Нөгөө талаас урлаг ч бай, нийгэм шинжлэх ухаан, ер нь бүх салбарт зайлшгүй мэргэшихийг шаардаад байгаа. Үнэхээр утга зохиолын салбарт зүтгэмээр байвал мэргэших л ёстой болж байна. Зүгээр сонирхоод, завсар зайгаар хийдэг байх юм бол оюун санааны шалгуурт нийцэх бүтээл гарах нь хэцүү л дээ.


¨ ¨ ¨
Манайхан яаж байна гэхээр нэг жүжиг найруулчихаад л жүжигчнээсээ илүү найруулагч нь яриад яваад байдаг. Уг нь бол хүмүүс тэр зохиолч, найруулагчийн жүжгийг үзээд л боллоо шүү дээ. Ярьж тайлбарлаад байх ямар ч хэрэг байхгүй. Зохиолч ч гэсэн зохиолоо бичээд гаргаад тавьчих. Хүн уншвал уншина л биз. Гэтэл “Би үүнийг ингэж бичлээ” гэх шаардлагагүй.

¨ ¨ ¨
Яг манай өнөөгийн урлагийн харилцаанд юу дутагдаад байна гэхээр урлагийнхан бие биенээ сайн танихаа байсан, хэн нь хаана юу хийгээд байгааг харуулах нэгдмэл харилцаа байхгүй болсон. Найруулагчид юу гээд байна гэхээр зохиол олдохгүй байна гээд байдаг. Гэтэл ямар нэг хэмжээгээр Монголын зохиолчид жүжиг, кино бичээд л байна. Найруулагч, зохиолчийн хооронд оюуны ямар ч харилцаа байхгүй болсон. Уг нь бол театр олон уран бүтээлчийн цогц үйл хэрэг. Тэнд жүжгийн зохиолч, жүжигчид, найруулагч, тайзны зураач гээд бүгд байх ёстой. Кино ч бас тийм нийлмэл урлаг. Гэтэл бие биенээ таньж мэдэхгүй, харилцаа байхгүй юм чинь зохиолч найруулагч хоёр яаж хамтарч бүтээл  хийх юм бэ. Одоо бол зохиолчид ч жүжиг үздэггүй. Найруулагчид ч ном уншдаггүй.

¨ ¨ ¨
“Жүжиг бол ийм юм аа” гээд нэг багш бүгдийг нь заагаад байдаг. Үүний оронд нэг багш орж ирээд “Кино зохиол гэж нэг ногоон юм байдаг юм” гээд ярихад дараагийнх нь багш “Яг нарийндаа кино бол цэнхэр юм” гэдэг ч юм уу. Оюутнуудын оюун санаа хөгжих, дэвших, задрахад хэрэгтэй биз дээ. Тэр л үүднээс нэгэн хэвийн өнгө төрхтэй онол биш олон үзэл бодлын олон өнцгүүд урлагийн сургуулиудын сургалтад нэвтрэх ёстой. Тэгж байж хүүхдүүд задарна.

¨ ¨ ¨
Манай утга зохиолд  шүүмж гэж байхгүй болчихлоо. Бид мэргэжлийн шүүмжлэгчийг бэлтгэхээс урьдаар одоо утга зохиолд орж ирж байгаа залуучуудыг өөрсдөө шүлгээ, хүүрнэл зохиолоо, жүжгээ, дээрээс нь шүүмж бичдэг олон талтай болгоход үлгэрлэх шаардлагатай байна. Тэр үүднээсээ би шүүмж бичээд байгаа юм. Магадгүй П.Батхуягийн хэлсэн оносон ч бай, алдсан ч бай би тэр залуучуудад үгээ хэлж байна гэдэг тэдэнд хэрэгтэй. Түүний хажуугаар энэ миний утга зохиолын үйл хэрэг болчихоод байгаа юм. Яагаад гэвэд бид утга зохиолд орж ирж залуучуудад зөв хандаж, тосч авч, өлгийдөж, хүмүүжүүлж, боловсруулж авахгүй нийгмийн олонлог руу татагдчихна шүү. 

¨ ¨ ¨
Шүүмжийн цаана байдаг нэг том зүйл байдаг юм. Тэр нь нээхүй. Нэг үгээр хэлбэл, тухайн уран бүтээлчийн дотоод ертөнц, туурвилыг нээн илрүүлэх нь судлаач, шүүмжлэгчийн ажил. Гэтэл бидний гажуу ойлголтоор бол ерөөсөө тухайн яруу найрагчийг муулаад байвал наадах чинь сайн шүүмжлэгч гэдэг. 

¨ ¨ ¨
Миний хувьд дурсамж бол гэгээрэхүй, гэрэл, ухаарахуй, эргэн сэрэхүй юм.  Гэтэл манай зохиолчид хэн нэгэнд хэлж ярьсан, ууж идсэн, хаа газар наргиж цэнгэснээс үлдсэн зүйлээ бичдэг. Энэ бол зүгээр л амьдралын намтар шүү дээ.

¨ ¨ ¨
Хүн өөр дээрээ хариуцлага авч сурах хэрэгтэй. Өөр дээрээ ирээдүйг хараад, түүний төлөө тэмцэж, шаналж сурах хэрэгтэй. Энэ бол залуу хүний ажил. Түүнээс биш нэг том хүний ард суугаад, нэг том хүний энгэр эсвэл бөгсөнд наалдчихаад “Би болж байна, хийж байна” гэж бодож яваа залуу хүн бол зүгээр л сүүдрийн сүүдэр, хэн ч биш.

¨ ¨ ¨
Би нэг л зүйлд харамсч байна. “Энэ хүн л бичнэ дээ” гэж юм хүлээж байгаа үеийн маань зохиолчид нэг мэдсэн хальтираад өөр тийшээ явчих юм. Өөр тийшээ ч юу байх вэ. Өнөө хялбар руу. Хөнгөн хялбар уран зохиол руу яваад байгаад харамс ч  байна. 


Ангилал:

0 сэтгэгдэл:

Post a Comment

 

Онцлох санаа

Амжилтын 5 хошуу - Тунгаан бодож сур - Шинэ санаатай нөхөрлө

Онцлох санаа

Шаардлага хангасан боловсрол - Уламжлал&шинэчлэл - Хож хож

Хэрсүү ухаанаар хамаг монгол хөгжинө.

Зохиогчийн эрх © Баатарын Батаа /