Зэн/японоор 禅(zen), санскритаар dhyāna, монголоор даяан/
хэмээх япон нэрээрээ дэлхийд танил болсон буддизмын энэхүү урсгал хэн
нэгэн ухаантны үг, сургаал номлол, шашины ном судрыг дагах замаар биш, гагцхүү
өөрийн оюун бодлын хүчээр гэгээрэхийг/ухааралд хүрэхийг/ зөвтгөдөг.
Зэн ба латерал сэтгэлгээ
Ертөнцийг
харахын тулд түүний тухай өмнөх ойлголтоосоо салах ёстой.
Моурис
Мерло-Понти
Хүн бол дадсан
арга, хэвшсэн зуршлаараа аливаад хандаж, хуучин, хоцрогдсон, буруу ойлголтууддаа
хүлэгдэн хөтлөгддөг амьтан. Харин зэнд
үүний эсрэгээр сэтгэлгээний ямар нэг загварт баригдахыг буруушааж, сэтгэлгээгээ
чөлөөлж байхыг чухалчилдаг.
Зэнг дагая гэвэл
бид хорвоогийн оршихуй, амьдрахуйг тодорхойлдог байсан уламжлалт ойлголтуудаасаа
татгалзаж, харахуйн шинэ өнцөг, арга замыг эрж хайх учиртай. Зэнгийн
томъёололоор гэгээрнэ гэдэг ертөнцийг шинээр танин мэдэх, түүний талаарх шинэ
ойлголтуудыг бий болгохуй юм.
Бодит үзэгдэлд тулгуурлан
гэгээрэлд хүрэхүй
Үнэнийг
хийсвэр бодролоор таньж мэдэх нь утгыг тайлбарлах
үгсийг цуглуулахад тустай ч үнэний
гэрэл гэгээг
унтраачихаж
мэдэх гэмтэй.
Зэнгийн
багш Газан
Үг цөөн тусмаа
үнэнд ойр.
Лаоз
Их багш Шагжмууни шавь нартаа хорвоогийн мөн чанарыг
үгээр бус бодит оршихуйгаар нь ойлгуулах үүднээс лянхуа цэцгийг өргөн харуулж
байсан гэдэг. Зэнд орчлонг танин мэдэх үндсэн арга замыг бодитоор мэдрэх явдал
гэж үзнэ. Тэр ч байтугай бусдын яриа, бичвэрийг хүртэл хэн нэгний нэмэлт
тайлбартайгаар бус, харин байгаагаар нь шууд хүлээн авч, өөрийн мэдрэмж, оюун
бодлоор хүртэж танин мэдэх учиртай хэмээнэ.
Зэнд суралцагч
асуудлын учгийг багшийн тусламж, зөвлөгөөтэйгөөр биш, өөрийн хичээл зүтгэлээр
олох ёстой байдаг. Энэ нь асуудалд өөрийнхөөрөө хандаж чаддаг, өөрийн хүчинд
итгэдэг хувь хүнийг бий болгоход тустай.
Хоосон чанар
Дугуйн гол дээр хигээс тулдаг. Дугуйг дугуй болгогч нь зөвхөн хигээснүүд бус, хигээс хоорондын орон зай ч мөн. Ваарыг
шавраар урладаг. Гэвч
ваарыг бүрдүүлэгч нь
доторх орон зай ч бас мөн.
Лаоз
Зэнг ХООСОН
ЧАНАР гэсэн үгээр ойлгох хүмүүс ч байдаг. Зэнд ХООСОН ЧАНАР хэмээх ойлголт гол
байр суурийг эзлэх бөгөөд энэ нь байхгүй гэсэн утгатай биш, харин далд/ил,
илэрхий биш, нүдэнд харагдахгүй/ байгаа чанадын мөн чанарыг илэрхийлнэ. Зэнд
юмс, үзэгдлийн өнгөн, ил талыг биш, харин далд, чанадын мөн чанарыг олж харж,
танихыг чухалчилдаг.
Зэнгийн нэг багш “Хоёр
алгаа ташихад ямар дуу гардгийг бид мэднэ. Тэгвэл ганц алганаас ямар
дуу гарах вэ? Зэнг танихын нууц нь түүнийг олж сонсоход оршино”
гэж хэлсэн байдаг.
Зэнд суралцагч нийгмийн амьдралын өдөр тутмын, аар саар
үйл явдлуудыг бус, урт хугацааны, ерөнхий суурь мөн чанарыг олж харч, танихыг эрхэмлэнэ.
Сатори ба коан
Зэнд сатори
буюу агшин зуурт гэгээрэлд хүрэх
хэмээх ойлголт бий. Ихэвчлэн урт хугацааны уйгагүй хичээл зүтгэлийн үр дүнд, гэнэтийн
тохиолдол, үзэгдлийн үрээр нэг өдөр, нэг агшинд л оюун бодол цэлмэн гийж,
хуучин ойлголт төсөөллөөсөө салж, ухаарал, гэгээрлийн шинэ түвшинд хүрэхийг
үүнд ойлгоно.
Юмс, үзэгдлийг содон өнцөг, өөр тайлбараар харах бололцоог олгон агшин зуурын гэгээрэлд хүрэхэд хөшүүрэг, дэм болж өгдөг сонин түүх, ам дамждаг хэлц яриануудын шилээврийг зэнд коан гэдэг. Коанууд нь хүний сонирхол татахаар өгүүлэмж, тайлалтай байдаг тул тухайн ярианд анхаарлаа төвлөрүүлэн хандсан сонсогч түүний ачаар гэнэтийн саторид хүрдэг байна.
§§§
Зэнд хүрэх гол
зарчим бол БҮҮ ЯАР. Та яарлаа гээд үр дүнд хүртлээ улам л удах вий.
Юн
Мао-ши
Сэлэмийн их мастер Банзэ ба түүнд шавь
орж хожмоо сэлмийн алдартай мастер болсон Матаюрогийн талаар дараах коан ам дамжин яригддаг.
- Би танд шавь орон
сэлмийн эрдэмд суралцахыг хүсч байна. Би маш их хүчин чармайлт гаргавал хэдэн
жилийн дараа сэлмийн мастер болох вэ?
- Үлдсэн бүхий л амьдрал
чинь шаардагдана
- Би тийм удаан хүлээн
тэвчихгүй. Би өдөр шөнөгүй ажиллахад бэлэн. Би бүр үнэнч зарц чинь болъё.
Тэгвэл хичнээн жил шаардлагатай вэ?
- Өө тэгвэл магадгүй 10
жил байж болох юм.
- Миний эцэг өндөр
настай, мөдхөн би түүнийг өргөж асрах хэрэгтэй болно. Би өмнө ярьсанаасаа илүү
хичээн ажиллая. Тэгвэл хичнээн жил шаардлагатай вэ?
- Тэгвэл гучин жил байж
магадгүй
- Яахаараа тэгдэг билээ?
Үүний өмнө та 10 жил гэсэн ш дээ. Би ямар ч нөхцлийг зөвшөөрөхөд бэлэн. Ганцхан
хамгийн богино хугацаанд л мастер болмоор байна
- За тэгвэл ч харин далан
жил шаардагдах байх шүү.
Үр
дүнг нь хурдхан үзчихье гэж адгаж байгаа хүн зорьсон зүйлээ сурах нь ховор
байдаг.
§§§
Зэнгийн багш Нан-ин их сургуулийн
профессорыг хүлээн аваад, цай уухыг урьжээ. Тэр зочныхоо аягыг дүүргээд, цааш
нь халиулан
хийсээр л байв. Үүнийг харж суусан профессор тэсэлгүй “Аяга дүүрчихсэн. Одоо дахиад багтахгүй” гэж дуу алдлаа. Үүний
хариуд Нан-ин “Яг л энэ аяга
шиг та өөрийн бодлуудаар
тархиа дүүргэчихсэн байна. Урьдаар та аягаа
хоослохгүй бол зэнгийн
талаар
би юу хэлж
өгч чадахсан билээ?”
хэмээн өгүүлжээ.
§§§
Нэг гараараа дээд үзүүрийг нь
хулгана мэрж буй ороонгоноос зуураад нөгөө гараараа гүзээлгэнэ зулгааж идэх л
хамгаас амттай.
§§§
Хувинд
одоо ус алга
Усанд одоо сар алга.
Зэнгийн
багш Тэно
§§§
“Надад
хамгийн сайн махаа тавиад өг” гэж худалдан авагчийг хэлэхэд худалдагч “Миний лангуун дээр байгаа бүхэн хамгийн сайн нь. Чи дуртайгаа л сонгоод
ав, тэр чинь хамгийн сайн нь байх болно” гэж хариулав.
§§§
Даяанч шавийнхаа эхнэрт гаран
зангидан харуулаад, “Миний гар үргэлж ийм
байвал чи юу гэж дүгнэх вэ?”
гэв. Эхнэр “эмгэг
өвчин л гэмээр юм байна” гэхэд нь лам атгасан гараа дэлгэн
сарвайгаад “Харин дандаа ийм байвал юу
болох вэ?” гэж асуув. Эхнэр “Өөр
маягийн л эмгэг байна даа” гэж хариулахад
даяанч “Чи үүнийг ойлгож байгаа бол сайн
байна” гэж
хэлээд гарчээ.
§§§
Нэгэн баян хүн Зэнгийн багшаас “Миний гэр бүлийн аз жаргалыг бэлгэдсэн зүйл
бичиж өгөөч” гэж гуйв.
Зэнгийн багш том цаас аваад “Эцэг үхэв.
Хүү үхэв. Ач үхэв” гэж бичиж өгөв.
§§§
Хүн
тэнэг харагдаж болно. Харин тэнэг байж болохгүй.
Зэнгийн
мастер Зэнгэцү
сайхан бичжээ
ReplyDelete