Facebook Page Like

2015/02/11

Ч.Эрдэнэ: Мэдээллийн соёл

Share & Comment
Эх сурвалж:

Одоо гол төлөв информатик гэх болсон кибернетикийн ухааныг үндэслэгч Норберт Винерын “Хүн гээч амьтныг хүн ёсоор ашиглахуй” хэмээх ном буй. Энэ бол онцгой чухал ойлголт. Нэг хүн нөгөө хүнийг хүн ёсоор ашиглах, нийгэм гишүүдээ хүн ёсоор ашиглах асуудал байна. Үүнээс үлэмж илүүтэйгээр хүн өөрийн бие, сэтгэл, оюунаа хүн ёсоор ашиглах асуудал урган гардаг.



Хэн хүнд байгаль эхээс үнэ өртөггүй заяагдсан амины ба хувийн өмч нь бие, сэтгэл, оюун гурав. Энэ өмчөөhttp://niitlelch.com/wp-includes/js/tinymce/plugins/wordpress/img/trans.gif хүн ёсоор ашиглаж сурахын үндэс нь мэдээллийн соёл. 20-р зууны дунд үеэс дэлхий дахин мэдээллийн эринд шилжсэн.
Энэ нь хоёр шалтгаантай.

Нэгд, дэлхийн соёл иргэншил, шинжлэх ухаан өсч хөгжих хэрээр мэдээллийн үйлдвэрлэл эрс хурдацтай нэмэгдсэн.
Хоёрт, мэдээлэл холбооны цахим техник, технологи үүсч хөгжсөн.

Ингээд мэдээллийн тэсрэлт гэдэг үзэгдэл ноёрхож эхэлсэн. Энэ үзэгдлийн ашиг хонжоо, хор холбогдлын тухай задлан шинжилсэн утга зохиол уул шиг бий.

Мэдээллийн тэсрэлт нь эн түрүүнд мэдээллийн илүүдэл гэсэн үг. Тэгвэл социализмын үед мэдээллийн хомсдол ноёрхож байлаа. Ер дэлхийн соёл иргэншлийн тухайн түвшинд ерөнхийдөө мэдээллийн хомсдол ноёрхож байлаа. Ингээд мэдээллийн илүүдэл, хомсдолыг харьцуулан харж, аль нь юугаараа сайн ба муу юм гэдгийг тогтоох хэрэгтэй болно.

Эн түрүүнд дараах дүгнэлт хийгддэг: Мэдээллийн илүүдэл, хомсдол хоёулаа сүйрлийн аюултай.

 ... Социалист нийгэм мөхсөн гол шалтгаан нь мэдээллийн хомсдол. Яагаад? Мэдээлэл бол удирдлагын түүхий эд. Түүхий эдийн дутагдалтай удирдлага хяналтаа алдана.

Өнөөгийн даяар капиталист нийгэмд мэдээллийн илүүдэл ноёрхон буй нь мөнхүү сүйрлийн осолтой. Яагаад?

Хувь хүн танаар жишээ авъя. Танд амин чухал ямар нэг мэдээлэл хэрэгтэй боллоо гэж бодъё. Таны өмнө мэдээллийн бааз хэзээ ч бэлэн байна. Хомсдолын нөхцөлд танд хэрэгтэй амин чухал мэдээлэл огт алга байж магад ба та байхгүй нь шууд олж хараад илүү зардал чирэгдэл гаргахгүй. Хэрэв буй бол та мэдээллийн бяцхан цөөрмөөс алтан загасыг шууд олж хараад дэгээдээд авчихна. Илүүдлийн нөхцөлд нөгөө алтан загас яавч байгаа. Харин илүүдлийн далайд түүнийг та олж хараад дэгээдээд авах магадлал тэгт тэмүүлнэ.

Ингээд илүүдэл, хомсдол хоёр дүндээ дүн адилхан.

Үүнээс гарах арга замыг мэдээлэлтэй харьцах соёл гэнэ. Энэ соёлыг эзэмших нь өнөө үед хүн өөрийгөө ба бусдыг хүн ёсоор ашиглах үндсийн үндсэн арга зам. Ерөөс боловсрол гэж мэдээллийн соёлоос юм бус гэж үзэх болсон. Боловсрол гэж ердөө ямар мэдээлэл хаана байдаг, байж болохыг мэдэх, хэрэгтэй мэдээллээ хялбархан олох дадал заншил юм.

Мэдээллийн соёл гэж том ойлголт, бүхэл бүтэн философи, практик туршлагын цогц. Энэ цогцын угийн угт мэдээлэл гэж ерөөс юу вэ гэсэн асуулт, түүний хариулт оршино.

... Бид өдөр, цаг, хором, мөч дутам сонголт хийж байдаг. Амьдрал, аж төрөл гэж энэ. Ерөнхий тохиолдолд 2 боломжоос нэгийг сонгох хэрэг гарна. Зөв сонголт хийхийн тулд танд мэдээлэл хэрэгтэй. Сохроор сонговоос та 50 хувь ононо, 50 хувь алдана. 2 сонголтоос алийг нь сонговоос зөв болохыг зааж өгсөн яв цав мэдээлэл 1 бит хэмжээтэй.
Хоёроос нэгийг сонгох мэдээлэл 1 бит бол олноос нэгийг сонгох мэдээлэл илүү бит багтаана. “Information”-ыг доктор Д. Бямбасүрэн “Ончдохио” гэж орчуулсан байдаг. Оновчтой сонголт хийлгэх дохио зангаа нь мэдээлэл.

Одоо зүгээр монгол хэлний логикоор хар. “Мэдээлэл” нь “Мэдэх”“Мэдүүлэх” язгууртай. Тиймээс мэдээлэл нь жинхэнэ утга чанараа “Мэдлэг”. Тиймээс мэдээллийн далайд мэдлэг өгөх, өгөхгүй хоёр төрлийн мэдээлэл байгаа.

Мэдээллийн тэсрэлтийн нөхцөлд илүүдэл нь, бохирдол нь үлэмж давамгайлна. Интернетын нөхцөлд бохирын урсгал цутгаж байгаа. Энэ үерт живж далд орохгүйн тулд мэдээллийн соёл чухал болно. Энэ бол хувь хүний боловсрол, соёлын тэргүүлэх бүрэлдэхүүн хэсэг болсонд орчин цагийн гол онцлог оршино.

Та бидний уураг тархи байна. Энэ бол мэдээлэл боловсруулах хэрэгсэл. Мэдээллийн багтаамж нь ч, боловсруулах чадал нь ч тун чамлалттай. Мэдээллийн илүүдэл, далай, үер нь хэн хүний уураг тархины мэдээлэл боловсруулах даацаас олон дахин хэтэрдэг.  Энэ тухайд нэг аюултай үзэгдэл байдаг. Мэдээллийн урсгал нь мэдээлэл боловсруулах тухайн хэрэгслийн даац чадлаас хэтэрсэн нөхцөлд хэрэгсэл нь гацаж унтардаг.    Уураг тархи, компьютер хоёр адилхан мэдээлэл боловсруулах, боловсруулснаа хариу шийд болгож өгөх л үүрэгтэй хэрэгслүүд.

... Өнөөгийн ердийн нөхцөлд мэдээллийн илүүдэл чөлөөтөй олдоцтой байгаа нь та бидний мэдээл боловсруулах даац чадвараас хэтэрхий давсан хэрэг. Энэ нөхцөлд мэдээлэлтэй зах замбараагүй харьцсанаас бидний толгой тархи мөн л гацаанд орж байгаа юм. Огт ухаан алдаад уначихгүй байна. Гэхдээ уураг тархи маань ерөнхийдөө гацааны байдалд орж, мэдээлэл авах, боловсруулахаас татгалзах төлөвт ямар нэг хэмжээгээр шилжиж байна. Энэ нь оюуны залхуурал гэдэг үзэгдэлд хүргэж байна. Энэ нь оюуны хомсдолоос өөр үзэгдэл, хиймэл үзэгдэл. Ердөө л Интернет ухаад өөрт нь огт хэрэггүй, ямарваа мэдлэгийн агуулгагүй мэдээлэл хараад суучихаар уураг тархи маань үндсэн үүрэг буюу мэдлэг хүлээн авах, сэтгэн бодох үйлээсээ татгалзах болно. Энэ бол байгалийн хууль бөгөөд өнөөдөр нэг тийм гаж сонин, жинхэнэ мэдээлэл олж харах чадваргүй, мэдлэг хүлээн авах сонирхолгүй залуучууд нийтлэг ажиглаглах болсны гол шалтгаан нь энэ.
Ангилал:

0 сэтгэгдэл:

Post a Comment

 

Онцлох санаа

Амжилтын 5 хошуу - Тунгаан бодож сур - Шинэ санаатай нөхөрлө

Онцлох санаа

Шаардлага хангасан боловсрол - Уламжлал&шинэчлэл - Хож хож

Хэрсүү ухаанаар хамаг монгол хөгжинө.

Зохиогчийн эрх © Баатарын Батаа /