2015/02/01

Молиго Монгол

Баатарын Батаа
Молиго Монгол
Санаа муут яван хатна
Сарьсан багваахай наранд хатна

Саяхан миний бие интернэтээр аялж яваад You can run with a lie, but you can’t hide from the truth. It will catch you” буюу “Чи худал хуурмагаар  дэгдэн дүүлж болно. Гэвч үнэнээс нуугдаж чадахгүй. Үнэнд чи баригдана/ялагдана/ гэсэн утга бүхий англи өгүүлбэртэй таарав. Үүнийг уншаад “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцдэг юм шүү гэж захидаг  байсан  ухаант буурлуудаа/өвөө, эмээ/ ихэд санав.


Тухайн үед хүүхэд байсан болоод ч тэр үү сургаал үгийнх нь утгыг төдий л сайн ухаж ойлгодоггүй байжээ. Гэвч өнөөдөр орчин тойрноо, монгол түмнээ харахаар ардын энэхүү сургаал ямар чухал болохыг ойлгож,  монголчууд бид ямар замаар яваад байна аа гэж эргэцүүлэн бодоход хүрэв.

Манай нийгэмд УХААНТНУУД нь ядуу амьдарч байна. Учир нь тэд худал ярихаас ичдэг, нийгэм, хойч үедээ халгаатай, буруу зүйл хийхгүйг хичээдэг, тэгж болохгүйг ойлгосон, мэдсэн хүмүүс юм.  Учрыг тайлбарлаюу!

Логикт софизм/молиго/ хэмээх ойлголт бий. Хийж байгаа зүйл нь буруу гэдгийг мэдсээр байж хийх, бусармаг буруу үйлээ зөв болгон тайлбарлахыг үүнд ойлгоно. Энгийн ард зөв, бурууг ялгах чадвараар сул байдаг тул софизм хийх буюу тэдэнд молиго үмхүүлэх нь тун амархан ажил. Иймээс ч тэдний оюун санааг ээдрүүлэн будилуулах замаар өөрт ашигтай үйлдэл, сонголтыг хийлгэх гэсэн хорон санаатнууд аль ч нийгэмд байдаг.

Энэ арга зам нь хувь хүнд богино хугацааны ашиг, өгөөж өгч болох боловч нийт улс орон, нийгэмд урт хугацааны нөлөөлөлтэй ноцтой хор хохирол учруулдаг учир  УХААНТНУУД энэ аргыг хэрэглэхийг цээрлэдэг. Дээр дооргүй энэ аргыг хэрэглээд эхлэвэл тухайн улс орон бүхэлдээ ээдрэн будилсан түмнээр дүүрч, хөгжлөөр дорой, харанхуй бүдүүлэг нийгэм болж хувирна.

Жишээ 1. Хөрөнгийн бирж
            Аливаа улс орны эдийн засгийн хөгжлийг таних энгийн нэг шалгуур нь банк, даатгал, хөрөнгийн биржийнх нь хөгжлийг харах явдал юм. Хүчирхэг эдийн засагтай оронд  мөнгөн урсгалын хэмжээгээр хамгийн том нь хөрөнгийн бирж, удаах нь даатгал, гурав дахь нь банк байдаг.  Харин монголд эсрэгээрээ хамгийн жижиг нь хөрөнгийн бирж, удаах нь даатгал, хамгийн том нь банк байсаар удаж байна. Яагаад ийм байдалд хүрэв?
           
            Хариулт нь тун энгийн. Монголын анхны хувьцаат компаниудын эзэд хувьцаа эзэмшигчиддээ/хөрөнгө оруулагчиддаа/ хувьцааны ноогдол ашиг гэж олигтой зүйл өгөөгүй, өгөхийг хүсээ ч үгүй. Энэ байдал өнөөдөр ч гэсэн үргэлжилсээр байна. Үр дагаварт нь “Хувьцаат компани гэдэг бол цэвэр луйврын байгууллага гэсэн ойлголт нийгэмд бий болсон. Энэ ойлголтыг өөрчлөхөд олон арван жил хэрэгтэй. Тэгэхээр энэ нь монголын эдийн засагт олон арван жил сөргөөр нөлөөлнө!

Жишээ 2. Кино урлаг
            Монголд жилдээ хэдэн арван кино шинээр хийгдэж байна. Энэ талаас нь харвал манай кино урлаг хөгжөөд ч байгаа юм шиг. Харин энэ ч кино юмаа гэж үнэлэгдэх киног 1990 оноос хойш хэдийг хийвээ гээд тоолвол хуруу дарам цөөхөн. Тэгэхээр энэ салбар хөгжих биш, бүр мөхөж байгаа юм болов уу?
           
Үзэгчдийн сэтгэлийг хөнгөн инээд, бохир мэдрэмж, өнгөц тоглолтоор хууран  их мөнгө олсон продакшнууд ирээдүйн үзэгчдийн тоог бууруулж, энэ салбарт гай тарьж буйгаа мэддэг болов уу?

Энэ салбарт  хөрөнгө оруулалт хэрэгтэй гэхээс илүү хулхи шоугаар мөнгө олчихъё гэж хандах молиго сэтгэлгээнээсээ салах явдал юу юунаас илүү хэрэгтэй!

Жишээ 3. Улс төр
            Монголын твиттер ертөнц өнөөгийн улс төрийн намууд, УИХ-н гишүүдийн ичих нүүргүй, увайгүй занг шагширсан жиргээгээр дүүрсэн. Юунд нь тэгж их гайхдаг байна аа? Тэд чинь улстөрчид л болохоос монгол хүмүүс шүү дээ. Монголчууд нийтээрээ мөнгө л олж байвал юу ч хийхэд бэлэн увайгүй луйварчид болсон учраас бидний төлөөлөл болсон тэднээс тэр шинжүүд цухалзаад байгаа юм.
           
            Бодитой юу ч бүтээдэггүй, зүгээр л уран донгодолт, хууран мэхлэлтээр асуудлыг шийдэх гэдэг сэргэлэн царайлсан монголчууд бид бүхэлдээ бие биенийгээ тойрон хулхиддаг, хоцрогдлын намагт гүн шигдсэн ард түмэн болоод байна.


               Худал, хуурмагийг сонгосон хувь хүн ирээдүйг үгүй хийнэ. Учир нь худал, хуурмаг гэдэг угаас хоосон зүйл учраас тэр өөрийн болоод эргэн тойрныхоо “өөдлөх ирээдүй, “хүрэх амжилт, “бахархах түүх-ийг үгүй хийх юм. 

            Энэ байдал удаан үргэлжилвэл удахгүй  дэлхий биднийг  ЧИНГИСИЙН МОНГОЛ гэхээсээ, Молиго Монгол гэж дуудах байх шүү!

2 comments:

  1. Уншаад үнэнийг л харсан шүү

    ReplyDelete
  2. Уншаад үнэнийг л харсан шүү

    ReplyDelete