Facebook Page Like

2015/02/11

П.Батхуяг: Гял цал урлагийн гэм нүгэл

Share & Comment
Эх сурвалж:
  

Хэдхэн жилийн өмнө бидэнд “хөрөнгөтний гял цал урлаг” гэж зүйлийн тухай багш нар минь муугүй номлодог байлаа. Бид ч тийм урлагийг жигшин зэвүүцэж өссөн гэж байгаа. Хүний амьдралыг хуурмаг гял цал байдлаар харуулсан, тийм урлагт амьдралын ҮНЭН гэдэг сайхан зүйл үзээд өгий гэвч байхгүй гэж ойлгуулсан билээ. Бид ч тэгж сайтар ойлгосон улс. Тэр ч байтугай эртний түүхээс хүртэл гайхалтай “сэдэл” хайж олдог байжээ. 

     Та нар бодол доо? Цезарь, Клеопатра хоёр хайрлаж дурласан гэж үү? Үгүй. Нэг талд нь Ромын сүр хүч, нөгөө талд нь Египетийн гоо үзэсгэлэн байв. Дунд нь харин хайр сэтгэл байсангүй. Сүр хүчний сүүдэрт гоо үзэсгэлэн. Гоо үзэсгэлэнгийн гялбаанд сүр хүч. Харин манай дэвшилтэт зохиолч У.Шекспирийн “Ромьео Жульетта” хоёр бол өөр. Тэдний хооронд СЭТГЭЛ байгаа юм. Тэгэхээр энэ бол ГЯЛ ЦАЛ ХУУРМАГ БУС ЖИНХЭНЭ УРЛАГ. Манай Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” ч адилхан. Ойлгов уу, хүүхдүүдээ. Бид нэгэн зэрэг “Тэглээ, багшаа” гэж бахдам сайхнаар хариулдаг байлаа. Хөрөнгөтний бүх урлаг хуурамч гял цал төдий зүйлүүд . Жинхэнэ урлагийг бид бүтээж байна. Энэ л үзэл номлол олон хүний хувьд олон жилийн турш амь бөхтэй явсан бөгөөд одоо ч хэвээрээ. Нэг талдаа тэр ҮЗЭЛ НОМЛОЛД өрөөсгөл зүйлүүд олон байсан ч нөгөө талдаа ҮНЭН оршиж байв.
Та нар хөрөнгөтний натуралист чиглэлийн урлаг сонирхож, харш гаж хөгжим бүжиг сонирхож, олон гялгар товчтой цамц өмсөж, панкарч, дискодож, дисконд бреклэж яваа чинь буруу. Моцарт, Бетховен, ядаж “Хэнтий өндөр ууланд” сонс. Одоо энэ үгс чихэнд хангинахын учир юу вэ? 
Өнөөх жигшин зэвүүцэж байсан ГЯЛ ЦАЛ урлаг гээчийнхээ устөрөгчийн бөмбөг шиг цагираган хүрээнд орчихжээ. Нэг мэдсэн бид бүгдээрээ хөрөнгөтөн болчихжээ. Хөрөнгөтний гял цал урлагт дурлагчид. Түүнийг шүтэн бишрэгчид болчихжээ. Сонин юм шүү. Цаг хугацааны даажин гээч л энэ юм даа. Үнэндээ бүхэлд нь харамсаад байгаа юм алга л даа. Гагцхүү ХҮНИЙ МӨН ЧАНАР-УРЛАГИЙН ҮНЭ ЦЭНЭ ЭЭ л “Аянгын бороо” шиг шуугиант шуургант он жилүүдэд алдчихжээ. 
Их ойрхны жишээ авья. Гэнэ гэнэхэн л гац, гац хийдэг болохоос хөөрхий “Юнивишин” минь энэ шинэ жилийн амралтын өдрүүдээр кино сандаа саявтархан бүтээгдсэн олон монгол кино оруулжээ. Чухам баярлаад л эхнээс нь үзэв. Жинхэнэ утгаараа хөрөнгөтний ГЯЛ ЦАЛ урлаг гээч л тэр хэд байлаа. Амьдралын үнэн байсангүй. Хуурмаг гял цал байдлаар хуурах гэсэн бүрэн бүтэн оролдлогууд. Даанч түүнд нь хөрөнгөтний ГЯЛ ЦАЛ урлагт дурлагчид эсвэл өсвөр насны гэнэн томоогүй багачуул хүүхдүүд л “дурлаж” байна. Бид бол бас чиг арай өөр таашаал, сонирхолтой хүмүүс. Ингэхэд БИД гэдэг чинь хэн бэ? 
“Цөмөөхэй” үзээд орж ирсэн охин минь сэтгэл дундуур байлаа. Нэг цаасан малгай бэлэгсэнийг нь харуулав. Сайн ойлгосонгүй гэнэ. Сэтгэлд нь таалагдсангүй гэв. Ойлгуулах гэж баахан худлаа юм ярив. Эцэст нь би өөрөө ямар ч ойлголтгүйгээ ойлгов. Бид гэдэг чинь ийм хүмүүс. Драмын театртаа жилдээ хэд ордог оо, Тэнгис, Өргөөд сардаа ганц кино үздэг ээ, дээдийн хэмжүүр болгочихсон ялгаагүй дээ, ялгаагүй мөнгө, алдрын хойноос мөн чанараа алдчихсан ХӨРӨНГӨТНҮҮД. Халаасан дах цаасан тэмдэгт, гараашин дах машин нь л их бага, үнэтэй үнэгүй болохоос оюун санаагаараа бид “БУСАД” гэж боддогуудаасаа ялгарах юмгүй болжээ. Соёлт хүний мөн чанар минь алга болж, үзэж, дуулж, бодож болгоож байгаа урлаг ч ҮНЭ ЦЭНЭЭ бүрэн алдаж байна. Хаан хөгжмийн сонгодог үдэш, илүү дээд түвшний сонгодог таашаал хүсэгч ЭЛИТ гэж өөрсдийгөө эндүүрэн санагчид дэндүү олон болжээ. Тэдний сонсож таашааж, тухлан суугаад тамшаалж байгаа СОНГОДОГ УРЛАГ НЬ УГ НЬ ДУУГАРААД, ӨРНӨӨД БАЙВЧ МӨН ЧАНАР, ҮНЭ ЦЭНЭ НЬ ЗҮГЭЭР ГЯЛ ЦАЛ сонсогдоно, үзэгдэнэ. Гэвч түүнийгээ бид бусдаасаа ялгарах бузгай дээгүүр явдалд тооцно. Нийтийн урлаг боловсрол, соёлын түвшин газарт уналаа. Дахиад л энэ нэг хүний амнаас олигтой үг унадаг биш хэмээн намайг буруутган үзвээс үзтүгэй.

        Хэдхэн жилийн өмнө сургуульдаа очихдоо гарын хир, хуруу хумсаа шалгуулдаг байлаа. Биднийгээ ариун цэвэржүүлэхийн тулд хэрэглэж байсан арга нь тэр. Нус нулимсаа арчдаггүй ч нэг нэг алчууртай байжээ. Биднийгээ соёлжуулж байсан нь тэр. Орны цагаан хэрэглэлийн тоо авдаг хороо хорины ажилтантай байлаа. Биднийгээ эрүүлжүүлж байсан нь тэр. Энэ бүхэн одоо санахад ард биднийгээ гэсэн төрийн хайр ивээл ч мөн, төрийн халамж анхаарал ч мөн. Гэтэл энэ төрд маань одоо СОЁЛ УРЛАГ-ийг бодож болгоодог ЯАМ ч байхгүй. Юун хайр ивээл, халамж анхаарал. Тэгээд ч ЯАМ-тай байлаа ч ХААН ХӨГЖИМ СОНСОХ НОЁН ЗАЯАТАЙ АРД ТҮМНЭЭ гэх БОДЛОГО байсан биш. Соёлын талаар баримтлах бодлого олны хэлдгээр цаасан дээр л байна. Харин соёлгүй байхын зүг чиггүй БОДЛОГО амьдралд өрнөж байна. 
Ер нь тэр зүгийн ном эрдэмд нэвтэрсэн хүмүүсийн амнаас СОЁЛ гэдэг ухагдахууныг тодорхойлсон 400 орчим оролдлого байдаг тухай сонсож байлаа. Тэр л 400 дотор нийтийн соёлын хэм хэмжээг заасан зүйл байж л таарна. Мөн УРЛАГ гэж юу вэ? гэсэн 50-иад тодорхойлолт байдаг гэнэ билээ. Бас тэр 50 дотор ГЯЛ ЦАЛ УРЛАГИЙН ГЭМ НҮГЭЛИЙН ТУХАЙ дурьдсан л байж таарна. Чухам ийм таамаглал төдийгөөс л асар том ГЭМ НҮГЭЛ үүдэж байх болох юм. Урлагийн гял цал өнгөц байдал нийгэмд яаж нөлөөлж байна. Нийгэм ч юу байхав хүмүүст хэрхэн нөлөөлж байна вэ? 
Ойрхны жишээ татья. Шинэ жилийн баяр боллоо. Сайхан л баяр. Хуучин он, шинээрээ солигдох үнэхээр онцгой мэдрэмж. Гэтэл бид бүтэн сар ГЯЛ ЦАЛ-ын мансууралд автав. Хамгийн олон гял цал үдэшлэгт, хамгийн гял цал очсоноороо өрсөлдөв. Хоолой муутай гял цал дуучид, хошин шогийн гял цал жүжигчид, гял цал урлагийг үзүүлбэрүүд хөөстэй дарс шиг хоосон доторх хөөрлүүд л биднийг бүтэн сар чимлээ. Юу хожив. Юуг олж мэдэв. Он жил улирах тусам хүн гял цал болжээ. Цэнгүүнд өмсөх гял цал даашинз, эрвээхий зангиа зүүдэлсэн шигээ амьдралыг тийм гял цалаар төсөөлөгч эр эм хүмүүс хоолоо сойгоод найранд очиход юу нөлөөлөв. Муу л бол зүүн хойд зүгийн бүхээ гэдэг шиг ГЯЛ ЦАЛ ХЭЛБЭР ТӨДИЙ УРЛАГ нөлөөлөв. Зүүн салааны гэр хорооллын утаан дунд зуух яндангаа тэврээд сууж буй түлш түлээгүй хүүд гэнэт, бүр гэнэт шуудай дүүрэн мөнгө олох мөрөөдөл бий. Толгойтоос “том оврын автобусанд” суугаад хажуугаар нь сүнгэнэх машинуудыг хараад тийм машинтай “сүнгэнэж” явахыг хүсэх сэтгэл хэн нэгэнд охинд төрж буй. Тэр мэдээж хүн бүхэнд байдаг л илүү сайхан амьдрах мөрөөдөл. Гэтэл ГЯЛ ЦАЛ урлаг иймэрхүү мөрөөдөл дээр хайр найргүй “тоглоно”. Нэг үгээр ямар ч хүний “шунал” гэдэг буруу өгөгдлийг өдөөнө. Энд л ГЯЛ ЦАЛ УРЛАГИЙН ГЭМ НҮГЭЛ нь мөн чанараараа оршиж байгаа юм. Хайрлаж дурлахыг тэрчигт нь ГЯЛ ЦАЛ элдэв маягаар дүүргээд түүнийгээ жүжиг кино, бүжиг наадам болгоно. “Зүрхээр наадагсад” гэдэг шиг МӨРӨӨДЛӨӨР наадах нь элбэг. Эцэст нь ГЯЛ ЦАЛ урлагийг хааж боох нь ч хаашаа юм. Гол нь л тийм өнгөц юм бүтээх, гөлгөн сэтгэлгээнээс салахын тулд нийтэд урлагийн боловсрол олгох БОДЛОГО хэрэгтэй байна. Суурь боловсролд суулгаж өгөх шаардлага байна. Тэгвэл ядаж ялгаж салгах эрдэм ухаантай болж ГЯЛ ЦАЛ юм бүхэн рүү хөл алдаж гүйхээ болих магадлалтай. 

Амьдралыг гял цалаар төсөөлөх ямар хортой вэ? Өнгөц хуурмагхан зүйлд итгэж, түүнийгээ урлагийн бүтээл гэж андуурах ямар хортой вэ? ЛАВЛАН АСУУСАН АСУУГААГҮЙ ГЯЛ ЦАЛ ӨНГӨ ХУУРАМЧ УРЛАГИЙН ГЭМ НҮГЭЛ ИХ БИЛЭЭ. ГЭВЧ ХҮН ХЭЛЭХЭЭС НААШ, ЦААШ ЧИЧИХЭЭС...
Ангилал:

0 сэтгэгдэл:

Post a Comment

 

Онцлох санаа

Амжилтын 5 хошуу - Тунгаан бодож сур - Шинэ санаатай нөхөрлө

Онцлох санаа

Шаардлага хангасан боловсрол - Уламжлал&шинэчлэл - Хож хож

Хэрсүү ухаанаар хамаг монгол хөгжинө.

Зохиогчийн эрх © Баатарын Батаа /