Facebook Page Like

2015/03/08

Грасианы мэргэн ухааны мөрдлөгүүд

Share & Comment


            XVII зууны Испанийн философич Бальтасар Грасиан и Морелас/Gracian/ эргэцүүллээр амьдралын учрыг гаргуун таньсан нэгэн байжээ. Тэрээр дараах зүйлсийг аж амьдралдаа анхааруутай хэмээн зөвлөсөн байдаг.

  • Аж төрөхүйн анхдагч дүрэм бол бусдад хэрэгтэй байх: Чамд талархаж байснаас чамайг гуйж байсан нь дээр. Цангаагаа тайлчихаад хүн булгийг орхин оддог. Шүүсийг нь сорсон жүржийг алтан тавагнаас авч хогийн сав руу шиддэг. Хэрэгцээ дуусахад нөхөрлөл дуусдаг. Хэрэг буй үед л хамтын ажиллагаа үргэлжилж байдаг.
  • Өөрөөсөө илүү хүнийг ялахаас зайлсхий: Ялна гэдэг бол таагүй сэтгэгдэл үлдээнэ гэсэн үг. Давамгай байх нь хүний нүдийг хорсгодог. Хүчтэй хүмүүс ухаанаас бусад юухан дээр ч бусдад буулт хийхээс татгалздаггүй.
  • Аргаа өөрчил: Дайсагнах бодлоо орхи. Шулуухан нисч яваа шувууг буудахад амар, эргэлдэж буйг нь онох хэцүү.
  • Юунд ч амь тавин найдах хэрэггүй: Хэтэрхий их магтагдсан зүйл найдварыг чинь биелүүлнэ гэж бүү сана. Төсөөллөөс бодит байдал бий болдоггүй.
  • Дутагдлаа сайн тал мэт харагдтал нууж сурна гэдэг онцгой үнэт урлаг: Яг л энэ зарчмыг баримтлан Цезарь толгойныхоо халзныг навчин титмээр халхалж явсан билээ.
  • Хүн бүхний чавхдсыг олж хөнд: Хүмүүсийг удирдахын нууц үүнд л байгаа юм. Ингэхийн тулд эр зориг биш, эв дүй, хүнд ойртон дөхөх аргаа олдог чадвар хэрэгтэй. Гол хөдөлгүүрийг хай. Хэн юунд хөл алддагийг тааж мэдүүтээ түүнд нь таарах түлхүүр аргыг хэрэглэ. Жинхэнэ дүр төрхийг нь илрүүлчихээд эмзэг газрыг нь олж, хамгийн аюултай давшилт хий.
  • Хойш сууж чаддаг бай: Дэмий юм хийх нь юу ч хийхгүй сууснаас долоон дор.
  • Азтай тоглоомоос цагийг нь олж хөндийр: Зөв ухрах чадвар баатарлаг давшилт шиг чухал. Ажил хангалттай хийгдэж, ихийг олсон бол зураас тат. Аз завшаан дээр дээрээсээ овоорно гэдэг бүх юм сүйрч унахын дохио. Азын тэнгэр ямагт нэг л хүнийг ивээхээсээ залхчихдаг юм шүү.
  • Цөөнхтэй хамт сэтгэж, олонхтой хамт дуугар: Урсгал сөрж сэлнэ гэдэг эрүүл ухаантайн шинж биш. Чин үнэн цөөхөн хүнийг, төөрөгдөл ямагт нийтийг хамардаг. Талбай дээр хэлж байгаа үгээр нь хүний ухааныг таних боломжгүй. Тэр өөрийнхөө дуу хоолойгоор биш, тэнд цуглагсдын мунхагын хэмжээгээр ярьж байгаа юм.
  • Ухаалаг, зоригтой бай: Нэг удаа ухарсан бол хоёр дахиа ухрах л болно. Энэчлэн хэдэн ч удаа буцаж, няцаж магадгүй.
  • Хүлээж чаддаг бай: Ухаалгаар эргэцүүлж суухад хожмын аз завшаан чинь өсч, далд санаа чинь улам биежинэ.
  • Өөрт байгааг гамна: Байгаа бүхнээ дэлгэж бүү үзүүл. Маргааш хэнд ч сонирхуулах юм үлдэхгүй болчих вий. Ахиад шагшигдах ямар нэгэн зүйл заавал нөөцөлж бай.
  • Шийдэмгий бай: Өөрийнхөө хийморь одонд итгэж, үйл хэрэгтээ төгс шийдэмгий хандах учиртай.
  • Шинэчлэгдсээр бай: Гайхамшиг ч хуучирдаг, түүнтэй хамт алдар нэр элдэг. Чамайг эндээс яваасай гэж хүсэцгээж байвал чамайг ирээсэй гэж хүлээх өөр газрыг зорь. Иймээс орших газраа байсхийгээд солих нь зүйтэй.
  • Ойр орчиндоо тэвчээртэй ханд: Бусдыг захиръя гэвэл юу бодож байгаагаа нууж сур. Өө эрж гоочлох нь хэзээд таагүй. Байнга таагүй зүйлтэй орооцолдоно гэдэг солиорлын хэлбэр мөн.
  • Насны нар шингэхийг бүү хүлээ: Бусдын зүгээс гаргах өөдгүй занд өртөхгүйн тулд урьдаас тааламжгүй явдлыг тойр.
  • Өрсөлдөөнд бүү хутгалд:
  • Өөрийнхөө тухай хэзээ ч бүү ярь: Нэг бол биеэ магтах болно. Энэ нь ихэрхсэн хэрэг. Эсвэл өөрийгөө муулах хэрэг гарна. Энэ бол өчүүхэн дорой явдал. 
  • Цаг үетэйгээ тэрсэлдэлгүй амьдар: Үнэн бат мэдлэг ч гэсэн явцгүй газраа бол эзнээ бүдүүлэг амьтан болгон харагдуулахаас цаашгүй. 
  • Мунхаг алдаа гаргасан нь биш, мунхаг зүйл хийчихээд нуугаагүй нь л тэнэг:
  • Хөндлөнгөөс харж суухын урлаг: Аж төрөхүйн уур амьсгал таагүйдсэн үед гараа хумхин сууж шуурга намдахыг хүлээх нь хамгаас зөв.   


Ангилал:

0 сэтгэгдэл:

Post a Comment

 

Онцлох санаа

Амжилтын 5 хошуу - Тунгаан бодож сур - Шинэ санаатай нөхөрлө

Онцлох санаа

Шаардлага хангасан боловсрол - Уламжлал&шинэчлэл - Хож хож

Хэрсүү ухаанаар хамаг монгол хөгжинө.

Зохиогчийн эрх © Баатарын Батаа /