Facebook Page Like

2015/02/10

Сэтгэн бодох үйл

Share & Comment
Баатарын Батаа
           
      Хүний бусад амьтнаас ялгагдах гол онцлог нь уураг тархи, тэр дундаа түүний бор гадаргын хөгжил билээ. Бидний уураг тархи оюун ухааныг хуримтлуулан агуулж, танин мэдэх, ухамсарлан ойлгох, хийсвэрлэн сэтгэх, цаашлаад хүний үйл ажиллагааг удирдан чиглүүлэх төв болдог.



            АНУ-ын эрдэмтэн Ричард Пол/Richard Paul    “Understanding The Human Mind: The Big Picture 2007” номондоо “оюун ухааны үндсэн 3 функц бол  мэдрэх, хүсэх, сэтгэх/feel want thinking/  юм” гэж үзсэн байдаг.

           
            Уураг тархийг ургийн хөгжлийн үе шатаар уртавтар, бага, дунд, завсрын, их тархи гэж 5 ангилдаг.  Их тархийг бас сэтгэгч тархи гэж нэрлэх нь бий. Учир нь сэтгэн бодох үйл бол энэ тархины функц юм.



            Хүрээлэн байгаа гадаад орчныг уураг тархи тусган авч буй тусгалын хамгийн дээд хэлбэр нь сэтгэн бодох үйл бөгөөд гагцхүү энэ функцын ачаар бид аливаа зүйлийн учир шалтгааныг олж, асуудлын шийдлийг хайж, орчны өөрчлөлтөд оновчтой хариу үйлдэл үзүүлж чаддаг. 


           
            Сэтгэн бодох үйл ажиллагаа нь чухамдаа танин мэдэхүйн үлэмж нарийн процесс бөгөөд түүнтэй холбоотойгоор үйлдадалчадвар - чадавхи гэсэн сурганы онолын суурь нэр томъёонуудыг ойлгон ухаарсан байх шаардлагатай. 



            Сэтгэн бодох үйлийг англи хэлэнд think, орос хэлэнд мышление гэдэг бол харин монгол хэлэнд энэ үйл ажиллагааг бодох, сэтгэх гэсэн хоёр үгээр илэрхийлдэг. Энэ хоёр үг сэтгэн бодох үйл ажиллагааны хоёр өөр хэлбэрийг илтгэнэ.


           Орчлон ертөнцийн түгээмэл нэг хууль нь тэгш хэмийн хууль юм.  Орчлонгийн бүх зүйлс тэгш хэмтэй/эсрэг тэсрэгийн нэгдэл, тэнцвэр/ ажээ. Сэтгэн бодох үйлийн хувьд ч энэ тэгш хэмийн шинж ажиглагддаг. Хүний их тархи гүнзгий ховилоор баруун, зүүн гэсэн 2 тал бөмбөлөгт хуваагддаг.  Тархины зүүн тал бөмбөлөг нь тунгаан бодохуй/логиктой бодохуй/, баруун тал бөмбөлөг нь бүтээлчээр сэтгэхүйд чиглэгдсэн байдаг.



Сэтгэн бодох үйл ажиллагааны тодорхой нэг загвар, арга барил, хандлагыг сэтгэлгээ гэнэ. Гэхдээ ердийн ярианд бид сэтгэхүй, сэтгэлгээ, сэтгэн бодохуй гэсэн гурван үгийг нэг утгаар хэрэглэх нь элбэг.  Сэтгэлгээний олон янзын хэлбэрүүд байх бөгөөд аливаа хүн тэдгээрийг цогц байдлаар сэтгэн бодох үйл ажиллагаандаа хэрэглэдэг.



            Хүний сэтгэлгээний хэв шинжүүдийг үндсэнд нь логик ба бүтээлч гэж хоёр ангилж болно.


Сэтгэх чадвар гэж юу вэ?
1. Тулгамдсан асуудлыг шийдэх, үр дүнтэй сэтгэн бодох чадавхи
2. Асуудал шийдэх, сэтгэн бодохуйн үйлийг гүйцэтгэхэд чиглэгдсэн, хүний
    эзэмшсэн сэтгэлгээний арга барил, мэдлэг, дадлын систем

Дээрх тодорхойлолтоос сэтгэх чадвар нь:
1-рт:  Төрөлхөөс заяагдах оюуны чадавхи. Иймээс түүнийг нь хөгжүүлж болно
2-рт:  Сургаж, эзэмшүүлж, төлөвшүүлж болох арга барил, дадал, мэдлэг/ойлголт/-ийн систем. Иймээс түүнд суралцаж, түүнийг эзэмшиж болно                                                                                                     
                                                                                                                 гэдэг нь харагдаж байна.

Сэтгэх чадвар бол хамгийн сайн арга барилыг мэдсэнээр сайжруулж, суралцаж, дадлагажиж болох дадал дүй юм. 

Хурдтай өөрчлөгдөж буй шинэ цаг үеийн хэрэгцээ, шаардлагад нийцэн, түүнтэй хөл нийлүүлэн алхахад бидний сэтгэх чадвар, сэтгэлгээний хэв шинж голлох байр суурийг эзэлнэ. 
Ангилал:

1 сэтгэгдэл:

  1. Сэтгэх чадвар бол хамгийн сайн арга барилыг мэдсэнээр сайжруулж, суралцаж, дадлагажиж болох дадал дүй юм.

    ReplyDelete

 

Онцлох санаа

Амжилтын 5 хошуу - Тунгаан бодож сур - Шинэ санаатай нөхөрлө

Онцлох санаа

Шаардлага хангасан боловсрол - Уламжлал&шинэчлэл - Хож хож

Хэрсүү ухаанаар хамаг монгол хөгжинө.

Зохиогчийн эрх © Баатарын Батаа /