Facebook Page Like

2015/02/11

Ишлэл: Ц.Элбэгдорж

Share & Comment
Ц.Элбэгдорж
/Монгол Улсын Ерөнхийлөгч/



Ишлэлүүд
¨ ¨ ¨
Монголчууд бол их өвөг дээдэстэй, бахархам түүхтэй, бүтээлч өнөөдөртэй, гэрэлт ирээдүйтэй ард түмэн. Бидний бахархал бол Монгол үндэстний үе үеийнхний бүтээсэн үнэт зүйл, өвөрмөц түүх соёл юм. 

¨ ¨ ¨
Амар шийдэл хайх хэрэггүй. Хэцүү, урт хугацааны зөв шийдлийн хойноос Монгол Улс явах ёстой.

¨ ¨ ¨
Ардчилал, эрх чөлөөний тухай бусдад зааж сургах бодол бидэнд алга. Харин бусадтай хуваалцах сургамж бол бидэнд байна. Манай орны ардчилсан тогтолцоонд шилжих зам амар хялбар байгаагүй. Одоо ч амар хялбар биш байна. Ардчилал бол очих газар биш, явах зам. Эрх чөлөө, ардчилал хоёрын аль алинд нь хүнийг хүчээржаргаах зорилго байхгүй. Хүн өөрийн сонголтоороо эрхээ эдэлж амьдрах л бололцоо юм. Хүний нийгэмд, ялангуяа нээлттэй нийгэмд асуудал шийдэгдэж дуусахгүй. Нэг шийдлийн ард дахиад л олон асуудал соёoлж байдаг. Энэ бүхний мөн чанарыг одоо ч таньж мэдэх үйл явц манай улсад үргэлжилж байна.

¨ ¨ ¨
Сэтгүүлч гэдэг нэрийн цаана зөвхөн бичдэг, сурвалжилдаг хүмүүс биш, бүхэл бүтэн баг байгаа. Маш олон мэргэжлийн хүмүүс байдгийг бид мэднэ. Энэ багт, нэг үгээр хэлбэл сэтгүүлч гэдэг нэрийн цаана байдаг тэр хүмүүст монголын ард түмэн ийм хамгийн нандин зүйлээ өгсөн байгаа юм. Хамгийн үнэтэй зүйлээ эзэмшүүлсэн байгаа юм. Тэр нь бол нийгмийн оюун санааны хөтөч байх эрх. Ерөөсөө нийгмийн оюун санааны толь байх, нийгмийн сэтгэл зүйн засалч байх, юмыг түрүүлж мэдэх, түрүүлж мэдээлэх тэр гайхамшигтай эрхийг олгоно гэдэг бол үнэхээр монголын ард түмэн нэн хүндтэй, хариуцлагатай эрхийг энэ хэвлэл, мэдээллийн салбарынханд найдаж олгожээ гэж би хувьдаа боддог.

¨ ¨ ¨
Хэн нэгнийг дарамтлах гэж монголын төр байгаа юм биш ээ. Хүмүүст туслах гэж монголын төр байгаа юм. Хүмүүст үйлчлэх гэж монголын төр байгаа. Тийм учраас та бол дарамтлагч биш, үйлчлэгч байх ёстой.

¨ ¨ ¨
Энэ ажлыг хийхэд өөрчлөхөөр зүйл олон байна. Үүн дээр бүгдээрээ хамтарч ажиллая. Ингэвэл бид хожно, монголчууд хожно, нийтээрээ хожно. Таны хийж байгаа ажил бол миний хийж байгаа ажил. Миний хийж байгаа ажил бол өөрийн чинь хийж байгаа ажил. Бид нэг эх оронтой, нэг өвөг дээдэстэй, нэг газар нутагтай. Энэ газар нутгаа бид сайхан амьдрахын төлөө нэг зорилготой явж байгаа.

¨ ¨ ¨
Шинжлэх ухаан нь төрдөө хөтлөгдөх бус төр нь шинжлэх ухаандаа хөтлөгдөж, судалгаа нь төрдөө хөтлөгдөх бус төрөө судалгаа нь хөтөлж авч явах ёстой. Дараа нь  нэг л өдөр Монголын гурван алдартай судлаач залуучууд энд ирээд лекц уншиж, түүнийг нь сонсож чаддаг ерөнхийлөгч, засгийн газар, их хурлын гишүүдтэй болох хэрэгтэй. Түүнийг нь төрийн зүгээс дэмжих хэрэгтэй. Ингэж гэмээнэ Монгол Улс хөгжинө.

¨ ¨ ¨
Өнгөрсөн хугацаанд миний нэг олсон сургамж бол нураахаас бүтээх нь хэцүү гэдэг сургамж байгаа. Аливаа дэглэмийг өөрчилж болно. Гэхдээ ардчилсан нээлттэй, хууль нь хэрэгждэг, нийгмийн үнэт зүйлсийг бүтээж бий болгоно гэдэг бол хамаагүй хэцүү зүйл гэдгийг бид харж байна. Бүтээнэ бий болгоно, юмыг ажиллуулна гэдэг бол өөрчлөлт хийхээс илүү хэцүү гэдэг нь харагдаж байна.

¨ ¨ ¨
Ардчилсан Монголын зам ариун, цусгүй байх ёстой.

¨ ¨ ¨

Үзэг сэлэмнээс хүчтэй болсон цаг дор сайн цаг оршино гэж би итгэдэг.

 

 

 

¨ ¨ ¨

Аливаа уул овооны тахилга нь үлдэх үр, хоцрох хожоогүй үйл явдал болох ёсгүй. Харин амьдрах орчноо хамгаалах нийтлэг санаа, итгэл үнэмшил, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах хүмүүжлийг хүүхэд залуучуудад төлөвшүүлэхэд чиглэсэн үйл байгаасай гэж бодном.

 

¨ ¨ ¨

Цаг хугацаа, хүрээлэн буй орчин хүний нийгмийг өөрчлөгдөхийг, өөрчлөлтөд дасан зохицож, түүнээс түрүүлэхийг шаардаж байна. Нийгмийн тэргүүлэх хүч нь залуу, эрч хүчтэй, өөртөө итгэлтэй, өмнөө тавьсан зорилготой залуу иргэд байдаг. Тэд л нийгэмд эерэг өөрчлөлтийг авч ирж, тэд л нийгмийн зүтгүүр болж, тэд л улс оронд баялгийг бүтээж, эдийн засагт түлхэц өгч, өөрчлөлт шинэчлэлийг бий болгож байдаг.
Та нар бол өөрчлөлтийг авч ирэх итгэл найдварын нэг хэсэг нь. 

 

¨ ¨ ¨

Нөхцөл өөр болоход дүгнэлт өөрчлөгддөг. Тухайн цаг үедээ тэр дүгнэлт зөв ч байсан байж магадгүй.

 

¨ ¨ ¨

Ер нь хүн хорон. Сайн юм хийх гэж яваад муу үр дүнд хүрдэг ийм адтай амьтан л даа. Сайхан эхлээд муухай төгсөх. Үүнээс сэргийлэх арга бол үнэт зүйл л байдаг юм. Хүн өөрийн гэсэн баримтлах үнэт зүйл, зарчимтай байх ёстой. Тэр үнэт зүйлийг дагаж, зарчим дагаж амжилтанд хүрч байгаа бол тэр зөв.

 

¨ ¨ ¨

Улс төр нэг хэсэг бодлого хөтөлж явсан бол одоо чангаагч хүчин зүйл болж хувирч магадгүй байна. Ардчилал бол ярилцаж хэлэлцэж нийгмээ удирддаг тогтолцоо. Бүгд ярьж байгаа тохиолдолд хөгжил зогсож л байдаг гэсэн үг бий. Нэг нь хийх гэхээр нөгөө нь хэлээрээ дэгээ тавиад, нийлээд хийх гэхээр гурав дахь нь цагаан хоолой барьж босоод байна. Хамгийн гол нь бүтээлч санаа бодол давамгайлаасай.

 

¨ ¨ ¨

Монгол Улсаа хөгжүүлье гэвэл монгол хүнээ хөгжүүлэх хэрэгтэй. Монголыг босгоё гэвэл монгол хүнийг л босгох хэрэгтэй байна.

 

¨ ¨ ¨

Аливаа хөгжлийг харахын тулд онцлогоо л харах ёстой. Монгол хүний онцлог юу вэ? Миний бодлоор монгол хүн “задгай сэтгэдэг”. Маш хурдан суралцдаг. Бие даах чадвартай. Их тэсвэр тэвчээртэй. Бас их хөдөлмөрч. Манайхан залхуу л гэдэг, гадагшаа яваад ажил хийж буй хүмүүсийг харахад тийм биш. Монголын ажилчид гадаадад үүргээ сайн гүйцэтгэдэг. Энхийг сахиулах хүчинд, тэр хүнд нөхцөлд монголын цэрэг үүргээ сайн гүйцэтгэдэг. “Монгол цэрэг шиг” гэж магтуулж байдаг.

 

¨ ¨ ¨

Эрх чөлөөт сонголтын ачаар бас нэг шинээр бий болж байгаа, урьд нь ч монголчуудад байсан зүйл бол өөрийн гэсэн бодол. Манай нийгэмд “шүүмжлэх сэтгэхүй” хангалттай тогтсон гэж боддог. Өнөөдөр Ерөнхийлөгч гарч ирээд ярьсан ч, нэг сургуулийн сурагч гарч ирээд ярьсан ч “За даа, энэ ч” гэж эргэлзэн нөгөө талаас нь ханддаг. Энэ бол шинжлэх ухаан. Энэ бол тухайн үндэстэнд байх хамгийн чухал чанаруудын нэг.

 

¨ ¨ ¨

Зарим нэг үндэстэн яг хайрцагт орсон сэтгэлгээтэй байдаг. Зарим улс түүнийгээ задлахыг боловсролынхоо гол чиглэл болгож байна. Гэтэл монгол үндэстэнд энэ нь заяамал чанар байдаг.

 

¨ ¨ ¨

Байгалийн шинжлэх ухаан бол өөрийн гэсэн зүй тогтол, системтэй, физик, хими гээд. Хамгийн их өөрчлөгдөж байгаа шинжлэх ухаан бол нийгмийн шинжлэх ухаан. Маш олон тоглогчтой, маш олон үл мэдэгчтэй. Их өөрчлөгддөг, зарим хүн нийгмийн шинжлэх ухааныг хамгийн хялбар нь гэдэг. Гэтэл нийгмийн ухаанаар энэ улс орныг, байгууллагыг удирдана, авч явна. Хүн өөрийгөө удирдаж авч явна гэдэг хамгийн хэцүү асуудал.
Нэг асуудлыг шийдэхэд л дэлхийн асуудлыг шийдэх боломж ч гарч ирж болно.

 

¨ ¨ ¨

Дэлхий монголчуудыг дуурайдаг байсан. Ер нь хүчийг дуурайдаг гэсэн үг байдаг даа. Би үүнийг үнэн юм байна гэж боддог. Тэр үед монголчуудын үсний засалтыг дуурайдаг байсан гэж байгаа шүү дээ. Хоёр талаас нь хусчихсан, гэзэг сэлт одоо хүртэл моод болоод л явж байна. Тэр чинь тэр үеийн монголчуудын үсний засалт. Тэр үед монголчуудын хувцсыг, монголчуудын зэвсгийг дуурайдаг байсан. Тэр үед Монголын цэргийн зохион байгуулалтыг дуурайдаг байсан.

 

¨ ¨ ¨

Өнөөдөр би хөгжлийн тухай ярихдаа монголчууд дэлхийн хараатай хөгжье гэж байгаа юм. Зөвхөн сургуулийнхаа хүрээнд сэтгэх хэрэггүй. Миний хийж байгаа зүйл дэлхийд хэрэг болох юм гэж бодох хэрэгтэй.

 

¨ ¨ ¨

Чадвартай хүнд бол дэлхий  өнөөдөр нэг зах зээл болжээ. Өнөөдөр чадвартай багш дэлхийн аль ч их сургуульд очиж багшлах эрхтэй л байх ёстой. Чадвартай багш, судлаач, удирдагч хүн дэлхийн хаана ч очсон өөрийгөө үнэлүүлж, хүлээн зөвшөөрөгдөх болсон. Энэ түвшинд бид хүрсэн байх ёстой.

¨ ¨ ¨

Сая нэг хүн “Хөгжил бол зохион байгуулалт юм” гэж маш зөв хэлсэн. Тэр тэсэрч яваа атомуудыг зохион байгуулалтад оруулахыг шинжлэх ухаан гэж хэлж байгаа.

 

¨ ¨ ¨

Аливаа асуудлыг шийдэх гэхээр манайхан бүгд төр рүү ханддаг, төрөөр асуудлаа шийдүүлэх гэдэг. Мулгуу, муу төртэй байгаа газар төрөөр асуудлаа шийдүүлнэ гэдэг хамгийн муу сонголт. Төрөөр асуудлаа шийдүүлэх тусам өөрийн амьдрал улам бүр хүндрэх болно. Хүн өөрөө төртэй гэдгээ ойлгох хэрэгтэй. Хүн төрөхдөө дотроо Эрүүл мэндийн яамтай төрдөг. Өнөөдөр Боловсрол, шинжлэх ухааны яам болохгүй байна гээд байдаг. Мөн л Боловсролын яамыг дотор чинь төрүүлчихсэн байхгүй юу. Уураг тархи чинь Боловсролын яам юм байгаа биз дээ. Хүн өөрөө өөрийгөө авч явдаг, хөгжүүлж чаддаг. Үүнийг л ойлгуулах хэрэгтэй.

 

¨ ¨ ¨

Манайд бизнесийн систем, боловсролын систем нь хүртэл ХХ зууны эхэнд яваад байна шүү дээ. Бизнес гэр бүлээсээ гарч чадахгүй л байгаад байна. Бизнес олон нийтийнх болох хэрэгтэй.

 

¨ ¨ ¨

Энэ зөв хийсэн, тэр буруу хийсэн гээд яваад байх юм бол бидэнд хөгжил ирэхгүй өөрчлөлтийг хийж чадахгүй/Зөв, буруу нь чухал биш. Сайжруулалт нь илүү чухал/.

 

¨ ¨ ¨

Монголын Үндэсний эрх ашиг бол хөгжил. Монголд өнөөдөр хөгжил хэрэгтэй байна. Монгол үндэсний эрх ашиг гэж юу вэ. Хүмүүс үндэсний эрх ашиг гэж их ярьдаг. Би бодохдоо Монголын Үндэсний эрх ашиг бол хөгжил гэж боддог. Хүн хөгжилтэй байх ёстой, Монгол Улс хөгжилтэй байх ёстой.

 

¨ ¨ ¨

Бүх зүйлийг шийдэж хөгжиж чадсан улс алга, бүх зүйлээр тэргүүлдэг улс гэж байхгүй байна. Тиймээс өөрт байгаа хамгийн онцгой гойд болох зүйлээ хөгжүүлэх хэрэгтэй юм.

 

¨ ¨ ¨

Монголын байгаль бол хамгийн том шинжлэх ухаан, хамгийн том лаборатори, хамгийн төгс ч гэж хэлж болно. “-40-өөс +40” хэмд босоод ирдэг ургамал гэхээр нэлээн шийртэй ургамал байгаа шүү тэр. “-50-аас +50” хэмд амьдраад явж байгаа мал бол арай өөр мал шүү дээ. Тэнд амьдарч байгаа хүн ч бас арай өөр хүн юм.

 

 

¨ ¨ ¨
Бид өнгөрсөн жил “Том төрөөс ухаалаг төр рүү” сэдэвт чуулган хийлээ. Эхлээд хүмүүст энэ ойлголтыг энгийнээр өгөхийн тулд хоёр төрлийн гар утсыг үзүүлсэн. Нэг нь хорин жилийн өмнө хэрэглэж байсан овор томтой гар утас, нөгөө нь өнөөдөр бидний хэрэглэж байгаа авсаархан утас. Энэ нь технологийн хөгжлийн хандлага нь улам бүр таатай, хэрэглэхэд хялбар болж байна. Тэгвэл технологийн энэ дэвшлийн эсрэг төрийн тогтолцоо нь улам л данхайж, улам л томорсоор ирж. Ийнхүү хүнд сурталдаа баригдсан төрийн бүтэц нь заан биетэй, хулгана толгойтой ер бусын амьтан шиг болсон байна. 

¨ ¨ ¨
Монгол Улс судалгаанд суурилсан, үйлчилгээнд чиглэсэн, хуулийн засаглалтай улс болох нь шинэ үеийн төрийн хандлага байх болно.

¨ ¨ ¨
Технологи хөгжихөөрөө томордоггүй юм байна. Технологи хэчнээн олон үйлдэл орж ирсэн ч хэмжээ нь жижигрээд л явдаг юм байна. Тэгэхээр ер нь бид энэ технологийг ашиглая. Манай төр бол асуудал үүслээ хүнээ нэмээд л, бүтцээ нэмээд л томроод байдаг. Ухаалаг төр лүү шилжих шаардлага байна гэдгийг энэ технологи дээр харуулж байгаа юм.

¨ ¨ ¨
Төр нь баялаг руу дайрдаг улсын иргэд ядуу байдаг. Төр өрмийг нь хамж, иргэд хусмыг нь булаацалддаг байдал байж болохгүй ээ. Эдийн засаг өсөөд байхад иргэд нь ядуу байдгийн нууц энэ шүү дээ. 

¨ ¨ ¨
Жирийн иргэд маань  “Чи нэг жаахан ухаантай бай л даа” гэж хэлдэг шүү дээ.  Олон нийт төрийг ухаалаг байхыг шаардаж байна.

¨ ¨ ¨
Манай шийдвэр гаргадаг хүмүүсийн хамгийн гол дутагдал бол өглөө аль хөл дээрээ босно, сэтгэл хөдлөл, санаанд юу орно, тэр нь шийдвэрт нөлөөлөөд байгаа. Тийм учраас ийм судалгаа, дүгнэлт чухал.

                                                                                ¨ ¨ ¨
           Түүнээс хойш аливаа зүйлийг болгох, бүтээх, эвлүүлэх талд нь боддог, хийдэг, хэлдэг болох гэж мэрийсэн дээ.

 

Ангилал:

0 сэтгэгдэл:

Post a Comment

 

Онцлох санаа

Амжилтын 5 хошуу - Тунгаан бодож сур - Шинэ санаатай нөхөрлө

Онцлох санаа

Шаардлага хангасан боловсрол - Уламжлал&шинэчлэл - Хож хож

Хэрсүү ухаанаар хамаг монгол хөгжинө.

Зохиогчийн эрх © Баатарын Батаа /