Facebook Page Like

2015/02/01

Обьектив ба субьектив мэдлэг

Share & Comment
Баатарын Батаа
Обьектив ба субьектив
мэдлэг 
           
Байгалийн мэдлэг/science/ обьектив, нийгмийн мэдлэг/art/ субьектив шинж чанартай. Өөрөөр хэлбэл байгалийн талаар бидний танин мэдэж, ойлгосон зүйлс түүнийг гаднаас нь ажиглаж буй хүний оюун ухаанаар бүтсэн тул энэ мэдлэг обьектив, харин хүн өөрийнхөө байгуулсан нийгмийг өөрөө дотроос нь ажиглаж, танин мэдэж байгаа тул нийгмийн талаарх бидний мэдлэг субьектив шинжтэй юм.



Рефлексив онол
Хүний сэтгэлгээ ба бодит байдлын хоорондын нарийн холбоог задлан шинжилж тайлбарлахын тулд Жорж Сорос рефлексив хэмээх онолыг дэвшүүлсэн байдаг. Хүн нэг талаас нөхцөл байдлыг ойлгон ухаардаг, нөгөө талаас түүнд нөлөөлдөг.  Зэрэг үйлчлэх энэхүү битүү гогцоог рефлексив чанар гэнэ. Уг нь нийгмийн ухааныхан байгалийн ухааныхан шиг обьектив түгээмэл онол бүтээхийг зорьдог. Гэвч рефлексив чанараас шалтгаалан тэдний бүтээсэн зүйл субьектив шинж оролцсон онол болдог байна.

Нийгэм ба Субьектив мэдлэг
Хүн аливаа зүйлийн хэмжүүр.
Протагор

Эрүүл саруул ухаанд итгэнэ гэдэг бол бид өөрсдийнхөө төдийгүй, бусдын ухаанд итгэхийн нэр.
Карл Поппер

            Хүний нийгэм болоод хувь хүний хөгжил нь нийгмийн хамтаар бүтээсэн оюун санаанд сэтгэгч хувь хүн ямар хувь нэмэр оруулав, бусад хувь хүмүүс нийгмийн ололт, шинэчлэлээс хэрхэн суралцав гэдгээр тодорхойлогдоно. Сэтгэгч хувь хүн болоод баг хамт олон  үзэгдэл, юмсын талаар шинэ санаа, ойлголтыг нийгэмд дэвшүүлнэ. Тэр нь зөв бол нийгэм тэр тайлбар, тодорхойлолтыг хүлээж авах замаар оюун санааны шинэчлэл хийнэ. Энэ арга замаар нийгмийн оюун санаа өөдлөн дэвшдэг байна. Нийгэм болоод орчлон ертөнцийн талаарх бидний төсөөлөл их сэтгэгчдийн оюун сэтгэлгээний ололтуудаар тасралтгүй шинэчлэгдэн, тэлж байдаг ажээ.

Танин мэдэхүйн суурь – Обьектив мэдлэг
Урлаг болоод нийгмийн ухааны мэдлэг нь хүний нийгэм, амьдралтай холбоотой өргөн талбарыг хамардаг, бодит мэдлэг байдаг боловч цаг хугацааны шалгуурыг даах, хөдөлбөргүй үнэн байх шинжээр тааруу. Нийгэм, цаг үеийн өөрчлөлт болоод хувь хүний танин мэдэхүйн өсөлт, дэвшлийг даган субьектив мэдлэг тасралтгүй өөрчлөгдөн хувьсч байдаг. Обьектив мэдлэг үнэний нэг л утгатай байдаг бол субьектив мэдлэгийн үнэний утга хувь хүн, нийгэм, цаг үеэс шалтгаалж олон утгатай байж болдог.

Хүн төрөлхтөний бүтээсэн мэдлэгийн санг далайтай зүйрлэвэл обьектив мэдлэг нь далайн гүн буюу ёроолын хэсгийг, харин субьектив мэдлэг нь далайн мандал хэсгийг төлөөлнө. Субьектив мэдлэг өрнүүн амьдралын өнгө гэрэл, хэмнэл, шуугиан дунд нийгмийн үзэгдлийн салхи, шуурганы аясаар хөвөн хөдөлж байх бол обьектив мэдлэг хүйтэн, саарал орчинд хөдөлгөөнгүй, тогтуун шинжийг бүрдүүлэн оршино.


 Гэхдээ обьектив мэдлэг бодит амьдралаас хөндий холуур мэт боловч  мэдлэгийн суурь, гүн холч чанар, хөдөлгөөнгүй бодит үнэн тэнд буй гэдгийг анхаарах хэрэгтэй. Субьектив мэдлэг бодит амьдралын өнгө, хэмнэл дунд орших боловч өнгөц, хөнгөн хийсвэр, цаг зуурын агуулгаар дүүрэн.

Иймээс миний бие хүүхэд, багачуудын танин мэдэхүйн суурийг шинжлэх ухааны буюу обьектив мэдлэгийн талбараар тавих хэрэгтэй гэж үздэг. Энэ нь үзэгдэл, юмсын мөн чанарыг чухалчилдаг,  асуудлыг гүнд хүрдэг сэтгэгчийг өсгөн хүмүүжүүлэхэд тустай.  

           Гэхдээ суралцагчийн танин мэдэхүйд обьектив мэдлэг дангаараа хангалттай биш. Урлаг, нийгмийн мэдлэгээс тусгаар өссөн суралцагч хэвшмэл сэтгэдэг, мэдрэмжээр тааруу шинжлэх ухааны ажилтан, инженер болоход хүрнэ. АНУ-ын Mассачуэтсийн технологийн их сургууль/MIT/ энэ алдааг ажиглан инженер, байгалийн ухааны салбар сургуулиас  гадна урлаг, нийгмийн ухаан, спортын 3 салбар сургуулийг нэмж байгуулсан байдаг.   Монголчууд бид ч үүнээс суралцаж, хүүхэд багачуудынхаа обьектив мэдлэг эзэмшилтийг урлаг, спорт, нийгмийн үйл ажлаар дэмжиж өгөх учиртай. Харамсалтай нь манай ЕБС-ийн удирдлага болоод эцэг эхчүүд дүрслэх урлаг, дуу хөгжим, биеийн тамир, урлал дизайны хичээлд ач холбогдол тун бага өгч байгаа харагддаг. Гэтэл эдгээр хичээлээр суралцагч бүтээлч хандлага, мэдрэмж соёлыг олж авах учиртай. Үүний үр дагавар болж хойч үе маань мэдрэмжгүй, бүтээлч бус иргэд болон өсч өндийж байна.        
Ангилал: ,

1 сэтгэгдэл:

  1. Би энийг дөнгөж өнөөдөр л олж уншсандаа маш их харамсаж байна. Жоохон эртхэн мэдсэн бол их олон зүйл өөр байх байлаа.

    ReplyDelete

 

Онцлох санаа

Амжилтын 5 хошуу - Тунгаан бодож сур - Шинэ санаатай нөхөрлө

Онцлох санаа

Шаардлага хангасан боловсрол - Уламжлал&шинэчлэл - Хож хож

Хэрсүү ухаанаар хамаг монгол хөгжинө.

Зохиогчийн эрх © Баатарын Батаа /