Facebook Page Like

2015/02/01

Голыг нь олох ухаан

Share & Comment
Баатарын Батаа

Голыг нь олох ухаан
буюу Ерөнхийлөх сэтгэлгээ

Аливаа юманд яг үндсэн хэрэгтэй зүйлийг барьж аваад яваад байдаг нүүдэлчин хүмүүсийн зан бол цаанаасаа бидний цусанд заяагдмал ухаан юм байна. Дэлхийн хаана ч сургууль төгссөн  бай ялгаа байхгүй, юмны яг голыг нь олоод харчихдаг энэ чанарыг л авч үлдмээр байгаа юм.
Д.Төрмөнх


    
Ерөнхийлөх сэтгэлгээ
Хүний сэтгэлгээний үндсэн үйлдлүүдийн нэг нь ЕРӨНХИЙЛӨЛ бөгөөд энэ нь тухайн нэг зүйлийн гол шинжүүдийг ялган гаргаж ирэх сэтгэхүйн үйлдэл юм. Ерөнхийлөх сэтгэхүйн үйлдлийн ачаар хүн олон асуудлыг хялбараар шийддэг. Их сэтгэгч Аристотель үүнийг Хүмүүст тусгай юмсыг гэхээсээ илүү ерөнхийг авч үзэх нь илүү хэрэгцээтэй  гэж онцолсон байдаг.

Жишээ 1.
            Хүний хэл яриа гэдэг бүхэлдээ ерөнхийлөх сэтгэлгээн дээр тулгуурладаг.

Хэрэв тусгайд утга байх аваас тэр нь ерөнхий  байх ёстой.
Платон

Ерөнхий үг байхгүй тийм нөхцлийг төсөөлье дөө. Мод, ногоон, зузаан, өндөр гэх мэт үг үгүй бол модыг хэрхэн дүрслэх вэ? Дээрх үгнүүдийн аль нь ч гэсэн тусгай юмны нэр биш, харин янз бүрийн тусгай зүйлд хамаарах түгээмэл утгатай байна. Тэгэхээр хэлийг сурна гэдэг бол ерөнхий нэр томъёоны бүх утгыг мэдэж, тусгай зүйлсийг дүрслэхэд хэрэглэж сурна гэсэн үг.”
Мэл Томпсон  Философи: Өөрөө сурах бичиг      2012 он, Х62


Жишээ 2.
            Хүний  танин мэдэх үйл бүхэлдээ ерөнхий, суурь хууль дүрмүүдийг хайж олоход тулгуурлаж байдаг.

Хүн төрөлхтөн эрт дээр үеэс эхлэн байгалийн үзэгдэл, юмсын мөн чанар, тэдгээрийн хоорондын холбоог цөөн тооны үндсэн зарчим дээр тулгуурлан тайлбарлах арга замыг хайсаар ирсэн юм.
Х.Намсрай

Голыг нь олох ухаан
Тэмээ зурж байгаа бол бөхийг нь зур.
Саади

            Ерөнхийлөх сэтгэлгээ гэдэг чухамдаа юмны голыг нь олох явдал билээ.

  1. Голыг нь барьж авах
Монгол хүн юмны гол санаа, үндсийг олж харахдаа тун гаргуун.

            Шинэчлэл хэрэгтэй нь үнэн. Шинэчлэгдэж байж хөгжинө. Гэхдээ юугаа шинэчлэх вэ? Харагдсан болгоноо шинэчилнэ гээд байвал бүтэхгүй. Тэгээд ч энд тэнд ёрдойсон үзүүрээс нь биш, ёзоороос нь шинэчлэлээ хийх хэрэгтэй биз. Давын өмнө сэтгэлгээний шинэчлэл хэрэгтэй.
Санжийн Баяр

Ямар нэгэн ажлыг хийхэд тийм ч их хүч чадал хэрэггүй. Чухам юуг хийх хэрэгтэйг мэдэж шийдэхэд л үнэхээр асар их хүч шаардлагатай.
Кин Хаббард

Байгалийн хуулиудыг бий болгож буй цаад зүй тогтлыг мэдэх нь чухал биш. Тэр хуулиудыг мэдэж байх нь л гол юм.
Бенжамин Франклин

Асуудалгүй улс орон гэж байхгүй нь ОЙЛГОМЖТОЙ, харин үндсэн асуудлаа ОЙЛГОДОГГҮЙ улс орон гэж байна. Хөгжсөн улсын ялгаа нь энэ байх.
Цэндийн Баатархүү

  1. Голыг нь олж хэлэх
Голыг нь олсон юм хэзээд товчхон байдаг.
Жозеф Жубер

            Монголчууд бид Цөөн үг билиг, олон үг улиг гэдгийг ухаарч ирсэн ард түмэн. Голыг нь олсон нэг үг ч том асуудлыг шийдвэрлэж болох бөгөөд товч бөгөөд тодорхой мэдээллийг бусдад түгээхийн тулд хүнд “голыг нь олж хэлэх чадвар үнэхээр чухал билээ.  Энэ ч утгаар сүүлийн үед онч үгс, шүлэг, өгүүллэгийн эрэлт хэрэгцээ илүү нэмэгдэх хандлагатай болоод байгаа юм.

       Хүн төрөлхтний мэргэн ухаан, хойч үеийнхэнд өв болон үлдсэн хамгийн шилдэг санаанууд "онч мэргэн үгс" буюу афоризм гэсэн нэртэйгээр эмхтгэгдэн гарсан байдаг. Онч мэргэн үгс гэдэг нь цөөн, онож сонгосон үгсийг ашиглан аливаа нэг зүйлийн талаар хамгийн үнэнийг, утга гүн, тусгал хол байхаар голыг нь олж өгүүлэхийг хэлдэг. 

Yхрийн гулуузыг аав минь
Yнхэлцэг дотор нь багтаалаа
Түүнээс үлгэр аваад би
Дөрвөн мөртдөө хорвоог багтаалаа.
                                           Т.Галсан

            Голыг нь олж хэлэх гэдгийн цаана утга санааг цөөн үгэнд багтаан хураангуйлах үйлдэл бас давхар хийгдэж байдаг. Монголын ард түмэн бол эртнээс үхрийн махыг үнхэлцэгт нь багтааж ирсэн, хураангуйлах ухаантай ард түмэн билээ.

Ерөнхий баримжаа
            Ерөнхий баримжаа муудвал тусгайг ойлгохгүй, шинийг бүтээж чадахгүй. Байгууллага ажилчдаа хөгжүүлье гэвэл ерөнхий баримжааг нь хөгжүүлэхээс ажлаа эхлэх ёстой. 

              Хүн төрөлхтөний үе үеийн хуримтлуулсан туршлага байна. Ялангуяа шинжлэх ухааны түүхэн туршлага нэн үнэ цэнэтэй. Үүний ерөнхий тоймыг мэдэж, улмаар зарим тодорхой дүрэм баримтлахыг сэтгэлгээний соёл гэж байгаа юм. Шинжлэх ухааны үүрэг зорилго нь юу билээ? гэвэл нэгтгэх буюу нэг үндэслэлээр буй бүхнийг тайлбарлах, тийнхүү танин мэдэхүйн бүхий л асуудлыг хялбарчлахад оршино.  
Бэсүд Ч.Эрдэнэ
Ангилал: ,

0 сэтгэгдэл:

Post a Comment

 

Онцлох санаа

Амжилтын 5 хошуу - Тунгаан бодож сур - Шинэ санаатай нөхөрлө

Онцлох санаа

Шаардлага хангасан боловсрол - Уламжлал&шинэчлэл - Хож хож

Хэрсүү ухаанаар хамаг монгол хөгжинө.

Зохиогчийн эрх © Баатарын Батаа /