Бэсүд
Ч.Эрдэнэ
/Сэтгүүлч, судлаач, их сэтгэгч/
Ишлэлүүд
¨ ¨ ¨
Үндэсний хэл бүр оюун сэтгэлгээний ямар нэг аяс,
арга илэрхийлдэг өвөрмөц хэрэгсэл байдаг.
¨ ¨ ¨
Улс төрд логик байдаггүй. Тиймээс сонгуулиас
логик үр дүн горьдох нь гэнэн хэрэг.
¨ ¨ ¨
Ертөнц,
амьдрал, хүнийг Бурхан бүтээсэн гэвэл шашны шийд. Бурхан яаж бүтээв гэвэл ШУ-ы
асуудал.
¨ ¨ ¨
Монголчууд
бид түүхийнхээ туршид уншиж сураагүй, тийм заншил суугаагүй түмэн. Тангад
үсгийн ганц хоёр ном авч авдрандаа хийгээд мартчихдагаа ном соёл хүндэлдэг
гэж хөөрцгөөнө. Ном сугавчлах бүү хэл, сонин гартаа барьсан хүн гудамжинд
харагддаггүй ганц хот гэвэл дэлхий дахинд манай нийслэл байж халаах тун
магад.
¨ ¨ ¨
Хүн
гэж сэтгэдэг амьтан учраас мөхөл нүүрлэх боломж сэжмүүдийг цаг ямагт
анхаарч амьдрахаас өөрцгүй. Тэгээд эрхбиш сэтгэдэг амьтан
учраас авралынхаа замыг эрж бэдрэх ганц ид шидтэй. Бурхадыг бодож олсон
нь сүрхий сайндаа биш, авралаа даатгах эзэн хариуцагчийг томилсон заль
шахам юм. Мөхлөөс айдаг, аврал эрдэг амьтныг хүн гэнэ гэж нэг
афоризм хэлбэл утгазохиолын түүхэнд орох нь юу юм, гэхдээ худлаа гээд
өмнөөс босоод ирэх адгууслаг амьтас тэр болгон олдохгүй байх.
¨ ¨ ¨
Ер
нь бол шинжлэх ухаанч мэдлэг гүнзгийрэх тусам айдас
нэмэгддэг жамтай байна. Баабарын мэдэж яриад байгаа бага
ангийн Түмэн бодис сурах бичгийн түвшинд бол үнэхээр айхгүй байж
болно. Гачлантай нь, боловсрол олон шаттай.
¨ ¨ ¨
Нэрт астрономич
Амбарцумяны лекцийн дараа түүнээс, энэ астрономи чинь ер ямар хэрэгтэй юм
бэ гэж асуусанд, гахай газар ширтэж, хүн тэнгэр харж явдаг ялгаатай амьтад
шүү дээ гэсэн гэдэг. Ерөөс шинжлэх ухаан гэгч үзэгдэл үүсч хөгжсөн нь үнэн
хэрэгтээ дан ганц тэнгэр харж явдагтай эхнээсээ эцсээ хүртэл холбоотой
юм.
¨ ¨ ¨
Хэвлэлд
хэлэгдсэн хамгийн инээдтэй нэг өгүүлбэр бий. “НАСА сүйрэл болохгүйг албан
ёсоор зарласан” гэж. Нэг бол НАСА нь эргүүтсэн, нөгөө бол манайхан НАСА-г
гүтгэсэн хэрэг. 21-нд сүйрэл тохиохгүйг мэдэх арга НАСА-д бүү хэл, бүх
шинжлэх ухаанд
байхгүй. Мөхөх үгүйг байтугай, Нью-Йоркийн цаг агаарыг мэдэхээ больчихсон НАСА нь гамшиг болох болохгүйг албан ёсоор зарладаг газар биш.
байхгүй. Мөхөх үгүйг байтугай, Нью-Йоркийн цаг агаарыг мэдэхээ больчихсон НАСА нь гамшиг болох болохгүйг албан ёсоор зарладаг газар биш.
¨ ¨ ¨
Төр
түмний бодлоор бол Монголд ганцхан асуудал байх ба энэ нь Оюутолгой.
Хоёрдугаарт санавал санах, үгүй бол үгүй асуудал гэвэл та
бидний толгой. Хоёрдугаар
зэрэглэлийн толгойнууд маань хар ухаан, муу санаандаа сайн уу гэвэл, сайн. Гэтэл гайтай нь, хар ухааны
гаргалгаанууд нарийн шинжлэх ухааны теоремуудтай эрс тэс харгалдаад
явчихдаг. Дийлэнхи олонхи тохиолдолд хар ухааны мэдээжи йн мэт
гаргалгаанууд яг нарийндаа шал худлаа болчихдог номтой. Орчин цагийн
онцлог гэвэл, хар ухаан байна, аа бас нарийн шинжлэх ухаан байна.
¨ ¨ ¨
Үйлдлийн
шинжлэлд хожих, хожигдохгүй байх гэсэн хоёр нэр томъёо байна. Ингээд
хар ухаанаар бодвоос, хожлоо баталгаажуулах нь эн түрүүний амин чухал
зорилт баймаар. Гэтэл Үйлдлийн шинжлэл(Analysis of operations) гэдэг
ухаанд ганц айдаг, хэрхэвч хийж болдоггүй юм нь энэхүү хожлоо
баталгаажуулах. Учир нь, Хожлоо бүү баталгаажуул, хожигдохгүйгээ
баталгаажуул гэсэн үндсийн үндсэн теорем байна.
¨ ¨ ¨
Монголчууд
бидний залхуу зайлхайн цаана муу ч гэсэн хялбарчлах, монголчлох ухаан байгаа
юм.
¨ ¨ ¨
Соёл
иргэншлийн оньсон түлхүүр нь оюуны өрсөлдөөн. Дан ганц бясалгаж бэтгэрч
сууснаар юу ч гарахгүй, юу ч бүтэхгүй. Дан ганц өрсөлдөхөөр эцэстээ зодооноор л
дуусна. Тиймээс оюуны өрсөлдөөн гэсэн хосмол. Гурамсан зарчмаар хэлбэл, оюуны
өрсөлдөөн бол дэвшил.
¨ ¨ ¨
Македоны
Грекийн Их Александер хаан бол их сэтгэгч, логикийн ухааныг бас бус олон
ухаантай хамт үндэслэсэн Аристотелийн гарын шавь байсан юм. Энэ хаан түүхэнд
мөнхөрч үлдсэн ганц шалтгаан нь түүний нөр их байлдан дагуулалт. Аристотелийн
шавь, тэр тусмаа сайн шавь нь, сайн логикчийнхоо хувьд домогт ч орж амжсан
Александер оюуныхаа давуу чанараар л байлдан эзлээд байсан нь түүхээс бүрнээ
илт юм. Тэмүчин хөвгүүнийг Чингис хаан болтол нь сургаж хүмүүжүүлэх Аристотель
нь байгаагүй. Тэгвэл хэн, юу? Ердөө л нүүдэлчин ахуй амьдрал, овог аймгуудын
өрсөлдөөн тэмцэл. Энэ бүхэн юунд сургасан юм? Бодит сэтгэлгээнд! Тэр нь тэгвэл
юу юм? Байгалийн зүй жамаар сэтгэх нь бодит сэтгэлгээ. Бодит сэтгэж сурваас
Чингис. Өнөө үед байгалийн жамаар бодит сэтгэх үйлийг шинжлэх ухаан гэж
нэрлэдэг юм шүү дээ. Аристотелийн шавь Александер шинжлэх ухаанч арга маягаар
сэтгэх давуу чанар олоод… Чингис шууд байгаль дэлхий, тэнгэр газрын жамаар
суралцаад мөн оюуны давуу тал эзэмшээд… Нилээд хожим их Ньютон байгалийн
шинжлэлийн нарийн ухаан үндэслэснээр англи үндэстэн мөн тийм чанар олоод… Гэх
мэтээр оюуны сэтгэлгээгээр илт давуу шинж чанар олох арга замууд байх ба тэр
чанар нь бараг зайлшгүй байлдан эзлэхүй, эзэнт гүрэн байгуулахуйд хөтөлж байжээ.
¨ ¨ ¨
Уг
нь бол Америкт очиж шил шаазан угааж, пицца зөөхийн оронд эндээ байгалийн
шинжлэлийн шинэ суурь онол эзэмшиж аваад дэлхийд багшлаад явчихмаар байгаа юм.
¨ ¨ ¨
Хэн
хүнд байгаль эхээс үнэ өртөггүй заяагдсан амины ба хувийн өмч нь бие, сэтгэл,
оюун гурав. Энэ өмчөөхүн ёсоор ашиглаж сурахын үндэс
нь мэдээллийн соёл.
¨ ¨ ¨
Бид
өдөр, цаг, хором, мөч дутам сонголт хийж байдаг. Амьдрал, аж төрөл гэж энэ.
Ерөнхий тохиолдолд 2 боломжоос нэгийг сонгох хэрэг гарна. Зөв сонголт хийхийн
тулд танд мэдээлэл хэрэгтэй. Сохроор сонговоос та 50 хувь ононо, 50 хувь
алдана. 2 сонголтоос алийг нь сонговоос зөв болохыг зааж өгсөн яв цав мэдээлэл
1 бит хэмжээтэй.
¨ ¨ ¨
Өнөөгийн
ердийн нөхцөлд мэдээллийн илүүдэл чөлөөтөй олдоцтой байгаа нь та бидний мэдээлэл боловсруулах даац чадвараас хэтэрхий
давсан хэрэг. Энэ нөхцөлд уураг тархи маань ерөнхийдөө гацааны байдалд орж,
мэдээлэл авах, боловсруулахаас татгалзах төлөвт ямар нэг хэмжээгээр шилжиж
байна. Ердөө л Интернет ухаад өөрт нь огт хэрэггүй, ямарваа мэдлэгийн
агуулгагүй мэдээлэл хараад суучихаар уураг тархи маань үндсэн үүрэг буюу мэдлэг
хүлээн авах, сэтгэн бодох үйлээсээ татгалзах болно.
¨ ¨ ¨
Хэрэв
монголчууд үндэсний түүхийнхээ зүй жамыг мэдэж авбаас ойр холынхоо ирээдүйг
төсөөлж, тэр байтугай, тооцож, улмаар төлөвлөх боломж эзэмших юм. Түүхийн
ухааны нэг аксиом нь: “Хэн хэзээ нэг цагт хүчирхэг байсан бэ, тэр дахин
хүчирхэгжинэ” гэсэнд оршино. Төв Азийн нүүдэлчид хоёр удаа хүчирхэгжиж
байжээ. Энэ хүчирхэгжилт нь дэлхийг даяарчилж, түүхийг орвонгоор нь эргүүлж
байжээ. Тэгвэлгуравдахь удаа дахин хүчирхэгжиж болохгүй юү? Ийм асуулт.
Энэ асуултыг зүгээр эрүүл саруул ухаан мэдрэлтэй монгол хүн бүр тавьдаг байх
ёстой. Гэтэл тавьдаггүй, ийм асуулт тавьсан хүнд харин учиргүй уурлаж
дургүйцдэг. Ухаан мэдрэл нь хаачсан юм бэ?
¨ ¨ ¨
Ер нь шинжлэх ухааныг шашингүй үзэл гэдэг. Энэ
хоёр зөрчилдөхгүй гэсэн ойлголт ч байна. Энэ хоёр судлагдахуун өөр өөрсдийн
арга барилтай. Судлах зүйлс нь ч гэсэн өөр. Шинжлэх ухаан хэзээ ч бурханыг
судлахгүй. Харин шашин шинжлэх ухаанд халдахгүй. Бурхан гэдэг чинь батлах ч
хэрэггүй, няцаах ч хэрэггүй ойлголт байхгүй юу. Шинжлэх ухаан, шашин хоёр чинь
хоёулаа танин мэдүүлэх үүрэгтэй зүйлс.
¨ ¨ ¨
Шинжлэх ухаан бол математикаар тооцож болдог
бүхнийг судалдаг. Гэтэл математикаар тооцож болдоггүй зүйл гэж бас байгаа.
Ингээд цааш үргэлжлүүлбэл харьцангуйн онол гэдэг зүйлтэй тулгарна.
¨ ¨ ¨
Энэ
олон тоо хэнд хэрэгтэй юм бэ? Өнөөдөр би ямар ч тоо бодохгүйгээр амьдраад болоод л
байна ш дээ. Хүн төрөлхтөнд хэрэгтэй. Зарим
хүн тоо боддог болохоор чамд тоо бодох шаардлага гарахгүй байгаа юм. Чиний
эдэлж хэрэглэж байгаа гар утас, зургийн аппарат, өөр юу байдаг юм тэр бүгд чинь
тооноос бүтдэг юм ш дээ. Энэ тоонуудыг цааш нь үргэлжлүүлэн бодоод л байх юм
бол утас чинь чамтай ярьдаг болно. Чи бүр товчлуур дарах ч хэрэггүй болно гэсэн
үг ш дээ.
¨ ¨ ¨
Ярилцлага гэдэг доод жанрыг
дээд төрөл болтол нь ярилцахыг сэтгүүл зүйн урлаг, ухаан гэдэг юм. Тиймээс talk
show нэг бол балай юм, нөгөө талаараа гайхамшиг болж хоёр туйлд тэмүүлдэг
байхгүй юу.
¨ ¨ ¨
Та бид бүхэн монгол хүний өөрийн үнэлэмж сэвтэж
доройтсон, үндэсний сэтгэхүй гутарч гундсан зуун ба он жилүүдийг туулж даван
элээж байна. Буурал доройтлын олон зуунаас дамжсан бурангуй сэтгэлзүй нийгмийн
бүх түвшинд нийтлэг ноёрхсоор байна. Үндэсний бахархлын үлэмж хийгээд шинэ атар
хөрсийг хагалж эзэмдэн авах түүхэн улбаа, нөөц боломж бидэнд байна. Бид юутай ч
түүхийн энгүй их далайд Хэн юм бэ гэдгээ мэдмээр байна. Үүнд:
Хүний хөлд үрэгдсэн зомгол
залтас уу,
Гүр түүхийн эзэн савдаг уу?
¨ ¨ ¨
Миний олон жилийн, олон арван жилийн ч гэж хэлж болохоор
ажиглалт, туршлагаас харвал бид Монголоо басамжлан үзэх нь дийлэнх олонхийн
маань үндэсний дархлал хомсдолын хам шинжийн нэг ноцтой илрэл байна. Энэ нь
хэдэн зуунаар үргэлжилсэн ядуу буурай ахуй нөхцөл, гадаад талын үзэл суртлын
давамгайлсан нөлөө тусгал, улстөрийн харгис дарангуйлал, талхидлын үр дагавар
юм.
¨ ¨ ¨
Үндэстнүүд оршин байна. Үндэсний төр улсуудад дэлхий хуваагдсан
байна. Төр улсууд нь тус тусын том жижиг ашиг сонирхолтой байна. Энэ бүхнээс
үндэсний үзэл гэдэг хүчин зүйл зайлшгүй болж ирнэ. Цаашид тусгаар тогтнон
орших, хөгжин дэвших хүсэл эрмэлзэлтэй ахул үндэсний үзлийг улам бүр тэтгэн
дэвжүүлэхээс өөр замгүй.
¨ ¨ ¨
Үндэсний үзэл/национализм/, үндсэрхэх үзэл/шовинизм/ хоёрыг сайтар ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.
Бидний өвөг дээдэст үндэстнүүдийг дээр доор ялгаварлан үзэх үзэл байсангүй. Их
монголчууд бусдаас давуу тал эзэмшсэн хэдий ч бусдыг дорд үзэх шовинизмд
хэлбийсэнгүй.
¨ ¨ ¨
Бид цөөн үндэстэн. Дэлхийн
дансанд үнэмлэхүй цөөнх үндэстэн бид байсан, одоо ч байна. Гэвч түүх нь агуу
хийгээд цуутай. Улмаар монгол үндэсний үзэл ихээхэн өвөрмөц онцлогуудыг ил далд
агуулах язгуурын учир шалтгаантай. Чухамхүү үүнийг ухамсарлах нь монгол хэл
соёл, угсаа гарваль, яс цустай бодгалиудын алтан аргамжийн уяа гадас болж,
манай хар хайрцагны бодлого, зорилгын гүнд байх ёстой бөгөөд байж ч байгаа юм.
¨ ¨ ¨
Монголын түүх бол монголын үндэсний үзлийг тэтгэх онцлог
хүчин зүйл. Аливаа үндэстний өнөөгийн рейтинг чансаа түүний түүхээр бас
тодорхойлогдон буй. Түүхэн рейтингээр авч үзвэл, монголчууд айргийн тавд баттай
багтах талтай. Хар үгээр хэлбэл, ерөөс горьдлоготой үндэстний нэг гэж үзэгдэх
ёстой, тэгэж үзэх ч болов. Даяар өрсөлдөөний
талбарт халаасны оноо өндөртэй л гэсэн үг. Түүх бол харвах суурь. Хэн хүчирхэг
байсан бэ, тэр хэзээ нэгэн цагт дахин хүчирхэгжинэ. Энэ бол түүхийн философийн
үндсэн аксиом.
¨ ¨ ¨
Үнэхээр түүхийн эрэлд хатахгүйгээр маний дотор хүн,
дотоод ертөнц өөрчлөгдөхгүй, улмаар сэтгэхүй уужирч гэгээрэхгүй, цаашлаад
ирээдүй өөрөө эрж сураад олоод ирэхгүй. Дотор хүний дээд төлөв нь үндэсний
ухамсар, бахархал хэмээх гүн гүнзгий дотуур тамир бөгөөд үндэсний түүх соёлын
ухааныг аливаа боловсролын тэргүүнд тавьдгийн учир нь үүнд. Хүнд зориг байвал
тэр нь түүхэн зориг л байна. Ирээдүйн ганц найдвар бол урьдын түүх. Түүхээ
үзэх, мэдрэх, мэдэх, мэдүүлэх нь соёл иргэншилд оруулсан хийгээд оруулах хувь
хандивын үнэлэмж ба амлалт юмаа.
¨ ¨ ¨
Монголын түүхийг бүүх Их мөстлөгийн дараахь үеэс өнөөг
хүртэл график үүсгэн дүрсэлбэл, тэг тэнхлэгээс дээш доош өсөлт бууралт, уналт
босолт ээлжилсэн айхтар арзгар зураг гарна. Аймшигтай нь өсөх буурахдаа бус,
харин монгол хэлтэн угсаатны уналт өсөлтийн дэндүү өндөр нам далайц. Унахдаа
байх үгүйдээ тулах, босохдоо дэлхийд тэргүүлж босох. Та бидний жинхэнэ овог бол
үндэсний түүх. Америкийн бааранд аяга угааж, шал арчаад зогсож байсан ч таныг
“Энэ цус чинь уг нь монгол юм шүү дээ. Тэр Чингисийн угшил нь бас яаж ч мэдэх” гэж гайгүй болгоомжтой л харьцана.
¨ ¨ ¨
Саяхан улирч өнгөрсөн 20-р зууны шинжлэх ухаан, тэр
тусмаа физик нь бараг дангаараа жүүд нарын бүтээл болохыг уншигчид мэдэх байх.
Тэд бурханаас сонгогдсон хэмээх домогтой. Монголын Нууц Товчоон-ыхоор бол та
бид Дээр Тэнгэрээс заяат төржээ. Ийм
л эх сурвалж мэдээлэл байна. Би үүнд зүгээр л итгэчихдэг. Учир нь, итгэл бол
аугаа их хүч. Итгэл бол эрчмийн эх сурвалж. Монголчууд Мөнх Тэнгэрийн хүчинд
итгэж биширч явахдаа л хосгүй их эрчим хүч эзэмшин байжээ.
¨ ¨ ¨
Мууг нь хараад явбал Монгол шиг муу муухай газар байхгүй
бөгөөд тэгэж үздэг, боддог, итгэдэг хүмүүс зөндөөн, хүн үнэмшимгүй их олон гэж
хэлсэн ч болно. Сайныг нь заавал олж харъя гэвэл, Монгол маань ихээхэн
сонирхолтой газар орон байна. Энэ л хангалттай.
¨ ¨ ¨
Аливаа бэлгэдэл дүрс нь хийсвэр сэтгэлгээний ямар нэг
томоохон ололтын илрэл, загвар, үр дүн байх бөгөөд түүний ид шид нь эргээд
бясалгал өдөөх, үзэгдэл юмсыг ургуулан бодох, учир холбогдлыг нь нээн тайлах
шилдэг хэрэгсэл болдог жамтай. Энэ утгаараа хас үнэнхүү хосгүй нөөц агуулгатай.
Ардын заншилт утга нь арваад байхаас, тухайлбал бат бэхийн бэлгэдлийг
монголчууд ихэд анхаарч байсан юм.
¨ ¨ ¨
Үхэр бол монгол соёлын хамгийн эртний ба хамгийн эрхэм
шүтээний нэг юм. Хадны зураг дурсгалын талаас илүү нь үхрийн дүрс байна.
Тиймээс энэ үхэр монгол гэсэн хэллэг нь угтаа үхэр шүтээнт хүмүүс гэсэн утгын
улбаатай.
¨ ¨ ¨
Хосмол чанарыг анх олж харж, оюун дүгнэлт хийж
аксиомжуулан анхны томъёо тэмдгийг хад чулуунд сийлж үлдээсэн өлгий нутаг нь
монгол газар учраас Дорнодахины энэ суурь ухааны зохиогчийн анхдагч эрх нь
өнөөгийн бидэнд өвлөгдөх ёстой.
¨ ¨ ¨
Одоо үед түгээмэл “арга, билиг” маань буддын философиос орчуулан авсан нэр томъёо. “Мөнх тэнгэр” ба “Их суу заль”. Уугуул ба цаглашгүй суут монгол хосмол нь энэ. Энэ бол
хожмын гүн ухааны хэлээр “матери” ба “ухамсар” мөн. Мөнх тэнгэрийн хүчин дор. Их суу залийн эгээгэн
дор.
¨ ¨ ¨
“Суу заль” энэ бол “Суу” ба “Заль”. Хааны суу. Энэ бол тэнгэрээс заяатын зөн билиг,
бодлого, стратеги, түүний тэнгэрлэг шинж буюу харизм юм. Харцын заль. Энэ нь
албат ардын арга ухаан, гүйцэтгэх тактик чанар мөн. Хааны суугаар шийдэж, харцын залиар хүрдэг.
¨ ¨ ¨
Амьтан болгон олгойтой бөгөөд энэ нь гадаад орчинтой
бодисын, улмаар энергийн солилцоо явуулж цогц бүтцээ амьдруулах химийн фабрик.
Олгойд аль болох их материал шахахын тулд амьтан болгонд амьдралын тэмцлийн гол
хэрэгсэл заяасан байдаг. Хүний хувьд гол эрхтэн маань уураг тархи. Компьютерийн
хэлээр хэлбэл, уураг тархи маань бараг хэт хөгжсөн hardware
буюу хатуу эд анги байна. Энэ
hardware-д чухам ямар зөөлөн эд анги буюу software суулгаснаар хүн гээч амьтан
нэг мөр тодорхойлогдон буй. Тэрхүү software
нь боловсрол.
¨ ¨ ¨
Сэтгэн бодох оюуны чадвараа шалгах бэлээхэн бөгөөд
үнэмлэхүй хэрэгсэл нь шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэл байна.
¨ ¨ ¨
Мэдлэг бол хүч. Knowledge is power.
Знание – Сила. Фрэнсис Бэконы үг.
Мэдлэг бол хүч, тиймээс эрхшээл, засаглал гэсэн язгуур утгатай. Туйлын мэдлэг
бол үнэмлэхүй эрхшээл.
¨ ¨ ¨
Өргөн боловсролгүйгээр сайн мэргэжилтэн болдоггүй. Нарийн
мэргэших тусам олон талын өргөн боловсрол шаардагддаг.
¨ ¨ ¨
Хүн төрөлхтөний үе үеийн хуримтлуулсан туршлага байна.
Ялангуяа шинжлэх ухааны түүхэн туршлага нэн үнэ цэнэтэй. Үүний ерөнхий тоймыг
мэдэж, улмаар зарим тодорхой дүрэм баримтлахыг сэтгэлгээний соёл гэж байгаа юм.
¨ ¨ ¨
Хүний уураг тархи өөрөө ертөнцийн загвар юм. Ертөнцийн
үйл хөдлөл ямар байна, хүний зөн билиг, логик сэтгэхүй нь түүнийг л хар аяндаа
давтаж байна. Мөн эсрэгээр, хүний оюун ухаанд юу багтана, ертөнцөд тэр нь биелж
байна. Математикийн ямар ч хийсвэр онол хэсэг хугацааны дараа физикийн бодит
үзэгдлээр батлагдсаар ирэв. Харин
хийсвэрлэл маань дотоод логик зөрчилгүй байх ёстой.
¨ ¨ ¨
Уураг тархинаас логик сэтгэлгээ урган гарна. Мөн
сэтгэлзүй гээч юм урсан гарна. Хосмолын хууль юм даа. Үндсэн нэгдэл ба зөрчил
чухам энд байгаа юм. Хаана логик, хаана
сэтгэлзүй явж буйгаа тов тодорхой ялгаж салгаж сурахаас сэтгэлгээний соёл гээч
юм эхэлдэг. Хүйтэн толгойтой, халуун зүрхтэй байхтун гэсэн үндсийн үндсэн
сургаал байна. Хатуу чанд логикоор сэтгэж, чин санаа баримталж явахтун гэсэн
үг.
¨ ¨ ¨
Хүмүүс бид төрмөл ухаан, олдмол боловсролынхоо хэмжээнд л
сэтгэж байгаа. Логик сэтгэлгээг нэг бол сааталд оруулж будилуулах, нөгөө бол
урамшуулан тэтгэх нь сэтгэлзүй юм.
¨ ¨ ¨
Хамгийн чухал нь хүн төлөвших, тодрох нөхцөл нь ганцхан.
Тухайн нийгэм орчноор өгөгдсөн туйлын ердийн ахуй амьдралын баяр гуниг, эрээн
алаг, хүндрэл бэрхшээл. Хүн бид амьдралын тэмцлийн туршлага, хатуужлаар
төлөвшин буй. Чухамхүү энэ үйл явцын туршид мөнөөх төрөлхийн нөөц боломж илэрч
байгаа.
¨ ¨ ¨
Орчин цагт
стратегийн алтан дүрэм ганцхан. Тэр нь “Муугаар бод, сайнаар хий” юм.
¨ ¨ ¨
Их хүний алдах нь хүртэл учиртай/алдаатай санаанд нь ч
үнэний хувь өндөр байдаг/.
¨ ¨ ¨
Ер нь бол их мэдэх, гүнзгий мэдэх нь ялгаа зөрөөтэй хоёр
үзэгдэл. Их мэдэх, хэтэрхий их мэдэх нь бүтээлч сэтгэлгээнд хориг саад болдог
гэж үзэх нь бий.
¨ ¨ ¨
Гүнзгий мэдэхийн тулд их мэдэх албатай юу? Үгүй, албагүй.
Үндэс язгуурыг л үзэх харахтун гэж оросын Кузьма Прутков хэмээгч зөвлөсөн
байдаг. Энэ суурь сэтгэлгээний асуудал болохоос тэр болгоныг түүж мэдэх хэрэг
биш. Ерөөс юунаас юуг мэдэх нь зүйтэй ба хангалттай вэ гэдгийг мэдэх нь жинхэнэ
боловсрол юм шүү дээ.
¨ ¨ ¨
Эрэлхийлэх нь шинэ юмыг дав даруй сурч мэдээд авахыг бас
багтаадаг. Сайн сэтгэхийн тулд мэдлэг,
мэдээллийн өргөн дэлгэр хөрс дэвсгэр хэрэгтэй болно. Та бидний hardware
төрмөл. Олдмол software хичнээн шинэ
сэргэг баймааж, hardware маань төрмөл чадлынхаа хэмжээнд юм уу, түүнээс давж
ажиллах боломжтой. Ингэснээр урам зориг хэмээх сэтгэлзүйн таатай хөрс бүрэлдэж,
хөтлөх хүч хар аяндаа үүсч үйлчилнэ.
¨ ¨ ¨
Жинхэнэ боловсрол зөвхөн ба ямагт бие даасан боловсрол
байна. Мэргэжлийг ямар нэг сургуулиар олгож болно. Тэр сургууль нь боловсролын
амтанд оруулна гэж бараг байхгүй. Тиймээс боловсрох хүн өөрөө л оюуны
сонирхлоороо хичээнэ.
¨ ¨ ¨
Шинжлэх ухааны үүрэг зорилго нь юу билээ? Гэвэл нэгтгэх
буюу нэг үндэслэлээр буй бүхнийг тайлбарлах, тийнхүү танин мэдэхүйн бүхий л
асуудлыг хялбарчлахад оршино. Нэгтгэх,
хялбарчлах зорилт нь шинжлэх ухааны бүх салбарт хамаарна. Түүний дотор дэлхийн
нийт түүх буюу түгээмэл түүхэнд ч хамаарна.
¨ ¨ ¨
Монголд монголчлох гэж хуучин үг бий. Хэцүүг хялбарчлах,
аливааг энгийнчлэхийг хэлдэг шүү дээ. Тэгвэл яг ийм хялбарчлах, энгийнчлэх
агуулга зорилготой нь бас шинжлэх ухаан. Ахуй амьдралынхаа хэрэгцээ шаардлагад
тохируулан засварлахыг бас монголчлох гэж ойлгодог.
¨ ¨ ¨
Сэтгэнэ гэж шинэ юм эрэлхийлэхийг/шийд хайж бэдрэх/
хэлнэ. Энэ тэр хүн хуучнаар сэтгэж байна гэж ярьдаг. Энэ бол буруу хэллэг,
логик алдаа. Хуучнаар сэтгэнэ гэсэн ойлголт байдаггүй. Энэ тэр хүн чинь ерөөс
сэтгэхгүй байгаа хэрэг.
¨ ¨ ¨
Ухамсартай шийдвэр заримдаа мэргэлэхээс дор ч байж болно.
Шийдвэр гаргах нь хүний субьектив хандлага байдаг бол мэргэ буух тохиолдол нь
харин бодит үзэгдэл юм. Мэргэлэх нь асуудал нэн тодорхойгүй нөхцөлд шийдвэр
гаргах сайн аргын нэг билээ. Тэнгэрт даатгаж буй хэрэг. Гэхдээ мэргэ төлөг нь сохор сүсэгтэй холбогдохоороо нэн хортой.
¨ ¨ ¨
Аливаа мэдлэг, туршлагын гол зорилго нь урьдчилан харах,
зөгнөх. Шашин, шинжлэх ухааны утга учир нь ирээдүйг тодорхойлох ба тайлбарлах.
Дэлхийн хөгжлийн хурдац эрс өссөнөөр аливаа юмс үзэгдлийн 20-оос цаашхи жилийн
төлвийг урьдчилан харах боломжгүй гэж судлаачид үэж байна. Гэвч асуудал энд
бус. Асуудал 2020 оны монголын төрх төлвийг урьдчилан харах арга зам байна уу?
гэдэгт оршино. Арга зам бий. Тийм арга зам олохын тулд бид урьдахаа маш үнэн
бодитой шинжлэн, чухам яагаад бид буруу замаар будаа тээхдээ өөрсдөө мэдээгүй
явсныхаа учрыг олох ёстой юм. Ингэхгүйгээр бүх алдаа, дутагдал маань хор
хохиролтойгоо хамт давтагдах болно.
¨ ¨ ¨
Таамаглал бол алс холын бүрхэг балар зөн биш, өнөөгийн
тодорхой шийдэл, эр зориг мөн. Таамаглал бол хүлцэнгүй хүлээх бус бүтээн
байгуулах хувь заяа. Үнэн зөв таамаглалын аргазүй нь “Хамгийн муугаар төсөөлөх.
Тиймээс хамгийн сайнаар хийх”.
¨ ¨ ¨
Маш эртний армаг тармаг сэтгэмж дүгнэлтүүд нэг үе зөвхөн
өнгөрсөн баларсны бүдүүлэг дурсгал мэт харагдаж байсан бол шинжлэх ухаан орчин
цагт нарийн түвэгтэй асуудлыг шийдэх хэрээр анхдагч сэтгэмжүүд санаанд
багтамгүй мэргэн ончтой байсан нь улам бүр илэрч байна. Анхны санаа алт гэдэг
нь тэр байх. Ер байгальтай цул нэгдмэл
байсан эртний хүний зөн совин нэн хүчтэй байсан гэх.
¨ ¨ ¨
Домог эртнийх байх тусмаа үнэ цэнэтэй, учир нь хүнд
байгалиас a priori өгөгдсөн оюун сэтгэлгээний язгуур зарчим илрэх үндсэн ганц
эх сурвалж нь домог юм.
¨ ¨ ¨
Дэлхийн түүхээс нягтлан үзвээс, аль нэг үндэстний глобаль
түрэлт нь бүх талын давамгайллын нөхцөлд л зөвхөн хэрэгжих боломжтой байсан нь
нэвт харагдана. Гэвч бүх талын эрхшээл давамгайллыг бүрдүүлсэн нөхцөл нь
ганцхан юм. Энэ нь бодит сэтгэлгээ. Морьтон ноён бээр элдэв төрлийн соёл
суртал, бусдын онол номлолоор мунхраагүй нэгэн бөгөөд тэрбээр ердөө л байгалийн
зөнг хар ухаандаа бясалган байснаар бүхий л үйл явцыг стратеги, тактикийн
түвшинд тооцон чадаж, тэр тооцоо төслөө мөнхүү байгалийн амьтны эрс шулуухан
зориг, араатны ов мэхээр хэрэгжүүлж байв. Чингисийн монголчуудын бодит
сэтгэлгээний үндэслэл нь нэн эртний метафизик сургаалын систем байжээ. Тэр нь
тэнгризм. Байгалийн зүй тогтолд шүтэлцэн сэтгэх, үйлдэхийг Тэнгризм хэмээмой. Тэнгэр
нь орчлон ертөнц, сансар хорвоог нэгтгэн үзэж хийсвэрлэсэн томъёолол.
¨ ¨ ¨
Тарнийн ёсны нэг увидас нь мантра буюу маани бөлгөө. Нэн
эртнээс угшиж ирсэн хийгээд голт зүрхэн маани нь танил дотно болсон Ом
маань билээ. Сансар ертөнцийн эрчим хуран цугларах ёстой тэр цөм буюу татах
цэгийг дандарын номонд маани хэмээн ухаарч буй юм. Маанийг дуудаж уншихаас
гадна эрхи тоолох, хүрд эргүүлэх зэргээр дуу үгүй үйлдэж болдог зан үйл мөн.
Маанийг зөв, төгөлдөр сайхан уншиж дуудахад ихээхэн зүтгэл ордог гэнэм. Ом
хийгээд бусад маани нь ертөнцийн дотоод зарчим, бүтцийн дуу авиан загвар гээд
цагийг нь онож, төгс аялгаар өгүүлэн өвчин зовлонг анагаах, өст дайснаас
ангижрах, өвс ургамлыг арвижуулах гэхчлэн увидасыг олж, шимийг хураамой хэмээн
тарнийн ёсонд үзнэ.
¨ ¨ ¨
Маани нь ертөнцийн авиан дүрс бол янтра нь ертөнцийн
оршихуй, үйл хөдлөлийн дүрсэн загвар юм.
¨ ¨ ¨
Өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цаг тус тусдаа тусгаар үйл
явц хэрхэвч бус, эцэстээ нэг л тууштай чиг шугамыг тодорхойлж байдаг.
¨ ¨ ¨
Үзэх – энэ бол дорно, өрнийн философид сайтар солбицдог
төв цэг. Нүдтэй бүхэн харж байдаг. Харагдаж буй юм маань адилхан. Харин тэр
харагдаж буй юмнаас хэн юу олж үзэж байна вэ?
Хэн юу олж үзэж байна вэ гэдгээр хүн чухам хэн болох нь нэг мөр харагддаг жамтай. Хүний
гүн далд дотоод төлвийн илрэл нь билгийн мэлмий хэмээгч юм.
¨ ¨ ¨
Товчдоо, аливааг хүн бүр адилхан харна. Хол ойрын харааны
сайн муу нь ялгаагүй нэг л юмыг харна. Гэтэл үзэхүй нь хүн бүрээр өөр. Үзэхүй
нь Vision юм. Insight гэвэл нэг ухаандаа
далд нууцыг зөн билгээр мэдрэх замаар гүнд нэвтрэх чадвар юм.
¨ ¨ ¨
Бидний тэнэглэлд хязгаар үгүй. Энэ нөхцөлд үнэ цэнэтэй
зөвхөн зөн билиг. Зөн төрж, совин татахуйц мэдээлэл бид хангалттай өгч байна.
Гэвч мэдээлэл бол мэдлэг биш гэж Эйнштейн сургажээ. Учир нь мэдлэгийн эх
сурвалж нь туршлага. Тиймээс туршлагажих нь хамгаас чухал. Ерөөс жинхэнэ оюуны
илрэл бол мэдлэг бус төсөөлөл. Эн түрүүнд том төсөөлөх, фантазлах, хийсвэрлэн
мөрөөдөх, сэрүүн зүүдлэх хэрэгтэй гэсэн үг. Фантазлаж сурахгүй бол мэдлэг чинь
ажиллахгүй. Эхлээд хийсвэр төсөөлөл баймааж сая мэдлэг тань түүнийг
хэрэгжүүлэхэд дайчлагдана.
¨ ¨ ¨
Тухайн үндэстний удамшлын сангийн эх баригч, эрхэмлэн
хадгалагч нь эм хүйс юм. Энэ нь биологийн хууль. Удамшлын сангийн консерватив
хадгалагдах зорилго нь эм хүйстэнд хамаатна. Харин удамшлын санг шинэ сэргэг
мутациар баяжуулах, эрж хайх, эрсдэл хүлээх биологийн үүрэг нь эр хүйст ногддог
гэж генетикчид нилээд нийтлэг үздэг.
¨ ¨ ¨
Ер нь бол өрнийн соёл ухааныг эзэмшихэд амархан, дорнынх
их хэцүү гэсэн нэг чухал ялгаа бий юм. Өрнийн соёл нилээд нийтлэг дөхөм
стандарт хэлбэршилд тулгуурласан байхад Дорных өвөрмөцүүдэд үндэслэдэг байх юм.
Европд олон том жижиг улс үндэстэн байсаар атал үндсэндээ нэг л соёл ба
уламжлал ноёрхон байна. Гэтэл Азид ороод ирэхээр үндэстэн бүр тэс ондоо
өвөрмөцүүд байна. Дорно, өрнийн ялгарал сэтгэлгээний хувьд ч харагдана. Өрнөдөд
дан логик ухаан, дорнодод логик дээр нэмэх нь мэдрэхүйн хосмол ухаан тус тус
ноёрхсоор ирсэн. Өрнийн буюу шинжлэх ухааны логик нь тийм, үгүй гэсэн хоёрхон
боломж хэлэлцдэг хоймсон логик юм. Гэтэл дорнын метафизик логикт гуравдахь нь
илүү бус бөгөөд тиймээс гурамсан логик болно.
¨ ¨ ¨
Өрнөдийн прагматизм, дорнын бодь сэтгэл чухам 21-р зуунд
л сая хослон нэгдэж, хүн төрөлхтөний авралын замыг хамтран эрж хайх бололтой. Бодит
сэтгэлгээний дээд хэлбэр нь шинжлэх ухаан. Бодь сэтгэлийн дээд хэлбэр нь шашин.
¨ ¨ ¨
Өрнийн, Дорнын сэтгэхүйн ондоошил нь хосмол чанарыг авч
үзэхээрээ бас ялгагдана. Энэ ялгаа нь өнгөц үзэхэд яльгүй мэт атлаа угтаа
үзлээс үүсэх үйл хөдлөл бүрийг тодорхойлох зарчмын том үр дагавартай байдаг.
Хадны зурагт нар, араатны хосмол зураг бий. Энд эсрэг тэсрэг хоёр үзэгдэл,
чанар бие биеэ үнэмлэхүй үгүйсгэн үхэх сэхэхээ үзэж байна. Юмс үзэгдлийн хоёр
тал эвлэрэшгүй бөгөөд нэг нь ялах ёстой гэсэн ийм угшил явсаар, тухайлбал Перс
чиглэлийн зороастризм шүтлэг, номлолыг бий болгож, улмаар тэр соёлын хүрээний
бүтээгдэхүүн лалын шашин бүрэлдэхэд нөлөөлжээ. Энэ угшил нь үндсэндээ үл
тэвчихүйн чиглэлд багтана. Гэтэл нар саран тэмдгийг аваад үз. Энд шүтэн
барилдлага, эерэн зохицохын ухаан харагдах бөгөөд хосмолын нэг нь нөгөөгүйгээр
оршихгүйг илтгэнэ. Энэ угшил яван явсаар буддизм болсон нь тэвчихүйн чиглэл
мөн.
¨ ¨ ¨
Монголчуудын өвөрмөц онцлог, манай лут том шанс бол
дорно, өрнийн торгон заагт оршин буйд. Газарзүйн болон түүхэн энэ нөхцөл
байдлыг муугаар хэлбэл, маргиналь завсрын гэдэг, сайнаар хэлбэл, ямар нэг
тэнцвэр, хосмол төлөв. Цаг цагийн эрхээр аль нэг тийш хэлбэлзэх, туйлшрах нь
тохиолдох боловч түүхийн туршдаа завсрын статус нь ерөнхийдөө дорно, өрнийн нөлөөг
тэнцвэржүүлэх хүчин зүйл болж байна.
¨ ¨ ¨
Монголоос Сүмэ-Вавилоноор дамжин европ зүгийн шашин
сурталд хүчтэй нөлөөлсөн үл тэвчихүйн чиглэл эцсийнхээ дүнд материалист үзэл
суртлыг бий болгов/Үл тэвчихүй – Үзэл нэг л байх ёстой. Хоёрдогч нь буруу/.
Материа анхдагч. Гүйцээ. Ямар ч тайлбар илүүцээр барахгүй хортой. Мөн монголоос
гарч Энэтхэг газраа гүйцэд боловсорсон тэвчихүйн чиглэлд олон шашин, үзэл суртал байж болохоор
барахгүй хэрэгтэй гэнэ.
¨ ¨ ¨
Дандарын/тантризм/ номлол нь Бэлгийн хүслийн болон сэтгэлийн
эрчим хүчээ оюун санааны дэвшил хөгжилд зориулснаар ертөнцийг эзэмдэх чадвартай
болдог юм гэж үзнэ. Дандарын урлагийг орчин цагийн нүдээр харвал эротик урлаг
юм.
¨ ¨ ¨
Хосмолжих, солбицох, эргэлдэх – Ийм гурамсан зарчим нь
энэ төрлийн хээ бүтээх үндсэн арга зүй юм. Энэ нь ерөөс ертөнцийн оршихуй,
хувьсахуйн зүй тогтлыг загварчлах үндсэн чиг шугам болохын хувьд суурь язгуур
шинж чанартай байна.
¨ ¨ ¨
Ер нь бол ойлгох гэдэг мэдээжийн мэт ойлголтондоо маш
болгоомжтой хандахаас шинжлэх ухаан эхэлдэг учрыг анзаарахгүй бол тун явцгүй
шүү. Ойлгох нь маш хүндрэлтэй, зөрчилтэй, ээдрээтэй ба эгзэгтэй ойлголт. Үүнээс
үүдэн шинжлэх ухаанд ойлгох нь чухал биш. Шинийг зүгээр мэдээд, сураад авах нь
чухал байдаг жам хуультай. Сурсан хойноо хэрэглэж л таарна. Хэрэглэх үедээ
ойлгож байна уу, үгүй юу ямар ч ач холбогдолгүй. Ажилла, ажилла, ажилла. Ойлгоц
аяндаа ирнэ гэж нэг нэрт физикч хэлсэн буй.
¨ ¨ ¨
Хомо Сапиенс төрөлтөн ерөөс ямар нэг юм ойлгох гэж хичээж
мачийсаар нэн эртнээс өнөөг хүрчээ. Ер хүний ухаан учир дутагдалтай,
хязгаарлагдмал болохыг анзаарахаас сэтгэлгээний соёл эхлэнэ. Шинжлэх ухааны
түүхэн туршлагад шингэсэн хүн төрөлхтөний хамтын оюун ухаан л шийдвэрлэх хүчин
зүйл болж байна. Ойлгоц бол эхний бус, эцсийн шат. Эхлээд үл маргах журмаар
/тогтоон цээжлэх/, сурах, суралцах, хэрэглэх хэрэгтэй.
¨ ¨ ¨
Хамгийн
бага/minimal/арга хэрэгслээр хамгийн аугаа/maximal/ үр дүнд хүрэхийг ЛОГИК
гэнэ. Логик буюу минимакс зарчмыг
хэрэгжүүлэх арга хэрэгслийг математик гэнэ.
¨ ¨ ¨
Орчлонд тоо томшгүй олон янзын үзэгдэл юмс оршин байна.
Энэ тоо томшгүй олон янзын үзэгдэл юмс оршин буйн угийн угт цорын ганц учир
шалтгаан, цорын ганц логик байх ёстой. Учир нь бүх боломжтой ертөнцүүдэд
ганцхан байдаг юмыг логик гэнэ.
¨ ¨ ¨
Хүний оюун ухаан нь ертөнцийн загвар дүрс бүтээхийн төлөө
ямагт байна. Хүний оюун ухаан ертөнцийн оршихуйг хийсвэрлэн загварчлах нь асар
нийтлэг, суурь үзэгдэл юм.
¨ ¨ ¨
Ер нь ямарваа онолд эрж хайдаг нь ганцхан: тухайн үзэгдэл
юмны инвариант. Инвариант нь ямар нэг хувиршгүй чанар, ерөнхий үндэслэл. Ерөөс
хэн хүн үнэхээр онол номлол яримаар бол эхлээд юуны ямар инвариант олсон бэ
гэдгээ тогтоох нь чухал.
¨ ¨ ¨
Баталгаа шаардах үнэнийг теорем гэнэ. Гэвч хамгийн хэцүү
нь аливаа ухаанд энэ ёстой нь үнэн
болохыг батлах явдал. Аливаа юмыг хэлчихэд хэцүү бус. Харин баталж нотлох нь
хязгааргүй хэцүү. Энэ нь ганц математикт хамаардаг бол бас ч гэж яахав. Дуртай
нь оролдож л байна биз. Гачлантай нь оюун сэтгэлгээний бүх салбар, ер нь
амьдралд баталгаа шаардахгүй үнэн гэж байхгүй. Хүн, нийгэм, түүх, соёлын
хязгааргүй их олон хэмжээст огторгуйд аливаа баталгаа хязгааргүй хэцүү,
ихэнхдээ тодорхойлох боломжгүй байна. Ерөөс үнэн, худлын зааг зарчмын хувьд маш тодорхойгүй байх нь
логикийн нэн санамсаргүй, сонин тал юм.
¨ ¨ ¨
Түүх гэдэг бол баримт, сэжим сэлтийг түүж цуглуулах,
судлах мэдэх гэсэн үг. Тэгсээр эцэст
ямар нэг дүгнэлт, логик, философ урган гарна.
¨ ¨ ¨
Үзэгдэхийг үл үзэгдэхгүйгээр тайлбарлах ёстой гэж
Польшийн алдарт зөгнөлт зохиолч Станислав Лем хэлжээ. Үзэгдэх нь физик ертөнц.
Үл үзэгдэх нь түүний цаадах математик тооцоолол.
0 сэтгэгдэл:
Post a Comment