Баатарын Батаа
Сурагч төвтэй сургалтын
технологи
Эссэг бичих болсон үндэслэл
Монгол улс 1990 оноос нийгмийн социалист
тогтолцооноос зах зээлийн эдийн засагт тогтолцоонд шилжиж, нийгэм эдийн засгийн харилцаанд эрс
шинэчлэл хийх бололцоо бүрдсэн. Боловсролын салбарын хувьд даяарчлагдаж буй дэлхий ертөнцөд гарч буй
нийтлэг хандлага, ололтод тулгуурлан уламжлалт тогтолцоо, хандлагыг өөрчлөн
шинэчлэх ажлуудыг эхлүүлээд байгаа билээ. Эдгээрийн нэг нь сургалтын багш төвтэй уламжлалт хэлбэрийг сурагч төвтэй болгон өөрчлөх явдал юм. Энэ үйл ажлыг
МННХ-Соросын сан, Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг “Алхам алхамаар”
хөтөлбөрөөр эхлүүлж, одоо нэгэнт 15 жилийн нүүрийг үзээд байгаа
боловч бодит байдал дээр ЕБС-ийн сургалт уламжлалт арга хэлбэрээсээ салаагүй,
багш нар нь сурагч төвтэй сургалтын технологиор сургалтаа явуулж чадахгүй
байсаар л байна.
Сурагч төвтэй сургалт гэж юу вэ?
Сурагч төвтэй сургалт
гэсэн ойлголтыг анх Францын нэрт соён гэгээрүүлэгч Жан Жак Руссо 1762 онд
хэвлүүлсэн “Эмиль буюу хүмүүжлийн тухай” зохиолдоо хэрэглэжээ. Ш.
Ичинхорлоо, Г.Долингор нар сургалтын энэ хэлбэрийг “Сурагч төвтэй сургалт бол хүүхдийн авъяас,
чадавхи, хэрэгцээ, сонирхол, эрх, эрх чөлөө зэргийг эрхэмлэсэн, түүнд чөлөөтэй
хөгжих боломжийг олгосон, тэр хэрэгтэй мэдлэг туршлагыг өөрөө амьдрал орчноос
олж авдаг сургалтын нэг чиглэл юм” гэж тодорхойлсон байдаг./2, 20/. Сурагч төвтэй сургалт сурагчдад “бие дааж бүтээлчээр
сэтгэх”, “өөрийн
хурдаар сурах”, “хэрэгтэй мэдлэг, чадварыг мэдээллийн олон эх үүсвэрээс эрж хайх”,
“нээлттэй, ардчилсан байх”, “өөрийн хэрэгцээг
илэрхийлэх”, “судлах хичээлийнхээ
хөтөлбөрийг өөрөө сонгох”, “сурах
үйл ажиллагаа нь бие даасан байх” зэрэг олон бололцоог нээж өгдөгөөрөө орчин цагийн
хэрэгцээ, шаардлагад тун нийцтэй сургалтын хэлбэр болоод байна.
Сурагч төвтэй сургалтын технологи гэж юу вэ?
Юуны өмнө “технологи” хэмээх ухагдахуунд
сурганы үүднээс зөв тодорхойлолт өгөх учиртай. Үүнийг эрдэмтэн Д. Ванчигсүрэн “Технологи гэдэг нь сургах
урлаг судлал буюу сургах, сурах арга ажилбар, эрэмбэ тогтолцоог тэмдэглэсэн
ухагдахуун юм” /1, 29/ хэмээн тодорхойлжээ. Харин
ОХУ-ын эрдэмтэн Н.Ф. Талызина “Технологи бол нэг талаас ур чадварын шинжлэх
ухаан, нөгөө талаас аливаа бүтээгдэхүүнийг янз бүрийн аргаар боловсруулах
дамжлага гэж ойлгож болно”/3, 5/, В.П. Беспалько “Аливаа үйл ажиллагаа нь
технологи эсвэл урлаг байх ёстой. Урлаг нь хүний зөн билэг, уран сэтгэмж,
технологи нь шинжлэх ухаанд үндэслэдэг”/3, 5/ гэжээ.
Сургалтын технологи
гэсэн ойлголт анх шинжлэх ухаан, техник, технологийн ололтыг сургалтад
нэвтрүүлэхтэй уялдаж 1950-иад онд АНУ-ын сургалтын онол, практикт гарч ирсэн
бөгөөд онолын үндэс нь бихеровизм юм. Үүнийг үндэслэгчид нь Б. Скиннер, С.
Пресс, Э. Торндайка нар юм. ОХУ-ын хувьд Н.Ф. Талызина, М.В. Беспалько, В.Я.
Полиповский, П.У. Крейтсберг, З.И. Кальмыкова, Е.Н. Кабанова-Меллер, П.Я.
Гальперин, В.М. Полонский нарын эрдэмтэн судлаачид сургалтын технологийн онол,
арга зүйн асуудлуудыг судалжээ. Дээрх эрдэмтэн судлаачид сургалтын онол, багшлах
ур чадвар, техник зэрэг чиглэлүүдийг арга судлал, онол, заах аргын төвшинд
судалсан байна. Манай улсын бага, дунд боловсролын сургуулийн багш нарын дунд
сургалтын технологийн шинэчлэлийн онол, арга зүйн асуудлууд 1990-ээд оноос
хүчтэй яригдах болж ашиглах материалууд хэвлэгдсэн ажээ/3, 3/.
Сургалтын технологи бол
сургалтад техник хэрэгсэл, компьютер хэрэглэх төдий бус, боловсролын үр дүнг
дээшлүүлэхэд нөлөөлөх хүчин зүйлүүдийг шинжлэх, арга барил ба сургалтын
материалыг хэрэглэх, хэрэглэсэн аргаа шууд үнэлэх замаар сургалтын үйл явцыг
оновчтой зохион байгуулах зарчмуудыг илрүүлэх, шинэ арга барилыг боловсруулах ухаан
юм.
Тэгвэл сурагч төвтэй
сургалтын технологи гэж юу вэ? Сургалтын онолын үүднээс авч үзвэл, сургалтын
технологи нь зорилго, үйл явц, үр дүн гэсэн бүтэцтэй байх бөгөөд түүнийг
сургалтын зорилгыг хамгийн бага хугацаанд өндөр үр дүнтэй хэрэгжүүлэх арга зүй
гэж товчоор ойлгож болно. Европын орнуудад сургалтад дэвшигдсэн зорилт, түүнийг
хэрэгжүүлэхэд баримтлах зүй тогтол, зарчим, зохион байгуулах хэлбэр, арга,
хэрэглэлийг хэрэглэх дэс дарааллыг сургалтын технологи гэж томъёолдог ерөнхий
хандлага байна/3,5/.
Манай улсын бага, дунд
боловсролын сургуулийн хувьд сургалтын технологийн шинэчлэл нь “хичээл” төвтэй
сургалтаас “сурагч” төвтэй сургалтад шилжих онол, арга зүйн шинэчлэл болоод
байгаа бөгөөд энэ нь тодорхой анги, насны хүүхдийн танин мэдэх, сонирхол,
хэрэгцээнд үндэслэн сургалтын агуулга, арга зүй, үнэлгээний стандартыг иж
бүрнээр нь шинэчлэн боловсруулах асуудалтай нягт уялдана.
Сурагч төвтэй хичээлийн технологи хэрэгжих үндсэн
нөхцлийг Ш. Ичинхорлоо
1/ Багш сурагчдад өөрийгөө
өөрчлөх, хөгжүүлэх хэрэгцээ үүсгэх, ийм зүйл маш хэрэгтэйг
ухааруулж ойлгуулах,
2/ Сурагчид сурч танин
мэдэх үйлдлүүдийг ухамсартай, дуртай хийж гүйцэтгэх
3/ Сурагчдын амьдрал
орчноос олж авсан мэдлэг туршлагад тулгуурлах
4/ Тэдний хэрэгцээ
сонирхолд тулгуурлах
5/ Сурагчдын сурч танин
мэдэх үйл ажиллагаанд тулгуурлах явдал
зэрэг гэж үзсэн байдаг/4, 37/ бол
Д. Ванчигсүрэн “Бидний судалгаа, ажиглалт туршилтаас үзвэл шавь
төвтэй сургалтыг явуулах үржил шимт хөрс нь:
1-рт: Суралцагсдын бие даан ажиллах чадвар
2-рт: Суралцагсад хоорондын болон багш
суралцагсдын харилцан сургах хамтын
ажиллагаа юм”
/1, 15/
гэж
тодорхойлсон байдаг.
Ингэхлээр сурагч төвтэй
сургалт гэдэг нь хүмүүний бие сэтгэл, оюуны хүч, нөөцийг нээн илрүүлэх
хөгжүүлэхэд чиглэсэн, суралцагсдын бие даан ажиллах чадвар, хамтын ажиллагаанд
тулгуурлан бүтээлч сэтгэхүйг төлөвшүүлдэг, субьект хоорондын идэвхтэй
харилцааны сургалт юм.
Багшийн
шинэ загвар
Сургалтыг сурагч төвтэй
явуулахтай холбоотойгоор багш “өөрөө бага ярьж, сурагчдаар
ихийг хийж бүтээлгэх”, “сурагчдад
бие дааж суралцах арга барил эзэмшүүлэх”, “сурагч болоод нийгмийн хэрэгцээг судалсны үндсэн
дээр хичээлээ бэлдэж, явуулах”, “сурагчдыг сэдэлжүүлэх, тэднээр эрэл хайгуул
хийлгэх, багаар ажиллуулах”, “сурагчдаар мэдлэг бүтээлгэх”, “өөрсдөөр нь мэдлэг,
чадварыг нь хянуулж, үнэлүүлэх”, “сурагчдад амжилттай суралцах таатай нөхцлийг
бүрдүүлж, сурагчдын хамтран зүтгэгч байх” гээд олон олон зүйлд шинээр суралцаж, уламжлалт хандлагаа бүхлээр нь өөрчлөхийг цаг
үе шаардаж байна. Үүнийг Ш. Ичинхорлоо “Багшийн ном” бүтээлдээ “Уламжлалт сургалтад багшийн гол үүрэг сурагчдад
шинжлэх ухааны их мэдлэг олгох, түүнийгээ хянан шалгах явдал байсан бол орчин
үед сурагч төвтэй сургалтын үзэл санаа дэлгэрч улмаар багшийн үүрэг сурагчид
өөртөө хэрэгтэй мэдээлэл, арга туршлага өөрөө олж авахад нь туслан зөвлөх,
тэдэнтэй хамтран ажиллах, тэдний сурах үйлийг чиглүүлэх явдал болж өөрчлөгдсөн”/5,6/ гэж тодорхойлсон
байдаг. Үнэхээр орчин үед сурагч
мэдлэгийг зөвхөн багшаас олж авдаг уламжлалт хандлага хуучирч, тэд мэдээллийн
олон төрлийн эх үүсвэрээс өөрсдөө бие даан суралцах явдал чухал боллоо. Ийм нөхцөлд багш би бүхнийг мэднэ, бусдад
бүхнийг заана гэсэн хоцрогдсон сэтгэлгээнээсээ салж, харин үүний оронд өсвөр
залуу үеийнхэнд хэрэгтэй мэдлэг, чадвар, туршлага олж авахад нь туслагч,
сургалтын үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулагч,
чиглүүлэгч болон өөрчлөгдөх хэрэгтэй болж байна. Үүнтэй холбоотойгоор миний бие
“Орчин үеийн
багшид, өөрчлөгдөхөд нь үлгэр болох шинэ
загвар хэрэгтэй” гэсэн санааг дэвшүүлж
байна. Санааны маань шийдэл болохоор
нэгэн хувилбарыг доорх байдлаар гаргалаа.
Уламжлалт сургалтаар багш
|
Багшийн шинэ загвар
|
Суралцагчаа байнга чирч явдаг
Мэдлэгтэй багш
Багш ихийг зааж сургадаг
Элсэлт – албадмал, нэг төрлийн
Мэдлэг дамжуулдаг технологи
давамгайлдаг
Нэг талын, онолд тулгуурласан
боловсрол олгодог
|
Багш сурагч дасан зохицон
тасралтгүй хөгжигч
Чадамжтай багш
Багш, сурагчид хамтран сурах
Элсэлт – сонирхлоороо, олон
сонголттой
Мэдлэг бүтээх технологи
давамгайлдаг
Олон талт боловсрол олгодог
Прагматик боловсрол
|
Дүгнэлт
Уламжлалт
сургалтын тогтолцооноос Сурагч төвтэй
сургалтын тогтолцоонд шилжих үйл явц эцсийн эцэст сургалтыг явуулж буй багш түүнийг хэрхэн
ойлгож ухаарсан, түүнд нийцүүлэн өөрийн үзэл бодол, хандлага, заах арга зүйгээ
өөрчилж чадаж байгаа эсэхээс шууд хамаарч
байна. Багш бид бусдад бүхнийг заах гэдэг, өөрийгөө төгс төгөлдөр гэж боддог
хуучинсаг ойлголтоосоо салж, сургалт ба
сурагчийг цоо шинэ өнцөгөөс харж, ӨӨРИЙГӨӨ шинэ хүн болгон өөрчлөхөөс ажлаа
эхлэх ёстой.
Ашигласан ном, материал:
1. Д. Ванчигсүрэн Шавь төвтэй сургалтын онол, арга
зүй УБ, 1996
2. Ш. Ичинхорлоо, Г. Долингор
Сургалт УБ,
2005 он
3. Д. Монхор, Б. Дамдинсүрэн, П.Дорж Сургалтын
технологийн онол, арга зүйн зарим асуудлууд УБ, 1997
4. Ш.Ичинхорлоо Шавь төвтэй
хичээлийн технологи УБ,
2009
5. Ш. Ичинхорлоо Багшийн
ном УБ, 2010
Хэрэгтэй мэдээлэл байлаа баярлалаа.
ReplyDelete