Facebook Page Like

2015/01/27

Тунгаан бодъё: Шашин ба Ёс зүй

Share & Comment
Баатарын Батаа

Шашин ба Ёс зүй
Religion and ethic

Ёс зүйгүй өнөөгийн ертөнц:


Хоёрхон настай бяцхан охиныг ачааны машинаар дайрсан бичлэг YouTube хуудаснаа шуугиан тарив. Аав, ээжийнхээ ажиллуулдаг дэлгүүрийн гадаа явсан бяцхан охиныг машин дайрчээ. Урд дугуйгаараа охины дээгүүр гарсны дараа хэсэг тээнэгэлзсэнээ ард талын дугуйгаараа ахин нэг удаа дайрав. Цусанд будагдсан бяцхан охины хажуугаар хүмүүс метр ч хүрэхгүй зайтай өнгөрөх авч туслахыг хүссэнгүй. Зам дээр хэвтэх охиныг ахин нэг машин дайрчээ. Хажуугаар нь явж өнгөрсөн 18 хүний хэн нь ч түүнд тусалсангүй. Харин эцэст нь нас тогтсон нэгэн ядуу эмэгтэй олж харангуутаа замаас холдуулан, эмнэлэг дууджээ.
Дэлхийн мөс хайлж байна. Дулаарал явагдаж байна. Хүний мөс ч бас хайлж байна. Хүйтрэл явагдаж байна. Халуунаас халуун сэтгэлийн илчийг хэмждэг зүйлийг хүйтнээс хүйтэн үгээр яагаад илэрхийлдэг тухай үе үехэн би боддог. Хайлах тусам нь сэтгэл дотор жавар хургамаар хүйтэн болдог хүний мөс. Цэвдэг эриний цэвдэг хүмүүс. Хэтэрхий материаллаг, хуурмаг ертөнцийг өөрсдийн гараар бүтээчихээд амьд халуун сэтгэлээ алхам алхмаар гээсээр яваа бидний үе.
Хүн хүнээ хайрлах агуу их хайрыг хуулиар бүтээж болохгүй. Хайр өөрөө сэтгэлээс асаж, сэтгэлээр тэжээгддэг ургамал билээ.
Б.ЦАЦРАЛ, Мөс, 2011 оны 10 сарын 24

Ёс зүй гэж юу вэ?

Ёс зүй хэмээх үг нь хамтран амьдрах газар, заншил гэсэн утга бүхий эртний грекийн ethos/оросоор Этика, англиар ethic/ гэсэн үгнээс, ёс/зан/ суртахуун нь төрх байдал, зан ааш гэсэн утга бүхий латин хэлний moralitas/оросоор мораль, англиар morality/ гэсэн үгнээс үүсэлтэй ажээ. Орчин үед ёс зүй нь философи, эрх зүйн бие даасан салбар,  ёс суртахуун нь энэ салбарын судлагдахуун гэж ойлгогдох болжээ.

Ёс зүй бол нийгмийн тодорхой тогтолцоон дахь хүмүүс өөрсдийн авир үйлдэл, харилцан хамаарлыг тохируулахын тулд аяндаа сайн дураараа баримталдаг янз бүрийн хэм хэмжээний цогц, ёс суртахууныг судлах зүйлээ болгодог философийн бүрэлдэхүүн юм. Ёс суртахуун – хүмүүс өдөр тутмын амьдралын явцад өөрсдийн харилцааг сайн дурын зан аашийнхаа үндсэн дээр зохицуулж байдаг янз бүрийн хэм хэмжээний цогц юм.
Л.Мөнхсайхан нар - Хуульчийн ёс зүй/гарын авлага/, 2013 он, Х23

Нийгэм бол хүний хамтаар амьдрах орчин билээ. Энэ утгаараа хүн хэмээх амьтан нэг талаас байгалийн, нөгөө талаас нийгмийн бүтээгдэхүүн юм. Амьтан гэдэг утгаараа хувь хүн бүр төрөлхөөс өөрийн гэсэн зан араншин, авирын онцлог хэв шинжтэй төрнө. Харин нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээ нь хувь хүнийг нийгмийн харилцаанд оролцох үед нь зан авираа эерэгээр удирдан жолоодох чиглүүлэг, өөрийн үйл хөдлөлийн учир холбогдлын зөв, бурууг ойлгон ухаарах баримжаа, биеэ зөв авч явах соёл болж өгдөг.
           
Нийгмийн ёс суртахуун нь ард түмний мэргэн ухаанаар аяндаа бий болон гарч ирэх бөгөөд  цаг хугацааны шалгуураар тухайн нийгмийн харилцааг үр ашигтайгаар зохицуулах нэг хэм хэмжээ болдог.  Нийгэмд тогтсон ёс суртахууны зөв хэм хэмжээг нийгмийн гишүүд ямар нэг албадлагагүйгээр, сайн дураараа даган мөрддөг тул энэ нь нийгмийн харилцааг зохицуулдаг чухал хүчин зүйлсийн нэг юм.

Ёс суртахуун судлал

  1. Эртний грек
            Ёс суртахууны хэм хэмжээ нь ямар нэг хэмжээгээр хүний нийгэм бий болсон цагаас  л байсан бөгөөд харин түүнийг тусгайлан судлах үйл хэрэг анх 2500-гаад жилийн өмнө эртний грект эхэлжээ. Их сэтгэгч Сократ, Платон, Аристотель нарыг ёс суртахуун судлалын анхдагчид гэж үзэх боломжтой.

“Сайн муу хоёрыг ялгана гэдэг аливаа ухааны дээд нь”.  
Сократ
Хүнд юуг хийх, юунаас татгалзах хэрэгтэйг танихад
тусалдаг зүйл бол ёс суртахуун юм.
Аристотель

Хүний хаана төрснийг нь биш, ямар ёс суртахуунтайг нь харах хэрэгтэй.
Апулей

  1. Шашин
Ёс суртахуун судлалын томоохон орон зайг шашин эзэлдэг. Ялангуяа дундад зууны үед ёс суртахууны ихэнх хэм хэмжээ шашины гэгээнтнүүдийн номлосон сургаалиудад үндэслэж байсан. Дундад зууны шашны ёс зүй нь нүгэл буян, зөв буруу үйлдэл, нүгэл үйлдэх, нүглээ наминчлах, сэтгэлийн ариусал, оюуны гэгээрэл гэсэн шинэ ойлголтуудаар ёс суртахуун судлалыг өргөтгөсөн билээ.

Ариун сурталт эр хүн өөрийнхөө давуу чанарыг мэддэг, гэвч сөргөлдөөнөөс зайлсхийж явдаг. Тэр хүн бүхэнтэй эв зүйгээ ололцдог, гэхдээ хэнтэй ч үгсдэггүй.
Күнз

 Шударга ухаалаг зүйл бүхэн буян, шударга бус хүсэл нь нүгэл.
Бурханыг хайрлах нь хамгийн дээд хайр.
Фома Аквинский /1225-1274/ 

Өгөөмөр сэтгэл хийгээд ёс журам сахисаны ашиг тус бусдад болой. Үнэн тэвчээртэй, нэгэн үзүүрт сэтгэлийн ашиг нь өөрт болой.
Нагаржуна 

Бусдын зовлонд баярлана гэдэг хүн чөтгөр болж буйн шинж.
Гэгээн Августин

Шашины олон урсгал чиглэлүүд энэрэн нигүүлсэхүй, хайрлахуй, хүлцэн тэвчихүйн үзлээр нийгмийн ёс суртахууны хэм хэмжээнд  эерэг нөлөөлөл, үнэтэй хувь нэмрийг оруулсан. Гэхдээ шашны ёс зүйд “Бүтээгч хүчинд итгэх, номлолыг шүүн тунгаалгүй дагах, хувь хүний эрх чөлөөг хязгаарлах, сургаал айлдагчийн хуурамч төрх, шинэчлэл өөрчлөлтөөс хоцорсон” зэрэг олон алдаа дутагдал илэрч, эдгээр нь цагийн аяс, нийгмийн шинэчлэл өөрчлөлттэй тохирохгүй байсан тул нийгмийн ёс суртахууны хэм хэмжээнд нөлөөлөх байр суурь нь аажимдаа алдагдсан байна.   

  1. Ёс зүйн философи
Европт сэргэн мандалын эрин үе/1450-1750 он/ ирсэнээр ёс суртахуун судлал нь ёс зүй гэсэн философийн бие даасан салбар болж хөгжжээ. Өрнийн философид байгалийн хууль,
утилитарианизм, категорийн императив гэсэн ёс зүйн тулгуур 3 онол байдаг.

Ёс зүйн байгалийн хууль ёсоор бол ямар нэг зүйл нь амьдрлын жинхэнэ зорилгоо биелүүлж л байх юм бол тэр нь зөв, харин энэхүү зорилгынхоо эсрэг явбал буруу гэж үздэг.

Эпикур ёс суртахууны гол зорилго бол бүх хүнд аль болох их аз жаргалтай бий болгох гэж үзэж байсан. Энэ нь ёс суртахууны утилитари онолын үндэс болдог. Энэ онол сайн, муугийн тухай ойлголтыг уламжилж авахаасаа илүү үйл ажиллагааны үр дүн дээр суурилдаг. 

Иммануил Кант ямар ч нөхцөлд бүх хүний хувьд бүрэн зөв байх ёс зүйн зарчим томъёолохыг оролдож, үүнийгээ категорийн императив гэж нэрлэсэн байдаг.

Бид ямар нэг зорилго болоод ёс суртахууны тухай ярихын тулд үнэт/эрхэмлэх/ чанарыг ярих хэрэгтэй болно. Баримтаар бол “ийм байна, үнэт чанараар бол “ийм байх ёстой гэж гарна. Кант хүний зайлшгүй дагаж мөрдөх хэм хэмжээ/категорийн императив/ нь ийм байх ёстой гэж үзсэн зүйлсийн хүрээнд тодорхойлогдох ёстой гэж үзсэн. Харин Г.В.Гегель Кантын энэ онолд шүүмжлэлтэй хандаж, илүү прагматик шинжтэй болгон өргөтгөсөн байна. Гегелийнхээр ийм байх ёстой гэх нь дэндүү хийсвэр хандлага, үүний оронд хүн байгаа бодит байдлыг ухаалгаар танин мэдээд, улмаар оюун ухаанаараа түүнд нийцэхээр зүй зохист хэм хэмжээнд тэмүүлэх нь илүү зөв ажээ.

Ёс зүйн онол ба бодит байдал
Ерөөс ёс суртахуун гэж сайн сэтгэхийн л нэр юм.
Суут математикч Блез Паскаль

Ёс зүйн онолууд алхам алхамаар боловсрон хөгжсөөр Блез Паскалийн хэлсэн дээрх санаанд тулж ирээд байна. Ёс зүйн захирамж нь “заавал мөрдөх шаардлага тавьдаг захирамж, “хэрэгжүүлэх ёстой зорилгыг санал болгодог захирамж гэсэн 2 хэлбэртэй. И.Кантын “категорийн императив нь хүн үүргээ албадуулахгүйгээр биелүүлдэг байх ёстойг заадаг хоёр дахь төрлийн ёс зүйн захирамжид хамаарна. Хүн ёс зүйн ийм шаардлагыг биелүүлдэг байвал өөрөө өөрийгөө удирдан жолоодож, өөрөө гэгээрч, өөрт олгогдсон эрх чөлөөг зүй зохистойгоор хэрэглэж чадах билээ. Харамсалтай нь ийм төрлийн захирамжийг сайн дураар хүлээн авах чадвар хүн болгонд байгаад байдаггүй. Өнөөгийн ертөнцийг харахад нийгмийн багагүй хувь нь төрөлхөөс ийм чадвараар хомс байдаг ажээ.

Ёс суртахууны хэм хэмжээ ингэж бүрдэх нь зөв гэсэн ёс зүйн онол, нийгмийн бодит байдал хоёрын энэхүү зөрчилтэй байдлыг шийдвэрлэж чадваас хүн төрөлхтөн бид ёс зүйн доройтлоосоо салж чадах билээ.

Шашин ба шинжлэх ухаан
Шашингүй шинжлэх ухаан доголон, шинжлэх ухаангүй шашин сохор юм.
Альберт Эйнштейн

Шинжлэх ухааны ололт, амжилтууд хүмүүсийн оюун санааг шашны дарангуйллаас салгаж, оюуны эрх чөлөөг олгосон нь үнэн. Нөгөө талаас энэ нь  мухар сүсэгт баригдсан, ёс суртахууны доройтолд орсон өнөөгийн нийгмийг бий болгох нэг хүчин зүйл болсон гэдэг нь бас үнэн.  Шашин ёс суртахууныг бий болгохын төлөө бодитой үйл ажлуудыг хийж байсан, гэхдээ арга нь буруу байсан. Шинжлэх ухааны хандлага нь зөв боловч тэр ёс суртахууныг дээшлүүлэхийн төлөө бодитой зүйл хийгээгүй. Угаасаа түүний хийх ажил биш. Гэхдээ энэ байдлаас гарах гарц нь эргээд шашны сургаал, номлолыг дээдэлж, дэлгэрүүлэх явдал/ингэж үзэх хүмүүс мэр сэр гарч ирэх болсон/ байж таарахгүй. Учир нь хуучин аргаар шинэ асуудлыг шийдвэрлэдэггүй. Ялангуяа тэр арга нь учир дутагдал, логик алдаа ихтэй байсан бол.

Шашины ихэнх урсгал чиглэлүүд нийгэмд ёс суртахууны хэм хэмжээг тогтооход чиглэж ирсэн нь сайшаалтай хэрэг. Гэхдээ тэд сүсэг бишрэлд тулгуурладаг хуучин арга барилаараа шинжлэх ухаанаар мэдлэг нь тэлсэн шинэ ертөнцийн хүмүүсийг хөтөлж чадахгүй болоод байгаа юм.  Тэгвэл одоо яах хэрэгтэй вэ?

Шинэ гарц: Оюун ухаан
Би монгол хүний саруул ухаанд итгэдэг.
Санжаасүрэнгийн Зориг

            Бид бол хомо-сапиенс буюу ухаант-хүн билээ. Бид хүн төрлийнхөн дотроос хамгийн том, хамгийн сайн хөгжсөн тархитай нь. Бүтээсэн түүхээ эргэн харвал хүн төрөлхтөн бид балмад, мунхаг зүйлс олныг хийж байсан ч ухаарал, гэгээрлээр алдаагаа засч, ойлголтоо тэлж, оюунаа гэгээрүүлсээр, хүндрэл бэрхшээл олныг даван туулж XXI зуунтай золгосон, ухаант-амьтад. Чухамдаа ёс суртахуун гэдэг албадмал хуулиар биш, хувь хүмүүсийн мэргэн ухаанаар бий болж, ардын мэргэн ухаанаар түгдэг болохоор бид ёс суртахууны хэм хэмжээг хүний оюун ухаанд даатгах ёстой.
           
            Гэхдээ үүнд бид “нийгмийн ёс суртахуун аяндаа засарч, дээшлэх байхаа гэсэн идэвхгүй байдлаар хандах учиргүй. Өнөөгийн энэ хөгжил, дэвшилд хүн төрөлхтөн аяндаа сайжирна байхаа гэсэн хүмүүсийн бодлоор хүрээгүй, харин үүнийг ингээд хийчихье гэсэн хүмүүсийн оролдлого, хичээл зүтгэлээр хүрсэн билээ. Иймээс ёс суртахууныг хүний оюун ухаанд даатгахад нийгмийн гишүүн бүрийн оролцоо чухал.

Бидний нэг хэсэг нь одоо ямар байгаа болон яах хэрэгтэй талаар эргэцүүлэн тунгаах, улмаар тэр үзэл бодлоо бусадтай хуваалцах, нөгөө хэсэг нь тэр үзэл бодлоос хуваалцаж, өөрийн санаа оноо, дүгнэлтийг нэмэх зэргээр нийгмийн ёс суртахууны шинэ хэм хэмжээ баримтлалыг бий болгож, байгааг нь шинэчлэн сайжруулж чадна. Мэдээллийн хэрэгслийг ашиглан нийгмийг энэ төрлийн мэдээллээр бидний хэн нь ч хангаж чадна. Нийгмийн илүү оюунлаг хэсэг нь ёс суртахууны шинэ/ололттой/ хэм хэмжээг өөрсдийн ухамсраар хүлээн авч дэмжин, улмаар түүнийгээ үйл хөдлөлдөө баримтлах замаар нийгэмд шинэ өнгө төрх, үлгэрлэлийг үзүүлж болно. Эсвэл бид хүсэл зорилгоороо эвлэлдэн нэгдэх замаар нийгэмд өөрчлөлт, шинэчлэлийн хөдөлгөөнийг өрнүүлж болно. Олны хүндлэл хүлээдэг нийгмийн гишүүд сургамжийн үг, уриалгаар нийгэмд ёс суртахууны шинэчлэлийн үйлийг өдөөж болно. Бид бурууд шүүмжлэгч байр сууринаас хандаж, түүнийг нийгэмд анхааруулан сэрэмжлүүлэх замаар ёс суртахууны буруу хандлага, чиглэлийг хумин сааруулж чадна.    

Шашины биш ёс зүйн байгууллага
Далай багш шашин гэхээсээ илүү хүмүүний ёс суртахууны талаар ярьж байна. Монголд Бурханы шашин яагаад хүндгүй байгааг, яагаад хуврагууд хүмүүсийн сэтгэл, бишрэл, хүндлэлийг хүлээж чадахгүй болсны учир шалтгаан түүний айлдварыг сонсохуй дор тодорхой ойлгогдов. Далай ламын сэтгэл бурханы шашин жинхэнэ мөн чанараасаа гажин гүрэм засал, хурал ном төдийгөөр хүмүүст төсөөлөгдөн, манай лам хуврагууд ч өөрсдөө ийм маягаар явцуу ойлгодогт ихэд чилдэг юм билээ. Яг үнэндээ манай одоогийн лам нар лам шиг байж, шашин нь ч шашин шиг байж чаддаггүй юм уу даа.
Даваадорж, Дээрхийн гэгээнтэнд бараалхсан тэмдэглэл

“Би Төвдийн буддист, Хята­дын буддист, өөр бусад бурханы шашин шүтдэг хүмүүст “Бид XXI зууны бурханы шашинтан байх ёстой шүү” гэж хэлдэг.

Саяхан би мэдээнээс дэлхий дээр долоон тэрбум хүн амьдарч байгаагийн нэг тэрбум нь огт шашин шүтдэггүй гэсэн судалгааг олж харлаа. Хэрэв Бурхан багш энэ цаг үед морилсон бол “шашнаас ангид ёс суртахуун”-ыг зайлшгүй номлох байсан.”
Дээрхийн гэгээнтэн  XIV Далай лам

XXI зуунд шашины байгууллагуудын хувьд нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх нэг л гарц үлдээд байна. Тэр нь ёс суртахууныг эрхэмлэгч”, олон нийтийн соён гэгээрлийн/мунхруулгын биш/ байгууллага болон өөрчлөгдөх явдал. Ингэхдээ өөрсдийн үзэл санааг сүсэг бишрэлд биш, харин хүндэтгэл, хүлээн зөвшөөрөхүйд тулгуурлах болгон өөрчлөн шинэчлэх шаардлагатай байгаа юм.
Ангилал: ,

0 сэтгэгдэл:

Post a Comment

 

Онцлох санаа

Амжилтын 5 хошуу - Тунгаан бодож сур - Шинэ санаатай нөхөрлө

Онцлох санаа

Шаардлага хангасан боловсрол - Уламжлал&шинэчлэл - Хож хож

Хэрсүү ухаанаар хамаг монгол хөгжинө.

Зохиогчийн эрх © Баатарын Батаа /