Facebook Page Like

2015/01/27

Синергетикээс төрөх ухаарал

Share & Comment
Баатарын Батаа

Синергетикээс
төрөх ухаарал

1977 онд Германы физикч Хакен өөрийн номондоо синергетик/хамтын үйл ажиллагаа гэсэн утга бүхий грек үгнээс үүсэлтэй/ хэмээх нэр томъёог анх хэрэглэсэн гэдэг. Одоо бол “аяндаа цэгцрэх тогтолцооны онол-г үүнд ойлгох болоод байна.

Синергетик нь тогтвортой/тодорхой/ төлөв байдлаасаа шилжсэн системийг эргээд цэгцрэлийн төлөвтөө хэрхэн ордог зүй тогтлыг судалдаг ухаан юм. Өөрчлөлт, шинэчлэлт ихтэй өнөөгийн энэ цаг үед нийгмийн системүүд гадна орчны нөлөөгөөр тэнцвэрт/тогтвортой, тодорхой/ төлөв байдлаасаа өөрийн эрхгүй алслагдан шилжиж, бүтэц бүрэлдэхүүн нь задран өөрчлөгдөхөд хүрч байна. Нийгмийн систем өөрчлөлтөд дасан зохицож, оршин тогтнохын тулд тогтвортой төлөв байдал руугаа эргэн шилжих, шинэ бүтэц бүрэлдэхүүнээр эвлэлдэн нэгдэх арга замыг олох ёстой. Үүнийг ойлгон ухаарахад синергетикийн шинжлэх ухааны ололтууд бидэнд тус болох билээ.

 Сүүлийн үед өрнөдийн эрдэмтэд фрактал бүтэц, хаос байдал гэдэг онол их ярьдаг болсон. Үүнийг хар үгээр барзгар бүтэц, замбараагүй байдал гэж тайлбарлаж болох мэт. Довон дээрээс харахад замбараагүй харагдсан юмс уулан дээрээс харахад замбараатай харагддаг ажээ.
Л.Түдэв

Синергетикийн ухаанд хаос, бифуркаци, фрактал гэсэн нэр томъёонууд бий. Хаос нь анх эмх цэгцгүй, замбараагүй гэсэн утга санааг илэрхийлдэг байсан бол сүүлийн үед өөрөөр ойлгогдох болоод байна. Хаос бол ухааран ойлгож чадвал ямар ч зүй тогтолгүй, замбараагүй явдал биш ажээ. Үүний нууц нь  тодорхой, тогтвортой төлөв рүү хөтлөх аттрактор/татагч/ гэгчид байдаг.  Шувуу, загас  зэрэг амьтдын хуйлран шилжих хөдөлгөөнөөс үүнийг ажиглан харж байна. Тэд эхлээд эмх замбараагүйгээр дэрхийн хөдлөх боловч удалгүй сүргийн ямар нэг амьтан/толгойлогч/  болоод бие биендээ татагдах замаар хоорондоо мөргөлдөлгүйгээр, хэлэлцэж тохирсон мэт сүргээрээ эмх цэгцтэй мэт шилжин хөдөлж чаддаг. Байгууллага болоод баг хамт олны хувьд тэднийг хаос төлөв байдлаас гаргагч аттрактор нь багийн ахлагч эсвэл хэн нэгэн ухаалаг эсвэл санаачлагатай гишүүн байх юм.

Синергетикт бифуркаци/bifurcation – нэг зүйл хоёр болон хуваагдах/ гэсэн ойлголт бий. Энэ нь үзэгдэл үйл явцын явах зам мөр салаалан, салбарлах замаар үргэлжлэн өрнөх жам ёсыг харуулдаг. Бифуркаци орчлонгийн тэгш хэмийн/тэнцвэр, эсрэг тэсрэгийн нэгдэл/ хууль үзэгдлийн өрнөн үргэлжлэх зам мөрийн хувьд ч биелдэгийг харуулдаг.
   
Системийн даялал туйлуудын хооронд хэлбэлзэж баймааж систем тогтвортой байхаар барахгүй ямагт эмхлэгдэн хөгжих ганц нөхцөл бүрдэнэ.
Бэсүд Ч.Эрдэнэ





Лоренцийн аттрактор

Системийн үйл ажиллагааны зам мөр аттракторууддаа татагдан бифуркаци хэлбэрийн салаалах замаар  явах бөгөөд эн тэнцүү шинжтэй хоёр аттактор байх нөхцөлд тэдгээрийн хооронд шилжин эргэлдэх замаар тогтвортой зам мөрийн траекторийг үүсгэдэг. Энэ нь орчлонгийн тэгш хэмийн хууль/эсрэг тэсрэгийн нэгдэл/ үйлчилж буй хэрэг юм. 

Эндээс дараах ухаарлууд мөрдөн гарч байна:
1.   Бие биенийгээ үгүйсгэсэн үгүйсгэл байх ёстой, тэр нь хөдөлгөөн шинэчлэлийг бий болгох хүч болж өгнө
2.   Тухайн зүйл оршин байх хэрэгтэй гэдгийг нотлох зүйл нь  түүний үгүйсгэл буюу эсрэгцэл
3.      Бид туйлшралаас ангижрахыг хичээх биш/эсрэг аттрактораа үзэн ядах биш/туйлшралын аль нэг талд нь зогсохыг/аль нэг аттракторыг бий болгох, дэмжих/ хичээх ёстой

Фрактал/бутархай/ нь нэг нэгээрээ бол дутуу/хугархай/ мэт байсан зүйлс нийлэхээрээ бүрэн бүтэн мэт тогтолцоог бүрдүүлж чаддагийг хүн төрөлхтөнд ойлгуулсан. Тухайн цаг хугацааны агшинд нэг нэгээрээ бол ямар ч утга учиргүй мэт харагдаж байсан оролдлого, санаачлагуудыг  хэсэг цаг хугацааны дараа харахад нэгдэн нийлээд эсвэл бие биенээсээ дамжин гарах замаар бүтээлч үйл ажил, шийдэлд хүргэдгийг үүнтэй адилтгаж болох юм. Мөн системийн эд эс бүр ганц ганцаараа бол төгс биш/тогтворгүй/, ач холбогдолгүй, үр ашиггүй, найдваргүй зүйлс байдаг ч тэд нэгдэн нийлээд ирэхээрээ төгс, тун найдвартай, үр ашигтай тогтолцоог бүрдүүлдэг нь ч үүний өөр нэг бодит жишээ юм.

Аяндаа цэгцрэх буюу зохицол нийцлийн жамаар өрнөн үргэлжлэх үзэгдлийн үлдээсэн зам мөр нь фрактал бүтэцтэй дүрслэл байдаг.  Тэр нь эмх цэгцгүй, төлөвлөгөөгүй, өөтэй барзгарыг дүрслэн харуулах бөгөөд орчлонгийн төгс биш, эмх цэгцгүй, шугаман бус, аяндаа цэгцрэхүйн жамыг харуулах мэт. 

Хүний нийгмийг тогтвортой төлөв рүү тэмүүлүүлэх, найдварт байдлыг нь хадгалах гол хүчин зүйл болох аттрактор нь хүн төрөлхтөний бүтээн бий болгосон/хуримтлуулсан/ мэдлэгийн сан, оюун ухааны/рациональ сэтгэлгээ/ гэгээрсэн түвшин байх юм.

Саруул ухаан хомсдсон газар энтропи буюу
тодорхой бус байдал ихэснэ.
Ангилал: ,

1 сэтгэгдэл:

 

Онцлох санаа

Амжилтын 5 хошуу - Тунгаан бодож сур - Шинэ санаатай нөхөрлө

Онцлох санаа

Шаардлага хангасан боловсрол - Уламжлал&шинэчлэл - Хож хож

Хэрсүү ухаанаар хамаг монгол хөгжинө.

Зохиогчийн эрх © Баатарын Батаа /