Баатарын Батаа
Шинжлэх
Ухаанч Сэтгэлгээ
Scientifical Thinking
Шинжлэх
ухаан гэдэг нь хүний сэтгэлгээний олон зуун жилийн цуцалтгүй
хөдөлмөр юм.
А.Эйнштейн
Шинжлэх ухаан гэдэг
хүн төрөлхтөний хувьд туйлын үнэ цэнтэй, түшиж тулууштай сэтгэлгээний хэв шинж
яах аргагүй мөн билээ. Бид шинжлэх ухаанаас холдвол тодорхой бус, баталгаатай
бус, үнэн бус руу илүү хазайна. Үүнийг түүхийн
гашуун үнэнээс харж болно. А.Эйнштейний хэлснээр “шинжлэх ухаан” хэмээх энэхүү аргачлал нь хүн төрөлхтөний оюуны охиудын
олон зуун жилийн цуцалтгүй хөдөлмөрөөр бий болсон эд.
Хүн бол хүн
төрлийнхнөөс хамгийн том, хамгийн сайн хөгжсөн тархитай нь. Бид өөрсдийгөө
хомо-сапиенс буюу ухаант хүн гэдэг. Хомо-сапиенс юмыг
бодох, эргэцүүлэх, төлөвлөх оюуны чадвараараа бусад амьтдаас хол тасарсан.
Иймээс бид өөрсдийн оюун ухаанд, бас ухаантай гэж үзсэн бусад хүмүүсийнхээ оюун
ухаанд тун их найддаг.
Бид хүний оюун
ухаан алдах ёсгүй гэж боддог. Гэтэл тэр нь бас онож чаддаггүйн улмаас эвгүй
байдалд ордог.
Иммануэл Кант
Харамсалтай нь өө
сэвгүй, тун гайхалтай гэж итгэдэг бидний оюун ухаан тийм ч төгс эд биш ажээ.
Тэр алдаатай, өө сэвтэй, хор уршигтай дүгнэлт, таамаглал олныг дэвшүүлэх бөгөөд
бид түүнийг нь үнэн зөв, гарцаагүй зүйл хэмээн итгэж, хүлээн авах нь олон.
Хүн өөрийн оюун
ухаанд, ухаалаг бусад хүмүүсийн оюун ухаанд итгэх нь нэг талаар зөв зүйл мөн ч
нөгөө талаар бас буруу байх талтай. Үүний эхнийх нь шашинд, нөгөө нь шинжлэх
ухаанд илүү хамаарна.
Бурхантай
холбоотой зүйлийг авч үздэг шашин нь шашны их мэргэдийн сургаал, номлолд тулгуурлах бөгөөд энэ
нь итгэл, бишрэлээр тэтгэгддэг. Тэр сургаалийнх нь үр шимийг хүртэе
гэвэл түүнд эргэлзэлгүй, итгэн бишрэх хэрэгтэй.
Шашин
1900 жилийн турш оюун ухааныг хошуувчтай байлгасан юм.
Шопенхауэр
Аливаа зүйлийн мөн чанарыг нь
ойлголгүйгээр үгүйсгэх нь аюултай байдагчлан түүнийг таамгаар тодорхойлох, шууд
үнэн гэж хүлээн авах нь төөрөгдлийн мананд оруулах тул илүү хор уршигтай. Хүн
төрөлхтөн үүнийг “Шашинд толгойгоо мэдүүлсэн” харанхуй бүдүүлэг/шашны гэх тодотголтой/ дунд зуунд
хамгийн ихээр мэдэрсэн билээ. Европын католик сүм хийдүүд Аристотелийн зарим талаар алдаатай онолуудыг
гарцаагүй зүйл мэтээр бусдад тулгаснаар хүн төрөлхтөний хөгжилд удааны
хугацааны турш чөдөр тушаа болсон юм.
Энэ байдлыг “шинжлэх ухаан” хэмээх танин
мэдэхүйн шинэ хандлага засч, залруулсан бөгөөд түүний ачаар оюун ухаан шашин
хэмээх хошуувчнаасаа салж чадсан юм. Шинжлэх ухаанч хандлага бол юуны өмнө эргэлзэх эрх чөлөө. Цаашлаад бид
одоохондоо бүх зүйлийг танин мэдэж чадаагүй байгаа ч ирээдүйд илүү ихийг танин
мэдэж чадна, одоо байгаа тайлбарт ханалгүйгээр илүү ухаалаг хариултыг эрж хайх
хэрэгтэй гэсэн оюуны бүтээлч хандлага юм.
Фрэнсис Бэкон/1561-1626/
1605 онд хэвлүүлсэн “Эрдэм мэдлэгийн ололт”
бүтээлээр танин мэдэхүйн шинэ арга хэрэгсэл болох “индукцийн арга”-г санал
болгосон байна. Бэконы боловсруулсан энэ арга нь хүн төрөлхтөнд дедукцэд тулгуурласан
силлогизмийн алдааг ойлгуулж/гэхдээ дедукц огт хэрэггүй зүйл биш/, танин
мэдэхүйн шинжлэх ухаанч хандлагыг өрнөхөд хөшүүрэг болж өгсөн байна. Индукц нь
хүн төрөлхтөний хувьд цоо шинэ зүйл биш байсан ч туршилтыг индукцтэй
холбосноороо Ф.Бэконы санаа цоо шинэ байсан юм.
Хамгийн шилдэг шалгуур бол туршилт юм.
Фрэнсис
Бэкон
Оюун дүгнэлтэнд
хүргэх индукцийн арга нь мэдээлэл цуглуулж, ялган салгаж, шинэ онол бий болгох
бололцоог олгодог. Индукцийн аргаар хувь хүн ажигласан баримтуудаа цуглуулан
ерөнхий дүгнэлт гаргах замаар шинэ мэдлэг, санааг бий болгоно. Түүний үнэн, зөв
эсэхийг туршилтаар шалган нягтална.
Индукцийн арга нь хувь хүн байгаль-ертөнцийн хууль,
дүрмийг логик/рациональ сэтгэлгээ/, ажиглалт, туршилтаар танин мэдэж, амьдралын
нууцын талаарх ухаалаг хариултыг олж чадна гэсэн шинжлэх ухаанч/Ньютонч/ үзлийг
бий болгосон юм. Ингэж шинжлэх ухаан нь мэдлэгийг цуглуулан хуримтлуулагч хүч
болсноороо хүн төрөлхтөний мэдлэгийг олон салбараар тэлж, хүн танин мэдэх үйлд
хөгжил, дэвшлийг бий болгосон.
Шинжлэх ухааны ололт нэмэгдэхийн хэрээр нийгэмд дараах
зүйлс ажиглагдах болсон.
- Иргэд
шинжлэх ухааны ололт, мэдлэгийн санд хэт итгэх
- Шашны
урсгалууд шинжлэх ухаантай ил, далд
хэлбэрээр өрсөлдөж, агуулга үйл ажиллагааныхаа өнгөн талыг шинжлэх ухаанд
нийцүүлэхийг хичээх. Үүнтэй холбоотойгоор жирийн иргэд шинжлэх ухаан,
шашин хоёрыг ялгаж чадахаа байх
- Далд,
нууцлаг ертөнц хэмээх нэр томъёогоор үйл явдал, үзэгдлийг аль болох
тодорхой бус руу чиглүүлэх, улмаар түүн дээрээ тулгуурлан хууран мэхлэх
үйл ажиллагаа явуулах
Шинжлэх ухаанч хандлага, шашинлаг далд ертөнцөд итгэх
хандлага хоёрын үндсэн ялгаа нь “итгэх”, “эргэлзэх”-д байдаг гэдгийг бид сайтар ойлгох хэрэгтэй. Шинжлэх
ухаан эргэлзэх эрх чөлөөг өгдөг, бүр эргэлзэхийг шаарддаг. Харин шашинлаг
хандлага итгэхийг шаарддаггүй юм гэхэд чухалчилдаг.
Жирийн иргэд шинжлэх ухааны бүх ололт, мэдлэгийг
гарцаагүй үнэн гэж хүлээж авдаг хандлага сүүлийн үед түгээмэл ажиглагдах болоод
байгаа. Энэ үзэл, хандлага бас алдаатай.
Шинжлэх ухаанд
үндэслэлийг гаргаж ирэхэд индукцийг хэрэглэдэг. Иймээс
бид шинжлэх ухааны онолоо үнэн гэж баталж чадахгүй. Онолыг шинжлэх ухаанч
шинжтэй болгох зүйл нь түүний батлагдах чанар биш харин няцаагдаж болох чанар
юм. Няцаагдах боломжгүй зүйлс нь шинжлэх ухааны судлагдахуун биш.
Карл
Поппер
Шинжлэх ухаан няцааж болохуйц дүгнэлтүүдээр
мэдлэгийн системийг бүрдүүлдэг. Шинжлэх
ухаан мэдэхгүй гэдгээ нуудаггүй, өөрийн онол, сургаал нь алдаатай, хэзээ нэгэн
цагт үгүйсгэгдэж болно гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Харин шашин үүнийг огт хүлээн
зөвшөөрдөггүй, мэдэхгүй гэдгээ нуудаг. Шашинлаг сургаал, номлолд таамаглалын шинжтэй
дүгнэлтүүд элбэг байх бөгөөд түүнийгээ зүгээр л үнэн зөв гээд бодчихдог. Шинжлэх ухаан хувь хүнийг эргэлзэж,
эргэцүүлэн бодож болно гэж үздэг бол шашин эргэлзэхийг
буруушааж, шууд итгэж дагахыг шаардана/өнгөн дээрээ тэгэхгүй байж болно цаад
мөн чанараараа болно заавал тэгнэ/.
Шинжлэх ухааны үндсэн зорилго нь тодорхой
үндэслэлүүдээр дамжуулан тодорхой дүгнэлтэнд хүрэх явдал юм. Үнэн, худал
аль нь болохыг нотолж болдоггүй, бас үгүйсгэж ч болдоггүй зүйлс бол
шинжлэх ухааны асуудал биш. Угаасаа тийм мөн чанартай зүйлсийн талаар тийм, үгүй гэж
маргалдах нь утгагүй.
Мунхруулга хийгчдийн
ашигладаг үндсэн арга хэрэгсэл нь баталж ч, нотолж ч болдоггүй тийм зүйлст
тулгуурлах явдал байдаг гэдгийг анхаарууштай!!!
0 сэтгэгдэл:
Post a Comment