2015/03/20

Монгол үлгэр: Үнэг, арслан хоёр

Үнэг, арслан
хоёрын үлгэр



Урьд цагт үнэг арслан хоёр хамтарч ан гөрөө барьж иддэг байлаа. Барьсан олзоо ямагт арслан үүрдэг байжээ. Гэтэл нэг өдөр нэг буга бариад үнэгийг “Чи үүр!” гэж арслангийн хэлэхэд “Би яахав үүрч болж байна. Харин янцаглах гэж нэг хэцүү ажил бий шүү. Түүнийг чи хийж чадах уу?” гэж үнэг хэлэв. Тэгэхэд нь арслан “Би араатны хаан байтлаа энэ муу үнэгний хойноос дагаад янцаглаж явах гэдэг ичгэвтэр... хэрэг” гэж бодоод “Хүүе, би янцаглаж чадахгүй, үүрэхий нь би үүрье. Янцаглахы нь чи янцагла!” гээд бугаа зоон дээгүүрээ тавьж хөлөөс нь зуугаад их зантай алхаллаа. Үнэг хойноос нь янцаглаад дагав. Дагасаар уг газартаа хүрэхэд үнэг нөгөө махнаас нь сэтгэл хангалуун идэлцэж гэнэ.

Сургамж:

Арслангийн омог баатар
Мөн арсландаа зохих
Үнэгний уран арга
Мөн үнэгэндээ зохих
Арслангийн баатар омог үнэгэнд тусгүй
Үнэгний уран арга арсланд тусгүй
Арслан үнэг мэт явбаас түргэн гутах 
Үнэг арслан мэт явбаас түргэн үхэх


                       “Оюун түлхүүр” сургаалаас

No comments:

Post a Comment