2015/03/20

Визуал сэтгэлгээ гэж юу вэ?

Баатарын Батаа

Визуал сэтгэлгээ
/Visual Thinking/

Хүний сэтгэлгээ гэдэг бол үнэндээ нүднийх нь л сэтгэлгээ байдаг юм.
Освальд Шпенглер

            Визуал сэтгэлгээ нь бидний уураг тархи хэр өргөн цар хүрээгээр харж чадаж байгаагаар тодорхойлогдоно. Визуал сэтгэлгээ бол зураг, дүрслэл, төсөөллийг ашиглан харж, дүрслэх сэтгэхүй юм.

Харааны мэдрэхүй

  
Мянган удаа сонссоноос нэг удаа харсан нь дээр.
            Мэдээллийг хүлээн авахад харах эрхтэний гүйцэтгэх үүргийг онцлон тэмдэглэсэн энэхүү хэллэг нь сэтгэн бодох үйл ажиллагаанд харах үйл ямар чухал болохыг харуулж байна. Бидний оюун тархины ихэнх хэсэг нь сонсох, амтлах, үнэрлэх, хүрэх болон хөдөлгөөн хэмнэлийн мэдрэмжид гэхээсээ харааны биет мэдрэмжид илүү зориулагдсан байдаг. Хүн бүхэн орчин үеийн ямар ч зургийн аппарат, видео камераас хэдэн зуу дахин илүү хүчин чадалтай байгалийн фото аппаратыг ашигладаг бөгөөд тэр бол таны нүд билээ.


            Гэвч та өндөр хүчин чадалтай байгалийн энэ фото аппаратынхаа ашиг тусыг нь гаргаж чадаж байгаа юу? Сэтгэх чадвараа хөгжүүлэхийн тулд юун түрүүнд визуал сэтгэлгээгээ хөгжүүлэх буюу нүдээрээ харж сурах ёстой юм.  

           

         Визуал сэтгэлгээний үндсэн 3 элемент нь ажиглан харахуй, орон зайг баримжаалахуй, төсөөлөн бодохуй билээ. Бид визуал сэтгэлгээний эдгээр үйлүүдийн ачаар аливаа зүйлсийн утга санааг илүү сайн ойлгож, орчлон ертөнцийг илүү ихээр танин мэдэж чадна.


Ажиглан харахуй
Юмс бидэнд харагддаггүй, бид юмсыг хардаг.
Анайс Нин

Гярхай байна гэдэг оюун сэтгэлгээ саруулсаж буй хэрэг шүү дээ.
Мартин Хайдеггер

            Визуал сэтгэлгээгээ хөгжүүлэх эхний алхам нь ажиглан харах чадвараа сайжруулах явдал юм. Анхаарлаа төвлөрүүлэн ажиглан харах замаар бид нарийн жижиг зүйлсийг ч гэсэн анзаарч, шинэ шинэ зүйлсийг олж хардаг.

            Нүд эд зүйлсийг зүгээр нэг тогтоож авдаг юм биш, харин тэдгээрийн онцлог шинж төлвийг коодолж авдаг.
Нэрт угсаатан зүйч Клод Леви-Стросс

Бидний мэдрэхүйд хүртэгдэж чадаагүй зүйлсийг тогтоож авах, дараа нь сэргээн санахад маш хэцүү байдаг. Ялангуяа харааны мэдрэхүйгээ сайн ажиллуулаагүйгээс тухайн зүйл ой тойнд муу тогтож үлдэх нь элбэг. Хэдий сайн харж, ажиглаж чадна дараа нь сэргээн санахад төдий чинээ амар байх болно.

Миний хийсэн зүйлийг хараад өөрсөддөө юу хэрэгтэй байгааг олж харж чаддаг хүмүүстэй байх нь дээр байдаг.       
Дале Чихули

Ажиглан харах чадварыг хөгжүүлэхийн бас нэг ач тус нь ажиглах замаар бусдаас суралцах, нийгэм хамт олноосоо суралцах чадвартай болдогт оршино.

  1. Харахуй-Үзэхүй/See Look/
Нүдтэй бүхэн харж байдаг. Харагдаж буй юм маань адилхан. Харин тэр харагдаж буй юмнаас хэн юу олж үзэж байна вэ?  гэдгээр хүн чухам хэн болох нь нэг мөр харагддаг жамтай.     
                                                                                                                       Ч.Эрдэнэ


Хүн аливаа зүйлийг үндсэн 2 янзаар хардаг. Нэг нь таньж харах, нөгөө нь ажиглаж харах. Америкийн зураач  Jasper Johns үүнийг “Би эцсийн эцэст бид өөрсдийн эргэн тойронд байгаа зүйлсийг хардаггүй, зүгээр л таньдаг юм байна гэдгийг ойлгосон” гэж хэлсэн байдаг.  Тэрээр see/таньж харах/, look / ажиглаж харах/  гэсэн 2 үгийг онцлож,  аливаа зураач эд зүйлсийг зүгээр л нэг харах биш бүр нарийн ажиглаж, анзаарч харах ёстой гэж үздэг байв. 


2.      Анхаарлаа төвлөрүүлэх
Ажиглан харж сурах нь анхаарлаа төвлөрүүлж сурахтай холбоотой. Тэнгэрийн өнгө, аясын салхи, хэн нэгний хөдөлгөөн, нийгмийн үзэгдэл гэх мэт бүхий л зүйлд анхаарлаа хандуул. Ингэснээр та амьдралын цоо шинэ ертөнцүүд рүү нэвтрэн орох болно. 

3.      Олж харах
Танин мэдэхүй гэдэг мэддэг зүйлээсээ мэддэггүйгээ олж харах явдал юм.

Үзэгдэл юмсын үл анзаарагдам атлаа гол шинжийг олж мэдрэх чадварыг ажигч чанар гэнэ. 
О.Мягмар


Ажиглан харах гэдэг бол чухамдаа өөрт хэрэгтэйг олж харах чадвар билээ. Бидний эргэн тойронд шинэ санаа, боломжийг өгөх алт болоод эрдэнэсийн судлууд байгааг бид олж хардаггүй, байгааг нь мэддэг ч үгүй.  Харин бүтээлч хүмүүс тэдгээр судлыг олж хараад, алт эрдэнэсийг нь олборлон цуглуулж явдаг юм.

Орон зайг баримжаал­ахуй
Орчлонгийн цэг бүх дээрх тэнгэр өөр.
Д.Бямбасүрэн

Аль ч хотын дотор тэс өөр хот ямагт оршин байдаг.
Жиль Делёз
            Аялал жуулчлал бүхэн орон зай, цаг хугацаа, нийгмийн байгууламж руу
нэгэн зэрэг нэвтрэн ордог.
Клод Леви-Стросс

Визуал сэтгэлгээний бас нэг бүрдэл хэсэг нь орон зайг баримжаалах чадвар юм. Нүд болоод оюун мэлмийгээрээ юмсын хэлбэр хэмжээ, орон зайн хэмжээс, зүг чиг, байрлал зэргийг тодорхойлохыг үүнд ойлгоно.

Жишээ:  
            Тэмээ алсын барааг өдөр шөнө ялгалгүй хардаг. Үнэр сайн мэдэрдэг. Ус, худаг, айл бууцыг 30-аад км-ийн цаанаас мэдэрдэг байна. Иймээс ямар ч элсэн цөлд баримжаагаа алддаггүй орон зайн мэдрэмж сайтайгаараа малчдад хань түшиг болж, хайр булаадаг амьтан юм.

Бид орон зайг баримжаалах чадварынхаа ачаар орчноо илүү сайн мэдэрч, биеийн хөдөлгөөн, үйл хөдлөлөө зөв удирдан чиглүүлж чаддаг. 

Амьдрал өөрөө 3D.


   Орон зайг баримжаална гэдэг нь бас орчлон ертөнцийг хоёр биш гурав буюу бодит хэмжээсээр нь мэдрэнэ гэсэн үг.

       Орон зайг баримжаална гэдэг нь одоо хаана байгаа, дараа нь хаана хүрэх, чиглэл хаашаа байгааг мэдэрнэ гэсэн үг.


Орон зайг баримжаалах чадвар нь явах зам, зүг чигийг нүдээр тодорхойлохоос гадна юмсын хэлбэр хэмжээг нүдээр баримжаалах, газрын зураг ашиглах, харах өнцөгөө өөрчлөх зэрэг сэтгэхүйн олон янзын үйлдлүүдээс бүрдэнэ.

1.      Нүдэн баримжаа:

Орон зайг баримжаалах чадварын нэг бүрдэл хэсэг нь нүдээр баримжаалах явдал юм.  Бид нүдэн баримжаагаар эд зүйлсийн тоо ширхэг, хэлбэр хэмжээ, өнгө зүс зэргийг тодорхойлж чадна. 


2.      Харааны эндүүрэл:
        Хүртэхүй маань хаяа биднийг хуурдаг тул би оюун ухааныг ч гэсэн тэгдэг гэж тааварладаг.
Р.Декарт

Бидний харж байгаа бүхэн үнэндээ энэ харагдаж байгаагаасаа тэс өөр ч байж мэдэх юм.
Людвиг Витгенштейн

Эндүүрэл хэмээх мунхрал нь
Эрдэмт хүнийг ч илжиг мэт болгоно 
         Монголчууд бид “Чих худалч, нүд үнэнч” гэж ярих нь элбэг. Энэ нь бид нүдээрээ харсан зүйлдээ илүү итгэдэг гэсэн үг. Гэвч бодит амьдрал дээр нүд биднийг хуурч, төөрөгдөлд оруулах нь элбэг. Иймээс нүдэн баримжаанд хамаагүй их найдаж болохгүй.

  

Жишээ нь:
            Бидний нүдэнд хар хувцас өмссөн хүн туранхай, цагаан хувцас өмссөн хүн махлаг болж харагддаг. Ханандаа том тольтой өрөө илүү уужим, саруул санагдана.

3.      Харах өнцөг:
Олж харж буй маань биш, хэрхэн харж байна вэ гэдэг маань л хавьгүй чухал.
Монтэнь

Яг өмнө минь хэвтэж байгаа зүйлийг олж харах л надад хамгаас хэцүү байдаг.
Людвиг Витгенштейн

            Урлагийн агуу их нь бүхний дээгүүр халин нисэхэд биш, харин ч эсрэгээр бүхний гүн рүү шунган ороход бөлгөө.
Альбер Камю

      Юунд төвлөрч, ямар өнцөгөөр, аль талаас нь харахаас хамаарч юмсын утга санаа, дүрслэл нь өөр өөр харагддаг.  Бид орчин тойрноо илүү сайн ойлгон ухааръя гэвэл харах өнцөгөө өөрчилж чаддаг байх ёстой.    

Төсөөлөн бодохуй/Imagination/
Дүрслэн бодох чадваргүй хүн дуран авайгүй одон орны оргил хоёр адилхан.
Т.Бичер

            Та бүхэн намайг жижигхэн гэж хэлэх байх. Гэвч миний оюун тархинд хорвоо бүхлээрээ багтдаг. Энэ бол төсөөлөн бодох чадварын минь ач тус юм. 
                                                                                                        Ёко Оно

Yг болоод хэл яриа нь яг л хэлэгдэж байгаа, бичигдэж байгаагаараа л байдаг ба миний сэтгэлгээний механизмд өөр илүү үүргийг огт гүйцэтгэж чаддаггүй. Би төсөөллийг  гагцхүү дүрслэлээр л олж авдаг”
А.Эйнштейн

Төсөөлөн бодохуй гэдэг нь аливаа нэг зүйлийг оюун санаандаа дүрслэн бодох буюу оюун тархиараа харах үйл юм. 


Эйнштейн аливаа зүйлийг үгээр эсвэл томъёогоор илэрхийлэхийн өмнө агуулгыг нь  тархиндаа харахыг чухалчилдаг байжээ. 


Жишээ: Онигоо
            Европын холбоонд ОХУ–ыг элсүүлэх эсэх талаар ширүүн маргаан болжээ. Маргаанд оролцогч нэгэн “Уг нь орос орон ашигтай байрлалтай, хэрэгтэй орон юм.  Гэхдээ та бүхэн орос орныг бариулгүй, хүнд чемодантай зүйрлэн төсөөлөөд үздээ. Түүнийг өргөж, барихад хэцүү.  Өргөж чаддаг юмаа гэхэд даахгүй буцаагаад унагавал тун аюултай” гэж хэлэн маргааныг тасалсан гэнэ.  

            Төсөөлөл бол бидний оршихуйн хэрэгсэл мөнөөс гадна бидний алдааны нэг гол сурвалж. Бид төсөөлөлдөө хууртан буруу шийдвэр гаргадаг.
Блайз Паскаль


            Бүх төрлийн мэдээлэл визуалчлагдаж буй энэ цаг үед иргэд ВИЗУАЛ сэтгэлгээнд суралцах зайлшгүй шаардлагатай. Үүнийг менежментийн нэрт зөвлөх Питер Дракер “300 жилийн өмнө Декарт Би сэтгэж байна, тиймээс би оршин байна гэж хэлж байсан. Харин өнөөдөр бид Би харж байна, тиймээс би оршиж байна  гэж хэлэх хэрэгтэй болоод байна” хэмээн анхааруулсан байдаг юм шүү!

2 comments:

  1. Маш чухал хэрэгтэй нийтлэлүүд бичиж оруулдаг шүү. Илүү олон нийтлэлүүд оруулаарай. Баярлалаа.

    ReplyDelete
  2. Энэ бол миний амжилтын баталгаа юм. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлж буй өвчтөнийг аврахын тулд Доктор Раж Девашис, (Narayanahealthcare.in@gmail.com) -д бөөрөө зарсан гэж мэдүүлэг өгч байсан нэг хүний би интернэтээс мэдүүлэг авсан.

    Тиймээс би доктор Раж Девашист миний нэг бөөрийг худалдаж авахыг сонирхож байгаа эсэхийг тодруулахаар шийдсэн бөгөөд азаар тэд эмнэлэгт бөөрний донор үргэлж хэрэгтэй байдаг гэж хэлсэн.

    тэд худалдаж авахад бэлэн байна. Тиймээс бид тохиролцсон бөгөөд өнөөдөр нэг бөөрийг ямар ч гаж нөлөөгүйгээр зарж байгаадаа маш их баяртай байна ($ 700,000 usd). Та нэг бөөрөө зарахыг хүсч байна уу? Дараа нь доктор Ражтай и-мэйлээр холбоо бариарай: Narayanahealthcare.in@gmail.com

    ReplyDelete