Facebook Page Like

2015/02/01

Г.Галбадрах: Гоо сайхан монголчуудыг аварна

Share & Comment
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
e-mail: gala_mn@yahoo.com, 2010-01-24


           Гоо сайхан гэдэг зөвхөн хөөрхөн хүүхний царай биш юм. Хүний зүрх сэтгэлийн гүн дэх уяралт мэдрэмжийг хөндөж, дуу алдуулдаг гайхамшиг. Ямар ч хүн өөрийн харах, сонсох, үнэрлэх, сэтгэх мэдрэмжээрээ "ямар гоё юм бэ? " гэж дуу алдах агшин. Тэр гайхамшигт, бахархалт мэдрэмж, сэтгэл дотор нь удаан орших дор, хүн баярлан бахдаж, бусдад талархан биширч, бусдыг хайрлан энэрэх, уучлан өршөөх сэтгэл төрж, оюун санаа нь тайвширч, бас өргөжин тэлдэг.

Гоо сайхан гэдэгт, гайхамшигт хөгжим, уран зураг, уран зохиолоос гадна олон зүйлсүүд багтдаг. Дэлхийн олон гайхамшигуудын тоонд багтдаг Энэтхэгийн Таж Махал, Египетийн Пирамид, Францын Эйфелийн цамхаг, Хятадын Цагаан хэрэм зэргийг үзсэн хүн болгон гайхан биширч, дуу алдaна. Энэ бүхэн хүний оюун ухаан, хүч хөдөлмөр зүтгэлээр бий болсон гэхээр, бахархан бишрэхгүй байх аргагүй. Энд л хүмүүсийн гоо сайхнаар бахархах бахархал, бишрэх бишрэл асч байдаг аж. Бахархал бишрэл нь хүмүүсийн сэтгэлд баяр баясгалан, уярал догдлол, бие биенээ хайрлан хүндлэх сэтгэлийг бий болгож байдаг. Энэ бол дайн, хүчирхийллийн эсрэг сэтгэхүй юм.

      Өөрөө бүтээж, бий болгож чадахгүй хэдий ч, бусдын бий болгож чадсан олон гайхамшигийг мэдрэхдээ, энэ ертөнцөд хүн болж төрсөн хувь заяандаа баярлаж, энэ бүхнийг мэдэрч чадаж байгаадаа гайхан биширнэ. Энэ үедээ, бусдыг хайрлах, тэднээр бахархах, бусдад туслах, өөртэйгээ адил гэгээрүүлэх хүсэл төрнө.

     Гоо сайхныг зүрх сэтгэлээрээ мэдэрч чаддаг хүмүүс, бусдыг үзэн ядаж, хараан зүхэж, гутаан доромжилж, бусдыг хүчирхийлэн дарамтлахыг хүсддэггүй. Ийм хүмүүс бусдын өөдөөс гар далайж, буу онилж, хутга мэс хэрэглэж чаддаггүй. Учир нь, тэдний зүрх сэтгэлд уярал хайр, ухааран нигүүлсэхүйн их мэдрэмж цалгилж байдаг юм. Ийм болохоор л "гоо сайхан ертөнцийг аварна" гэдэг алдарт хэллэг гарсан байх.

Аллага, хүчирхийлэл, үзэн ядалтын эсрэг хамгийн сайн зэвсэг нь гоо сайхан байдаг аж. Тийм учраас, хүмүүс өөрсдийн үр хүүхдээ олдсон цагаас нь аялгуут сайхан хөгжим сонсгож, төрсөн цагаас нь зураг үзүүлж, ухаарах цагаас нь уншуулж хэвшүүлэхийг хичээдэг аж.


Гоо сайхныг хойч үедээ
Монголын боловсролын салбарт, суралцагсдад гоо зүйн боловсрол хүмүүжлийг ЕБДС-иас нь эхлэн олгохоор хичээдэг боловч, сургалтын агуулга, арга зүй нь буруу болохоор зохих үр дүнгээ өгч чаддаггүй.

1.      Дуу хөгжмийн хичээл
ЕБДС-д дуу хөгжмийн хичээлээр, хөгжмийн онол, нот, дуу зааж сургах чиглэлээр олон жил сургалт явуулсан. Солгой хоолойтой хүүхдэд энэ хичээл үнэхээр "тамлалт " болон хувирдаг. Самбарын өмнө, бусад хүүхдүүдийн шоолон инээлдэх шуугианд, багшийн тохуутай харцан дор, солгой хоолойгоор, заасан дууг нь арай ядан дуулж, "дунд " дүн авах нь, гоо зүйн боловсролтой ямар ч хамаагүй үйлдэл. Агуулга, арга зүйн хувьд алдаатай боловсрогдсон энэ хичээл, энэ чиглэлийн авьяас сонирхолтой цөөн хүүхдээс бусад хүүхдүүдэд ямар ч сайн нөлөө үзүүлэхгүй байгаа нь нууц биш.

Зүй нь: Энэ хичээлээр дэлхийн сонгодог хөгжмийн төлөөлөгчид болох Бетховен, Моцарт, Бах, Шуберт, Чайковскийн бүтээлүүдээс сонсгож, хөгжмийг сэтгэл зүрхээрээ сонсож, мэдэрч ойлгож сургахад илүү зохистой. Одоо ор нэр төдий судалж байгаа энэ бүтээлүүдийг л энэ хичээлийн гол цөм болгон  судлуулж, арга зүйгээ өөрчилбөл хүүхдүүдэд ч хичнээн сонирхолтой, өгөөжтэй болно гээч. Монголын хөгжмийн урлагийн нэрт төлөөлөгчид болох Б.Дамдинсүрэн, Ж.Чулуун, Мөрдөрж, Бирваа, Жанцанноров, Б.Шарав нарын гайхамшигт аялгуунуудыг сонсгож, монголоороо бахархах сэтгэлийг нь хөглөж өгч байвал юутай сайхан.

            Бага наснаасаа аяглгуут сайхан хөгжим, дуу бүжгийг судалж, сонсож ойлгож чадах болсон бидний хойч үе, муу мунхаг хүмүүс болно гэж үү?

2.      Дүрслэх урлагийн хичээл
ЕБДС-д дүрслэх урлагийн хичээлээр, зургийн онол, гэрэл сүүдэр, алслалт, зохиомж, харьцаа гэхчилэн мэргэжлийн сургалтын чиглэлээр олон жил сургаж ирсэн. Зураг зурах авьяас, сонирхолгүй хүүхдэд энэ хичээл амаргүй даваа. Даалгавараа бусдаар зуруулж, дүн авахаас эхлээд хуулах, хордуулах олон л аргаар хэлбэржсэн энэ хичээл, өгөх ёстой үр дүнгээ өгч чадаагүй. Тиймдээ ч сонирхолгүй, хэрэггүй шахуу хичээл болж хувирсан нь нууц биш.

Зүй нь: Энэ хичээлээр дэлхийн гайхамшигт зураач урчууд болох Леонарда да Винчи, Микеланджело, Рафаэл Сант, Ван Гог, Пабло Пикассо, Сальвадор Дали, Оросын алдарт далай зураач Айвазовский, ой зураач Шишкин нарын бүтээлүүдээс судалж, таньж мэддэг ойлгодог болговол юутай сайн. Зураг зурж сурахдаа гол биш, зургийг уншиж ойлгодог, мэдэрдэг болгож сурах нь хойч үейинхэнд хичнээн хэрэгтэй гээч. Монголын алдарт зураач урчууд болох, өндөр гэгээн Занабазар, марзан хэмээх Шарав, О.Цэвэгжав, А.Гаваа, Г.Одон, Я. Үржинээ, Сэнгэ цохио нарын бүтээлүүдээс судалж мэдрүүлбэл, монголоороо бахархах мэдрэмжийг хөгжүүлнэ.

 "Уран зураг бол харах яруу найраг " гэж нэрлэдэг. Энэ яруу найргийг уншиж зурсан хүн, муу мунхаг, бүдүүлэг болно гэж үү?

3. Уран зохиолын хичээл
"Хүүхдийн " хэмээх тодотголтой Болормаа гэдэг улстөрч авгай, нэгэн цагт БСШУ сайдын алба хашихдаа энэ хичээлийг ЕБДС-ийн хөтөлбөрөөс хасч,монгол хэлний хичээлтэй нэгтгэсэн гэдэг. Манай улстөрч, албан тушаалын хэнээтэй эрхэмүүдийн хойч үедээ хэрхэн ханддаг хийгээд өөрсдийнх нь толгойн багтаамж ямар байгаагийн илрэл энэ жишээ. "Ертөнцийг харах цонх " гэж нэрлэгддэг уран зохиолыг судлах боломжийг хязгаарлаж, монгол хэлний хичээлийн үг үсгийн алдааг олоход хэрэглэдэг болгосноороо монгол орны хойч үе болсон хүүхэд залуусыг хэрхэн мунхаг болгох алхам хийснээ энэ эрхэм мэддэг болов уу? Уран зохиолоос хүүхдүүд, үгсийн тансаг сувд түүж, ухаарахуйн цонхоор шагайж, сэтгэлийн ариуслыг мэдэрдэг.

Зүй нь: Энэ хичээлээр дэлхийн утга зохиолын сонгодог төлөөлөгчид болох О.Бальзак, А.Дюма, В.Гюго, Ж.Верн, А.Толстой, А.Пушкин, М.Достоевский нарын зохиолыг уншиж судалж,  Монголын алдарт туурвигчид болох Инжинаш, Данзанравжаа, Сандаг, Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн, Б.Рэнчин, Л.Түдэв, Б.Явуухулан, Ч.Лодойдамба нарын бүтээлүүд болон алдарт "Монголын нууц товчоо " судрыг судлан мэдэж байвал юутай сайхан. Уранзохиол хүүхдэд, амьдралын сайхныг мэдрүүлэх амт, ухаарал, бусдаас суралцах хичээл нь болдог. Ном уншихгүй хүн, амьдралын хамаг гоо сайхныг мэдрэхээ болино. Ном, уран зохиолоор оюунаа тэжээн, сэлбэж байдаг хүүхэд, энэ амь'дралыг хар бараанаар төсөөлж, бачимдан цухалдана гэж үү?

Бидний хойч үе болсон, хүүхэд  залуус, заавал математикч, физикч, түүх судлаач, улстөрч, хэл шинжээч болох албагүй ч, бүгдээрээ гоо сайхны боловсрол хүмүүжилтэй болох албатай. Харин ийм боломжийг эцэг эх нь болсон бид, иргэнээ болгосон төр засаг заавал анхаарч, олгох учиртай.
Түүхээс үзвэл, хаант Оросын язгууртан ихэс дээдэс, өөрсдийн хүүхдээ заавал төгөлдөр хуур хөгжим тоглож, ордны бүжиг бүжиглэж,  зураг зурж, гадаад хэлээр ярьж сургахын зэрэгцээ, сонгодог хөгжим, уран зураг, уранзохиолыг албадан судлуулдаг байсан гэдэг. Үүний тулд сайн багшийг олж, өндөр хөлс төлж, "гэрийн сургалт " явуулдаг байсан төдийгүй, багш нарыг ч ихэд хүндлэн үздэг байсан гэнэ. Бид сайтар судалж гаргаж амжаагүй ч, монголын аугаа хаад, өөрсдийн удам залгах хүүхдээ олон эрдэмд сурган бэлтгэдэг байсан баримтууд ч буй.
Харин өнөө цаг дор, амьдралын боломжтой болж буй олон хүмүүс, өөрсдийн үр хүүхдийнхээ эрдэм боловсрол, эрхэм чанарт ихээхэн санаа тавьж багагүй мөнгө зарцуулах болж байна. Үр хүүхдийн тань төрсөн цагаас, өсөх, ухаарах цагт хамгаас чухал анхаарах зүйл нь, гоо сайхны боловсрол хүмүүжил аж.

Төгсгөлийн оронд

Нэгэн цагт бие даан оршиж, монгол оронд урлаг соёл, гоо сайхны боловсролд анхаарч байсан СОЁЛЫН ЯАМ -ыг сэргээж, үйл ажиллагааг нь олон нийтийн гоо сайхны боловсрол, хүмүүжилд чиглүүлэх шаардлага нэгэнт бий болжээ. Монголчууд биднийг бэлэн мөнгө бус, гоо сайхны боловсрол хүмүүжил, бахархал бишрэл илүү сайнаар өөрчлөн хөгжүүлж чадна.

Өнөөдөр дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, цэвэр ариун байгаль орчин, хүмүүсийн зөв сайн сэтгэлгээ, хандлага руу илүү чиглэж байна. Эрүүл, зөв сайн сэтгэлгээтэй хүмүүс л энэ дэлхийгээ хайрлаж, бие биенээ хүндэлж, улс орноо зөв сайнаар хөгжүүлж чадна. Энэ бүхний үндэс нь гоо сайхны боловсрол хүмүүжил юм.

Гоо сайхан ертөнцийг,

бас монголчууд биднийг ч аварна.
Ангилал:

0 сэтгэгдэл:

Post a Comment

 

Онцлох санаа

Амжилтын 5 хошуу - Тунгаан бодож сур - Шинэ санаатай нөхөрлө

Онцлох санаа

Шаардлага хангасан боловсрол - Уламжлал&шинэчлэл - Хож хож

Хэрсүү ухаанаар хамаг монгол хөгжинө.

Зохиогчийн эрх © Баатарын Батаа /