2015/02/01

Авах гээхийн ухаан

Баатарын Батаа
Авах гээхийн ухаан

Хүний юманд хорхойсвол өөрийнхийгөө гээдэг. 
Федр

            Хөгжил дэвшил гэдэг чухамдаа өөрсдийн уламжлалаас зөвийг аваад, бурууг гээх; бусдын зөвлөгөөнөөс хэрэгтэй нь аваад хэрэггүй нь хаях, бусад орны арга, туршлагаас тохирохыг нь авахаад тохиргүйг нь авахгүй  байх замаар л бүтээгддэг билээ. Үүнийг монголчууд “авах гээхийн ухаан гэж нэрлэж ирсэн.

          Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг
 авах гээхийн ухаан гэнэ.

Сануулга 1:
            Бусдад итгэх, ялангуяа гадаадын нэр хүндтэй хүний үгийг сонсох, итгэх зуршил монголчуудад байдаг юм. Энэ нь бусдыг хүндлэх, өгөөмөр нигүүлсэнгүй хандах хүнлэг чанар бидэнд хадгалагдсаар байгаагийн илрэл. Гэхдээ бусдын санал туршлагын тохирохыг авч, тохирохгүйг гээж байх зуршил бас хадгалагдах учиртай. 
Думаагийн СОДНОМӨнөөдөр сонин /2006.12.12/

Сануулга 2:      
           Хөгжил гэдэг сайхан. Дэлхий дахины хөгжилтэй алхаа нийлүүлж, үр шимийг нь хүртэж байна гэдэг сайхан хэрэг. Аливаа зүйл 2 талтай байдагчлан хөгжил гэдэг бас сайн муу талтай. Авах гээхийн ухаан гэж бас бий.  "Уулын буга хараад унасан бухаа хаяв" гэдэгчлэн бид арай л дулимагхан харж, дутуу сэтгээд байх шиг.  
            Хоцрогдсон хэмээн өөрийн орноо голж, хорлонтой муухай хэмээн монгол хүнээсээ дайжиж, илүү сайндаа атаархан хорсч, ядарч яваа нэгэндээ тавлан дээрэнгүйлэх энэ л цөвүүн цаг даяаршлын нэгэн үе. Ороод гарах нэгэндээ цай аягалах бүү хэл, хагас онгойсон хаалганы цаанаас харьцах биднийг монгол гэж хэн таних билээ. Хааяахандаа баяр ёслолоор монгол хувцсаа өмсөж, монгол гэдгээ санадаг, жилд ганц тохиох цагаан сараар л ах дүү хамаатан саднаа таньдаг, халамцуухан явах үедээ "Чингисийн монгол" гэж цээжээ дэлддэг болчихвол хэн биднийг монгол гэж дуудах билээ. 
            Хамгийн гол нь монгол хүний сэтгэхүй, монгол ухаан бүү алга болоосой. Энэ бол өөр хэнээс ч биш зөвхөн та биднээс л хамаарна. Бидэнд хэн хүнийг бишрүүлж болох олон үнэт зүйлс бий.  Бүү мартагтун.       
Г.Галбадрах, Даяаршлын энэ үед алдагдаж буй цадиг”, 2008-12-22
       
            Авах гээхийн ухаанаар аливаад бодитой хандаж сурна гэдэг өнгөц харахад амархан юм шиг мєртлєє бодит байдал дээр хэрэгжүүлэхэд нилээд амаргүй. Та өв уламжлал, бусдын зөвлөгөө заавар, шинэ чиг хандлагын талаар  шийдвэр гаргах гэж буй бол тухайн асуудалд нилээд буурьтай хандаж, сайтар эргэцүүлэн, тунгаан бодох замаар эцсийн шийдвэрийг гаргаж хэвшээрэй.


Ээ дээ, монголчууд бид чинь эртнээс “авах, гээхийн ухаантай явж ирсэн
ард түмэн биш билүү!!!

No comments:

Post a Comment