2015/03/20

Бүтээлч сэтгэлгээ гэж юу вэ?

Баатарын Батаа
Бүтээлч сэтгэлгээ
/Creative thinking/

            Өмнөх зуунд логиктой бодох, логик сэтгэлгээ гэж их ярьж, түүнийг онцолдог байлаа. Харин одоо байдал их өөр болж. Өнөөгийн нийгэмд “бүтээлч” хэмээх үг моодонд орж байна. Яагаад тэр билээ?

            ЛОГИК сэтгэлгээний ач холбогдол, хүч чадлыг тоочоод барашгүй бөгөөд тун гайхалтай сэтгэлгээний нэг хэв шинж мөн. Гэвч логик сэтгэлгээ хэт давамгайлах нь  биднийг хэвшмэл байдал, хуучинсаг сэтгэлгээ, асуудлыг байнга сөрөг талаас харах, шинийг үл сэдэн хуулбарлах, даган дуурайх, гутранга дорой, өөртөө итгэлгүй байдал руу хөтөлдөг.  Гэтэл эдгээр нь шинэчлэл өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд чөдөр тушаа болдог. 

Тэгвэл БҮТЭЭЛЧ сэтгэлгээ гэж юу вэ?
            Бүтээлч сэтгэлгээг тодорхойлох, цаашлаад хувь хүнийг бүтээлчээр сэтгэхэд хэрхэн сургах вэ гэдэг боловсролын тун амаргүй зорилтуудын нэг юм. Учир нь бид түүний талаар тун бага зүйлийг мэднэ.


            Хязгааргүй юм бүхэнд сэтгэл татах шинж буй. Тэнгэр, тэнгис, говийн элс, од, үүл, толь бас үг. Хязгааргүй учраас нууцлаг. Хязгааргүй учраас аймшигтай. Хязгааргүй учраас аугаа.
                                                                                          Л.Өлзийтөгс

       Логик сэтгэлгээ хэмээх ойлголт нь бараг тодорхой,  агуулга хэлбэр нь цэгцтэй,  ойлгомжтой зүйл байдаг бол бүтээлч сэтгэлгээ хэмээх ойлголт нь үүний эсрэгээр эмх цэгцгүй,  агуулга нь тодорхой бус, бас хэт өргөн хүрээг хамардаг. Тэгвэл ийм нөхцөлд бүтээлч сэтгэлгээг хэрхэн ойлгож, улмаар яаж түүнд суралцах болж байна аа?
           
            Би үүнд эсрэгцүүлэн сэтгэх аргыг ашигладаг. Хүний уураг тархи эсрэгцүүлэн сэтгэхдээ гаргуун. Иймээс энэ үйлдлийг бүтээлч сэтгэлгээг ойлгон ухаарахад хэрэглэж болно.  

           Бүтээлч сэтгэлгээг ойлгоё гэвэл түүнийг логик сэтгэлгээтэй эсрэгцүүлэн харах хэрэгтэй.


           Эсрэг тэсрэг шинжтэй, хос үйлдлүүдийг гүйцэтгэх чадварыг эзэмшүүлэхэд хэрэглэгддэг нэг арга нь аль нэг үйлдлийг эзэмшүүлж сургаад дараа нь нөгөө үйлдлийг эсрэгээр нь гүйцэтгүүлэх байдаг. Үүнтэй адилаар, бидэнд байгаа логик сэтгэлгээний талаарх цэгцтэй ойлголтод  тулгуурлан хэрхэн бүтээлчээр сэтгэхэд суралцаж болно.


            Бүтээлчээр сэтгэнэ гэдэг нь логиктой сэтгэхээс шал өөрөөр, бүр эсрэгээр нь сэтгэнэ гэсэн үг. Логик сэтгэлгээний гол зорилго нь эргэцүүлэл, тунгаан бодох үйл, үнэлэн цэгнэлтээр аливаа нэг зүйлийн мөн чанар, учир холбогдолыг нээн илрүүлэх явдал байдаг бол бүтээлч сэтгэлгээний гол зорилго нь нийгэмд үнэ цэнэтэй шинэ санаа, шийдэл, бүтээлийг бүтээн туурвих юм.

            Шинийг бүтээнэ гэдэг нь эцсийн дүндээ шинээр сэтгэнэ гэсэн үг. Иймээс: Бүтээлч сэтгэлгээг ерөнхийд нь эерэг өөдрөг шинэлэг сэтгэлгээ, хэвшмэл биш, өвөрмөцөөр, өөрөөр сэтгэх гэж тодорхойлж болно.

Үг  Vs  Зураг:
            Логик сэтгэлгээний үндсэн хэрэгсэл нь үг/ойлголт/ байдаг бол бүтээлч сэтгэлгээний үндэс хэрэгсэл зураг/дүрслэл/ юм.


Мянган удаа сонссоноос нэг удаа харсан нь дээр.

            Мэдээллийг хүлээн авахад харах эрхтэний гүйцэтгэх үүргийг онцлон тэмдэглэсэн энэхүү хэллэг нь сэтгэн бодох үйл ажиллагаанд харах үйл ямар чухал болохыг харуулж байна.

            Зураг, дүрслэл, төсөөллийг ашиглан харж, дүрслэн сэтгэх арга замыг ВИЗУАЛ сэтгэлгээ гэнэ. Визуал сэтгэлгээ нь бидний уураг тархи хэр өргөн цар хүрээгээр харж чадаж байгаагаар тодорхойлогдоно.


            Нүдтэй бүхэн харж байдаг. Харагдаж буй юм маань адилхан. Харин тэр харагдаж буй юмнаас хэн юу олж үзэж байна вэ?  гэдгээр хүн чухам хэн болох нь нэг мөр харагддаг жамтай.                                                                  
                                                                                                          Ч.Эрдэнэ

            Миний хийсэн зүйлийг хараад өөрсөддөө юу хэрэгтэй байгааг олж харж чаддаг хүмүүстэй байх нь дээр байдаг.     
                                                                                                            Дале Чихули

            Та бүхэн намайг жижигхэн гэж хэлэх байх. Гэвч миний оюун тархинд хорвоо бүхлээрээ багтдаг. Энэ бол төсөөлөн бодох чадварын минь ач тус юм.
                                                                                                                    Ёко Оно

            Юунд төвлөрч, ямар өнцөгөөр, аль талаас нь харахаас хамаарч юмсын утга санаа, дүрслэл нь өөр өөр харагддаг.  Бид орчин тойрноо илүү сайн ойлгон ухааръя гэвэл харах өнцөгөө өөрчилж чаддаг байх ёстой.

Шугаман  Vs  Шугаман бус:
            Орчин үед нийгмийн хөгжил хоорондоо хэлхэлдэн орооцолдсон, ээдрээт нарийн бүтэцтэй, шугаман бус төлөвт орших боллоо.  Байгаль ертөнцийн  жам хууль энгийн, хялбар мэт боловч, бодит зүй тогтол нь гүн далд ажээ. Асуудлыг шийдэхээр оролдож буй ухаант хүн та ч гэсэн түүнд нийцэх хууль дүрмээр сэтгэх ёстой нь зүйн хэрэг.

            Бүтээлч сэтгэлгээ эмх цэгцтэй байдаггүй. Тиймээс шугаман бус орчинд нийцэх сэтгэлгээний хэв шинж юм. Бүтээлч сэтгэлгээнд алгоритмоос илүү эвристик/олох, нээх/ хандлагыг чухалчилдаг. Гайхалтай санаанууд хаанаас ч хамаагүй гарч ирж болно. Мөн юухнаас ч гэсэн өдөөгдөж болно.


            Амьдралын ихэнх бодлого нэг хариулттай байдаггүй. Гэтэл манай боловсролын систем биднийг нэг хариутай бодлогуудын шийдлийг олж сургахад л түлхүү анхаарч иржээ.  Бодит амьдралын ихэнх бодлогод бид яахаа мэдэхгүй барьц алддаг. Энэ үед бидэнд цацаргах сэтгэлгээ хэрэг болно. 

            Бидний уураг тархи үнэндээ цацаргах байдлаар сэтгэхээр бүтээгдсэн бөгөөд бид зөвхөн нэг дүрс юм уу, үгнээс маш олон үг, дүрс, зураг сэтгэн гаргах чадвартай.


            Эвристик хандлагаар шугаман бус сэтгэхэд асуудлыг шийдэх тодорхой арга гэж байхгүй. Харин тэр арга, замыг та өөрөө бий болгох шаардлагатай. Өөрөөр хэлбэл бүтээлч сэтгэлгээ гэдэг бол бусдаар замаа заалгаж явахын нэр бус харин өөрөө замаа гаргаж, шинэ зам бүтээхийн нэр юм.

Бод  Vs  Сэтгэ:
            Зарим үед "бодох" нь тус болохоосоо илүү гай болох нь бий. Нөгөө талаас энгийн бүтээлч шийдэл биднийг эргэцүүллийн гадна ажиллах, түүний оролцоогүйгээр үйл ажлыг гүйцэтгэх үед олдох нь элбэг. 

Жишээ:
         Генри Форд "одоо хүн төрөлхтөн V-8 гэж мэддэг болсон" шинэ төрлийн хөдөлгүүр бүтээх гайхамшигт санаагаа инженерүүддээ танилцуулжээ. Инженерүүд нь түүний төлөвлөгөөтэй хянамгай танилцуулаад, эцэст нь бүгд "Босс маань инженерийн ухааны суурь зарчмуудыг мэдэхгүй байна. Энэ санааг хэрэгжүүлэх боломжгүй" гэсэн дүгнэлтэд хүрч, үүнийгээ түүнд хэлжээ. "Үүнийг ямар нэг аргаар хий" гэж Фордыг хэлэхэд инженерүүд "гэвч энэ нь боломжгүй зүйл шүү дээ" гэж хариулав. Хариуд нь Форд "Ажилдаа ор. Ямар цаг хугацаа зарах нь хамаагүй, амжилт олох хүртлээ ажилла" гэж хэлэв. 6 сар өнгөрөв. Амжилт олсонгүй. Дахиад 6 сар өнгөрөв. Амжилт олсонгүй. Нэг инженер түүнийг "боломжгүй" зүйлийг хийлгэхээр зүтгүүлж байгааг сануулав. Форд "Үргэлжлүүлэн ажилла" гэсэн ганц л хариулт хэлнэ. Эцэст нь инженерүүд нь "Болчихлоо" гэсээр инээмсэглэн орж иржээ. Ингэж Форд-н алдарт V-8 хөдөлгүүр бүтсэн түүхтэй.

Шаналах хэрэггүй, зүгээр л оролдоод үз


            Унтаж байгаа хүнд аз ирдэггүй л байхгүй юу.
Олимпийн аварга Түвшинбаяр

Үнэхээр бүтээлч хүн гэдэг

цөхрөлтгүй оролдогч байдаг.

Алдаа  Vs  Ололт:
Үнэнийг олохоос алдааг олох нь хавьгүй амархан. Алдаа өнгөн дээр нь хэвтэж байх тул шууд л анзаарагдана. Үнэн харин гүнд нь булаастай, тэр бүрий хүн түүнийг олж чадахгүй.
Гёте

Хэрэв тэр хүн ерөнхийдөө сайн хүн бол ганц нэг дутагдал цухалзах нь
сүйдтэй муу юм биш.
Монтескьё

            Логиктой бодогч алдааг илрүүлэн, бусдыг шүүмжлэхдээ үнэхээр гаргуун. Гэвч нэг таамналыг шүүмжлэн бусниулах нь илүү сайн таамналыг бий болгодоггүй. Нөгөө талаас шүүмжлэгч өөрөө зөв санаа, бодитой ажил хэргийг санал болгохдоо тааруу байх нь элбэг. 


       Аливаа нэг зүйлийг бүтээлч нүдээр харъя гэвэл тухайн зүйлийн алдааг/хэрэггүйг/ нь биш ололтыг/хэрэгтэйг/ нь олж харахыг хичээх ёстой. Бодит амьдрал дээр бид аливаа нэг зүйлээс өөрт хэрэгтэй чухал санааг олж харах чадахгүй мөртлөө түүнээс өөртөө ямар ч ач холбогдолгүй алдаа дутагдлыг эрж хайгаад байдаг.

Сайн үр дагавар төрүүлдэггүй муу юм гэж үгүй. Хүүхэд төрөх үед эхийн амь аюулын ирмэгт байдаг. Хэрэв чи их мөнгө хураасан бол гэр орон руу чинь хулгайч гэтнэ. Гай дагуулдаггүй баяр хөөр гэж үгүй. Ядуурахдаа хүн хэмнэж сурдаг. Өвдөхдөө биеэ ариглаж сурдаг. Баяр жаргал дууддаггүй гай зовлон гэж үгүй. Ийм учраас үнэнийг таньсан хүн зовлон, жаргал хоёрыг ялгаж салгадаггүй. Гэвч аль алиных нь тухай байнга бодоод явдаггүй.
Вольтер

Тухайн нөхцөл байдал, үзэгдэл юмст алдаа болоод ололт хоёулаа байгаа. Бид түүнээс нэгийг нь олж хараад байх нь элбэг. Тухайн зүйлд алдаа байгаа бол тэр алдаа гэж хараад байгаа зүйлээ ололт болгон хувирга. Алдааг ололт, гайг завшаан болгон хувирга. Үүнд бүтээлчээр сэтгэхийн нууц оршино.

Алдааг нь биш ололтыг нь
олж харж сур!!!

Хэвшмэл  Vs  Өвөрмөц:
           Бурханы шашинд зовлонгийн шалтгааныг дотоод сэтгэлээс хай гэдэг. Чухамдаа түүнийг хүний аливаад дасамтгай, хэвшмэл сэтгэлгээнээс хайх учиртай юм.

Жишээ:
            Ялааг шилэн саванд хийгээд, хэсэг хугацааны дараа таглааг нь авбал тэр хаашаа ч нисэхгүй. Савнаас гадагш гарах боломжтой байхад ялаа хөдөлгөөнгүй байгаад л байдаг. Тэр ялаа одоо дээр нь байхгүй байгаа таглаанд хүлүүлсэн мэт харагдана.

            Хүний хувьд үүнийг хайрцагт орох буюу оюуны хүлээс гэдэг. Бид өөрсдийн явцуу бодлынхоо хүрээнд оюун санааны шилэн саванд түгжигдэж, оюуны хүлээсэндээ ороогдох нь элбэг.
           

            Тухайн нөхцөл байдалд урьдын дадсан арга барил, хандлагаараа хандаж байгаа хүнийг хэвшмэл буюу вертикал сэтгэж байна гэдэг. Харин тухайн нөхцөл байдлыг өөр өнцөгөөс харж, өөр арга барилаар хандаж, өөр хувилбарыг эрэлхийлж байгаа бол тэр хүнийг хэвшмэл биш буюу латерал/E.Bono/ сэтгэж байна гэнэ. Шийдэлд хүрч байгаа арга замыг нь хайрцгаас гарч сэтгэх гэнэ.

            Гол төлөв таны урьд нь хайж байгаагүй тэр  газраас л өөрчлөлт, шинэчлэлийн шинэ түлхүүрүүд гарч ирдэг юм шүү!!!


Үнэн эсвэл Худал  Vs  Үнэн бас худал:
            Сэтгэн бодох үйл ажиллагааны явцад зөв, буруу/үнэн, худал/ аль нь болохыг нь нэг утгаар тогтоож болохгүй тийм нөхцөл байдал/бодомж/ үүсэхийг логикт парадокс гэнэ.

Худалчийн парадокс: 
            Сократ:   “Платоны одоо хэлэх өгүүлбэр худлаа” 
            Платон:  “Сократ дөнгөж сая үнэнийг хэллээ”

            Нийгмийн амьдрал парадоксоор дүүрэн бөгөөд гарцаагүй үнэн зүйл тун ховор.

Жишээ1:
            Шавь: Цорын ганц хөдлөшгүй туйлын үнэн гэж бий юу?
            Багш:  Байхгүй
            Шавь: Байхгүй гэдэг чинь туйлын үнэн мөн үү?
            Багш:  Бишээ

Жишээ 2:
            "Арслан заан ба 6 сохор эр" гэсэн энэтхэгийн нэгэн сургаал үлгэрт зааны хошууг барьсан эр "энэ бол могой", чихийг нь барьсан нь "дэвүүр" гэх мэтчилэн өөр өөрийнхөө ойлгож ухаарч байгаагаар барьсан зүйлээ тодорхойлон хэлдэг.  Тэдний хэлсэн зүйлс бүгд үнэн бас худал.


            Бодит амьдрал дээр бидний хоорондоо солилцож буй мэдээлэл, үзэл бодол, онол, сургаалийн ихэнх нь үнэн эсвэл худал утгатай биш, харин үнэн бас худал гэсэн холимог утга агуулгатай байх нь элбэг.

Ном бол ертөнцийг харах цонх мөн.
                                                    М.Горький

            Номын агуулгаар ертөнцийг толгойдоо харж болдог нь үнэн. Гэхдээ ном бол цонх гэдэг нь худал. Тэгэхээр М.Горький гайхалтай үнэн, бас худал үг хэлжээ.

            Практикт ямар нэг онолын эсрэг нэг л баримт олдох юм бол тэр онол огт хэрэггүй болчихдоггүй. Онолыг няцаах жишээ байна гэдэг бол шинжлэх ухаанд чухал зүйл бөгөөд онол түүнийг хамарч чадаагүй байна гэдгийг л харуулж байгаа юм.

            Үнэн бас худлаар дүүрсэн энэ ертөнцөд  үнэн эсвэл худал гэж туйлшран маргалдах нь утгагүй.  Харин үүний оронд тухайн зүйлд үнэний хувь/ор/ байна уу эсвэл хэр их үнэний хувьтай зүйл вэ? гэж асуух нь илүү үр дүнтэй.

            Эдвард де Боно нийгмийн олонход байдаг нэгэн хандлагыг “I’m right, You’re wrong” гэж нэрлэсэн байдаг.  Энэ нь бидний “бусадтай зөрчилдөх”, “бурууг бусдад тохох” үзлийн үндэс болно. 

            “Дээд эрэмбийн оюун ухааныг таних нэг шалгуур бол өөрийн ухамсартаа эсрэг, тэсрэг хоёр санааг нэгэн зэрэг агуулж, ийм үедээ ч оновчтой ажиллах чадвараа хэвээр хадгалж байх явдал юм.”                                                                                        
                                                                                                  Америкийн зохиолч Ф.Скотт

            Аль нэгийг нь буруутгаж, алдааг нь олох гэж биш, харин эсрэг хоёр үзэл бодлыг нэгтгэж, давж сэтгэж чадвал асуудлын шийдэл болохоор өөр үр дүнтэй хувилбар, бүтээлч шийдлийг олж болно.

Өөрчлөх  Vs  Өөрчлөгдөх:
            Хүн өөрчлөх дуртай, харин өөрчлөгдөх дургүй амьтан.  Бидэнд орчлонг, дэлхийг, нийгмээ, хүрээлэн буй орчноо, хамт буй хүмүүсээ өөрчлөх хүсэл бий. Гэвч энэ хүсэл "эхлээд өөрөө өөрчлөгдөх" гэсэн нэг л арга замаар биелэгдэх боломжтой.

            Өөрчлөлтөөс өрсөж өөрсдөө өөрчлөгдье.
                                                                                                         МИСН-н уриа

      Бүтээлч сэтгэлгээ гэдэг бол эцсийн дүндээ бид өөрсдийн үзэл бодол, төсөөлөл, сэтгэлгээний хандлага, чиглэлээ өөрчлөх явдал юм!!!

Анхааруулга:
           Бүтээлч сэтгэлгээг хоосон хийрхэл, үр ашиггүй үйл ажил, сэтгэхүйн солиорлоос ялгахад их хэцүү. Гэхдээ түүнийг таних энгийн нэг шинжүүр нь түүнд “ямар нэг ололт” байгаа эсэхийг олж харах явдал юм. Эцсийн дүндээ ямар нэг бодитой, бас дорвитой ололт, үр дүнд хүрэхгүй байгаа бол тэр бүтээлч сэтгэлгээ биш.

9 comments:

  1. Бүтээлч сэтгэлгээний талаарх ямар сайхан тайлбарлаа вэ. Үнэхээр л үнэний хувь ихтэй нийтлэл байна. Аливаа зүйлийг эерэгээр харж түүнээс сэдэл шинэ санааг харах нь бүтээлч сэтгэлгээтэй болох нэг арга бөгөөд байнга үзэж харж харьцаж давтдаг зүйлээ хийх бус өөр шинэ газар очиж шинэ арга барилаар шинэ зүйл хийх нь хувь хүний хөгжил буюу бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх нэг зам юм байна гэж ойлголоо.

    ReplyDelete
  2. Үнэхээр сайхан нийтлэл байна. Бодууштай зүйлүүд ч олон байна.
    Баярлаллаа :).

    ReplyDelete
  3. vneheer saihan niitlel baina uurtiu tani herhen holbogdoh we?

    ReplyDelete
  4. Бүтээлч сэтгэлгээний талаар үнэхээр сайхан мэдээлэл олж авлаа. Эерэгээр харж шинэ санаа гарган бүтээн турвих явдал юм гэж ойлголоо.

    ReplyDelete
  5. Хэрэгтэй сайхан нийтлэл байна баярлалаа

    ReplyDelete
  6. Гайхалтай сайхан нийтлэл байна, баярлалаа

    ReplyDelete
  7. Гайхамшиг. Энгийн бөгөөд хэн ч ойлгохоор

    ReplyDelete
  8. БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    ReplyDelete
  9. Маш сайхан нийтлэл байна.Би нэг судалгааны ажил хийж эхэлж байгаа юм таны нийтлэлийг иш татаж болох уу

    ReplyDelete