2015/02/01

Мэдээлэл боловсруулах чадвар

Баатарын Батаа
Мэдээлэл Боловсруулах чадвар
/Information Processing Skills/

Мэдээллийн нийгэм
Шинээр медиа технологи гарч ирсэн нь шинэ ертөнцийг бий болгосон юм.
Alexander Bard

            Хүн төрөлхтөн бид мультимедиа, интерактив технологид суурилсан “мэдээлжсэн”, “мэдээллээр цалгисан нийгэмд аж төрж байна. Мэдээллийн технологийн хөгжлийн энэхүү түвшинд бид дараах шат дарааллаар хүрсэн юм:

Уураг тархи, харах, сонсох эрхтэний хөгжил, дохио зангаа, зурах чадвар, төвөнх, хэл яриа, бичиг үсэг, ном, хэвлэх машин, радио, утас, телевиз, компьютер, интернэт

Мэдээлэл түгээх сувгийг/хэрэгсэл/ англи хэлэнд медиа/media/ гэдэг. Харин мэдээлэл түгээх олон талт хэлбэр/суваг/-ийг мультимедиа/multimedia/ гэнэ. Өнөө цагт мэдээлэл бичвэр/text-текст/, дуу/audio-аудио/, зураг/image/, хөдөлгөөнт дүрс/animation-анимаци/, бичлэг/video-видео/, интерактив/interactivity/ гэсэн мультимедиа хэлбэрүүдээр нийгэмд цацагдаж/түгээгдэж/ байна.

Компьютерт суурилсан цахим технологи гарч ирсэн нь хүн төрөлхтөнд мэдээлэл түгээх цоо шинэ орон зай, шинэ боломжуудыг нээж өгсөн юм.  Үүнийг Acer группын тэргүүн  Стэн Шин “Интерактив мультимедиа системээр зэвсэглэсэн  хөгжиж байгаа улс орнууд үйлдвэрлэлийн эринийг шууд алгасаж ч чадахаар болжээ” хэмээн үнэлсэн байдаг.


         Компьютер/бүх төрлийн мэдээллийн цахим төхөөрөмжийг үүнд ойлгоно/ бол мультимедиа систем бөгөөд мультимедиа мэдээллийг бүтээх, хадгалах, дамжуулах суурь төхөөрөмж юм. Анимаци, интерактив нь компьютерийн ололттой холбоотойгоор гарч ирсэн шинэ медиа хэлбэрүүд билээ. Компьютерийн шинжлэх ухаанд компьютер ба түүнийг хэрэглэгчийн хооронд хоёр чиглэлд мэдээллийг дамжуулах арга хэлбэрийг интерактив/Interactive–харилцаж ажиллах/ гэдэг. Интерактив программ нь  хэрэглэгчийн тавьсан асуулт, өгсөн командад хариулт өгч, хүнтэй харилцах чадвартай байдаг.

Мэдээллийн хэлбэрүүд
Мэдээллийн хэрэгслүүдийг ашиглан нийгэмд мэдээлэл түгээхэд хүн төрөлхтөн мэдээллийн дээрх олон талт хэлбэрүүдийг цогцоор нь хэрэглэж байгаа бөгөөд тэдгээр нь бүгд өөрийн гэсэн давуу болон сул талуудтай.

Мэдээллийн хэлбэр
Давуу тал
Сул тал
Зураг
Ойлгоход хялбар, сонирхолтой, санах ой руу дамжуулах хугацаа богино
Дамжуулахад текстээс их хэмжээтэй, чанарыг нь сайжруулах тусам хэмжээ нь ихэсдэг, ийм мэдээллийг боловсруулахад  хугацаа, чимхлүүр ажиллагаа, ур чадвар их орно
Бичвэр
Бага хэмжээтэй/битээр/, хувирган өөрчлөхөд хялбар/хураангуйлах, дэлгэрүүлэх, тасдан авах, эвлүүлэх/ мэдээлэл хайж олох, мэдлэг бүтээх гол арга зам
Олон үг хэрэглэвэл нуршуу, цөөн үг нь ойлгомжгүй болдог; сонирхолгүй
Дуу
Хэл яриа талаас харвал мэдээлэл дамжуулах хамгийн хялбар арга зам
Ойлгоход амаргүй, урсан өнгөрөх мэдээлэл тул тогтоогдож үлдэх нь бага, мэдээллийн агуулгыг гүйлгэн, тоймлон харах боломжгүй
Бичлэг
Дүрслэл, дуу, хөдөлгөөнийг нэгтгэдэг, мэдээллийн урсгалыг шууд дамжуулах, хадгалах бололцоог олгодог
Дамжуулахад хэмжээ нь их, хувирган өөрчлөх боломж муутай, мэдээллийн агуулгыг тоймлон харах боломж муу

Голын урсгал шиг тасралтгүйгээр ар араасаа хөврөн өрнөх үйл явдлын/streamline/ мэдээг дамжуулахад  радио, телевиз гэсэн цацалтын системүүдийг/broadcasting system/ ашигладаг бөгөөд энэ нь цаанаа аудио, видео форматыг ашиглаж буй хэрэг юм.

Олон талт хэлбэрээр түгээгдэж байгаа мэдээллийг ойлгож, хүлээн авахын тулд хувь хүн тийм хэлбэрийн мэдээллүүдийг хүлээн авч, боловсруулах чадвартай байх шаардлагатай. Үүнд анхаарлаа төвлөрүүлэх, мэдэрч хүлээж авах, ажиглан харах, анхааралтай сонсох, төсөөлөн бодох, хурдтай унших зэрэг олон чадварууд хэрэгтэй.

Мэдээлэл боловсруулалт
            Мэдээлэл дээр мэдээллийн боловсруулалт гэж нэрлэгдэх “хүлээн авах, хувиргах/задлах-нэгтгэх, харьцуулах-жиших, ангилах-бүлэглэх, хураангуйлах-дэлгэрүүлэх/, хадгалах, ашиглах, хамгаалах, дамжуулах” зэрэг үйлдлүүд хийгддэг.

            Хүн амтлах, хүрэх, үнэрлэх, сонсох, харах гэсэн мэдрэхүйн 5 эрхтэнээр гадаад орчноос мэдээллийг хүлээн авах бөгөөд энэ нь орчин тойрноо мэдрэх, ухамсарлан ойлгох, танин мэдэх, сэтгэн бодох, суралцах, үйлдэл хийх, шийдвэр гаргах, шийдэл олох, санаа дэвшүүлэх зэрэг хүний оюуны бүхий л үйлийн түүхий эд нь болдог.



Мэдээлэл авах арга замууд
Хүний уураг тархи үндсэн 6 арга замаар мэдээллийг хүлээн авдаг бөгөөд тэдгээр нь харах, сонсох, хүрэх,  амтлах, үнэрлэх, хийх юм. 
Gordon Dryden, World Book Encyclopedia

Эдгээр арга замуудаар олж авсан мэдээлэл ой санамжид хэр үлдэж, тогтдогийг “Суралцахуйн пирамид онол дараах байдлаар тодорхойлсон байдаг. 

Хүн уншсан зүйлийнхээ 10%-г, сонссон зүйлийнхээ 20%-г, харсан зүйлийнхээ 30%-г, хараад бас сонссон зүйлийнхээ 50%-г, ярилцсан зүйлийнхээ 70%, хийсэн зүйлийнхээ 90%-г санадаг байна. 

Хүмүүсийн хоорондын харилцааны талаас харвал мэдээлэл олж авах сувгууд нь сонсох, ярих, унших, бичих билээ. Доорх хүснэгтэд харилцааны 4 хэлбэрийг  харилцаанд эзлэх хувиар нь харуулжээ.

Харилцааны хэлбэр
Хувь
Сонсох
40-70
Ярих
20-35
Унших
10-20
Бичих
5-15







Сонсох замаар мэдээлэл авах/Learning by listening/:
Хэдийгээр ихэнх хүн тун муу сонсогч байдаг хэдий ч суралцах үндсэн арга замын нэг нь сонсох үйл юм.  Судалгаанаас харахад хувь хүн сонссон зүйлийнхээ 50 хувийг л санадаг боловч 20-30%  нь буруу сонссон байдаг гэнэ.             

Сонсох ур чадварт муугаар нөлөөлдөг зүйлс
  1. Сонсохын оронд ярих
  2. Сонсохын оронд өөрийн хэлэх гэж буй зүйлийн талаар бодох
  3. Багшийг шүүмжлэх, түүнтэй санал зөрөх
  4. Багшийг үл тоомсорлох, басамжлах
  5. Анхаарлаа төвлөрүүлэхгүй байх
  6. Хэрэггүй зүйлст анхаарлаа хандуулах
  7. Тэмдэглэл хөтлөх, асуулт асуух, харилцан ярилцах зэргээр идэвхтэй оролцоог  хэрэглэхгүй байх
  8. Сонсогчийн хүлээн авах сэтгэлгээний хурд багшийн ярианы хурднаас доогуур байх
  9. Шуугиан ихтэй орчин, сэтгэл санаа эрүүл мэндийн байдал таагүй байх зэргээр сайн сонсох нөхцөл бүрдээгүй байх
  10. Уйтгартай, хэрэггүй лекц байна гэж бодох

Идэвхтэй сонсох үйл
Лекторын яриа залхуутай, сонирхолгүй, толгой эргүүлсэн ойлгомжгүй байх нь гол асуудал биш.  Харин суралцагч түүний ярианд идэвхтэй оролцох нь чухал байдаг. Өөрөөр хэлбэл анхааралтай сонсож, асуулт тавьж, үр дүнтэй тэмдэглэгээ хөтлөхөд хүчин чармайлт гаргах ёстой.

Сонсох нь харааны болоод сонсголын мэдрэхүйд хүртэгдсэн   зүйлсийг бүртгэж авах, таних үйл ажиллагаа юм. Идэвхтэй сонсох үйл нь анхаарал төвлөрүүлэлт, ойлголт,  ой тогтоолт,  үнэлгээ, хариу үйлдэл зэргээс бүрдэнэ.

А. Анхаарал төвлөрүүлэлт
            Анхаарал төвлөрүүлэлт гэдэг нь мэдрэхүйн эрхтэнд хүртэгдсэн олон янзын сэрэл, өдөөлгөөс тодорхой сэрэл өдөөлгийг сонгох, түүнд анхаарал хандуулах хүртэхүйн үйл юм.  Сонирхолтой эсвэл бидний бие, сэтгэлзүйн хэрэгцээг хангахад чиглэсэн зүйлст бид анхаарлаа хандуулж чаддаг.  Харин сайн сонсогч байхын тулд сонирхолтой, хэрэгцээтэй эсэхээс үл хамааран  тухайн ярианд анхаарлаа төвлөрүүлж чаддаг байх ёстой.   Үүнтэй холбоотойгоор анхаарлаа ухамсартайгаар төвлөрүүлэхэд туслах 3 аргыг авч үзье.

1.      Бие сэтгэлээ сонсох үйлд бэлд:
Ихэнх хүн бусдын яриаг сонсох үедээ  хуурамч сонсогчийн дүрийг үзүүлдэг. Тэд ярьж байгаа хүний өөдөөс харж, зарим нэг зүйл дээр нь толгой дохин дэмжиж байгаа мэт харагддаг ч дотроо бол өөр зүйл бодож,  эсрэг хүний яриаг чихний хажуугаар өнгөрөөх нь элбэг.  Үр дүнтэй сонсогч ийм алдааг гаргаж болохгүй.  Бие, сэтгэлийн аль алиныг  нь ярианд хандуулах ёстой.

2.      Яригчийн дүрээс сонсогчийн дүрд шилж:
Ихэнх хүн бусадтай ярилцах үедээ  эсрэг хүний яриаг бага сонсож, өөрөө түлхүү ярих гээд байдаг. Гэтэл нэг тал нь давамгайлж яриад байвал харилцаа бий болохгүй. Иймээс идэвхтэй сонсогч байхын тулд өөрийгөө яригчийн дүрээс сонсогчийн дүр лүү шилжүүлэх хэрэгтэй.

3.      Хариулахаас илүү сонс:
Бид бусдын дараа нь юу ярих гэж байгааг ойлгож байна гэж бодон яриаг нь зогсоож, өөрийн хариултыг өгөх гэж хичээдэг.  Энэ нөхцөлд  харилцаа зөрчилгүй, үр дүнтэй  байж  чадахгүй. Иймээс ярих, хариулах хүслийг дарж, эсрэг талын яриаг гүйцэт сонсохыг хичээх хэрэгтэй.

Б. Ойлголт
            Тухайн зүйлийн утга агуулгыг зөв ойлгож, ухаарсан байхыг  ойлголт гэнэ. Зарим тохиолдолд ярилцагч  танил биш үг хэрэглэсэн эсвэл утга санааг ойлгомжгүй томъёолсон үед  бид түүний яриаг ойлгодоггүй. Ойлголтоо сайжруулахын тулд өөрийгөө эсрэг хүний оронд тавих, асуулт асуух, дүгнэн хэлэх зэрэг идэвхтэй сонсох үйлийг дэмждэг арга техникүүдийг хэрэглэж болно.

Өөрийгөө эсрэг хүний оронд тавих
            Нөгөө хүний үүрэг роль, байр суурьд өөрийгөө тавьж эсрэг хүний бодол санаа, мэдрэмжийг ойлгохыг хичээхийг эмпати гэдэг.  Дараах 3 арга замаар  үүнийг хэрэгжүүлж болно:
  1. Эсрэг хүний сэтгэл хөдлөлийг ажиглаж, мэдрэх
  2. Өөрийгөө эсрэг хүний байр суурьд тавьж төсөөлөх
  3. Тухайн хүний нөхцөл байдалд ханддаг хандлага, байдлыг мэдрэх

Хүмүүс өөрийгөө бусдын байр сууринд тавих чадвараараа янз бүр байдаг ч  бидний олонхи нь энэ чадвараа дээшлүүлж, цаашдын харилцааны үйлдээ хэрэглэж чадна.  Өөрийн байр сууринд хэт автсан хүн бусдын байр сууринаас орчлон ертөнцийг олж харж чаддаггүй. Яригчийг ойлгох  нэг алхам нь түүнийг хүндэлж, түүний ярианд анхаарал хандуулах явдал юм.

Асуулт  тавих
            Идэвхтэй сонсогч ярилцагчийн яриаг илүү сайн ойлгож, илүү их мэдээлэл авахын тулд асуулт тавихыг хичээдэг. Асуулт тавина гэдэг нь нэмэлт мэдээлэл авах эсвэл  нарийвчлан тодруулах хариу үйлдэл юм.  Дараах зөвлөмжүүд таны асуултын үр дүнг дээшлүүлнэ:
  1. Яригчийг илүү сайн ойлгоход таньд ямар төрлийн мэдээлэл хэрэгтэй байгааг тодорхойл
  2. Асуултыг бүрэн гүйцэд тавь
  3. Асуултын чин зүрхнээсээ тавь
  4. Хэрвээ ярилцагч асуултанд чинь буруу хариулвал уучлал гуйн бурууг өөртөө тохон шинээр  залруулан асуултыг тавих хэрэгтэй
 
Дүгнэн хэлэх
            Идэвхтэй сонсогч асуулт асуухаас гадна тухайн мэдээллийг  дүгнэн шинжилсэн өөрийн бодлоо ярилцагчтай хуваалцдаг. Мэдээллийн  логик утга агуулгад чиглэсэн  бол агуулгын,  агуулгатай холбоотой мэдрэмж, сэтгэл хөдлөлд чиглэсэн бол сэтгэгдлийн дүгнэлт гэж хэлнэ.

  В. Ой тогтоолт
            Мэдээллийг тогтоох, шаардлагатай үед сэргээн санах үйлийг ой тогтоолт гэдэг. Ихэнх тохиолдолд бид сонссон зүйлээ тэр дороо мартдаг.  Хэдхэн минутын өмнө ярилцаж байсан хүнийхээ нэрийг санахгүй байх  нь элбэг тохиолддог.  Бидний тогтоон санах чадварыг сайжруулах 3 арга техникийг авч үзье.
  1. Мэдээллийг давтах
Тухайн зүйлийг 2, 3 эсвэл 4 удаа давтан хэлэх нь  мэдээллийг урт хугацааны ой санамжид баттай хадгалахад тусладаг энгийн нэг арга хэрэгсэл юм. Хэрвээ мэдээлэл урт хугацааны санах ойд баттай хадгалагдаж чадаагүй бол 20 орчим секундын дараа мартагддаг.
  1. Мнемотехник хэрэглэх
Ой тогтоон цээжлэх үйлийг хялбаршуулдаг ой тогтоолтын арга хэрэгсэлүүдийг мнемотехник гэдэг. Энгийн нэгэн мнемотехник бол эхний үсгүүдээр нь товчлох арга юм. Жишээлбэл АНУ-ын хамгийн том 5 нуурыг HOMES(Huron, Ontario, Michigan, Erie, Superior) гэж тогтоож болно.
  1. Тэмдэглэл хийх
Ердийн ярианы явцад тэмдэглэл хийх нь нэг их таатай биш байж болох юм. Гэхдээ албаны уулзалт, телефон яриа,  бусдын илтгэлийг сонсох үед энэ аргыг үр ашигтай хэрэглэж болно. 

Г. Үнэлгээ
            Үнэлгээ буюу шүүмж анализ нь мэдээлэл хэр бодитой, үнэн зөв болохыг тодорхойлох үйл ажиллагаа билээ. Сонсогч яригчийн мэдээлэл, оюун дүгнэлтэд шүүмжлэлтэй хандаж, түүний үнэн зөв эсэхийг өөрийн оюун бодлоор цэгнэн дүгнэж байдаг. Энэ нь эсрэг хүнийхээ яриаг илүү үр дүнтэй сонсоход бас тусална. Шүүн тунгааж сонсогч  үнэлэн дүгнэх үйлдээ дараах 3 асуултыг хэрэглэдэг.
  1. Дүгнэлтэд нотолгоо баримт байна уу?
  2. Нотолгоо баримт сэдэвтэй холбоотой байж чадаж байна уу?
  3. Баримтад тулгуурлан гарсан  логик дүгнэлтэд  эргэлзэж болох мэдээлэл байна уу?

Ярианы эерэг хариу үйлдэл
            Үр дүнтэй сонсохын тулд бид  яригчийг дэмжсэн, түүнд эерэг сэтгэгдэл, таатай мэдрэмж төрүүлэх хариу үйлдлүүдийг хийх ёстой. Яриаг нь дэмжсэн байдал, инээмсэглэх, толгой дохих, тухайн хүний яриаг шимтэн сонсох, хүндлэн хандах зэрэг эерэг сэтгэл хөдлөл нь эерэг мэдрэмж төрүүлэх хариу үйлдлийн нэг билээ.

Идэвхтэй сонсох үйлийн 5 бүрдлийг доорх хүснэгтээр нэгтгэн харъя.


Сайн сонсогч
Муу сонсогч
Анхаарал төвлөрүүлэлт
  • Гол мэдээлэлд анхаарал хандуулдаг
  • Бие сэтгэлээ сонсох үйлд бэлддэг
  • Нөхцөл байдлын ач холбогдлоос нь хамааруулан янз бүрээр сонсдог
  • Ярьж байгаа зүйлд анхаарлаа хандуулдаггүй
  • Өөр зүйл рүү харж эсвэл  дотроо өөр зүйл бодож суудаг
  • Сэтгэл хөдөлгөсөн ярианд л анхаарал хандуулдаг
  • Мэдээллийн хэлбэрээс үл хамааран нэг л хэв шинжээр сонсдог
Ойлголт
  • Хэлсэн  зүйлийн утга санааг зөв ойлгодог
  • Үндсэн хэсэг, нотолгоо баримт зэрэг гол зүйлст анхаарлаа хандуулдаг
  • Дараагийн мэдээллийг урьдчилан тааварлаж, бодлоготой асуулт тавьж чаддаг
  • Мэдээллийг хэр ойлгосоноо шалгахад эсрэг хүний байр суурьд өөрийгөө тавих аргыг хэрэглэдэг
  • Үгэн биш дохионы цаад утгыг хайдаг
  • Хэлж ярьж байгаа зүйлийг сонсдог ч зөв ойлгон ухаарч чаддаггүй
  • Хэрэгтэй мэдээлэлд анхаарлаа төвлөрүүлж, хувиарлаж чаддаггүй
  • Дараагийн мэдээллийг урьдчилан тааварлах чадваргүй
  • Хүлээн авсан мэдээллээ ухааран ойлгох нь ховор,  мөн түүнийгээ хэзээ ч ашигладаггүй
  • Үгэн биш дохиог хайхарч ойлгодоггүй
Ой тогтоолт
  • Мэдээллийг тогтоон цээжилдэг
  • Гол мэдээллийг давтан хэлдэг
  • Тогтоон цээжлэх үйлд мнемотехник ашигладаг
  • Тэмдэглэл хийдэг
  • Мэдээллийг нарийн нягт  тайлбарлаж өгсөн ч  мартдаг
  • Тогтоочихно, цээжилчихнэ гэж хийсвэрээр боддог
  • Гол чухал мэдээллийг сэргээн санах нь ховор
  • Ой санамжиндаа найддаг
Үнэлгээ
  • Шүүн тунгааж, эргэцүүлэн бодож сонсдог
  • Баримт болоод үзэл бодлыг ялган салгадаг
  • Үзэл бодлыг задлан шинжилдэг

  • Сонсдог ойлгодог, гэвч сонссоноо үнэлэн цэгнэдэггүй
  • Баримт болоод үзэл бодлыг ялган салгаж чаддаггүй
  • Мэдээллийг байгаагаар нь хүлээн авдаг
Хариу үйлдэл
  • Яриаг дэмжиж, эерэг хариу өгдөг
  • Альтернатив тайлбар өгдөг
  • Ярианд хүйтэн хөндий ханддаг
  • Ярианы сэдвийг өөрчилдөг

Харах замаар мэдээлэл авах/Learning by looking/:
Хүний уураг тархины хувьд мэдээлэл олж авах хамгийн өргөн суваг нь хараа бөгөөд тэр дундаа онцгойлон яригдах ёстой нь унших үйл юм. Учир нь судалж, боловсруулах шаардлагатай, дотроос нь хэрэгтэй зүйл олдох  мэдээллүүдийн ихэнх нь текст хэлбэрээр бэлтгэгдсэн байдаг. Нөгөө талаас текстэн мэдээллээс хэрэгтэйгээ шүүн авах, хооронд нь нэгтгэн холбох, хувирган өөрчлөх, шинэ санаа нэмэх замаар шинэ хэрэгтэй мэдээлэл, мэдлэгийг бүтээдэг билээ.

Үр дүнтэй унших үйл/Active Reading/

            Унших үйл нь мэдээлэл олж авах үр дүнтэй арга замуудын нэг билээ.  Мэдээлэл олж авах энэ арга замыг бид үр дүнтэй ашиглаж сурсан байх учиртай бөгөөд  энэ нь  ойлгож, ухаарч унших чадвар, хурдтай унших чадвар гэсэн 2 зүйлээр хэмжигдэнэ. Хурдан, бас ойлгож уншиж сурвал хязгааргүй их мэдээллээс хэрэгцээтэй зүйлийг системчлэн авах нэг боломж бүрдэнэ. Мэдээллийн хэт бөөгнөрөл үүссэн, мэдээллийн бохирдол ихэссэн энэ эрин үед  хувь хүнийг мэдээллийн далайд живэгч бус, чөлөөтэй сэлэн хөвөгч, үр дүнтэй хэрэглэгч байхад хурдтай, ойлгож унших чадвар туслах юм.

Уншиж чаддаг байна гэдэг бага хэрэг. Чухамхүү юуг яаж унших,
 уншсанаа хэрхэн ойлгох вэ гэдэг нь чухал юм.
К.Д.Ушинский

Үр дүнтэй унших үйлд дараах 4 зүйл онцгой чухал.
А. Бодож унших
Б. Идэвхтэй унших
В. Уншлагын түвшин
Г. Уншлагын шалгарсан систем хэрэглэх

А. Бодож унших
Бодохгүй унших нь зажлахгүй залгихтай адил. Ф.Бекон

Дүрслэн бодох чадваргүй хүн дуран авайгүй одон орны оргил хоёр адилхан. Т.Бичер

Бид унших явцдаа бодох үйлдлийг бас давхар хийж байх ёстой. Эргэцүүлэн бодох, төсөөлөн бодох, дүрслэн бодох нь тухайн уншиж байгаа зүйлийнхээ утга санааг илүү сайн ойлгоход тус болдог.
Эргэцүүлэн бодно гэдэг нь унших явцдаа энэ үг ямар утга санааг илэрхийлж байна,  энэ чинь  юу гэсэн үг вэ? гэхчлэн өөртөө асуулт тавиад бодох үйл юм. Харин ямар нэг зүйлийг   “иймэрхүү юм байх болов уу” гэж төсөөлөх нь төсөөлөн бодох үйлдэл байдаг. Дүрслэн бодох гэдэг нь тухайн уншиж байгаа зүйлээ оюун санаандаа дүрслэхийг хэлнэ.

Бодож уншихад сэтгэлгээний дараах үндсэн үйлдлүүд бас хийгдэнэ.
  • Задлан шинжлэх/эхэд задлал хийх, чухлыг сонгох/ - Нэгтгэх/Эх зохиох – хувиргах, дэлгэрүүлэх,/
  • Ерөнхийлөх/Эхийн агуулгын талаарх ерөнхий төсөөлөл, ойлголт/ - Тодруулах/Эхийн гол санааг олох, хураангуйлах/
  • Харьцуулах/Өөр, адил - Бусад үзэл бодолтой харьцуулах, холбох/ - Жиших/Давуу, сул/
  • Ангилан ялгах - Бүлэглэх
·         Эргэцүүлэх – бодрол, ухаарал, зохиогчийн хэлэх гэсэн санааг таних/үзэл бодлын цэг/
  • Аналоги оюун дүгнэлт – Зүйрлэл
  • Индуктив оюун дүгнэлт - Таамаглах, тааварлах
  • Дедуктив оюун дүгнэлт – Дүгнэлт өгөх

Б. Идэвхтэй унших
            Идэвхтэй унших нь мэдээллийг ойлгон судалж, хэрэглэх зорилготой унших үйл ажиллагаа юм. Амжилттай суралцах үйлд идэвхтэй унших үйл ажиллагаа тун чухал.  Унших идэвхээ сайжруулахад дараах зүйлсийг ашиглаж болно.
·         Өөрийгөө хөгжүүлэх, мэдлэг чадвараар тогтмол ном уншиж, номтой нөхөрлөж хэвших
  • Уншихаар суухдаа гарын ойр үзэг, балаа бэлэн байлгах
  • Чухал мэдээллүүдийг тодруулж тэмдэглэх
·         Өөрийн мэдэх ойлголттойгоо холбон баяжуулах
  • Судалж буй материалаар өөрийгөө шалгах
·         Уншсан сэдвийнхээ дагуу холбогдох зүйлийг олж мэдэхийг хичээх
·         Уншсаныхаа дараа уншсан сэдвийнхээ агуулгаар оюуны зураглал, бүдүүвч зураглал хийх
·         Уншсан зүйлдээ дүн шинжилгээ хийх

Ном унших чухал
Ном бол унших, бодох хоёр ухааны дасгал юм. О.Марден

Хүн мэдээллийн 90 хувийг нүдээрээ харж авдаг. Иймээс хүний хувьд мэдээлэл олж авах гол арга зам нь ном унших, зурагт үзэх, компьютертэй ажиллах явдал болжээ. Ном нь хүнд хэрэгцээт мэдээллийг өгөхөөс гадна эргэцүүлэн дүрслэн бодох, оновчтой унших арга ухаанд сургагч хэрэгсэл болдогоороо зурагт, компьютерээс давуу талтай. Зурагт, компьютер нь дуу авиа, дүрс хөдөлгөөн ашиглан хүний хүртэхүйд мэдээллийг илүү бодитойгоор, шууд хүргэдэг боловч сэтгэн бодох үйл ажиллагааг орхигдуулж бэлэнчлэх сэтгэлгээтэй болгодог. Мөн нүдний хараа муутгах, хортой цацраг туяа цацруулах зэргээр эрүүл мэндэд хортой юм. Ийм учраас сурагч та нар чөлөөт цагаа зурагт үзэх, комьютер тоглохоос илүү ном уншихад зарцуулж сураарай!

Ном унших соёл
Нэг ижил номыг уншсан ч гэсэн уншигчид нь түүний утга агуулгыг өөрсдийн нас, оюуны хөгжлийн түвшин, хувь хүний онцлог зэргээсээ хамааран харилцан адилгүй ойлгож авдаг. Иймээс сурагч та нар өөрт тохирсон ном зохиолыг сонгож унших ёстой. Өөрт тохироогүй ном унших нь оюуныг ядраах, буруу зүйлд уруу татах зэрэг сөрөг муу талуудтай байдаг.  Мөн учир утгагүй олон ном унших нь хоосон номчирхогч, цэгцгүй мэдлэгтнийг бий болгодог. Ямар ч зорилгогүйгээр их л уншиж байвал болох юм шиг бүү бодоорой.

Бас ном унших буруу хэвшлүүд гэж бий. Энэ нь өөрт таалагдсан номыг амралт, завсарлагаагүйгээр удаан хугацаагаар шунан унших, гарт тааралдсан ямар ч хамаагүй ном унших, хэвтэж унших, гэрэл муутай орчинд унших зэрэг үйл ажиллагаа юм. Эдгээрээс шалтгаалж хүний оюун тархи ядран,хараа муудаж, элдэв өвчин эмгэгтэй болно. Өөрийн харааг эмчид үзүүлж, хараа муутай бол тохирох шил зүүхгүйгээр ном уншихыг хатуу цээрлэх ёстой. Сурагч та нар аливаа номыг уншихдаа 30 минут уншаад 2-5 минут амарч хэвших хэрэгтэй. Амрах үедээ анхаарлаа өөр зүйлд хандуулж, салхинд гарч, гар нүүрээ хүйтэн усаар угааж, биеийнхээ чилээг гаргах дасгал хийж болно. Нүд, толгойдоо хөнгөн иллэг хийх хэрэгтэй.

Ном уншихад уншлагын орчин их чухал. Гэрэл муутай орчинг сонговол хараа муудна. Чимээ шуугиантай орчинд бол анхаарал сарниад уншлага үр дүнгүй болно.

Зөвхөн өөрөө уншаад л болоо гэж бодолгүй, бусад хүмүүс ч тэр номыг чинь уншина гэж бодоод номтой зөв харьцаж, цэвэрхэн ашиглах ёстой.

В. Уншлагын түвшин
            Ном, сурах бичиг уншихад тухайн номыг уншилтын ямар түвшингээр уншихаа урьдчилан шийддэг, мэдэрдэг байх нь чухал
·         Чөлөөт уншилт
·         Ерөнхийлж унших/тоймлон унших/
·         Хурдан унших
·         Нарийн нухацтай унших
·         Харьцуулж унших  
гэсэн уншилтын 5 янзын түвшин бий.

Ерөнхийлж унших/Гүйлгэн унших/:
Энэ нь унших ёстой зүйлтэйгээ урьдчилан танилцах үйл ажиллагаа юм. Энэ уншилтаар унших зүйл чинь чиний хэрэгцээ, сонирхолд нийцэж байгаа эсэх, бүрэн сайн уншъя гэвэл хэр удаан унших, ерөнхий агуулга нь юу болох зэргийг олж тогтооно.

Хурдан унших
:
Энэ нь тухайн уншсан зүйлийнхээ гол утга санааг таньж, зөвхөн өөрт хэрэгтэй зүйлдээ анхаарал төвлөрүүлэн, гол гол зүйлийг л тогтоож цээжилсэн байдаг.

            Өнөө үед хэрэгцээт мэдээллийг олж авах нь амин чухал зүйл болоод байна. Гэвч хэвлэгдэн гарч байгаа ном, хэвлэл асар их болсон болохоор хүн өөрт хэрэгтэй багахан мэдээллийг олж авахын тулд асар их хэмжээний зүйл унших шаардлагатай. Иймд хурдан унших чадвар нь хүний эзэмших ёстой гол чадваруудын нэг болсон байна.

Хурдан уншдаг сурагч цаг заваа хэмнэхээс гадна богино хугацаанд ихээхэн хэмжээний мэдээлэл олж авах чадвартай байдаг. Тэгвэл зарим сурагчид яагаад удаан уншдаг вэ? Удаан уншдаг шалтгаан нь дараах зүйлс байж болох юм.
1. Чимээ шуугиантай орчинд унших
2. Амандаа үглэж унших
3. Чухам юуны тулд уншиж байгаа билээ гэсэн зорилгогүй унших
4. Yг бүрээр хэлж унших
5. Анхаарлаа уншиж байгаа зүйлдээ төвлөрүүлж чаддаггүй
6. Юм бага уншдаг

Тэгвэл хурдан уншдаг болохын тулд юуг анхаарах хэрэгтэй вэ?
  • Өдөр бүр өөрт сонирхолтой зүйлсийг уншдаг хэвшилтэй бол
  • Анхаарлаа өөр зүйлд хандуулалгүй, зөвхөн ном руугаа бүх анхаарлаа төвлөрүүлж хэвш
  • Ном, сонин, сэтгүүл уншихдаа уншсанаа дахин дахин эргэж хардаг муу зуршилтай бол түүнээсээ аль болох түргэн сал. Эргэж харалгүй дандаа урагшлан уншиж хэвшвэл чи илүү анхааралтай байж сурна
  • Амандаа үглэхгүй, толгойгоо хөдөлгөхгүйгээр унш. Амандаа үглэн уншвал удаан уншдаг. Учир нь амандаа үглэн уншихад нүд, яриа, сонсгол гэсэн гурван зүйлд тархины үйл ажиллагаа чиглэгдэх болдог ба ингэснээр унших явцыг удаашруулдаг. Энэ дутагдлаасаа салъя гэвэл шүдээ зуусхийж, уруулаа хоёр хуруугаараа барьж байгаад унших хэрэгтэй. Эсвэл үүний оронд үгийг сэтгэлдээ төсөөлөн бодож унших аргыг хэрэглэж болно.
  • Унших явцдаа өгүүлбэрийн хэсэг бүрийн утгыг мэдэх гэлгүй, ерөнхий утгыг нь ойлгохыг хичээх хэрэгтэй
  • Хэрэгцээгүй жижиг сажиг зүйлийг орхиж, тухайн сэдвийн гол санаа, аль чухал хэсгийг нь онцлон уншиж сурах хэрэгтэй.
  • Уншсан зүйлийнхээ гол тоймыг тодорхойлж сурах хэрэгтэй
  • Зүүн талаас баруун тийш нь мөрийг дагуулан харалгүй, дээрээс нь доош гүйлгэн харж сур
  • Нэг харахдаа ганц хоёрхон үг харалгүй, үгийг багц багцаар харахыг хичээ. Сурагч та нэг харахдаа хэдий чинээ олон үг хамарч чадна, төдий чинээ хурдан уншиж чадна
  • Ном уншихдаа чимээгүй намуухан орчинг сонго. Ном унших үед сэтгэлийн зовиургүй, тайван байх ёстой.

Нарийн/удаан/ нухацтай унших:
Энэ нь уншиж байхдаа анхаарлаа төвлөрүүлж, уншсан зүйлээ задлан шинжилж, эрэгцүүлэн бодож, дүгнэлт өгч унших үйл ажиллагаа юм. Аливаа зүйлийг уншихад эхлээд гүйлгэн унших хэрэгтэй байдаг бөгөөд энэ нь тухайн зүйлийг цаг гаргаж унших ёстой эсэхийг шийдвэрлэж, цаг, хугацаа , хүч хөдөлмөрийг хэмнэдэг. Энэ алхамын дараа хурдан унших аргыг хэрэглэнэ. Уншсан зүйл чинь үнэхээр чухал, утга санаа холч гүн, хэрэгтэй мэдээлэл ихтэй байвал энэ алхмын дараа удаан нухацтай унших арга барилыг хэрэглэнэ. Сайн бичигдсэн номыг цаг гаргаж, яаралгүй хэд хэд дахин унших хэрэгтэй.

Хүний бүхий л сэтгэлгээ хийгээд сэтгэхүйд тусаж буй хорвоо ертөнц бол эцсийн дүндээ бичвэр юм. Ж.Деррида

Эхэд задлал хийх нь нарийн нухацтай уншлагын нэг хэлбэр юм: 
  • Эхийн бүтцийг шинжлэх/Уншсан эх, сэдэв, номын бүтэц, зохиомж, агуулгыг нягтлан бодох - эхлэл, үндсэн хэсэг, төгсгөл/
·         Эхийн гол санааг олох/Эргэцүүлэн бодох, Хураангуйлах, Тодруулах - тулгуур үг, өгүүлбэр, цогцолборыг тодруулах/
·         Зохиогчийн хэлэх гэсэн санааг таних
·         Шинэ санаа олох/Ургуулан бодох, шинэ бүтээлч шийдэл, бодрол ухаарал/
·         Хэрэглэх/Бодрол ухаарал авах, дэлгэрүүлэх, хувиргах, жишиж харьцуулах, холбох/

Г. Уншлагын систем

SQ4R унших систем
            Ном, сурах бичгийг шалгарсан систем ашиглан уншиж хэвших нь үр дүнтэй. Дэлхий даяар өргөн хэрэглэгддэг уншлагын үр дүнтэй системүүдийн нэг нь  SQ4R юм.  Энэ нь Survey, Question, Read, Record, Recite, Review  гэсэн англи  үгсийн товчлол билээ.
Survey/Тоймлон хар/Номыг бүхэлд нь болоод бүлэг сэдвээр нь урьдчилан зураглах
Question/Асуулт боловсруул/Гарчиг болон дэд гарчиг бүрийн хувьд асуултууд бэлтгэх
Read/Унш – Тэмдэглэ – Өөртөө ярь/Тэмдэглэл хийх хэлбэрээ сонгож, мэдээллээ тэмдэглэх
Recite – Параграфаас чухал мэдээллийг цээжээр ярих
Review/Дүгнэн, нягтлан хар/Бүлэг сэдвээс судалсан мэдээллээ тоймлон харах 



 1-р алхам: Бүлэг сэдвийг урьдчилан зураглах
            Ном болоод бүлэг сэдвийг уншиж эхлэхээсээ өмнө ном, сурах бичгээ бүхэлд нь урьдчилан зурагласнаар номын ерөнхий агуулга, зохион байгуулалт болон өвөрмөц онцлогуудтай танилцаж, номын талаарх ерөнхий төсөөлөл, номыг илүү үр дүнтэй, идэвхтэй унших санаа, бодолтой болдог. Мөн энэ үйлээр ойлгоц сайжирч, цаг хүч хэмнэгдэнэ/Хүний уураг тархи өмнө нь үзэж, судалж, тоймч гэсэн харж байсан зүйлээ илүү хялбар ойлгодог/.  
Ном, сурах бичгийг урьдчилан зураглаж үзэх хэсгүүд нь:
  • Номын нүүр, арын хавтас зохиогч, гарчиг
  • Оршил буюу удиртгал
  • Хавсралт
  • Үгсийн тайлбар
  • Ашигласан номын жагсаалт                                               
байна.
 Бүлгийг урьдчилан зураглахдаа:
  • Гарчиг болоод дэд гарчигуудыг унших
  • Бүдүүвч зураглал, график, зураг гэх мэт визуал элементүүдийг харах
  • Хүрээлэгдсэн тэмдэглэлийг унших
  • Онцолж бичсэн нэр томъёо болон мэдээллийг гүйлгэж харах
  • Дүгнэлт, товч хураангуй, шалгах асуултууд зэргийг агуулсан бүлгийн төгсгөлийн материалуудыг унших                                                            
зэрэг үйлүүдийг гүйцэтгэнэ.

2-р алхам: Асуулт боловсруулах
            Унших гэж байгаа, уншиж буй эсвэл уншчихсан материалын хувьд асуулт бэлтгэх үйл ажиллагаанууд нь идэвхтэй уншихуйн нэгэн стратеги юм. Асуулт боловсруулах нь унших явцдаа зорилготой байх, сэдвийг сонирхох байдлыг нэмэгдүүлэх, мөн ойлгоц болон төвлөрлийг сайжруулахад тус болдог. Асуулт бэлтгэсний дараа тэдгээрийгээ ашиглан өөрийгөө шалгаж, хянаж болдог.

3-р алхам: Хянуур унших
            SQ4R системийн унших алхам нь хурдан уншихдаа бус харин анхааралтай уншихыг чухалчилдаг. Хянуур нухацтай уншсан нөхцөлд сэдвийг сайтар ойлгож, бүлгийг дахин дахин уншиж хугацаа алддаггүй.   Ихэнх ном, сурах бичгүүд тухайн нэгж хугацаанд 1 параграф/догол мөр/ мэдээллийг уншихаар зохион байгуулагдсан байдаг. Ө/х зогсолтгүйгээр 1 параграф мэдээллийг уншаад, дараа нь тэмдэглэх үйл ажиллагааг хийнэ. Гэхдээ сэдвийг заавал параграфаар унших албагүй бөгөөд хэр их хэмжээний мэдээллийг нэг дор унших вэ? гэдэг нь уншиж буй номын хүнд хөнгөний түвшин, уншигчийн унших ур чадвараас хамаарна.

4-р алхам: Мэдээллийг тэмдэглэж авах
            Мэдээллийн нэг хэсэг буюу нэг параграфыг нягталж, уншсаны дараа чухал мэдээллийг нь тэмдэглэж авах алхамыг хийдэг. 
Тэмдэглэл хөтлөх нь
  • Мэдээллийн товч буюу хураангуйлсан хэлбэр болдог
  • Идэвхтэй суралцах үйлийг өдөөж өгдөг
  • Мэдээллийг хадгалах нэг хэлбэр болдог    
         зэрэг олон талын үр ашигтай.

Мэдээллийг тэмдэглэж авах энэ алхамыг Корнеллийн системээр хэрэгжүүлж болно.

5-р алхам: Цээжээр ярих
            Дараагийн параграф руу орохоос өмнө хийгдэх ёстой бас нэг алхам нь цээжээр ярих юм. Энэ алхамд тэмдэглэлд бичсэн буюу тухайн параграфт байгаа мэдээллийг цээжээр ярьж, тухайн мэдээллийг санах ойдоо хадгалах, ойлгосон эсэхээ шалгах үйл ажиллагааг хийнэ.

Доорх зурагт үзүүлсэн байдлаар унших – тэмдэглэх – цээжээр ярих гэсэн үйл ажиллагааны циклийг номын бүлгийн төгсгөл хүртэл үргэлжлүүлнэ. 



6-р алхам: Тоймлон харах
            SQ4R системийн хамгийн сүүлийн алхам нь тоймлон харах үйл ажиллагаа юм.  Энэ алхамд дараах үйл ажиллагаануудыг хэрэгжүүлж болно.
  • Бүлгийн төгсгөлд бичигдсэн асуултуудад хариулах
  • Асуулт боловсруулах алхамд бичсэн асуултууддаа хариулах
  • Тэмдэглэл алхамд хийсэн тэмдэглэлээ судалж, агуулгыг цээжээр ярих
  • Бүлгийн товч хураангуй, дүгнэлт хийх
  • Энэ мэдээлэл юунд хэрэгтэй вэ? Үүнийг хэрхэн ашиглах вэ? гэсэн асуултуудыг өөртөө тавьж, мэдээллийг өөрийн болгож авахыг хичээх
  • Карт, оюуны зураглал гэх мэт суралцахуйн визуал хэлбэрүүдийг ашиглан уншсан сэдвээ тоймлон, бүдүүвчлэх
Номыг хурдан унших өөр нэг систем
Олон бүлэгтэй, олон хуудастай номыг хурдан, мөн ойлгож, гол гол утга санаануудыг тогтоож унших нэг аргатай танилцъя. 10 бүлэгтэй, 250 хуудастай номыг жишээ болгон авъя:

1. Унших гэж байгаа номоо бүхэлд нь тоймлон харж, гол нь юуны талаар өгүүлэх гэж буйг тодорхойлох Ойролцоогоор 5-10 минут

2. Номыг гүйлгэн унших: Нэгдүгээр бүлгээс эхлэн сэдвүүдийг гүйлгэн харж, гол гол баримт, санааг тогтоон харж, энэ ном чамд хэрэгтэй эсэхийг олж тогтоо. Тухайн номыг унших шаардлагагүй гэсэн дүгнэлт гарвал эртхэн больж цаг хугацаагаа хэмнэх хэрэгтэй. Бүлэг бүрийн хувьд 3 минут, нийт номын хувьд 30 минутыг энэ үйл ажиллагаанд зарцуулж болно.

3. Энэ номоос юу мэдэж авахаа олж тогтоо
: Бүлэг бүрийн хувьд 3 минут, нийт номын хувьд 30 минутыг энэ үйл ажиллагаанд зарцуулж болно.

4. Унших явцдаа гол утга санаа нь юу вэ?, Энэ нь хэр бодитой вэ? Дүгнэлт нь хэр зөв бэ? Шинэ зүйл байна уу? Эдгээрээс юу нь надад хэрэгтэй вэ? зэрэг асуултыг өөртөө тавьж хариултыг нь олохыг хичээ
: Бүлэг бүрийн хувьд 3 минут, нийт номын хувьд 30 минутыг энэ үйл ажиллагаанд зарцуулж болно.

5. Нэг хуудсыг 15-20 секунд хугацаанд унших хурдтайгаар бүх бүлгийг унш
: Бүлэг бүрийн хувьд 8 минут, нийт номын хувьд 80 минутыг энэ үйл ажиллагаанд зарцуулж болно.

6. Ойлгомжгүй, эсвэл ойлгоход төвөгтэй утга санаа гарвал дахин анхааралтай унших хэрэгтэй. Ойлгохгүй байгаа хэсгийг чанга дуугаар уншиж, бусад утга санаатай хэрхэн холбогдож байгааг олж тогтоо
: Бүлэг бүрийн хувьд 8 минут, нийт номын хувьд 80 минутыг энэ үйл ажиллагаанд зарцуулж болно.

7. Өөрт хэрэгтэй гэж үзсэн гол гол зүйлсийг тэмдэглэж ав
: Бүлэг бүрийн хувьд 10 минут, нийт номын хувьд 100 минутыг энэ үйл ажиллагаанд зарцуулж болно.

8. Сэргээн харах: Маргааш нь өөрийн тэмдэглэн авсан зүйлээ сэргээн харахад 10 минут зарцуул. Долоо хоногийн дараа 5-10 минутыг, сарын дараа 5-10 минутыг тэмдэглэн авсан зүйлээ сэргээн харахад зарцуулах хэрэгтэй. Энэ нь нийт 30 минут болох юм.

Хийх замаар мэдээлэл авах/Learning by doing/:

            Бодитой, тодорхой үйл ажил гүйцэтгэх нь мэдээлэл хүлээн авах, тогтоох, ойлгох хамгийн үр дүнтэй арга зам билээ. Үүнд бусдад заах, илтгэл тавих, бичих, оюуны болоод ойлголтын зураглал хийх, эссэ бичих гээд олон арга хэрэгслийг ашиглаж болох юм.  Эдгээрээс онцолж, “тэмдэглэл хийх арга зүй-г авч үзье.

Тэмдэглэл хийх арга зүй/Note taking methods/

Яагаад тэмдэглэл хийх хэрэгтэй болдог вэ?
Тэмдэглэл хийх нь мэдээлэл олж авах нэг арга зам билээ. Тэмдэглэл хийх нь юугаараа чухал болохыг дараах учир шалтгаануудаар тайлбарлая.
  • Тэмдэглэл хийснээр багшийн хэлсэн, олж сонссон, харж үзсэн зүйлсийн талаар мэдээлэл үлддэг.  Мэдээллийг урт хугацаанд марталгүй санаж байхад туслах энгийн нэг арга зам бол бичиж авах явдал юм/Тэмдэглэж аваагүй мэдээллийн 60 хувь нь 14 хоногийн дотор мартагддаг. Ямар нэг байдлаар тэмдэглэгээ хийсэн бол мэдээллийн 60 хувийг санаж байдаг. Харин үр дүнтэй тэмдэглэл хийх арга, систем ашиглавал 90-100 хувийг санаж байх боломжтой/.
  • Тэмдэглэл хийх нь төвлөрөхөд тус болдог.  Багш болоод яриа хийж буй хүний ярьж буй зүйлийг ойлгож, ярианд төвлөрхөд тус болно.
  • Тэмдэглэл хийх нь чухал зүйлст анхаарал хандуулж, гол санааг олоход тусладаг
  • Тэмдэглэл хийснээр дараагийн хичээл болоод шалгалтын үед хэрэг болох мэдээллүүдийг олж авдаг

Тэмдэглэл хийх үндсэн дүрмүүд

  • Аль болох товч бөгөөд тодорхой байхаар тэмдэглэж авах
  • Гол мэдээллүүдэд анхаарал хандуулах/баримт, статистик тоо, тодорхойлолт .../
  • Хураангуй бичлэг, тэмдэгт ашиглан товчлох
  • Аль болох өөрийн үгээр илэрхийлэн бичих
  • Ашигласан эх сурвалжаа заавал бичих/Энэ нь дараа ашигласан материалын жагсаалт гаргахад хэрэг болдог/

Тэмдэглэл хийх Корнеллийн арга/Cornell note taking method/
            Тэмдэглэл хөтлөх энэ арга зүйг Cornell-н их сургуулийн Уншихуйн төвийн доктор Уолтер Паук/Walter Pauk/  зохиосон бөгөөд 1950-аад оноос хойш дэлхийн олон оронд хэрэглэгдэж байгаа, хамгийн үр дүнтэй тэмдэглэл хийх систем юм.

Доорх зурагт үзүүлсэн байдлаар дэвтрийн хуудсыг үндсэн 4 хэсэгт хуваана.





Гарчигийн хэсэгт тухайн хичээлийн/эсвэл уншиж буй номын/ сэдвийн гарчиг, он сар өдөр, эх сурвалж/ангид, гэрт эсвэл номын нэр зохиогч он, хуудас/ зэргийг бичнэ.

Тэмдэглэл хэсэгт багшийн ярьж буй зүйлс, ном сурах бичгээс тэмдэглэж авах ёстой зүйлсээ  аль болох товч бөгөөд тодорхой тэмдэглэж авна.

Сэргээн санах хэсэгт тухайн сэдэв болоод бичиж тэмдэглэж авсан зүйлстэй холбоотой түлхүүр үгс, гол санаа, сэдэвтэй холбоотой асуулт зэргийг жагсаан бичнэ.  Энэ хэсгийн мэдээлэл нь юу сурсанаа ойлгох, тогтоон цээжилсэн зүйлсээ шалгах түлхүүр дохио буюу холбоос болж өгдөг тул сэргээн санах хэсэг гэж нэрлэжээ.

Дүгнэлт буюу товч хураангуй хэсэгт тухайн тэмдэглэж авсан мэдээллийн товч хураангуй, үндсэн санааг хураангуйлан бичсэн байна.

Корнеллийн системээр хийгдэх бичиж тэмдэглэх үйл ажиллагаа хичээлийн өмнө, хичээлийн үед, хичээлийн дараа хийгдэж болно. Тухайн хичээлд суухаас өмнө урьд үзсэн зүйлээ сэргээн харах, дэвтрийн цаасаа 4 хуваан бэлдсэн байх нь хичээлийн өмнөх үе шат юм. Хичээлийн үед  гарчигийн ба тэмдэглэл хэсэгт бичиж тэмдэглэх үйл хийгдэнэ. Харин хичээлийн дараа сэргээн санах болоод дүгнэлтийн хэсэгтэй ажиллах ёстой.

Корнеллийн систем санах ойн зарчмуудад тулгуурладаг бөгөөд дараах 5 алхамаар хэрэгждэг.
1-р алхам:  Он сар өдрөө тавиад багшийн хэлсэн гарчиг, сэдвийн нэрийг гарчигийн хэсэгт бичнэ.
2-р алхам: Тэмдэглэл хэсэгт багшийн ярьсан самбарт бичсэн зүйлс, жижиг гарчиг, ном сурах бичгээс тэмдэглэх материал зэргийг аль болох товч, хураангуй байдлаар юуг ч орхигдуулахгүйг бодож бичих
3-р алхам: Гэртээ хариад тухайн өдөр юу үзсэнээ сэргээн хараад, бичиж авсан зүйлстэйгээ холбоотойгоор гол санаа, түлхүүр үгс, сэдэвтэй холбоотой асуулт зэргийг сэргээн санах хэсэгт бичнэ.
4-р алхам: Тэмдэглэл хэсгийн мэдээллийг цаасаар халхлаад, сэргээн санах хэсгийн мэдээллүүдийг ашиглан тухайн сэдвийн талаар юу санаж байгаа, юуг ойлгосноо өөртөө ярина.
5-р алхам: Тэмдэглэл хэсэг болоод сэргээн санах хэсэгт бичигдсэн мэдээллээ ашиглан тухайн сэдвийн гол утга санаа, ерөнхий агуулга, хураангуйг дүгнэлт хэсэгт бичнэ.

Мэдээллийн дамжуулалт
Мэдээллийг хүлээн авахаас гадна хүлээн авсан болоод өөрийн боловсруулсан мэдээллийг бусдад дамжуулах хэрэгцээ шаардлага бас бидэнд тулгарна. Мэдээллийг бусдад дамжуулахдаа мэдээллийн төхөөрөмжүүдийг ашиглах ёстой нь ойлгомжтой. Харин мэдээллийг мэдээллийн төхөөрөмжүүдийг ашиглан бусдад дамжуулахад мэдээллийн хэлбэрүүдийг зөв сонгохоос гадна тийм хэлбэрийн мэдээллүүдийг боловсруулан бий болгох чадвар бас зайлшгүй хэрэгтэй.  Үүнд эргэцүүлэн тунгаан бодох, утга санааг дүрслэн илэрхийлэх, өөрийн бодол санааг үгээр илэрхийлэн хэлэх, найруулан бичих чадварууд онцгойлон яригдана. Энэ удаад эдгээрээс ярих чадварыг онцгойлон авч үзье.

Ярих ур чадвар/Speaking skills/

Ярих бол бусадтай харилцах, бусдад өөрийгөө таниулан ойлгуулах нэг арга зам билээ. Хүн эхлээд юуны тухай ярихаа дотроо бодож төлөвлөдөг. Энэ яриаг чөлөөтэй илэрхийлэн гаргахад илтгэх урлаг бидэнд тусална. Илтгэх, ярих гэдэг ондоо. Илтгэх гэдэг бол олон нийтийн өмнө ганцаараа илтгэл тавихыг хэлнэ.
Presentation Magazine  сэтгүүлээс дараах 3 зүйлийг амжилттай илтгэл тавихад хамгаас чухал гэж үзсэн байдаг.
  • Визуал хэрэгсэл
  • Бэлтгэл Бэлтгэл бэлтгэл/давтлага давтлага давтлага/
  • 3-н дүрэм

Визуал дүрслэл
Бидний илтгэлийг амьд болгох хамгийн хүчтэй хэрэгсэл бол визуал хэрэгсэл нэмэх явдал юм.  Сэтгэл судлаач Альберт Меграбиан/Albert Mehrabian/  хүмүүс илтгэлийн үед мэдээлэл хүлээн авах чадварыг судлан, тэрхүү мэдээллийн 55% нь визуал, 7% нь текстэн мэдээлэл байдаг гэсэн дүгнэлтийг гаргажээ.


          
            Мөн текстэн мэдээллийг бодвол визуал мэдээллийг сэргээн санах боломж 5 дахин өндөр байдаг гэнэ.



Үүнээс үүдээд бид дараах дүгнэлтүүдийг гаргаж болохоор байна:
  1. Чадах чинээгээрээ визуал/зураг, бүдүүвч, график .../ хэрэгслүүдийг ашигла
  2. Ярих үйл ажиллагааг илтгэлийн 38%-д ашигла
  3. Уламжлалт бичлэг, шаталсан жагсаалтаас зайлсхий

Бэлтгэл Бэлтгэл бэлтгэл/давтлага давтлага давтлага/
            Хүмүүс илтгэлээ яаруу сандруу бэлдэж, түүнээсээ болж үр дүн муутай илтгэл тавьдаг.  Бэлдэхгүй эхлэх нь бүтэлгүйтэхдээ бэлдэж байгаа хэрэг юм гэсэн сургаал үг байдаг.  Аливаа илтгэлийн амжилт илтгэлээ хэрхэн бэлдэхээс ихээхэн хамаардаг. Та илтгэлээ сайн бэлдэж чадвал олон давуу талыг өөртөө бий болгож чадна. Yүнд:
- Өөртөө итгэх итгэлийг бий болгоно
- Илтгэлийн өмнөх догдлол, сандрал багасна
- Цагаа зөв тооцож чадна
- Сонсогчдоос ирэх асуултанд түргэн, зөв хариулж чадна
- Найруулгын хувьд алдаагүй илтгэл болно
- Yгийн зөв сонголтыг хийж чадна

Та сэдвээ сонгочихсон бол дараах байдлаар илтгэлээ бэлдэж болно:
  1. Сэдэвтэй холбоотой материалыг хангалттай цуглуул/Сэдвийн талаарх статистик тоо, судалгааны дүн, баримт нотолгоо зэргийг ярих зүйлээсээ хоёр дахин их байхаар бэлд/
  2. Илтгэл дээрээ цаг гарган суу
  3. Өөр бусад илтгэлээс санаа ав
  4. Илтгэлээ цаасан дээр буулгаж боловсруул
  5. Ярих дадлага хий
  6. Илтгэлээ тоймолж бэлд

Илтгэлээ цаг гарган, төлөвлөгөөтэйгөөр хичээн чармайж бэлтгэн, 4-өөс доошгүй удаа урьдчилан илтгэж үз.      Хэрвээ илтгэх цаг хугацааг нарийн зааж өгсөн бол тухайн цагт багтахаар илтгэлийн материал, агуулга, хэл санааг боловсруулж, цагаа хянаж илтгэлээ бэлдэж үз.  
Хэлэх үг бүрээ зөв сонгож, цээжил. Дэлхийн хамгийн алдартай илтгэгч нарын нэг бол Уинстон Черчилл бөгөөд тэрээр нэгэн илтгэлээ 6 долоо хоног бэлтгэн тавьж байжээ. Боломжтой бол өөрийн илтгэх байдлаа бусдаар хянуулж, камераар бичлэг хийн өөртөө үнэлгээ дүгнэлт өг.

3-н дүрэм
            Энэ дүрмийг аль эртнээс дэлхийн шилдэг илтгэгч нар мэддэг байсан бөгөөд Аристотелийн Илтгэх урлаг номонд дурдсан байдаг ажээ. Энэ бол Хэлсэн олон зүйлсээс гурвыг нь тогтоосон байдаг  гэсэн дүрэм юм. Жишээ таныг дэлгүүр орохоос тань өмнө нилээд олон зүйлийг таньд захижээ гэж бодъё. Тэгвэл та дэлгүүрт ороод тэдгээрээс 3-г нь илүү сайн санаж байх болно гэсэн үг.
            Энэ дүрэм хүний богино хугацааны ой санамжтай холбоотой бөгөөд үнэний хувьтай.  Та энэ дүрэмт тулгуурлан сонсогчдод хүргэх ёстой, таны илтгэлийн хамгийн гол гурван мэдээлэл юу байх вэ? гэдгээ тодорхойлох ёстой.  Эдгээр нь таны илтгэлийн үндсэн 3 хэсэг байх болно.  Илтгэл яриандаа энэ 3 зүйлийг 3 үгээр илэрхийлэн, 3-н хослолоор хэрэглэ.

Илтгэл тавих PSAM  загвар:
  1. Нөхцөл байдал/situation/ - Олон нийтийн ярианд ямар нөхцөл байдалд ярьж буйгаа мэдэх нь чухал. Нөхцөл байдлыг ойлгохгүйгээр олон нийтийн яриа хийх нь ихээхэн боломжийг алдахад хүргэдэг.
  2. Зорилго/purpose/ - Зорилгогүй илтгэл амжилтгүй төгсдөг. Зорилго бол илтгэгч ярианыхаа эцэст хүрэхийг хүсч буй тэр үр дүн юм. Лектор ямар ч зорилгогүйгээр ярих тохиолдол байдаг. Ийм үед тэрээр туны тухай яриад байгааг, юуг онцлоод буйг хүмүүс ойлгодоггүй. Энэ бол лектор зорилгоо баттай ойлгон яриагаа бэлтгээгүйтэй холбоотой байдаг. 
Илтгэлийн зорилгоо Хэнд, Юуг, Хэрхэн, Хэзээ, Хаана, Юуны учир гэсэн асуултуудыг өөртөө тавьж тодруул.  Хэнд зориулсан ярих гэж байна? Та түүнд юуг ойлгуулж, хэлэхийг хүсч байна? Илтгэлийн ямар үед юу гэж хэлэх вэ? Илтгэл тавих орчин чинь хаана билээ? Яагаад ингэж ярих ёстой билээ? гэх мэт асуултуудыг өөртөө тавьж, хариултыг илтгэлдээ ашиглана.

  1. Танхим/audience/ - Танхим бол яриа чиглэгдэж буй хүмүүс юм. Танхим  - нөхцөл байдлын нэг хэсэг тул лекторын зорилго бол төлөвлөсөн арга замаар танхимд нөлөөлөх явдал юм.  Яриа амжилттай болох уу, амжилтгүй болох уу гэдгийг эцэслэн шийдэгч нь танхимын хариу үйлдэл юм. Сайн лекторууд танхимаа сайтар шинжиж, түүн дээр түшиглэн яриагаа тэдэнд хүргэдэг. Танхим өөрчлөгдөхөд илтгэл өөрчлөгдөхгүй ч тайлбар жишээ, арга техник, стратеги өөрчлөгддөг.
  2. Арга/Method/ - Нөхцөл байдлаа мэдэж тухайн танхимын хувьд зорилгоо тодорхойлсны дараа лекторын анхаарах ёстой нэг зүйл нь энэ зорилгоо хэрэгжүүлэх аргаа сонгох явдал юм.
 Yр дүнтэй илтгэл дараах 7 шинжийг агуулсан байдаг:
  1. Ач холбогдолтой
  2. Уялдаа холбоотой
  3. Товч тодорхой
  4. Сонирхолтой
  5. Сэтгэл хөдлөлтэй
  6. Шинэлэг
  7. Yр дүнтэй

4 comments: