2015/02/01

Суралцахуйн онол, загварууд

Баатарын Батаа
Суралцахуйн онол загварууд
/Learning theories/

21-р зууны иргэдийн эзэмшсэн байвал зохих үндсэн чадваруудын нэг нь сурах чадвар юм гэдгийг дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрч, үүнд гол анхаарлаа хандуулах болжээ. Суралцах үйл гэж юу вэ? гэсэн асуулт тавьж, нэвтэрхий толь, ном сурах бичгээс тодорхойлолт хайвал “Learning is the process of acquiring knowledge, skills, values, or developing the ability to perform new behaviors, attitude:  Суралцахуй бол мэдлэг, чадвар дадал, соёлын үнэт  зүйлсийг эзэмших, шинэ хандлагаар төлөвших үйл явц” гэсэн ерөнхий тодорхойлолт голцуу олдоно.  Гэвч хүний сурах үйл гэж чухам юу болохыг энэ тодорхойлолтоор хязгаарлаж болохгүй бөгөөд суралцахуй нь өргөн утгатай, олон талтай ойлголт юм.

        Суралцахуйг учрыг нь бүрэн тайлаагүй, үл мэдэх хар хайрцагтай зүйрлэж болох бөгөөд хайрцаг дотор чухам юу болдогийг суралцахуйн талаарх онол сургаалууд өөр өөрийнхөөрөө тайлбарладаг.




            
Yндэслэл сайтай, хүлээн зөвшөөрөгдсөн суралцахуйн онолуудаас/learning theories/ дурдвал:

Зан үйлийн онол/Behaviorism theory/
Танин мэдэхүйн онол/Cognitive theory/
Конструктив онол/Constructivist theory/
Нийгмийн хөгжлийн онол/Social development theory/
Ажиглалтаар суралцах онол/Learning by observation theory/
Тархи, мэдрэл судлал/Neuroscience/
Баруун ба зүүн тархины онол/Right Brain vs. Left Brain theory/
Олон талт оюуны онол/Multiple intelligence theory/
Оюун тархинд суурилсан сургалтын онол/Brain-based learning theory/
Суралцах стиль/Learning styles/


Зан үйлийн онол/Behaviorism theory/
           Энэ онолын гол төлөөлөгчид нь Павлов/Pavlov/, Торндайк/Thorndike/, Ватсон/Watson/,   Скиннер  нар юм.


            Classical condition/сонгодог нөхцөлт рефлекс/
            1900  оны эхээр Оросын физиологч Иван Павлов/Ivan Pavlov/ нохойн дээр хийсэн туршилтаар суралцахуйн энэ хэлбэрийг нээжээ. Эрдэмтэн нохойг хооллохын өмнө хонх дуугаргадаг байсан бөгөөд нилээд хэдэн удаагийн хооллолтын дараа нохойд хонхны дууг сонсгоход л ходоодных нь шүүс ялгарч байжээ.

 
Нөхцөлт рефлексийг нохой болон бусад амьтад дээр судалсны дараа физиологчид суралцахуйн энэ хэлбэрийг хүний суралцах үйлд хэрхэн ашиглаж болохыг сонирхох болсон. 1921 онд америкийн сэтгэлзүйч Жон Ватсон/John B.Watson/ Алберт хэмээх бяцхан хүүг хархаар айлгах туршилт хийхэд хүүхэд дараа нь хархны дүрс барааг хараад л чангаар орилж байсан байна. Энэ туршилтаар  айдас, гэнэтийн цочрол зэрэг сэтгэлийн хөдөлгөөн нь нөхцөлт өдөөлгөтэй холбоотой байж болохыг харуулжээ.  Сэтгэлзүйчид энэ туршилтын үр дүнг байнгын айдас, цочрол, буруу зуршлыг арилгахад ашигладаг. Ямар нэг зүйлийг харахаараа айж, цочидог хэвшилтэй бол тэр зүйлийг нь шат дараалалтайгаар, дахин дахин харуулах замаар айдас, цочролоос нь салгадаг. Харин архи, тамхи хэрэглэх буруу зуршлыг арилгахдаа тухайн зүйлийг жигшил зэвүүцэл төрүүлэх эмтэй хамт өгдөг байна. 

Operant condition/нөхцөлт үйл/
Зан үйлийн дахин давтагдах байдал нь дэмжлэг, урамшуулалаар нэмэгдэх, зэмлэл шийтгэлээр  багасах магадлалтай байх бөгөөд энэ нь суралцахуйн бас нилээд түгээмэл нэг хэлбэр болдог.  Жишээ нь: Ээж хүүгээ гэрээ сайн цэвэрлэсэн байвал магтаж, дуртай хоолыг нь хийж өгдөг байвал хүү удалгүй амттай хоолны  оролцоогүйгээр  гэрээ өөрөө цэвэрлэдэг болно.

19-р зууны сүүлчээр америкийн сэтгэлзүйч Эдвард Торндайк /Edward L.Thorndike/ муур, нохой, тахиа зэрэг амьтад дээр, амьтад хэрхэн суралцдаг болохыг  сонирхож туршилт хийж үзжээ. Амьтдыг жижиг хайрцагт хийгээд, хайрцагны гадна идэх юм тавина. Хайрцагт орсон амьтан бариул, хөшүүргийг хөдөлгөх,  тавцан суурь дээр дарах зэрэг үйлдэл хийвэл хайрцаг онгойхоор хийгдсэн байна.  Амьтад эхний удаад хайрцагт ороод шаардлагатай үйлдлийг санамсаргүй байдлаар л хийх бөгөөд, хайрцагыг онгойлгоход нилээд урт хугацааг зарцуулдаг. Харин тухайн амьтныг хайрцагт олон дахин хийвэл шаардлагатай үйлдлийг хийх хугацаа илүү богиносч, илүү хурдан хайрцагыг онгойлгодог болдог байна.  Торндайк энэ туршилт дээрээ үндэслэн “үр дүнгийн хууль/law of effect/” –г томъёолжээ. Таатай үр дагавартай байвал тухайн зан үйл илүү батжиж, ирээдүйд түүнийг дахин хийхийг хүсэх болно. Харин эсрэгээр, тааламжгүй үр дагавартай байвал тухайн зан үйл илүү суларч, ирээдүйд түүнийг дахин давтахгүйг хичээнэ.  

          

            Торндайк  суралцахуй бол өдөөлгө/S/ ба  хариу үйлдэлийн/R/ хооронд үүсэх холбоосын үр  дүн бөгөөд тэр холбоос буюу хэвшил нь S-R  хослолын давтамж, тааламжтай эсэхээс хамааран батжина эсвэл суларна гэж үзсэн байдаг.

Америкийн сэтгэлзүйч Скиннер/BFSkinner/ 1930–аад оноос эхлэн амьтдын зан үйлийн судалгааг хийжээ. Скиннер судалгаандаа Торндайкын адил хайрцаг ашигласан боловч хайрцаг нь 3 гол зүйлээр ялгаатай байлаа:
1.      Амьтад шаардлагатай үйлдлийг хийснээр хоол  хүлээн авах боловч хайрцагаас гарахгүй
2.      Хийсэн үйлдэл бүрдээ бага хэмжээний хоол хүлээн авах бөгөөд ингэснээр нэг үйлдлээ олон давтан хийж, сурснаа батжуулах боломжтой
3.     Хариу үйлдэл маш бага хүчин чармайлтыг шаарддаг тул амьтад нэг цагийн дотор хэдэн зуун үйлдлийг гүйцэтгэдэг байна.



Эдгээр өөрчлөлтүүдийг хийснээр Скиннер амьтдын зан үйлийн өөрчлөлтийг ажиглах, дүгнэлт анализ хийхэд хэрэгтэй их хэмжээний мэдээллийг цуглуулж чадсан байна.  Скиннер өөрийн туршилтын үр дүн, дүгнэлтэндээ суурилж суралцахуйн талаарх өөрийн зарчмыг боловсруулсан бөгөөд түүнийгээ хүмүүсийн өдөр тутмын амьдрал, зан үйлд хэрэглэснээрээ нэр алдартай судлаач болж чаджээ.  Хүний зан үйлд удамшил,  суралцахуйн үндсэн хэлбэрүүд, хэл зэрэг олон хүчин зүйл нөлөөлнө гэдгийг Скиннер онцолжээ.
Өөрийн 60 гаруй жилийн судалгааны үр дүнд, Скиннер  хүн шинэ зан үйл, зан үйлийн өөрчлөлтөд хэрхэн суралцдагыг тайлбарласан, нөхцөлт үйлийн/operant condition/ үндсэн зарчмуудыг тодорхойлжээ.

Батжуулалт/дэмжлэг/
            Батжуулалт/reinforcement/ нь Скиннерийн онолын тулгуур элемент бөгөөд хүсэн хүлээж байгаа үйлийг дэмжих үгэн хэлц, сайн дүн, таатай мэдрэмж энэ бүгдийг үүнд ойлгоно. Дэмжлэг нь эерэг, сөрөг гэсэн 2 хэлбэртэй бөгөөд эерэг дэмжлэг нь зөв зан үйлийг улам хөхүүлэн дэмжих, сөрөг дэмжлэг нь буруу зан үйлийг хориглон зогсоох шинжтэй.   Гэхдээ нөхцөл байдлаас хамаарч эерэг дэмжлэг нь зөв зан үйлийг зогсоосон, сөрөг дэмжлэг нь буруу зан үйлийг дэмжсэн шинжтэй ч болж болох юм. 

Шийтгэл/зэмлэл/
Дэмжлэг тухайн зан үйлийг батжуулдаг бол шийтгэл/зэмлэл/ нь дахин давтагдах боломжийг багасгаж, сулруулдаг.  Дэмжлэгийн адил шийтгэл/зэмлэл/ нь эерэг, сөрөг 2 хэлбэртэй. Эерэг зэмлэл нь зан үйл илрэх үед тааламжгүй өдөөлгө өгөх замаар зан үйлийн цаашид давтагдах боломжийг багасгадаг.  Эцэг эхчүүд  хүүхэд нь  буруу зан үйл гаргах үед бөгсөн дээр нь алгадах,  загнаж аашлах замаар эерэг зэмлэлийг хэрэглэдэг.

Хэлбэржүүлэлт
            Хэлбэржүүлэлт/shaping/ нь батжуулалтын нэг техник бөгөөд урьд нь хийж, гүйцэтгэж байгаагүй шинэ зан үйлд  амьтан, хүнийг сургахад хэрэглэдэг. Энэ аргаар, багш гүйцэтгэхэд хялбар энгийн үйлдэл, даалгаврыг гүйцэтгүүлж эхлэх бөгөөд хийх үйлдэл, даалгаврыг цаашид аажмаар хүндрүүлдэг.  Энэ аргыг ашиглан амьтан сургагчид циркийн зааныг 1 хөл дээр нь зогсоож, барыг бөмбөг дээр тэнцвэрийг нь олуулж, нохойг нуруугаар нь эргүүлэх үзүүлбэрийг хийлгэж чаддаг.  Сэтгэлзүйчид энэ аргаар оюуны хомсдолтой хүүхдийг ч шинэ зүйлд сургадаг.

Зан үйлийн онолын ач холбогдол
Арга нь ямар байх нь нэг хэрэг. Харин үр дүн нь ямар байх нь өөр нэг хэрэг.

Нэгэн луус давс ачих тоолонд гол гатлах үедээ зориудаар бүдчин унаж ачааныхаа тэн хагасыг уусган урсгаж хөнгөлдөг муу зан сурчихажээ. Тэр луусын залийг анзаарсан Фалес овжин адгуусанд ноос ачихыг тушаасан байна. Гарамгай мэхнээсээ болж, нойтон ноосонд дарагдаж хамаг тамираа барсан луусын муу зан ч засарчээ.

Маш их цаг үрдэг, нүсэр, үнэ ихтэй, үр дүн багатай психоанализийн эмчилгээний оронд Айзенк “биеэ зөв авч явах хэвшил-г санал болголоо. Энэ нь биеэ зөв авч явахыг дэмжиж, буруу авч явахыг шийтгэдэг арга байв. Өвчтнүүдээ тэрээр сул цахилгаанаар цохиулж, биенд нь зовиур авчирдаг зарим хэрэгслийг ашиглаж байв. Сонирхолтой нь өвдөж зовохыг хүсээгүй өвчтөнүүд тун удалгүй тэгсхийгээд өөрсдөө эдгэрч байжээ. Өвтгөдөг энэ арга нь ч бас олон нийтийн дургүйцлийг ихээр төрүүлжээ. Гэвч Айзенк ажиг ч үгүй тайвнаар өөрийн эмчилгээний гайхмаар өндөр үр дүнг үзүүлдэг байв.

Багш нь сурагчаасаа өндөр амжилт хүсэн хүлээж байхдаа илүү эерэг найрсгаар хандаж, сурагчаа урамшуулан дэмжиж, хичээл дээр гаргаагүй сайн арга барил, хэрэгслүүдээ хэрэглэн сурагчийн танин мэдэх үйл явцад илүү их боломж олгодог аж. Сурлага муутай хүүхэд өөрийгөө доогуур үнэлж явдаг нь тогтоогдсон. Тэдгээр сурагчдыг ихэнх багш нар онц сурлагатануудтай харьцуулж зэмлэдгээс болж, хүүхдийн “Би үзэл баримтлалд үлэмж хохирол учруулдгийг Ж.Баркер-Ланн тогтоожээ.    Өөрт нь багш сайн хандаж байгааг мэдэрсэн хүүхэд өөрийгөө ч эерэгээр үнэлж эхлэн энэ нь сурлагын амжилтанд нь нөлөөлж буйг тогтоож чадсан юм.

Зан үйлийн онол нь сурган хүмүүжүүлэх ухаанд олон талын ач холбогдолтой. Энэ онол суралцахуйн биологийн үндэс,  хүрээлэн буй орчин суралцахуйд ямар нөлөөтэйг бидэнд ойлгуулсан.  Энэ аргыг сайтар ойлгосноор эцэг эхчүүд хүүхдийнхээ зан үйлийг засаж, зөв тэгш хүмүүжилтэй нэгэн болгож чадна. Сургуульд багш нар сурагчдынхаа хичээл, сургалтын амжилтыг өсгөхөд ашиглаж болно. Компани, аж ахуйн нэгжүүд ажилчдынхаа хөдөлмөр аюулгүй байдал, бүтээмж, оролцоог энэ аргаар нэмэгдүүлж чадна. 


Танин мэдэхүйн онол/Cognitive theory/
            Танин мэдэхүйн онол нь оюун ухаан/intelligence/, оюуны үйл/mental behaviour/, мэдлэг/knowledge/, сэтгэхүйд/thinking/ гол анхаарлаа хандуулан суралцах үйлийг судалсан байх бөгөөд гол төлөөлөгчид нь Пиаже/Piaget/, Блум/Bloom/,  Гагне/Gagne/  нар юм.

            Танин мэдэхүй, мэдлэгийн гарал зүй/Genetic Epistemology/
Швейцарын сэтгэлзүйч Жиан Пиагет/Jean Piaget 1896- 1980/ хүний танин мэдэхүйн үйлийн үндсийг судалсан тул өөрийн онолыг Genetic Epistemology гэж нэрлэсэн байна. Тэрээр 60 гаруй жилийн хөдөлмөрөө хүүхдийн танин мэдэхүйн хөгжил ба суралцах үйлийн  суурь судалгаанд зориулсан бөгөөд өөрийн ажлаар хүүхдийн танин мэдэхүйн хөгжлийн 4 үе шатыг тодорхойлжээ.
  1. Мэдрэхүй-хөдөлгөөний үе шат/Sensorimotor stage/ 0-2 нас:  Энэ үе шатанд хүүхэд 5 мэдрэхүй, үйл хөдөлгөөнөөрөө хүрээлэн буй орчинтой харьцаж, бодит ертөнцийн талаарх ерөнхий төсөөлөл, ойлголттой болдог.  Гэхдээ өөрийн харааны орон зайд өртөгдсөн, үзэж мэдэрсэн зүйлсээрээ л тэдгээрийг төсөөлнө.
  2. Хийсвэрлэхийн өмнөх үе шат/Preoperational stage/ 2-7 нас: Энэ үе шатанд хүүхэд хийсвэр ухагдахууныг ойлгоход хараахан бэлэн биш байх бөгөөд бодит эд зүйлс, тодорхой үйл ажлаар сургах нь илүү ач холбогдолтой.
  3. Бодит зүйлд суурилан хийсвэрлэх /Concrete operations/ 7-11 нас:  Энэ үе шатанд хүүхдийн бодит туршлага хуримтлагдан баяжсаар бодит байдлыг хийсвэр загвараар төсөөлөн ойлгох түвшинд хүрнэ. Энэ цаг үеэс хийсвэр загвар, дүрс тэмдэглэгээ зэргийг сургалтанд ашиглаж болох  боловч хийсвэр утга санаа нь бодит зүйлтэй холбоо, уялдаатай байх учиртай.
  4. Жинхэнэ хийсвэрлэх/Formal operations/ 11-наснаас дээш:  Энэ үе шатанд хүүхэд нас хүрэгчдийн адил логик уялдаа холбоотой, бүрэн хийсвэрлэн сэтгэх чадвартай болно.
Жиан Пиажегийн судалгаа нь хүүхдийн танин мэдэхүйн хөгжил яаж явагддаг, тухайн насны хүүхдэд сургалтын ямар арга хэрэгсэл ашиглан хэрхэн заах ёстой талаарх чиг баримжааг сурганы онолд хэлж өгсөнөөрөө өндөр ач холбогдолтой билээ.   

Блумын боловсролын зорилгын ангилал зүй/learning taxonomy of Bloom/
       Бенжамин Блум/Benjamin Bloom 1913-1999/ нь Чикагогийн их сургуулийн эрдэмтэн бөгөөд боловсролын зорилго, үйл ажиллагааны чиглэлийг нарийн тодорхойлсон, системчилсэн ангилал зүйг бий болгох санааг анх гаргаж ирсэн хүн юм. Америкийн сэтгэлзүйчдийн холбооны 1948 оны их хурлын шийдвэрээр Бенжамин Блум/Benjamin Bloom 1913-1999/ боловсролын зорилго, үйл ажиллагааны процессыг тодорхойлсон ангилал зүйг гаргаж ирэх төслийн багын ахлагчаар томилогджээ. 

        Блумээр толгойлуулсан, боловсрол судлаач,  сэтгэлзүйчдийн багынхан өөрсдийн ажлын үр дүнд суралцахуйд чухал нөлөөтэй оюуны үйлийн түвшингүүдийг тодорхойлон гаргасан.  Энэ ангилал зүй нь боловсролын зорилгыг Cognitive domain/оюуны чадавхи, сэтгэлгээ, мэдлэг/, Affective domain/мэдрэмж, сэтгэл хөдлөл, зан үйл, хандлага/, Psychomotor domain/бие бялдарын чадвар, дадал дүй/ гэсэн 3 талбартайгаар гаргаж иржээ.

       Блумын багынхан эхэлж Cognitive domain-г гаргаж ирэхэд гол анхаарлаа хандуулсан бөгөөд 1956 онд  Taxonomy Of Educational ObjectivesHandbook 1, The Cognitive Domain' (BloomEngelhartFurstHill,Krathwohl)  ном хэвлүүлжээ. Улмаар тэд өөрсдийн судалгааг цааш үргэлжлүүлж 1964 онд Taxonomy Of Educational ObjectivesHandbook IIThe Affective Domain (Bloom,MasiaKrathwohl) номоо хэвлүүлжээ. Харин ангилал зүйн гурав дахь хэсэг болох Psychomotor domain-г бусад эрдэмтэд тодорхойлон, янз бүрээр тайлбарласан ном гаргаснаас RH Dave(1967/70), EJ Simpson(1966/72), AJ Harrow(1972) нарын гаргасан ном хамгийн түгээмэл, олонд танил болсон байна.  Блумын ангилал зүйн 3 талбарыг хамгийн товчоор Skill-Knowledge-Attitude/мэдлэг-чадвар-хандлага/, KAS/мэдлэг-хандлага-чадвар/, Do-Think –Feel/Yйл – сэтгэлгээ - мэдрэмж/  гэж тодорхойлж болох юм.

Блумын ангилал зүйгээр танин мэдэхүй нь мэдлэг/knowledge/, ухаарал/comprehension/, хэрэглээ/application/, анализ/analysis/, синтез/synthesis/, үнэлгээ/evaluation/ гэсэн 6 түвшинтэй байна гэж тодорхойлсон байна.  Түвшин бүрт холбогдох суралцахуйн зан үйлийг үйл үгүүдээр дараах байдлаар томъёолж болох юм.

1.      Мэдлэг – эмхлэн зохион байгуулах, тодорхойлох, хуулбарлах, жагсаалт гаргах, тогтоох, сэргээн санах, нэрлэх, цэгцлэх, таних, нөхцөл байдлыг хуулбарлан буулгах
2.      Ухаарал – ангилан ялгах, тодорхойлох, хэлэлцэх, илэрхийлэх,  таних,  онцлогийг гаргаж ирэх, олох,  ялган таних, мэдэгдэх, өөр хэлбэрээр илэрхийлэх,  шалгаж хянах, сонгох,  хөрвүүлэх
3.      Хэрэглээ – хэрэглэх, шилж сонгох, үзүүлж харуулах, ашиглах, дүрслэн үзүүлэх, тайлбарлах,  хийж гүйцэтгэх, практикт хэрэглэх, хувиарлах, хар зураг, ноорог гаргах, шийдвэрлэх, бичих
4.      Анализ – задлан шинжлэх, дүгнэлт гаргах, тооцон бодох,  зэрэг тогтоох, харьцуулах,  сөргүүлэн тавих,  шүүмжлэх, ялгах, ялгаварлан үзэх, шалгаж үзэх, турших, сорих,  шалгаан байцаах
5.      Синтез – тохируулж өөрчлөх, угсрах, хураах, найруулах, зохион бүтээх,  бүтээн туурвих,  загвар гаргах, шинэ бүтээгдэхүүн гаргах, томъёолох, удирдах,  эмхлэн байгуулах, төлөвлөх, бэлтгэх, бодох төлөвлөх, барьж байгуулах
6.      Yнэлгээ – дүгнэх, маргах,  үнэлэх, харьцуулалт сонгох, үнэлгээг зөвтгөх, шүүх, таамаглах, шилж сонгох, хөгжөөн дэмжих,  ач холбогдол өгөх

Мэдлэг - нэр томьёо, томьёо, дүрэм, баримт, арга, ажилбар зэрэгт харгалзах мэдээллүүдийг тогтоох ба сэргээн сануулахад оршино.

Ойлголт - Судалсан материалын хэлбэрийг өөрчлөх, тайлбарлах, үйл явдал, үзэгдэл, түүний өрнөлийн таамаглал дэвшүүлэх байдлаар илэрдэг.

Хэрэглээ - Асуудал шийдвэрлэх, бодлого бодох, хууль, дүрэм, зарчим, онолыг ашиглаж үндэслэл гаргах, дүгнэлт хийх, шинэ нөхцөлд мэдлэгээ хэрэглэх хэлбэрээр илэрдэг.
Анализ - Бүхлийн бүрэлдэхүүн хэсгүүдийг болон эдгээр хэсгүүдийн хоорондын холбоог тодорхойлох, бүхлийн зохион байгуулалтын зарчмийг илэрхийлэх, логикийн алдааг тодруулах, судалсан материалын бүтцийг тодорхойлох зэргээр илэрнэ.

 Синтез - Бүтээлч шинжтэй үйл хийх (илтгэл ба зохион бичлэг бичих, үйлийн төлөвлөгөө, төсөл боловсруулах), бүхлийг салангид хэсгүүдээс бүрдүүлэх чадвараар илэрхийлэгдэнэ.

Yнэлгээ - Өгөгдсөн шалгуур ба зорилгод харгалзуулан бичвэр, үзэгдэл онол, дүрэм, урлаг, уран сайхны бүтээл, үйл ажиллагааны бүтээгдэхүүнийг үнэлэх хэлбэрээр илэрнэ.

      Affective domain  нь  сонирхол, эрхэмлэл,  ухамсар, хариуцлагын хандлага, бусдыг сонсох, тэдэнтэй харьцах чадвар, улмаар эдгээрийг суралцах үйл, шалгалт шүүлэгийн үед хэрэглэх чадвар юм.  Боловсролын зорилгын ангилал зүйн энэ талбар нь мэдрэмж, хандлага, үнэлэмж, таашаал зэрэг таалж, хамгаалж, дэмжиж, хүндэлж, эрхэмлэдэг зүйлстэй  нягт холбоотой.

            Блумын  ажилд байдаггүй ч, бусад эрдэмтэд боловсролын ангилал зүйн 3 дахь талбарыг   гүйцээн томъёолсон. Жишээ нь:  Харроу/Harrow/ түүнийг рефлекс, үндсэн хөдөлгөөнүүд – голчлон бага насны хүүхдэд хэрэглэгддэг(мөлхөх, гүйх, харайх, хүрэх, чиглэлээ өөрчлөх),  мэдэрч, хүлээн авах чадварууд(барьж авах, бичих, тэнцвэрээ олох, ялгах, арга эвийг олох),  бие махбодийн чадварууд(зогсох, нэмэгдүүлэх, хурдан хөдлөх, өөрчлөх, хариу үйлдэл хийх), чадварлаг хөдөлгөөнүүд(тоглох, цохих, өшиглөх, сэлэх, шумбах,  хэрэглэх ), дискурсив биш харилцаа/илэрхийлэх, бүтээх туурвих, жүжиглэх, загвар зохион бүтээх, тайлбарлах/ гэсэн 6 түвшинтэй гэж үзсэн байдаг.

Блумын боловсролын зорилгын ангилал зүйн агуулга, санааг 1956 оноос хойш дэлхийн бүхий л орны багш, сурагчид сургах, суралцах үйлдээ ашиглаж, чиг баримжаагаа олж авч байна.  Блумын таксономиос хойш боловсролын зорилгын талаар олон янзын ангилал зүйн загварууд гарсан ч хамгийн үр нөлөөтэй нь энэ загвар байсаар байна.

Лорин Андерсон, Дэвид Кратвол нарын эрдэмтэд Блумын таксономийг шинэ цаг үетэй нийцүүлэн дараах байдлаар засварлан сайжруулсан байдаг.



Суралцахуйн нөхцөлүүд/Conditions of Learning/
Америкийн боловсрол судлаач Роберт Гагне/Robert Gagne/ суралцахуйн ялгаатай  хэлбэрүүд,  түвшингүүдийн талаарх энэ онолыг гаргаж иржээ. Гагне суралцахуйн үндсэн 5 хэлбэрийг  үгэн мэдээлэл/verbal information/, оюуны чадвар/intellectual skills/, танин мэдэхүйн стратегиуд/cognitive strategies/, хөдөлгөөний чадварууд/motor skills/, хандлагууд/attitude/  гэж тодорхойлжээ.  Суралцахуйн ялгаатай хэлбэрүүдэд дотоод, гадаад янз бүрийн нөхцөлүүд зайлшгүй шаардлагатай. Жишээ нь, танин мэдэхүйн стратегиудад суралцахад асуудлын шинэ шийдлийг олох, сэтгэлгээний шинэ арга барилд суралцах боломжоор хангаж өгсөн байх учиртай. 

Гагне оюун ухааныг хөгжүүлэх үйл нь  нэр томъёог хэрэглэх, сайн мууг ялган таних, төсөөлөл бий болгох, зарчим дүрмийг хэрэглэх, асуудал шийдвэрлэх зэрэг хоорондоо уялдаа холбоотой, цогц бүрдэл болсон олон зүйлд тодорхой үе шаттайгаар суралцах явдал гэж үзжээ.



Энэ онол танин мэдэхүйн процесст нийцэх сургалтын 8 үйлийг 
1. Анхаарлыг нь  хичээлд хандуулах
2. Шинэ хичээлийн зорилгыг ойлгуулах
3. Урьд сурсаныг нь  сэргээн сануулах
4. Шинэ ойлголт, тодорхойлолт зэргийг хэлж өгөх
5. Суралцах үйлд хөтлөн оруулж, юуг яаж хийхийг зааж, зөвлөх
6. Хийж гүйцэтгэх дасгал ажил, даалгавар зэргийг өгөх
 7. Дасгал ажил, даалгавраа зөв гүйцэтгэсэн эсэхийг шалгах
8. Ажлын гүйцэтгэл, юу сурч мэдсэнд нь үнэлгээ өгөх
9. Сурч мэдсэн зүйлээ хэрэглэх, бусад зүйлд хувиргах ашиглах чадварыг нь нэмэгдүүлэх                                                                          
гэж тодорхойлжээ.

Конструктив онол /Constructivist Theory/  


      Энэ онолын үзэл санаа Пиаже, Выготский, Рорти, Вико зэрэг олон эрдэмтдийн бүтээл санаан дээр тулгуурлан гарч ирсэн бөгөөд яг онол хэлбэртэй зангидсан хүнийг Брунер гэж үздэг.

        Америкийн сэтгэлзүйч Брунер/Bruner, Jerome 1915-/ суралцах үйл бол суралцагч өөрийн одоогийн болон урьдын сурч мэдсэн зүйл, ойлголт дээрээ тулгуурлан шинэ санаа бодол, мэдлэгийг бий болгох идэвхтэй үйл гэж тодорхойлжээ. Суралцагч мэдээллийг шилж сонгон хувиргах, таамаглал дэвшүүлэх, шийдвэр гаргах зэргээр  танин мэдэхүйн конструкцыг/схем, оюуны загвар/ бүрдүүлэх бөгөөд энэ нь утга  санааг ойлгох, туршлагаасаа суралцах, өгөгдсөн мэдээллийг боловсруулах боломжийг олгоно.  Иймээс багш сурагчдын “зарчмуудыг өөрсдөө нээн илрүүлэх замаар суралцах” үйлийг дэмжиж өгөх ёстой.   Багш сурагчидтайгаа Сократын арга шиг идэвхтэй харилцан яриаг өрнүүлвэл санал бодлоо чөлөөтэй  солилцох боломжийг олгоно.  Багшийн гол үүрэг бол мэдээллийг суралцагчийн одоогийн ойлголтын түвшинд хүргэж хөрвүүлэх явдал юм. Сургалтын хөтөлбөр бүхэлдээ суралцагчийн одоог хүртэл сурч мэдсэн зүйлс дээр тулгуурласан, сурч мэдсэн зүйлс дээрээ тулгуурлан цааш урагшлах, спираль хэлбэрийн бүтэцтэй байх ёстой.

Энэ онолын үндсэн зарчмууд нь:
1. Сургалт суралцагчийн хүсэл сонирхол, суралцах боломж, туршлагад нийцсэн, түүнтэй уялдаа холбоотой байх ёстой
2. Суралцагчид суралцахад хялбар, ойлгоход энгийн байхаар сургалтыг бүтэцлэн, зохион байгуулсан байх ёстой
3. Сургалт “хүнд тооцоололыг хялбарчилсан, мэдээллийн цоорхойг багасгасан” бүтэцтэй байх ёстой. 

Нийгмийн хөгжлийн онол/Social Development Theory/
            Оросын сэтгэлзүйч Лев Выготский/Vygotsky, Lev Semionovich 1896-1934/ хэл шинжлэл, хэл ярианы хөгжлийн чиглэлээр ажиллаж байсан бөгөөд танин мэдэхүй, оюуны хөгжилд нийгмийн харилцаа, соёл голлох үүрэгтэй гэсэн таамаглалыг дэвшүүлсэн. Хүүхдийн соёлын хөгжлийн функц бүр хоёр дахин илэрч гарч ирдэг. Эхлээд нийгмийн түвшинд,  дараа нь хувь хүний түвшинд. Эхнийх нь хүмүүсийн хооронд, хоёр дахь нь хүүхдийн дотоод сэтгэлд илэрнэ. Хүн төрөлхтөн соёлыг бий болгосон цорын ганц амьтан бөгөөд хүүхэд бүр энэ нийгэм болоод гэр бүлийн соёлын орчинд хүн болж өсөн торнидог.




Энэ онолын гол зарчмуудыг дурдвал:
1.   Соёл  - хүүхдийн оюуны хөгжилд 2 төрлийн ач тусыг өгдөг. 1-рт, Соёлоор дамжуулан хүүхдүүд өөрсдийн санаа бодол, мэдлэгийн ихэнх хэсгийг бүрдүүлдэг. 2-рт, хүрээлэн буй соёлын орчин нь тэдний сэтгэлгээний хэв маяг,  процесст нөлөөлөх бөгөөд үүнийг Выгодскийн  оюуны дасан зохицолын хэрэгсэл гэж нэрлэдэг байна.  Товчдоо, соёл нь хүүхдийг юу бодох, хэрхэн сэтгэн бодоход сургадаг.
2.   Танин мэдэхүйн хөгжил нь хүүхэд асуудал шийдвэрлэх замаар бий болгосон туршлагаа эцэг, эх багш зэрэг өөр хэн нэгэнтэй хуваалцах замаар суралцах диалектик процессын үр дүн байдаг.
3.   Эхэндээ, хүүхэдтэй харилцагч хүн асуудал шийдвэрлэх эрх мэдлийн ихэнхийг өөрт төвлөрүүлж байдаг бол энэ эрх мэдэл аажмаар  хүүхдэд шилжиж очих ёстой. 
4.   Хэл яриа бол эцэг эхчүүд соёлын орчинд бий болсон мэдлэгийг хүүхэддээ хүргэх  үндсэн хэрэгсэл.
5.   Хүүхэд суралцаж, хөгжиж дэвшихийн хэрээр, өөрийн хэл яриаг оюуны дасан зохицолын үндсэн  хэрэгсэл болгон ашиглаж чаддаг.
6.   Суралцах процессоор хүний зан үйл, хандлага, мэдлэг, сэтгэлгээний хэв маяг бүрэлдэн бий болох бөгөөд эдгээр нь мөн хэл яриагаар илрэн гардаг.
7.   Хүүхэд өөрөө юу хийж чадах вэ?, бусдын туслалцаатайгаар юу хийж чадах вэ? гэдгийн хооронд  зөрүү их байдаг.  Выгодский энэ зөрүүг проксимал/дундах, завсрын/ хөгжлийн бүс гэж нэрлэсэн байна.
8.   Хүүхэд хүрээлэн буй орчноосоо ихэнх зүйлийг сурч авдаг,  эцэг эхийнхээ туслалцаатайгаар олонх асуудлуудыг шийдвэрлэж сурдаг болохоор  хүүхдийн хөгжлийг энэ бүгдээс ангид байдлаар авч үзэх нь буруу.  
9.   Хүрээлэн буй орчин, нийгмийн субьектүүдтэй харилцах замаар хүүхдийн оюуны хөгжил аажмаар бүрэлдэн бий болдог.  Танин мэдэхүй, оюуны хөгжилд нийгмийн харилцаа зайлшгүй хэрэгтэй.




Л.С. Выготский
“Хөгжлийн бүс 

Ажиглах замаар суралцах/ Learning by observation/ 
        Канад-Америкийн сэтгэлзүйч Альберт Бандура/Albert Bandura/ хүүхдийн хөгжилд чухал үүрэгтэй “ажиглах замаар суралцах”  суралцахуйн нэг үндсэн хэлбэрийг судалж,  нийгмийн суралцахуйн онолыг/Social Learning Theory/ гаргаж иржээ. Хүмүүс бусдыг ажиглах замаар өөрт хэрэгтэй зүйлст суралцах нь элбэг.   Бусад хүмүүсийн үйл хөдлөлийг ажиглаад, дараа нь тухайн үйлийг дуурайн хийх нь  ажиглах замаар суралцах үйл юм.  Хүүхэд, насанд хүрэгчдийн аль аль нь энэ арга замаар олон зүйлд суралцдаг.   Бага насны хүүхэд хэл яриа, нийгэмшихүйн чадвар, зуршил, айдас болон өдөр тутмын олон зан үйлд эцэг эх болон бусад хүүхдүүдийг ажиглах замаар суралцдаг. Олонх хүн академик болон бие бялдар, хөгжмийн чадварт багшийгаа ажиглаж, түүний хийж, гүйцэтгэж байгаа үйл хөдөлгөөнийг дуурайн хийх замаар суралцдаг.


        Сэтгэлзүйчид хүн л ажиглах замаар суралцах чадвартай гэж үздэг байв. Гэвч сүүлийн үеийн судалгаагаар шувуу, муур, нохой, мэрэгч, сармагчин зэрэг олон амьтад бусдыгаа ажиглах замаар шинэ зан үйлд суралцах чадвартайг тогтоогоод байна. Амьтдын зулзага өөрсдийн эцэг эхийг ажиглаж, хоолоо олж идэх, айж эмээх, амьд явах арга ухаанд суралцдаг. 

            Нийгмийн суралцахуйн онол “зан үйл, хандлага, бусадтай харилцах үйлийн загварчлал бий болоход ажиглах нь чухал ач холбогдолтой гэж онцолдог. Бандура “Бусдын юу хийж байгаад хайхрамжгүй хандвал суралцах нь биднээс асар их хөдөлмөрийг шаардсан, тун хэцүү үйл ажил болж хувирна” гэжээ.  Анхаарал, ой санамж, дуурайх үйл, өдөөлгө нь  ажиглах замаар суралцах үйлийн  бүрдэл хэсгүүд  гэж тооцогддог тул нийгмийн хөгжлийн онол нь танин мэдэхүйн ба зан үйлийн онолын аль алинтай нь холбоотой байдаг.

Тархи, мэдрэл судлал/Neuroscience/
         Бидний тархи асар их нөөц боломжоор дүүрэн, гайхамшигаар дүүрэн унтаж буй аварга зүйл юм. Сүүлийн жилүүдэд сэтгэл зүй, боловсрол, биохими, физик, математикийн салбарт хийгдсэн судалгаагаар хүний тархины боломж таамаглаж байгаагаас хавьгүй илүү гэдгийг тогтоогоод байна.  Тэр ч байтугай хүн тархиныхаа боломжийн зөвхөн 1 хувийг л ашигладаг гэсэн түгээмэл ойлголт ч худал болж, бид нэгээс ч бага хувийг ашиглаж байна. Тархинд бидний боловсролын шинэчлэлийн үндэс оршиж байна гэж үзэх боллоо.



          Неврологи нь хүний мэдрэлийн систем, уураг тархи болон ухамсар, ойлгоц, ой санамж, суралцах үйлийн биологийн үндсийг судалдаг шинжлэх ухаан юм. Мэдрэлийн систем, уураг тархи нь хүний суралцах үйлийн физик үндэс, суурь байдаг. Неврологи нь танин мэдэхүйн үйл ба  бие махбодийн үйл ажиллагаа, зан үйлийн хоорондын  уялдаа холбоог судалдаг бөгөөд энэ шинжлэх ухаан оюун тархитай холбоотой, сурганы ухаанд үнэ цэнэтэй олон баримтыг нээж, гаргаж ирсэн юм.

Гол ололтуудаас нь дурдвал:

1.  Уураг тархи гурвалсан бүтэцтэй
Тархийг хувьслын үе шат талаас нь харвал бидний уураг тархи гурван тархинаас бүтдэг байна.  Эхнийх нь хэвлээр явагчдын тархи буюу уртавтар тархи бөгөөд зөн билэг, совин, давтлага хэвшил, мэдрэхүй хөдөлгөөний үндсэн үйлүүд энэ тархитай холбоотой.  Хоёр дахь нь сүүгээр бойжигчийн тархи буюу дунд тархи бөгөөд бусадтай нийцтэй байдал, сэтгэл хөдлөл/эмоц/, урт хугацааны ой тогтоолт зэрэг нь энэ тархины үйл ажиллагаатай холбоотой. Гурав дахь нь сэтгэгч тархи буюу тархины их тал бөмбөлөгүүд бөгөөд сэтгэн бодох, суралцахуй, асуудал шийдвэрлэх, бүтээлч үйл ажиллагаа нь энэ тархины үйл ажиллагаатай холбоотой.

  
2Тархи бол компьютер биш
Тархины эсүүдийн холбоос нь суларч,задардаг уян хатан, сүлжээт бүтэцтэй. Мөн идэвхтэй үйл ажилд оролцдоггүй, ашиглагддаггүй мэдрэлийн эсүүд ч байдаг. Иймээс бидний уураг тархи шугаман эсвэл зэрэгцсэн үйл ажиллагаатай компьютертэй огт адилгүй юм. Уураг тархи бол юутай ч адилтгахын аргагүй,  өвөрмөц систем.

3. Уураг тархи насан туршийн үйл, амьдралын туршид өөрчлөгдсөөр байдаг       Оюуны үйл, бидний үйл ажил тархины физик бүтцийг өөрчилдөг. Тархины мэдрэлийн эсүүд хоорондоо дендрит гэж нэрлэгдэх салаа, мөчрөөр холбогддог. Бидний уураг тархи 10 тэрбум орчим мэдрэлийн эстэй бөгөөд тэдгээр нь хоорондоо 1000 триллион орчим холбоосыг үүсгэдэг байна.  Үүн дээр нэмээд холбоосуудын боломжит хослол нь 10- нэг сая зэрэгт байдаг бөгөөд энэ бүгд нь бидний оюун тархи ямар их нөөц бололцоотойг харуулж байгаа юм.

            Неврологи буюу мэдрэлийн систем судлал нь суралцах үйл, ой тогтоолтын биологи үндсийг сурганы үйлд  ашиглах бололцоог олгосон бөгөөд суралцах үйл ажиллагаанд 3 тархиа гурвууланг нь ашиглаж, бүхэл тархиараа суралцах ёстой гэж үздэг. Ингэвэл суралцах үйл илүү хурдан, илүү сонирхолтой, илүү үр дүнтэй байх болно.

            Баруун ба зүүн тархины онол/Right Brain vs. Left Brain/

Сэтгэгч тархи  зүүн ба баруун их тал бөмбөлөгөөс бүрддэг гэдэг нь аль хэдийн тодорхой болсон зүйл.  Түүнчлэн зүүн их тал бөмбөлөг гэмтвэл хүний биеийн баруун тал, баруун их тал бөмбөлөг гэмтвэл биеийн зүүн тал саатдаг гэдгийг мөн тогтоосон. Өөрөөр хэлбэл тархины их тал бөмбөлөгүүд биеийн эсрэг талыг удирддаг байна.
           
            Стэнфордын их сургуулийн профессор Роберт Орнстейн тархины 2 их тал бөмбөлөг ямар ямар оюуны болоод биеийн үйлийг удирддагыг тодорхойлохыг хичээсэн.  Өөрийн оюутнуудын тархины долгионыг хэмжихийн тулд  тэдэнд янз бүрийн ухаан шаардах даалгавруудыг өгчээ. Жишээ нь: тоон цувааг гүйцээх, захиа, зохион бичлэг бичих, өнгөт кубуудыг байрлуулах, ямар нэгэн зүйлийг логик байдлаар  дүгнэх, мөрөөдөх гэх мэт даалгавруудыг өгсөн.  Эдгээр үйлдлүүдийг хийж байх явцад Орнстейн оюутан бүрийн  долгионы параметрийг хэмжиж авчээ.  

            Түүний нээлт гайхалтай бөгөөд, агуу байсан юм.  Yндсэндээ бол зүүн их тал бөмбөлөг дараах үйл ажиллагаанд анхаарлыг төвлөрүүлж,  удирддаг:
  1. Математик
  2. Хэл
  3. Логик
  4. Дүн шинжилгээ
  5. Дэс дараалал
  6. Нэгж хэсгүүдэд анхаарал хандуулах
Харин баруун их бөмбөлөг дараах үйл ажиллагаанд анхаарлыг төвлөрүүлж, удирддаг:
  1. Дүрслэл
  2. Өнгийг тусгаж авах
  3. Хөгжим
  4. Хөг хэмнэлийн мэдрэмж
  5. Мөрөөдөх
  6. Бүхэл хэсгүүдэд анхаарал хандуулах


        Ерөнхийдөө сэтгэгч тархины зүүн их тал бөмбөлөг академик үйл ажиллагаанд, баруун их тал бөмбөлөг бүтээлч үйл ажиллагаанд чиглэсэн байдаг. Мөн зүүн ба баруун их тал бөмбөлөгүүд нь сэтгэлгээний хувьд ч ялгаатай байдаг байна. 


Зүүн тархи
Баруун тархи
Логиктой
 Дэс дарааллаар
Задалж буталсан
Аналитик
Обьектив
Нэгж хэсгүүдийг
 илүү сонирхох 
Таамгаар
Зөн совингоор
Нэгтгэж, нийлүүлсэн
Синтезчилсэн
Субьектив
Бүхэл хэсгүүдийг
 илүү сонирхох 

            Орнстейн “2 тал бөмбөлөгийн аль сул нь нөгөө талтайгаа хамтран аливаа зүйлд өдөөгдөн оролцдог бөгөөд үүний явцад хүний бүхий л чадвар болон үйл ажиллагааны үр дүн сайжирдаг ”  гэсэн бас нэг чухал дүгнэлтийг гаргасан. Туршилтаас харахад нэг тархи нөгөөтэйгөө хамтран ажиллахад  үйл ажиллагааны үр дүн 5-10 дахин нэмэгддэг нь харагджээ.  Орнстейний нээлт нь унших, бичих, тоо/зөвхөн зүүн их тал бөмбөлөг ажиллах/ гэсэн зарчмаар боловсрол эзэмшсэн бидний хувьд онцгой утга учиртай болж байна.  Жүжигчний эсвэл хөгжмийн авъяастай эсвэл гарын уртай хүмүүст их дээд сургуульд багтах зай байдаггүй байсан.  Харин одоо бид энэ нь алдаа байж, бүтээлч болон урлагийн хүн нь эрдмийн хүний адил оюунлаг, ухаантай гэсэн дүгнэлтийг хийж байна.

            Олон талт оюуны онол/Multiple intelligence/

        АНУ-ын сэтгэлзүйч Ховард Гарднер хүний авьяас чадвар, танин мэдэхүйн хөгжлийн талаар олон жилийн судалгаа хийсэн бөгөөд 1983  онд Frames of Mind: The Theory of Multiple Intelligences  номоо хэвлүүлж,  “олон талт оюун” онолыг гаргаж иржээ.  Ховард Гарднер  өөрийн судалгаагаар оюуны чадварыг тодорхойлогч тестүүд хүний оюуны чадварыг бүрэн тодорхойлж чадахгүй байна гэж үзсэн бөгөөд оюун ухааны талаарх уламжлалт ойлголтыг өргөтгөж, оюун ухаан гэдгийг илүү өргөн хүрээнд авч үзсэн. 

Тэрээр оюун ухаан/intelligence/ гэдгийг хуучин ойлголтоос өөрөөр:
-    Бодит амьдралд тулгарах асуудлыг шийдвэрлэх чадвар
-    Шинэ бэрхшээлийг даван туулах чадвар
-    Ямар нэг зүйлийг хийх, соёлын үнэ цэнэтэй үйлчилгээг үзүүлэх чадвар

зэрэг олон чадваруудын цогц гэж тодорхойлсон.

Ховард Гарднер хүний оюун ухаан олон төрөл хэлбэртэй гэж үзсэн бөгөөд 1983 оны Frames of mind  номондоо хэл яриа, математик-логик, дүрслэл-орон зай, хөгжим, бие хөдөлгөөн, харилцаа, өөрийгөө танин мэдэхүйн оюун ухаан гэсэн үндсэн 7 оюуныг тодорхойлсон ба үүн дээр нэмээд өөр 3 оюун байх боломжтой гэсэн байдаг.  Харин 1995 онд байгаль дэлхийгээ хайрлаж, танин мэдэхүйн оюун ухааныг нэмж гаргаж ирсэнээр оюуны үндсэн 8 хэлбэрийг тодорхойлсон.





Хэл ярианы оюун ухаан  - үгээр сэтгэж,  хэл яриагаар өөрийгөө илэрхийлж, утга санааг бусдад ойлгуулах чадвар. Зохиолч, яруу найрагч, сэтгүүлч, илтгэгч, нэвтрүүлэгч зэрэг ажил мэргэжлийн хүмүүс хэл ярианы оюун ухаан өндөртэй байдаг.

Математик-логикийн оюун ухаан – тоолох, тооцон бодох, нотолгоо хийх, математикийн хүнд үйлдлүүдийг гүйцэтгэх чадвар. Шинжлэх ухааны ажилтан, нягтлан бодогч, инженер, компьютерын программист зэрэг ажил мэргэжлийн хүмүүс математик-логикийн оюун ухаан өндөртэй байдаг. 

Дүрслэл-орон зайн оюун ухаан - Дүрслэн урлах, хараа орон зайн мэдрэмж, орон зайн сэтгэлгээ, зураг дүрслэлийн мэдээлэлтэй харьцах чадвар. Зураач, барималч, архитектор, далайчин, нисгэгч зэрэг ажил мэргэжлийн хүмүүс дүрслэл-орон зайн оюун ухаан өндөртэй байдаг.

Хөгжмийн оюун ухаан –  хөг, аялгуу, хэмнэл, давтамж зэргийг ойлгож, мэдрэх чадвар. Хөгжмийн зохиолч, удирдаач, хөгжимчин, шүүмжлэгч, хөгжмийн зэмсэг бүтээгч зэрэг ажил мэргэжлийн хүмүүст хөгжмийн оюун ухаан өндөртэй байдаг. 

Бие-хөдөлгөөний оюун ухаан  -  биеийн хөгжил, хөдөлгөөний эвсэл, биеийн хөдөлгөөнөө удирдах чадвар.  Тамирчин, бүжигчин, мэс засалч, дархан зэрэг ажил мэргэжлийн хүмүүс бие-хөдөлгөөний оюун ухаан өндөртэй байдаг. 

Харилцааны оюун ухаан – сэтгэл хөдлөлөө танин мэдэж, бусдыг ойлгох, бусадтай зөв сайхан, ёс зүйтэй харилцах чадвар.  Нийгмийн ажилтан,  жүжигчин, улс төрч зэрэг ажил мэргэжлийн хүмүүс харилцааны оюун ухаан өндөртэй байдаг.

Өөрийгөө танин мэдэхүйн оюун ухаан –  өөрийн дотоод сэтгэл, оюун санаагаа танин мэдэж, удирдан жолоодох чадвар. Шашны номлогч, сэтгэлзүйч, философич зэрэг ажил мэргэжлийн хүмүүс өөрийгөө танин мэдэхүйн оюун ухаан өндөртэй байдаг.

Байгаль дэлхийгээ хайрлаж, танин мэдэхүйн оюун ухаан – хүрээлэн буй орчин, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, байгалийн үзэгдэл, хуулиудыг танин мэдэх чадвар. Ургамал судлаач, экологич, байгаль хамгаалагч зэрэг ажил мэргэжлийн хүмүүс байгаль дэлхийгээ хайрлаж, танин мэдэхүйн оюун ухаан өндөртэй байдаг. 

 Олон талт оюун ухааны онолоос хүн бүхний оюун ухаан  давтагдашгүй өөр байдаг тул хүүхэд  бүрт тохирох суралцахуйн арга барил нь ч өөр байх ёстой гэсэн дүгнэлт гарна. 

Жишээ нь:
            Паула охин нэгдүгээр ангид орсон цагаасаа л  хичээлдээ тааруу суралцах болсон бөгөөд хэд хэдэн ангийн программаас хоцорсон тул дөрөвдүгээр ангиасаа хоцрогдолтой хүүхдүүдийн анги руу шилжин оржээ.  Шинэ ангийнх нь багш охиныг удаан ажиглаж, судалсны эцэст багаасаа баллетаар хичээллэж байсан, бие-хөдөлгөөний оюун ухаан өндөртэй хүүхэд болохыг нь тогтоожээ. Багш нь Паула охиныг биеийн хөдөлгөөнөөр а үсгийг дүрслэж үзүүлэхийг хүсэв. Дараа нь цагаан толгойн 26 үсгийг бүгдийг нь хөдөлгөөнөөр дүрслэн үзүүлэхийг санал болгосон байна.  Үүний дараа тэдгээрийгээ ашиглан үг, өгүүлбэрийг хөдөлгөөнөөр үзүүлэхийг хүсэв.  Энэ арга замаар охин богино хугацаанд зөв бичиж сурсан бөгөөд улмаар бусад хичээлдээ ч сайжирч, удалгүй энгийн ангид шилжин орж чадсан байна.

            Олон талт оюуны онол нь сурганы ухаанд оюун ухаан, сургах, суралцах үйлийг цоо шинээр олж харах боломжийг олгосон, бодит ач холбогдол өндөртэй онол байсан юм.

            Оюун тархинд суурилсан сургалтын онол/Brain-based learning theory/
          Сүүлийн 20-иод жилд тархи судлалын салбарт олон олон шинэ нээлтүүд гарсаар байгаа бөгөөд хүний оюун тархи шавхагдашгүй их нөөц бололцоотой,  боловсролын шинэчлэлийн үндэс оюун тархинд оршиж байна гэсэн дүгнэлтэнд хүрээд байна. Бидний тархийг юу бүрдүүлдэг, тэр хэрхэн ажилладаг, бидний ой тогтоолтын механизм юу болох,  анхаарал төвлөрхийн учир шалтгаан,  сэтгэх үйл явц юунаас үүдэлтэй зэрэг оюун тархины талаарх олон зүйлсийг хүн төрөлхтөн мэддэг болсон.  Суралцах үйлийн үндэс нь оюун тархи тул цаг үе өнөөгийн боловсролын системийг оюунд суурилсан, тархины агуу их бололцоог нээн хөгжүүлэгч байхыг шаардаж байна. 


Оюун тархинд суурилсан сургалтын үндсэн зарчмуудаас дурдвал:
1.   Оюун тархи хэд хэдэн үйлдлийг зэрэг гүйцэтгэх чадвартай параллель боловсруулагч
2.   Бие физиологи бүхэлдээ суралцах үйлд оролцдог
3.   Утга санаа, учир холбогдолыг хайх нь тархины төрөлхийн үйл
4.   Утга санаа, учир холбогдолын эрэл хайгуулын үр дүнд тодорхой загвар, төсөөлөл бий болдог 
5.   Загварчлал төсөөлөлд сэтгэл хөдлөл чухал нөлөөтэй
6.   Тархи бүхэл ба хэсгийг нэгэн зэрэг боловсруулдаг
7.   Суралцах үйл төвлөрсөн анхаарал, ойлгоцын аль алинтай нь холбоотой
8.   Суралцах үйл ухамсартай ба ухамсаргүй үйлийн аль алинтай нь холбоотой
9.   Бидэнд дүрслэл орон зайн/spatial/, цээжлэх/rote/ гэсэн үндсэн 2 төрлийн ой санамж байдаг
10. Бид дүрслэл орон зайн ой санамжид суусан, бодитой баримтыг илүү сайн ойлгодог.
11. Суралцах үйл уриалга, өдөөлгөөр идэвхжиж,  өөртөө итгэлгүй байдал, айж сүрдсэнээс сулардаг
12. Хүн бүрийн уураг тархи давтагдашгүй өөр
Энэ онол сургалтын одоогийн агуулга, үйл ажиллагаанд маань баримтлал болох олон үр дүнг бидэнд өгсөн.

Жишээ нь:
·     Суралцах үйл ажиллагаа нь тархины мэдрэлийн эс, тэдгээрийн хоорондын холбоосын түвшинд явагдана. Тархины эс, тэдгээрийн хоорондын холбоосыг алдвал бид оюун ухаанаа алдаж байна гэсэн үг юм.
·     Бидний тархи  байгаль дэлхийн өнгө, хөдөлгөөн, эмоц, хэлбэр, үнэр, дуу чимээ, амт, хүртэхүй зэрэг бүхий л хэлбэр, өнгө төрхийг  нэгэн зэрэг мэдрэн ухамсарлах чадвартай байдаг.  Иймээс сургуулийн суралцах орчин, заах хичээлийн агуулга бүх мэдрэхүйд хүртэгдэх, цогц байх нь зүйн хэрэг.
·     Тархи судлалын үүднээс суралцахуйд нөлөөлөгч үндсэн 7 хүчин зүйлийг Гени/Genes/, Хоол тэжээл/nutrition/, Ажиглах анхаарах чадвар/peers/, тархины хэвийн биш үйл ажиллагаа/brain dysfunction/, урьдын сурч байсан зүйлс/prior learning/, туршлага, давтлага/Experience/, хувийн зан чанар, төрх/Temperament&character/ гэж тодорхойлсон
·     Суралцахуйн 5 үе шат – тархи судлалаар оновчтой суралцахуй нь Бэлтгэл/Preparation/ - Олж авах/Acquisition/ - Боловсруулах/Elaboration/- Ой санамж бүрдэл/Memory formation/, Функционал интегралчлал/functional integration/ гэсэн 5 үе шаттай байх ёстой.
  • Био-танин мэдэхүйн давтамж/Bio-Cognitive cycles/  - Суралцах үйлд биологийн хэмнэл гойд чухал нөлөөтэй. Ерөнхийдөө  богино хугацааны санах ой  өглөө хамгийн сайн,  үдээс хойш хамгийн муу байдаг бол урт хугацааны санах ой үүний эсрэгээр үдээс хойш хамгийн сайн байдаг байна. Тархины үндсэн давтамжийн нэг нь 9 минут байх ба анхаарал төвлөрөлт өдрийн турш  дээд, доод түвшиндээ очиж өөрчлөгдөж байдаг. Хүүхдийн тархи сургуулийн хөшүүн цагийн хуваарьт захирагдан ажиллаж чадахгүй.  Боловсролын систем био хэмнэлд үндэслэсэн сургалтын арга барилыг баримтлах ёстой.

            Хурдтай суралцахуй/Accelerated learning/
       Хурдтай суралцахуй нь тархи судлалын ололт амжилтууд дээр түшиглэн  суралцах арга барилд шинэчлэл  хийж,  бүхэл тархиараа, хурдтай, бүтээлчээр суралцах арга барилын үндсийг тавьсан онол юм. Болгарын сэтгэл судлаач George Lozanov энэ арга барилын үндсийг тавьсан бөгөөд Англи, Америк, Австрали зэрэг  олон орны олон зуун байгууллагууд  хэл сурах, хичээлийн хоцрогдол нөхөх хичээлүүдэд ашиглаж бодитой үр дүнд хүрээд байна.  Английн Accelerated Learning systems компани Испани хэлний 3 жилийн сургалтыг 8 долоо хоногт,  Шинэ Зеландын Гастингсийн сургууль унших, бичих чадварын 5 жилийн хоцрогдолыг 8-10 долоо хоногийн курсээр нөхөх хурдтай суралцахуйн арга технологийг нэвтрүүлж чадсан ажээ.

Сургалтын энэ арга барил нь :
-  Суралцах цаг хугацааг багасгана/илүү богино хугацаанд сурч мэддэг болно/
-  Суралцах үйл ажиллагааг хөгжилтэй, зугаатай болгоно
-  Суралцах үйл ажиллагааны үр дүнг сайжруулна


Хурдтай суралцахуйн гол зарчмууд нь:
  1. Суралцахуйн эерэг орчинг бий болгох :  Эерэг сэтгэгдэл төрүүлсэн орчин нь суралцах идэвхийг төрүүлэх үндсэн хөшүүрэг мөн
  2. Суралцах үйл ажиллагаанд оюун ухаан, бие бялдарыг бүхэлд нь ашиглах : Суралцах үйл ажиллагаа нь дан ганц тархины үйл ажиллагаа биш, энэ бол бүх мэдрэхүй, сэтгэл хөдлөл, бие бялдарын нэгдмэл үйл ажиллагаа юм.
  3. Суралцагчдад хамтаар суралцах хэв маягийг бий болгох
  4. Сурагч бүрийг өөрт нь  тохирсон суралцах арга барилаар сургах
  5. Тухайн ажлыг өөрөө хийж үзэх замаар суралцах – сурагчид өөрсдийн бодитойгоор хийж үзсэн зүйлээ илүү сайн ойлгож, мартахгүйгээр тогтоодог. 
  6. Суралцахуй нь бүтээлч үйл ажиллагаа юм.
  7. Мэдээллийг хурдан, аяндаа тогтоон авах тархины чадварыг хөгжүүлэх
            Хурдан, үр ашигтай суралцах үйл ажиллагаанд тархины гүйцэтгэх ёстой гурван гол чадвар нь:
1.   Хэрэгтэй мэдээллийг олох, хадгалах - үйл ажиллагаа нь хурдан, үр ашигтай байх ёстой
2.   Энэ мэдээллийг тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хэрэглэх
3.   Шинэ санаа дэвшүүлэх замаар энэ мэдээллийг бүтээлчээр хэрэглэх

Энд дурдсан эхний 2 нь хэв шинжийг таних, хоорондын уялдаа холбоог илрүүлэх  тархины чадвартай холбоотой байдаг. Харин 3 дахь чадварт бэлэн загваруудыг ашиглах замаар суралцаж болох юм.

Бид суралцах үйл ажиллагаанд тархиа бүхэлд нь (3 тархийг гурвууланг нь) ашиглах ёстой.   Yүнд оюун санаа, бие бялдар, сэтгэл хөдлөл, бүхий л мэдрэмж маань үүнд хамаатай.   Бүх л тархиараа суралцана гэдэг нь  илүү хурдан,  илүү сонирхолтой, илүү үр дүнтэй суралцахыг хэлнэ.

Ашигласан эх сурвалжууд:

Вэб сайт:
  1. www.funderstanding.com
  2. http://en.wikipedia.org/wiki/Learning_theory_%28education%29
  3. http://www.acceleratedlearning.com/
  4. http://www.nwlink.com/~Donclark/hrd/bloom.html
  5. www.learning-theories.com
  6. http://tip.psychology.org/theories.html
  7. http://www.businessballs.com/bloomstaxonomyoflearningdomains.htm
  8. http://www.usask.ca/education/coursework/802papers/mergel/brenda.htm
  9. http://www.thelearningweb.net/
  10. http://carbon.ucdenver.edu/~mryder/itc_data/constructivism.html
 Нэвтэрхий толь, ном:
    1. MS Encarta encyclopedia
    2. Encyclopedia - Britannica
    3. Dale H. Schunk - Learning Theories: An Educational Perspective
    4. Gordon Dryden and Dr. Jeannette Vos - The Learning revolution
    5. B. R. Hergenhahn and Matthew Olson - An Introduction to Theories of Learning
    6. Eric Jensen                              Brain – Based Learning
    7. Dave Meier                            Accelerated learning handbook
    8. Edited by Peter Kell               Ways of learning
    9. Macmillan Reference Library and James W. Guthrie Encyclopedia of Education (8 vol. set)

16 comments:

  1. Unexeer buteelch saixan niitlel bn, iim ajil xeregch, sain, nyambai orchuulgatai medeelel olj unshaad, todorxoi oilgoltuudiig avch chadsandaa bayartai bn, bayarlalaa!

    ReplyDelete
  2. сайн мэдээлэл байна. Баярлалаа.

    ReplyDelete
  3. хэрэгцээтэй мэдээлэл байна баярлалаа

    ReplyDelete
  4. Суралцахуйн онолын талаар хичээлдээ ашиглах гээд эх үүсвэр хайж байгаад энэ нийтлэлийг уншлаа. Маш их баярлалаа.

    ReplyDelete
  5. хэрэгтэй сайхан мэдээлэл байна

    ReplyDelete
  6. Бөөр худалдаж авах уу, эсвэл бөөрөө зарахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид таны бөөрөнд 500,000 долларыг бэлгэнд өгөх болно. Намайг доктор Максвелл гэдэг нь Билл Рот эмнэлэгт мэдрэлийн эмч юм. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид холбогдох донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах мэс засал хийдэг. Бид Энэтхэг, Турк, АНУ, Малайз, Сингапурт байрладаг.

    Хэрэв та бөөрийг зарах эсвэл худалдаж авах сонирхолтой байгаа бол бидэнтэй болон имэйлээр холбоо барина уу.
    Имэйл: birothhospital@gmail.com
    Whats програмын дугаар: +33751490980

    Сайн сайхныг хүсье
    МЭДЭЭЛЛИЙН ДИРЕКТОР
    DR MAXWELL

    ReplyDelete
  7. Хайсан мэдээллээ оллоо маш хэрэгтэй мэдээлэл байлаа баярлалаа

    ReplyDelete
  8. Бөөр, Биеийн эрхтнүүдийг худалдаж авахыг хүсч байна уу, эсвэл бөөр, Биеийн эрхтэнээ зарахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид таны бөөрөнд 500,000 долларыг бэлгэнд өгөх болно. Намайг доктор Максвелл гэдэг нь Билл Рот эмнэлэгт мэдрэлийн эмч юм. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд холбогдох донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах мэс засал хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг.

    Хэрэв та бөөр зарах, худалдаж авах сонирхолтой байгаа бол бидэнд мэдэгдээрэй
    Орган бидэнтэй холбоо барина уу, имэйлээр холбоо бариарай.

    Имэйл: birothhospital@gmail.com
    Whats програмын дугаар: +33751490980

    Сайн сайхныг хүсье
    МЭДЭЭЛЛИЙН ДИРЕКТОР
    DR MAXWELL

    ReplyDelete
  9. Гайхалтай, эрж хайх их цагийг минь хэмнэсэн бүгдийг багтаасан нийтлэл байлаа, баярлалаа! Цаашид блогод нэгдэж мэдээлэл авахыг хүсч байна.

    ReplyDelete
  10. Сайн нийтлэл байна. Их хэрэгтэй байлаа. Баярлалаа

    ReplyDelete
  11. БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг
    зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
    Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
    хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл
    манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.
    имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
    Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    ReplyDelete
  12. mash heregtei niitlel baina bayrlalaa

    ReplyDelete
  13. БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    ReplyDelete