2015/02/20

Оюуны хатингаршил

Баатарын Батаа
Оюуны хатингаршил
/Anorexic Brain/


            Хэт тураалд орж, бие махбод нь эргэж хэвийн хэмжээндээ орох боломжгүй болох өвчнийг биеийн хатингаршил гэдэг билээ. Энэ нь хоолын тэжээлийн олдоц муу байсан эсвэл хоол идэх дуршлаа тухайн хүн удаан хугацаанд зориудаар барьсаны хортой үр дагавар байдаг. 

Үүнтэй адил төөрөгдлийн өтгөн мананд хучигдан, цаг үетэйгээ хөл нийлүүлж чадалгүй, хоцрогдлын гүн ангалд үлдэхийг оюуны хатангиршил гэж хэлж болох юм. Манай нийгэмд оюуны хатингаршилд орогсод хаа сайгүй үзэгдэж, энэ нь нийгмийн сэтгэхүйн түгээмэл өвчин  болох шинжтэй.  



    ... Ер нь монголчууд ном уншдаггүй болсон байна. Унших ном ч байхгvй.  Энэ үнэхээр соёлын хямрал. Мэдлэг нь өөрөө олж авсан биш, дандаа бусдаас л дуулсан зүйл байдаг. Ижилхэн санаа бодолтой, нэг түвшний хvмvvс цуглаж ярилцлаа ч хөгжиж дэвжихэд ямар ч нэмэргvй. Телевиз, радио, хэвлэл нь гэхэд бас л ижилхэн ухаантай, ижилхэн түвшний хvмvvс бичиж, ярьж, нэвтрvvлж байгаа учраас ялгаагvй, түрүүчийн л цуглаад ярьсны vргэлжлэл.    Монголчууд сайн сураагvй гэж хэлүүлсэн хэрнээ, бас өөрөө түүнийгээ мэдэж байгаа хэрнээ бодож санах юмгvй яваад л байдагМонголчуудыг харахаар юмыг зөвхөн хэлбэрдээд л, агуулгыг нь орхисон шиг бодогдож, санаа зовоох юм.
Кимүра Аяако, Тархины тураал

Хөгжигч ба хоцрогч
Хүн төрөлхтөнийг хоцрогдож буй эсвэл хөгжиж байгаа гэсэн 2 бүлэгт хувааж болохоор болоод байна. Хоцрогдлын үндсэн 2 шалтгаан нь хөгжих боломж хомс байсан эсвэл хөгжихийг өөрсдөө хүсээгүй явдал юм.

Мэдээлэл харилцааны технологи ашиглан цахим ертөнцөд нэвтрэн орж, хэрэгцээт мэдээллээ олж ашиглаж чадаж буй эсэхээр ялгарч байгааг цахим хуваалт (digital divide) гэж нэрлэдэг. Энэхүү цахим хуваагдал цаг ахих тусам эдийн засгийн эрх тэгш бус байдлыг хөөрөгдөж, хүн амын тодорхой хэсгүүдэд нийгмийн хөгжлийн ялгааг өсгөх болсон тул олон орны төр засаг энэхүү харьцангуй шинэ хүчин зүйлд онцгой анхаарч, цахим хуваагдлыг арилгахын төлөө тусгай хөтөлбөр боловсруулж ажиллахад хүргээд байна.
Д.Жаргалсайхан

Эрх чөлөөт, ардчилсан засаглалтай оронд хоцрогдлын үндсэн шалтгаан нь иргэд өөрсдөө хөгжихийг хүсч чармайгаагүй, хөгжин боловсрохын төлөө хичээн зүтгэхийн чухлыг ойлгон ухаараагүй байх явдал байдаг.

21-р зуунд бичиг үсэгт тайлагдаагүй гэдэгт уншиж эсвэл бичиж чадахгүй байхыг биш, харин сурах чадваргүй, сурахыг хүсдэггүй, тасралтгүй суралцдаггүй байхыг ойлгоно.
                                    Future Shock  номын зохиогч Алвин Тоффлер

Мунхаг байна гэдэг хамгийн их нүгэл, гэгээрнэ гэдэг хамгийн их буян мөн.
Чин Хай


Олны халдвар ба оюуны хатингаршил
Муу муухай үйлдэл гэдэг бол мэдрэмжийн төдийгүй оюун боловсрол/оюун ухаан, боловсрол/, ойлголтын уналт. Телевиз, радио зэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нь оюун боловсрол ба мэдрэмжийг доройтуулж, ёс суртахууны сонголт хийх чадварыг бууруулдаг. Олон түмний соёл нь тэнэг төдийгүй, биднийг ёс суртахуунлаг үйлдэл хийх чадваргүй болгодог.
Теодор Адорно

Нэг тэнэг маш олон тэнэгийг бий болгодог, харин нэг ухаантан маш цөөхөн ухаантныг бэлтгэдэг ертөнцөд бид амьдарч байна.
Лихтенберг

Оюуны хатингаршлийн гол шалтгаан нь эндүүрлийн алдаа бөгөөд хувь хүний эндүүрэлд нөлөөлөгч нэг гол хүчин зүйл нь олон нийтийн түгээмэл хандлага, зуршил байдаг.  ХХ зуунд ихэнх улс орнууд ардчилсан засаглалтай болж эхэлсэнтэй холбоотойгоор урьд нь нийгмийн удирдлагын чиг шугамд төдий л нөлөөлдөггүй байсан олон нийт бүхний хэмжүүрийг тогтоож, элит цөөнхийн байр суурийг нийгмийн удирдлагын өндөрлөгөөс татан буулгасан билээ. Үүнтэй холбоотойгоор нийгмийн амьдралд бодоожоор илт буруу зүйлс байж болох зүйлс мэт харагдах болсон байна. Үүнийг  XX зууны филосософийн шизоанализ чиглэлийнхэн  Шизотой хүн гэдэг бол сэтгэц-мэдрэлийн өвчтөн биш, харин нийгмийн машины эргүүлгэнд автсан хүн  юм гэж хэлсэн байдаг.

ХХ зууны нэрт философич Хосе Ортега-и-Гассет  Дон Кихотын тухай эргэцүүлэл/1914 он/, Түмний түрлэг/1930 он/ бүтээлүүдээрээ энэ асуудлыг сөхөн гаргаж ирсэн байдаг. Тэрээр Олонхийн ноёрхлыг жинхэнэ ардчилал гэж үзэх боломжгүй. Учир нь олонх ямагт хоцрогдонгуй үзэлтэй байдаг. Олонхийн таашаалд нийцсэн бараа илүү гүйлгээтэй, олонход үйлчилсэн дундаж урлаг илүү ашигтай, олонхийн сонгосон зам илүү зөв мэтээр хэн хүнгүй ойлгох болж. Олонх руу хэлбийсэн энэ туйлшрал бол иргэншил мөхөж сүйрэхийн дохио гэж үзсэн. Учрыг нь энэ насандаа ч олохгүй машин техникийг байгалиас өгөгдсөн бэлэн унаа мэтээр ашиглаж, бүтээгч цөөнхийн авьяас чадвар, хөдөлмөрөөр бий болсон баялгаас ердөө л тухайн нийгмийн гишүүн яваагийнхаа төлөө хувь хүртэж байгаа олонх амьдрал хялбарших тусам оюуны хоосролд орно гэсэн зүй тогтлыг Ортега нээсэн билээ.

Оюуны хатингаршлын сөрөг үр дагавар

Тоглоом хүнийг эхлээд зугаацуулж, дараа нь өөртөө татан уусгаж, эцэстээ дотроосоо гаргалгүй барьчихдаг.
Ханс Георг Гадамер

Техник, технологийн дэвшлийн ачаар амьдрал хялбарших тусам нийгмийн олонход илэрдэг түгээмэл нэг хандлага нь залхуурах явдал юм. Залхуурал нь эхлээд аз жаргал, таатай хандлага мэт мэдрэмжийг өгөх боловч хөдөлгөөний дутагдалтай холбоотой өвчин, оюуны хоосролоор төлбөрөө авна.

            Мунхаглал бол адгуусан шинж биш. Адгуусан амьтад харин ч мунхаглалаас тун өвөрмөцөөр хамгаалагдсан байдаг юм.
Жиль Делёз

Оюуны хоосрол, хатингаршил нь мунхаглалыг араас дагуулдаг. Хүний ухаалаг байдал хязгаартай боловч бидний тэнэглэлд хязгаар гэж үгүй. Оюун нь хатингаршсан хүнээс хорон ямар ч үйлдэл гарч магадгүй.

No comments:

Post a Comment