Элвин Тоффлер
Ирээдүйн талаар
Элвин Тоффлер бол 1970 онд хэвлүүлсэн Future Shock номоороо дэлхийд танил болсон, нэрт футурлогч юм. Тэрээр нийгмийн болоод
технологийн өөрчлөлт, түүний хүмүүст үзүүлэх нөлөөллийн талаар өгүүлэл, ном,
нийтлэл олныг бичсэн бөгөөд тэдгээрээс Future Shock/Биднийг
тэвдүүлэх ирээдүй/, The Third Wave/Гурав дахь давалгаа/, Power shift/Эрх мэдлийн шилжилт/ гэсэн 3
ном нь олон улсын бэстсэллэр болсон байна.
Түүний дээрх гурван номын аль нь ч
бие даасан бүтээл боловч хэвлэгдсэн он, дараалал болоод агуулгынхаа хувьд
цуврал 3 боть ном болсон ажээ. Энэ гурван номын гол сэдэв нь нийгмийн өөрчлөлт,
шинэчлэл хувь хүмүүст хэрхэн нөлөөлж байгаагийн задлан шинжилгээний дүгнэлт юм.
Гурван ном бүхэлдээ 1950-иад оноос
2025 он хүртэлх хугацааг хамарч, энэ хугацаанд үйлчлэх өөрчлөлтийн суурь хандлагуудыг
3 өөр талаас нь харж тайлбарласан байдаг. Future
Shock ном нь өөрчлөлт шинэчлэлийн
явц, түүний хүмүүс болоод байгууллагуудад үзүүлэх үр нөлөөллийг судалсан бол The Third Wave ном нь
хүн төрөлхтөний соёл иргэншилд хувьсгалт шинэчлэлийг хийсэн 3 том гол давалгааг
томъёолон гаргаж ирсэн байдаг. Харин Power Shift номоороо шинэ цаг үеийн эрх
мэдлийн нууц юунд оршихов, тэр хэний гарт шилжихэв гэдгийг тайлбарласан юм.
§§§
Өөрчлөлтийн
хувьд хүний биологийн нөөц чадавхи хязгаартай. Дэндүү богино хугацаанд хэтэрхий
их гэмээр өөрчлөлтийг даван туулах
нийгмийн хэрэгцээ шаардлага ирээдүйн иргэдийг шаналган зовооно.
§§§
Ирээдүй
үргэлж санаанд оромгүй хурдан, бас бидний төсөөлөөгүй байдлаар ирдэг.
§§§
Бид
эрх мэдлийн огцом хувирлуудын эрин үед орлоо. Дэлхий ертөнцийг холбон бэхэлж
байсан эрх мэдлийн бүтэц бүхэлдээ сарниж
буй агшинд бид амьдарч байна.
§§§
Эрх
мэдэлд хүрэх хамгийн ардчилсан арга зам
бол мэдлэг юм.
§§§
Мэдлэгийн
шууд ач тус нь тодорхой биш ч тэр өөр мэдлэгийг төрүүлж, бас бий болоход нь
тусладаг.
§§§
Өнөөдөр
даян дэлхийд компьютерийн эрх мэдэл эрчимтэй тархаж, түүнийг дагаад АНУ-ын эрх
мэдлийн хүрээ улам л багассаар байна.
§§§
Өнөөдөр
эдийн засгийн хөгжлийн хамгийн чухал зүйл нь булчингийн хүчинд бус, харин эрдэм
оюуны хүчинд үндэслэсэн материаллаг үнэт чанаруудыг бүтээн бий болгох шинэ
системийг цогцлоон бий болгоход оршиж байна.
§§§
Өөрчлөлт
нь амьд байхад зайлшгүй чухал зүйл биш. Харин амьдарсан шиг амьдрахад бол
зайлшгүй чухал.
§§§
21-р зуунд бичиг
үсэгт тайлагдаагүй гэдэгт уншиж эсвэл бичиж чадахгүй байхыг биш, харин сурах
чадваргүй, сурахыг хүсдэггүй, тасралтгүй суралцдаггүй байхыг ойлгоно.
§§§
Мэдээлжсэн
нийгэмд мэдлэгээр материал, тээвэрлэлт, эрчим хүчийг орлохоос гадна бас цаг
хугацааг ч хэмнэнэ.
§§§
Та
өөрийн стратегийг бүтээж чадахгүй байгаа бол бусдын боловсруулсан стратегийн
нэг хэсэг бол.
§§§
Бүхий
л үзэл баримтлал өөрчлөгдөн шинэчлэгдэх учраас ирээдүйн нийгмийг илүү сайн
эсвэл муу байна гэж бид дүгнэн
хэлж чадахгүй. Хойч үе маань тухайн цаг үеийнхээ үнэлэмжээр түүнийг үнэлэн
цэгнэх болно.
§§§
Ирээдүйд
эрх мэдлийн өрсөлдөөний хамгийн чухал хүчин зүйл нь мэдлэг байх бөгөөд мэдлэгийг
бүтээх, тэр үйл явцыг удирдан жолоодох нь аль ч байгууллагын гол бэрхшээл байх
болно.
§§§
Өөрчлөлтийн
хамгийн хүчирхэг хөдөлгүүр нь технологи юм. Технологи технологио тэжээнэ. Шинэ
технологи бий болох нь өөр технологи бий болох боломжийг нээж өгнө.
No comments:
Post a Comment