2015/02/20

Оюун ухаан - Онол, тодорхойлолт

Баатарын Батаа
Хүний оюун ухааны талаарх
тодорхойлолт ба онолууд

      Оюун ухаан гэдэг ойлголтод ихэвчлэн асуудал шийдвэрлэх, учир шалтгааныг тодорхойлох, хийсвэрлэн сэтгэх, шинэ материалыг хурдан ойлгох, туршлагаасаа суралцах зэрэг оюуны чадваруудыг хамаатуулдаг.  Нөгөө талаас оюун ухаан нь анхаарал төвлөрүүлэлт, ой тогтоолт, хүртэхүй, шийдвэр гаргах, сэтгэн бодох зэрэг оюуны олон үйл ажлуудаар тодорхойлогдоно. 

         Одоог хүртэл оюун ухаан гэж чухам юу юм бэ? гэдэг дээр эрдэмтэд  нэг үзэл баримтлалд хүрч чадаагүй байгаа ч түүнийг илүү нарийн тодорхойлж, танин мэдэхийг хүсч тэмүүлсээр ирлээ. Гэвч хариулт нь тодорхойгүй хэдэн асуулт байна: Оюун ухаан нэг ерөнхий чадвар уу, эсвэл олон цогц чадваруудын бүрдэл үү? Оюун ухаан уураг тархины  шинж чанар уу, зан үйлийн онцлог шинж үү эсвэл мэдлэг чадвараар бүрэлддэг зүйл үү?

Оюун ухаан ба IQ  тест
Оюун ухаан бол IQ тестээр хэмжигдэж байгаа тэр зүйл билээ гэсэн энгийн нэгэн тодорхойлолт бий.

Оюун ухааны талаарх тодорхойлолтууд
       Оюун ухаан гэж юу болох талаар эрдэмтдээс асуухад бүгд л өөр өөр тодорхойлолтыг өгдөг. Жишээ нь, 1921 онд шинжлэх ухаан, танин мэдэхүйн нэгэн сэтгүүл 14 нэртэй сэтгүүлчээс оюун ухааны талаарх өөрсдийн тодорхойлолтыг өгөхийг хүссэн байна. Сэтгүүл эрдэмтдээс 14 өөр тодорхойлолтыг хүлээн авчээ. 1986 онд 25 судлаачдад мөн дээрхтэй адил хүсэлт тавихад оюун ухааныг нилээд олон янзаар тодорхойлсон байжээ.  

    Эрдэмтэд эртнээс оюун ухаан гэж юу вэ? ямар хүнийг ухаантай хүн гэх вэ? гэсэн асуултуудад хариулт эрсээр иржээ.  Оюун ухаан гэж чухам юу болохыг цөөн хэдэн үгээр тайлбарлах нь амаргүй. Гэвч нэрт сэтгэлзүйчдийн оюун ухааны талаарх дараах тодорхойлолтуудаас түүний талаар ерөнхий төсөөллийг авч болно.

Тодорхойлолтууд:

Альфред Бине (1857. 0 7. 0 8 -1911. 10.18) Францын сэтгэлзүйч


            "Оюун ухаан гэдэг бол бодит амьдралд хамгаас хэрэгтэй үндсэн чадваруудын нэг юм. Нөхцөл байдалд дасан зохицох, санаачлагатай, бодит мэдрэмж сайтай байх, тунгаан бодох чадвар зэрэг нь үүнд хамаарагдана. Хүн эргэцүүлэн тунгаан бодож, асуудал шийдэж чаддаггүй бол галзуу, солиотой  нэгэн болно. Yнэхээр оюуны чадваруудаас бусадтай нь харьцуулахад тунгаан бодох чадвар хамгаас илүү чухал билээ.
  
Жиан Пиаже(1896.08.09-1980.09.16) Швейцарийн биологич, хүүхдийн сэтгэлзүйч


"Оюун ухаан бол дасан зохицох үйл. Амьд организм хүрээлэн буй орчин, түүний бүтэц зохион байгуулалт, функцэд дасан зохицох нь оюун ухааны нэг илрэл юм.”

"Оюун ухаан бол тодорхой хүрээнд олж авсан дадал, туршлагыг хуримтлуулан шингээж авах чадвар юм. Мөн оюуны үйл нь хүрээлэн буй орчинд зохицох явдал гэдэг нь эргэлзээгүй билээ. Шинэ дадал, туршлага нь хуучин дадал, зуршлыг шинэ элементтэй зохицон өөрчлөгдөхөд хүргэдэг тул дадал,  туршлагыг хуримтлуулан шингээх үйл нь үргэлж дундрашгүй баян байдаг.  (“Пиаже”, 1963, p. 6-7).

Дэвид Векслер   (1896-1981) Сэтгэлзүйч


“Оюун ухаан бол хувь хүний зорилтойгоор үйлдэл гүйцэтгэх, ухаалагаар сэтгэн бодох, хүрээлэн буй орчиндоо үр дүнтэй хариу үйлдэл үзүүлэх зэрэг цогц чадваруудын бүрдэл юм.  (Векслер, 1944, х3).” 

Роберт Стернберг (1949- ) Танин мэдэхүйн сэтгэлзүйч


 Боловсрол
·         1972 онд Иелийн их сургуулийг сэтгэл зүйч мэргэжлээр төгссөн 
·         1975 онд Стэнфордын их сургуульд докторын зэрэг хамгаалсан 

         
 “Би хувьдаа оюун ухааныг хувь хүн нийгэм соёлын хүрээнд өөрийн сул талаа арилгаж, харин давуу талаа  бэхжүүлэх замаар хүссэн зүйлдээ хүрэх чадвар гэж тодорхойлно. (2004.07.29).”

Ховард Гарднер(1943.07.11 - ) Америкийн сэтгэл зүйч, сурган хүмүүжүүлэгч

Боловсрол
  • 1965 онд Харвардын их сургуулийг төгссөн
  • 1971 онд Харвардын их сургуульд докторын зэрэг хамгаалсан
"Оюун ухаан бол асуудал шийдвэрлэх, нэг болон хэд хэдэн соёлын хүрээнд үнэлэгдэх үнэ цэнэтэй бүтээл туурвих чадвар юм. An intelligence is the ability to solve problems, or to create products, that are valued within one or more cultural settings ( Гарднер, 1983/2003)"

Оюун ухааны талаарх онолууд
Эрдэмтэд өнөөг хүртэл оюун ухааны мөн чанарыг ойлгон ухаарахыг хичээж байгаа ч нэг онол, нэг тодорхойлолтонд хүрч чадаагүй байна. Зарим эрдэмтэд IQ  тестийн үр дүнг задлан шинжлэх, үндсэн чадваруудыг нь таньж тогтоох замаар оюун ухааныг танин мэдэхийг хичээдэг. Нөгөө хэсэг нь оюун ухаан бол тестээр тодорхойлогдож болохооргүй олон чадваруудыг өөртөө агуулсан байдаг гэж үздэг. Мөн сүүлийн жилүүдэд зарим эрдэмтэд оюун ухааныг биологийн үүднээс нь тайлбарлахыг хичээх боллоо.

1. Ерөнхий оюун ухааны онол
Оюун ухааныг тайлбарлах оролдлогууд Бинет, Симон нар оюун ухааны анхны тестийг боловсруулахаас ч өмнө хийгдэж байжээ. 20-р зууны эхээр английн сэтгэлзүйч Чарлез Спирмэн/Charles Spearman/ оюун ухааны  дараа дараагийн онолуудад нөлөөлсөн чухал ажиглалтыг хийжээ. Тэрээр оюуны чадварыг тодорхойлох бүхий л тестүүд хоорондоо эерэг корреляци хамааралтай байгааг анзаарчээ. Корреляци нь хоёр хувьсагчийн хоорондох холбоо, хамтаар өөрчлөгдөх зэргийг харуулах үзүүлэлт юм. Спирмэн оюуны чадварыг тодорхойлох ямар нэг тестэнд өндөр оноо авсан хувь хүн ийм төрлийн бусад тестэнд ч өндөр оноо авч байгааг илрүүлжээ. Эсрэгээрээ оюун ухааны аль нэг тестээр тааруу оноо авсан хүн бусад тестүүдэд ч тааруухан оноо авдаг байна.

Спирмэн  оюуны чадварыг тодорхойлох бүхий л тестүүд хоорондоо эерэг корреляци хамааралтай юм бол эерэг корреляциар илэрхийлэгдэх ерөнхий хүчин зүйл, хэмжигдэхүүн байх ёстой гэсэн дүгнэлтийг гаргажээ. 1904 онд Спирмэн оюуны тестүүдийн хооронд эерэг корреляци хамаарал байгаа нь ерөнхий нэг хүчин зүйл, фактор байна гэсэн дүгнэлтэнд хүргэж байгааг статистикийн аргаар харуулсан өгүүлэлийг хэвлэсэн байна. Түүний энэ судалгаа цаашлаад фактор анализ гэж нэрлэгдэх статистикийн арга техникийг хөгжүүлжээ.  Фактор анализ нь ерөнхий чадварыг хэмжих тестүүдийн багцыг таньж тогтооход хэрэглэгддэг ажээ.

Фактор анализд тулгуурлан Спирмэн оюуны чадварын тестүүдээр хувь хүний авах оноонуудын ялгааг 2 хүчин зүйлээр үнэлж болно гэж үзэв. Тэрээр эхний хүчин зүйлийг ерөнхий оюун ухаан буюу жи/g/ фактор гэж нэрлээд g үсгээр тэмдэглэжээ. Спирмэний бодлоор g фактор нь оюуны бүхий л чадвар, ажил үүргийн үндэс болдог. G фактор оюуны чадварыг тодорхойлох бүхий л тестүүдийн ерөнхий шинжийг харуулдаг.  Бүхий л тестүүдийн оноо хоорондоо эерэг корреляцитай байдаг нь тэдгээр тестүүд бүгдээрээ g  фактороор тодорхойлогдох учраас тэр гэж Спирмэн үзжээ.

Хоёр дахь хүчин зүйлийг Спирмэн онцгой хүчин зүйл буюу s фактор гэж нэрлэжээ. S фактор нь тухайн тестээр л тодорхойлогдож байгаа онцлог чадваруудтай холбоотой бөгөөд тест бүрийн хувьд энэ нь өөр өөр байх юм. Спирмэн болон түүнийг залгамжлагчид g факторыг s фактораас илүү чухал гэж үздэг байв. Спирмэн g фактор нь оюуны эрч хүч, нөөц бололцоог тодорхойлно гэж үзсэн бол g факторыг цааш судалсан эрдэмтэд g фактор нь  оюуны хурд болон уураг тархины бусад онцлог шинж чанаруудтай холбоотой гэж үзсэн байна.

2. Оюун ухааны үндсэн чадварууд
Оюун ухааны чадваруудын талаарх судалгаануудын ихэнх нь Спирмэний үзэл санаа, байр суурийг дагаж мөрдсөн байдаг. 20-р зууны эхээр олон тооны сэтгэлзүйчид фактор анализын янз бүрийн аргуудыг хэрэглэн  Спирмэний 2 хүчин зүйлийн онолын алтернатив хувилбаруудыг гаргаж ирэх болжээ. Эдгээр судлаачид тодорхой бүлэг тестүүдийн хувьд түүнд харгалзах бүлэг факторууд, мөн онцгой чадварууд байгааг тогтоожээ. Жишээ нь үгийн баялаг, адил төстэй шинж чанаруудыг тодорхойлох тестүүдийн үр дүн хоорондоо корреляци хамааралтай байх боловч орон зайг баримжаалах чадварыг тодорхойлох тестийн үр дүнтэй корреляци хамааралгүй байв. Эрдэмтэд үгийн баялаг ба адил төстэй шинж чанарыг тодорхойлох тестүүдийн аль аль нь үгэн агуулгатай байдаг тул эдгээр тестүүдийн хоорондох корреляци хамааралд тулгуурласан үгэн факторыг тодорхойлж болох юм гэж үзжээ.  Олонх эрдэмтэд бүлэг фактор, мөн онцгой чадварууд байгаа дээр санал нэгтэй байсан ч факторын тоо, g фактор ноёлох хүчин зүйл байх эсэх дээр санал нэгдэж чадаагүй.

1938 онд америкийн сэтгэлзүйч Луис Турстон/Louis L. Thurstone/ оюун ухаан ганц ерөнхий фактороор биш, харин бүгд эн тэнцүү чухал бие даасан факторуудаар тодорхойлогдоно гэсэн санааг гаргажээ. Тэрээр эдгээр факторуудыг оюун ухааны үндсэн чадварууд гэж нэрлэсэн байна. Эдгээр чадваруудыг тодорхойлж гаргаж ирэхийн тулд Турстон болон түүний эхнэр Телма нар 56 тестийн санг зохиож, боловсруулжээ. 240 коллежийн оюутнуудыг тестээрээ шалгаж, тестийн үр дүнг Турстон өөрийн зохиосон фактор анализын шинэ аргаар задлан шинжилсэн байна. Yүний үр дүнд Турстон (1) Yгийн утгыг ойлгох чадвар (2) Толгой сүүл холбох, үгэн материалыг хурдтай боловсруулах чадвар (3) Тоо, арифметикийн чадвар (4) Yг үсэг, тоо, зураг дүрслэл зэргийг тогтоон цээжлэх ой тогтоолтын чадвар (5) Зураг дүрслэлүүдийн  ялгаатай болон төсөөтэй байдлыг таних чадвар (6) Өгөгдсөн мэдээллээс ерөнхий санаа болон зарчмыг гаргаж ирэх индуктив дүгнэлт хийх чадвар (7) 3 хэмжээст биетийг оюун санаандаа дүрслэн бодох, орон зайг баримжаалах визуал чадвар гэсэн оюун ухааны 7 үндсэн чадварыг тодорхойлжээ.   

            Турстоны дүгнэлтийг эрдэмтэд судлаад 2 зүйлээр шүүмжилсэн байна. 1-рт Турстон тестээ зөвхөн коллежийн оюутнуудаас авсан байна. Коллежийн оюутнууд хүн амын дунджийг бодвол оюун ухааны тестийг илүү сайн гүйцэтгэх боломжтой. Нөгөө талаас Турстоны тест оюуны чадварын  бүхий л хүрээг хамарч чадаагүй. Тэрээр өөрийн загварт оюуны чадваруудын байж болох хүрээг хязгаарласнаар тестүүдийн хоорондох корреляци хамаарлын утгыг зохиомолоор багасгажээ. Yүнээс улбаалаад оюун ухааны ерөнхий фактор алга гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна. Сагсан бөмбөг тоглоход биеийн өндөр чухал гэдгийг хэн ч мэднэ. Гэвч америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны сагсан бөмбөгчдийн биеийн өндөр болон авсан онооны хоорондох корреляци хамаарал 0 байдаг. Учир нь NBA–ийн тоглогчдийг сонгон авахад биеийн өндөр үндсэн шалгуур болдог тул дундаж тоглогч нь хүн амын дундаж өндрөөс 15см-р илүү өндөртэй байдаг. Хэрвээ Турстон өөрийн тестээ хүн амын бүхий л хүрээний төлөөлөгчдийг оролцуулан авсан бол  тестүүдийн хоорондын корреляци хамаарал өндөр байгааг олж харах байсан.

            2-рт, коллежийн оюутнуудаас авсан Турстоны тестүүд хоорондоо корреляци хамааралтай байж. Гагцхүү тестийн үр дүнг шинжлэхэд ашиглагдсан Турстоны өөрийнх нь фактор анализын арга алдаатай байсан байна.  Оюутнуудын тухайн тестэнд үзүүлсэн онооны өгөгдөлийг  бусад эрдэмтэд фактор анализын өөр аргаар шинжилж үзээд корреляци хамаарал байгааг тогтоожээ. Тэдгээр эрдэмтэд Турстоны зохиосон тестүүдээр ч Спирмэний тодорхойлсон g фактор тодорхойлогдож байна гэсэн дүгнэлтийг гаргажээ.

3. Шингэн ба талстжсан оюун ухаан
1960 онд америкийн сэтгэлзүйч Рэймонд Каттел/ Raymond Cattell/ ба Жон Горн/John Horn/ нар фактор анализын шинэ аргыг ашиглан ерөнхий оюун ухаан нь шингэн оюун ухаан gf/fluid intelligence/, талстжсан оюун ухаан gc/crystallized intelligence/ хэмээх хоёр төрөлтэй гэсэн дүгнэлтийг гаргажээ.

Шингэн оюун ухаан нь оюуны ухааны биологийн үндсийг төлөөлнө. Түүнийг сэтгэхүйн хурд, ой тогтоолт, авхаалж самбаа зэрэг үзүүлэлтүүдээр хэмждэг. Энэ оюун ухаан хүнийг нас биенд хүртэл өсөх боловч нас ахиж хөгширхөд буурна. Монголчууд бид энэ оюун ухаан нь сайтар хөгжсөн хүнийг гүйлгээ ухаан сайтай хүн гэж ярьдаг билээ. Талстжсан оюун ухаан нь суралцах үйл, амьдралын туршлагаар олж авсан мэдлэг, чадвараар тодорхойлогдоно. Суралцах таатай боломж байгаа нөхцөлд талстжсан оюун ухаан хүний амьдралын туршид өсөн нэмэгдэх боломжтой. Жишээ нь багшийн үгийн сан ажлын орчин, нөхцөлтэй холбоотойгоор гайхалтай баялаг болсон байдаг.  

Ерөнхий оюун ухааны хоёр дэд төрлийг тодорхойлоход Каттел хөрөнгө оруулалт гэж нэрлэсэн өөрийн онолыг боловсруулсан байна. Энэ онол нь биологийн үндэс суурь/шингэн оюун ухаан/ хүний  мэдлэг, суралцах чадварын/талстжсан оюун ухаан/ хөгжилд ямар тус дэмтэй байдгийг тайлбарладаг. Оюун ухааны тухайн нэг чадварын хувьд энэ төрөлхийн чадвар уу, эсвэл суралцах үйл дадал зуршлаар хөгжсөн үү гэдгийг нарийн тодорхойлох нь хэцүү. Каттелийн бодлоор оюун ухааны бүхий л тестүүд шингэн ба талстжсан оюун ухааны аль алиныг нь тодорхойлдог бөгөөд эдгээр оюун ухааны чадварууд хоорондоо корреляци хамааралтай байдаг байна.  Зарим судлаачид энэ корреляци хамаарлыг Спирмэний g факторын  онолд 2 хүчин зүйлийн хооронд корреляци хамаарал байдгийг дахин нотолсон зүйл гэж тайлбарладаг.  Мөн Каттелл Спирмэний эх онолыг сайжруулж, боловсронгуй болгосон болохоос биш түүнээс огт өөр, шинэ онолыг гаргаж ирээгүй гэж үздэг байна. 

4. Олон талт оюуны онол/Multiple intelligence theory/
1983 онд америкийн сэтгэлзүйч Ховард Гарднер оюун ухааны талаарх уламжлалт тодорхойлолтыг өргөтгөсөн нэгэн онолыг гаргаж ирсэн. Тэрээр оюуны чадварын тестүүд оюун ухааны талаарх ойлголтыг бүрэн тодорхойлж чадахгүй байгааг ойлгожээ. Гарднер  бидний оюун ухаан цор ганц ерөнхий оюун ухаанаар биш, харин уураг тархины өөр өөр хэсгүүдэд хамаарагдах олон талт оюун ухаанаар тодорхойлогдох ёстой гэж үзсэн байна. 

Ховард  Гарднер бол оюун ухаан, бүтээлч сэтгэлгээ, манлайлал, мэргэжлийн хариуцлага, урлагийн чиглэлээр олон тооны ном товхимол гаргаж, судалгааны ажил хийсэн дэлхийд алдартай эрдэмтдийн нэг юм. Түүний бичсэн 23 ном, олон зуун нийтлэлүүд дэлхийн 20 гаруй хэл дээр орчуулагдсан байдаг.

Оюун ухааны талаарх уламжлалт ойлголтоор бидний үйлдэл гүйцэтгэх, суралцах чадвар оюун ухааны ерөнхий нэг чадвараар тодорхойлогдох бөгөөд оюуны хөгжлийн түвшинг нь хялбархан тодорхойлж болно гэж үзэж байлаа. Харин олон талт оюун ухааны онол үүнд нилээд шүүмжлэлтэй ханддаг. Оюуны чадварын тестүүд нь хувь хүн юуг чадахгүй байна гэдэгт тулгуурласан байдаг. Олон талт оюун ухааны онолоор бол хувь хүнийг юуг чадахгүй байгаагаар нь биш харин юуг чадаж байгаагаар тодорхойлж, түүнд анхаарлаа хандуулах ёстой гэж үздэг байна.

Гарднер  оюун ухааныг уураг тархины өөр өөр хэсгүүдэд хамаарагдах олон талт оюун ухаанаар тодорхойлогдох ёстой гэж үзэхдээ тодорхой баримтууд дээр тулгуурласан байдаг. Жишээ нь: уураг тархи нь гэмтсэн нэг хүн орон зайг баримжаалах чадвараа алдсан ч бусад чадвар нь хэвээр байжээ. Энэ баримтаар өөр өөр чадварууд бие биенээсээ хамааралгүйгээр ажиллаж чадаж байгаа нь оюун ухааны бие даасан төрлүүд байгаагийн нэг нотолгоо болдог. Гарднер гоц авъяастай болон оюуны чадварын тестээр сул оноо авдаг хүмүүсийг бас нотолгоо болгон авчээ.  Гоц авъяастай хүмүүс бага наснаасаа ямар нэг салбарт гайхамшигтай амжилт үзүүлдэг ч бусад салбарт бол жирийн л нэгэн байдаг. Харин оюун чадварын тестээр сул оноо авсан хүмүүсийн хувьд хэл яриа,  тооцоолон бодох зэрэг тодорхой төрлүүдээр тааруу байсан ч гайхамшигтай ой санамж, зургийн чадвар зэрэг өөр бусад онцгой чадвартай байх нь бий. Эдгээр нь оюун ухааны олон төрөл хэлбэрүүд байгаагийн өөр нэг нотолгоо билээ.

Ховард Гарднер эхлээд хэл яриа, математик-логик, дүрслэл-орон зай, хөгжим, бие хөдөлгөөн, харилцаа, өөрийгөө танин мэдэхүйн оюун ухаан гэсэн үндсэн 7 оюун ухааныг тодорхойлсон ба үүн дээр нэмээд өөр 3 төрлийн оюун ухаан байх боломжтой гэж үзжээ. Харин 1990-ээд оны сүүлээр байгаль дэлхийгээ хайрлаж, танин мэдэхүйн оюун ухааныг нэмж гаргаж ирсэнээр оюун ухааны үндсэн 8 хэлбэрийг тодорхойлсон байна.

Хэл ярианы оюун ухаан гэдэгт үгээр сэтгэж,  хэл яриагаар өөрийгөө илэрхийлж, утга санааг бусдад ойлгуулах чадварыг ойлгоно. Энэ оюун ухаан нь өндөр хөгжсөн хүнээр яруу найрагч Элиотыг жишээ болгон авчээ.

Математик-логикийн оюун ухаан гэдэгт тоолох, тооцон бодох, нотолгоо хийх, математикийн хүнд үйлдлүүдийг гүйцэтгэх чадварыг ойлгоно. Альберт Эйнштейн энэ оюун ухааны гайхалтай жишээ болдог.

Дүрслэл-орон зайн оюун ухаан гэдэгт дүрслэн урлах, хараа орон зайн мэдрэмж, орон зайн сэтгэлгээ, зураг дүрслэлийн мэдээлэлтэй харьцах чадварыг ойлгоно. Алдарт зураач Пабло Пикассогийн энэ оюун ухаан нь гайхалтай өндөр байжээ.

Хөгжмийн оюун ухаан гэдэгт хөг, аялгуу, хэмнэл, давтамж зэргийг ойлгож, мэдрэх чадварыг ойлгоно. Yүнд хөгжмийн зохиолч Игорь Стравинскийг төлөөлөгч болгон авсан байна.
Бие-хөдөлгөөний оюун ухаан гэдэгт биеийн хөгжил, хөдөлгөөний эвсэл, биеийн хөдөлгөөнөө удирдах чадварыг ойлгоно. Алдартай бүжигчин, бүжиг дэглээч Марта Грахамыг энэ оюун ухааны  сайн жишээ гэж үзжээ.

Харилцааны оюун ухаан гэдэгт сэтгэл хөдлөлөө танин мэдэж, бусдыг ойлгох, бусадтай зөв сайхан, ёс зүйтэй харилцах чадварыг ойлгоно. Yүнд сэтгэл мэдрэлийн эмч Зигмунд Фрейдыг жишээ болгон авчээ.

Өөрийгөө танин мэдэхүйн оюун ухаан гэдэгт өөрийн дотоод сэтгэл, оюун санаагаа танин мэдэж, удирдан жолоодох чадварыг ойлгоно. Yүнд Маханда Гандийг төлөөлөгч болгон авчээ.

Байгаль дэлхийгээ хайрлаж, танин мэдэхүйн оюун ухаан гэдэгт хүрээлэн буй орчин, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, байгалийн үзэгдэл, хуулиудыг танин мэдэх чадварыг ойлгоно. Байгаль судлаач Чарлез Дарвин энэ оюун ухааны сайн жишээ болдог байна.

Гарднерийн үзэл бодлоор хүн бүрт эдгээр оюун ухааны төрлүүд ямар нэг хэмжээгээр байх бөгөөд зарим төрөл нь сайн, зарим нь сул хөгжсөн байдаг.

Ховард Гарднерийн олон талт оюун ухааны онолыг боловсролын салбарынхан сайтар судалж, боловсролын уламжлалт зорилгыг илүү өргөн хүрээнд тодорхойлж, ашиглах болжээ. Олон сургууль Гарднерийн тодорхойлсон оюун ухааны олон төрлүүдийг хөгжүүлэхийг зорьж, хичээлийн хөтөлбөртөө түүнийг тусгаж, сургалтын зорилгоо түүнд чиглүүлэх болжээ.

Профессор Гарднер одоо Харвардын их сургуульд “Урлагийн хичээлээр суралцах үйл, сэтгэх чадвар, бүтээлч сэтгэлгээг хэрхэн хөгжүүлэх” талаар судалгаа хийх “Тэг” төслийн ахлагчаар ажиллаж байна.

Оюуны хөгжилд юу чухал вэ?
            Удамшил, хүрээлэн буй орчин, амьдралын туршлага, хүсэл эрмэлзэл, амьдралын хэв маяг.

Амьдралын туршлага
            Уураг тархины хөгжилд ялангуяа бага насанд хүрээлэн буй орчны өдөөлгө, туршлага нь үнэхээр чухал болох нь судалгаа, шинжилгээгээр баттай нотлогджээ.

Удамшил
            Хүний оюуны хөгжилд удамшил, сурган хүмүүжүүлэх үйлийн аль нь илүү чухал болох талаарх олон арван жил маргалдсан боловч өнөө үед танин мэдэхүйн шинжлэх ухаан, мэдрэл сэтгэц судлалын шинжлэх ухаан эдгээрийн аль аль нь чухал болохыг хүлээн зөвшөөрөөд байна. Амьдралын туршлага нь танин мэдэхүйн хариу үйлдэлүүдэд чухал нөлөөтэй.  Харин удамшил нь сонор сэрэмж, ой санамж, зөн мэдрэмж зэрэг оюун ухааны чухал хүчин зүйлүүдэд чухал оролцоотой байдаг.

Хүрээлэн буй орчин
            Өдөөлгөөр баялаг, таатай орчин оюун сэтгэхүйн булчингуудын уян хатан байдлыг хангаж, хөгжүүлэх нэг хүчин зүйл болдог. Хүрээлэн буй орчноос өдөөлгө, шахалтын хамт боломж, дэмжлэгээр хангаж өгч байгаа үед илүү сайн, илүү хурдтай суралцдаг.

Хүсэл эрмэлзэл
            Хүрээлэн буй орчин хэмээх хүчин зүйлтэй өсгий даран хамт явдаг өөр нэг хүчин зүйл нь хүсэл эрмэлзэл гэж нэрлэгдэх мотиваци юм. Хүрээлэн буй орчин суралцах үйлд таатайгаар нөлөөлөх үед  эерэг мотиваци бий болдог. Ач холбогдолыг ойлгон ухаарах, сонголт хийх эрх чөлөө, сэтгэл зүйн таатай орчин зэрэг нь хувь хүний мотивацийг өдөөж өгөх хамгийн үр дүнтэй арга хэрэгсэлүүд юм.

Амьдралын хэв маяг
            Бидний идэж байгаа хоол хүнснээс авхуулаад  хэр унтаж амарч байгаа, оюуны болон биеийн дасгал хөдөлгөөн хэр хийдэг зэрэг  өдөр тутмын амьдралын хэвшил, сонголт маань оюуны хөгжилд маань бас нөлөөлдөг. Бидний уураг тархи бие махбодийн адил бидний үйл хөдлөлөөр хөгжин төгөлдөршдөг.  
           
Зарим хүмүүс “бид эхээс төрөхдөө л ухаалаг эсвэл ухаан муутай заяагдсан байдаг” гэж ярьдаг. Нөгөө хэсэг нь “хүмүүс өсөж бойжихийнхоо хэрээр, хүрээлэн байгаа орчин, аав ээж, багш нарынхаа нөлөөгөөр оюун ухааныг олж авдаг” гэж  үздэг.  Yнэндээ оюуны хөгжил дараах 3 зүйлээр голлож тодорхойлогдоно:

1. Төрөлхийн оюун ухаан -  тухайн хүн ямар уураг тархитай төрснөөс хамаарна.
2. Хөгжүүлсэн оюун ухаан - орчин, эцэг эх, багш, сургуулийн нөлөөгөөр бүрэлдэнэ

3. Өөрөө хөгжүүлсэн оюун ухаан - хувь хүн өөрийгөө хэрхэн хөгжүүлснээс хамаарна

11 comments:

  1. Үнэхээр чухал асуудлыг хөндөж бичсэнд баярлалаа.Монголчууд ихэнх тохиолдолд хичээлдээ сайн, онц сурдаг хүүхдийг л ухаантай гэж өрөөсгөл ойлгох тал бий.Энэ ойлголт нь олон хүүхдийг өөртөө итгэх итгэлгүй болгож, амьдралыг нь үгүй хийсэн болов уу? гэж би хувьдаа боддог.Гагцхүү цаашдаа ийм асуудал төдийгүй ажилгүйдэл, архидалт, гэр бүл салалт, донтолтыг бууруулахын төлөө монголын ард түмнийг сэтгэлзүйн боловсролтой болгох шаардлага тулгараад байна.Сэтгэлзүйчид, боловсролын салбарынхан, эх орноо гэсэн сэтгэлтэй хүн бүхэн нэгдвэл БИЕ ДААСАН, ШУДАРГА ЗӨВ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТАЙ, ХҮМҮҮНЛЭГ ЭНЭРЭНГҮЙ МОНГОЛ ИРГЭНИЙГ ТӨЛӨВШҮҮЛЖ ЧАДНА гэдэгт итгэж байна.

    ReplyDelete
    Replies
    1. tiim shu. setgeliin bolowsrol geh zvil dutaad bna.

      Delete
  2. ном зүйгээ оруулж өгж болох уу

    ReplyDelete
  3. Үнэхээр хэрэгтэй мэдээлэл байна баярлалаа

    ReplyDelete
  4. ном зүйгээ оруулж өгнө үү

    ReplyDelete
  5. хэрэгтэй мэдээллийг үнэхээр ойлгомжтой, дэлгэрүүлж оруулсан байна. Баярлалаа

    ReplyDelete
  6. баярллаа хайсан мэдээлэлээ олж чадлаа

    ReplyDelete
  7. Тиймээ. Уул нь хамгийн чухал сэдэв юм байгаа юм даа. Бүх зүйл оюун ухаанаас эхэлж байгаа. Оюун ухаанаа хөгжүүлэх нь яагаад чухал тухай хүмүүст ойлгуулах хэрэгтэй. Сэтгэлгээнээс л бүх зүйл хамаарч байгаа.

    ReplyDelete
  8. Сайн байна уу? Таны цагаа туйлын зөв зүйлд зарцуулжээ. Гайхалтай байлаа. Та Facebook, instagramaa үлдээгээрэй. Дагаж таны үгийг сонсохдоо хэзээд баяртай байх болно шүү. Б.Хүрэлбаатар

    ReplyDelete
  9. БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг
    зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
    Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
    хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл
    манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.
    имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
    Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    ReplyDelete
  10. БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    ReplyDelete