Facebook Page Like

2015/02/14

Мэдээлэл ба сэтгэн бодох үйл

Share & Comment
Баатарын Батаа
                                                Мэдээлэл ба
                         сэтгэн бодох үйл
           
            “Орчин үеийн хүүхэд юм сурахаа болилоо”,  Жил ирэх тусам л илүү муу оюутнууд элсэн ороод байх юм, “Шинэ ажилчдын чадвар улам л муудаад байна гэж халагласан үгс олны ярианаас сонсогдох боллоо. Яагаад ингэх болов? Шинэ монгол иргэн өмнөхөөсөө тэнэг төрөөд байна уу? Үгүй. Харин ч эсрэгээрээ. Тэгвэл асуудлын учиг чухам юунд байна вэ? Түүнийг нь мэдчихвэл тэр учир шалтгаантай нь тэмцмээр байна.

            Хүн төрөлхтөн бид мэдээллийн хэт их урсгалд дарагдсан техник технологийн эрин үед амьдарч байна.  1950-иад оноос эрдэмтэд шинжлэх ухаан, техникийн хөгжлийн өндөр хурдыг мэдэрч, түүний нийгэмд үзүүлэх нөлөөлөл, өөрчлөлтийг онцгойлон судлах болжээ.

Тухайлбал:
  • 1961 онд Францад “Хүн төрөлхтнийг юу хүлээж байна вэ?” гэсэн сэдвээр олон улс орны эрдэмтэн, судлаачид хэлэлцүүлэг хийж байв.
  •  Ирээдүй судлалын нэрт төлөөлөгч Алвин Тоффлер 1970 онд Future Shock хэмээх алдарт номоо хэвлүүлэв.  
  • 1972 онд НҮБ-ын Боловсролын хөгжлийн хорооноос “боловсролын зорилгыг шинэ чиглэл рүү хөтөлсөн “Суралцах ёстой/Edgar Faure: Learning to Be/ хэмээх уриа сонсголыг дэлхий нийтэд зарлав
        Элвин Тоффлерын Future Shock номонд  “мэдээллийн хэт их урсгалд дарагдсан ирээдүйн нийгэмд хүн амын олонх нь мэдээллийг блоклох стратеги баримтална гэсэн байдаг. Өнөөгийн монголын нийгмээ харахад энэ хүний хэлсэн үг үнэхээр “орой руу орж байна.

         Компьютерийг хэт мэдээллээр ачаалвал яадаг вэ? Мэдээж гацдаг. Өөрөөр хэлбэл Wait ... ”, эсвэл “not responding”  гэсэн бичиг гарч ирэн бидний командад хариу үйлдэл үзүүлэх чадваргүй болдог.

Тэгвэл хэт их хэмжээний урсгал дунд амьдарч байгаа хүн яах вэ?
  • Уураг тархиа гацаахгүйн тулд мэдээллийг блоклох буюу шинэ мэдээлэл хүлээж авахаас татгалзах стратеги баримтлана
  • Уураг тархи мэдээлэл боловсруулах чадвараа алдана. Энэ нь мэдрэлийн систем бие махбодыг гадны нөлөөллөөс хамгаалах үндсэн аргуудын нэг юм. Тухайлбал, байнгын их чимээтэй орчинд ажиллахад уураг тархи яваандаа тэр чимээг хүлээж авахаа зогсоох бөгөөд үүний үр дүнд хүн чанга дуутай моторын чимээнд ч унтаж чаддаг болдог. 
Тэгвэл үүнээс шалтгаалаад ямар сөрөг үр дагавар гарах вэ?  
1.      Шинэ мэдээлэл хүлээж авахаа больсон хүний мэдлэг хуучирч, орчин цаг үеэ мэдэрч ойлгох чадвар бууран, улмаар мэдлэг чадвараар хоцрогдоно. Өөрчлөлт, шинэчлэлийн өндөр хурдтай байгаа энэ цаг үед бусдаас хоцроно гэдэг нь тухайн хүн үнэ цэнээ маш хурдтай алдана гэсэн үг билээ.  
2.      Мэдээлэл боловсруулах чадвараа алдсан уураг тархи мэдээлэл хүлээж авахдаа ядарч, шинэ мэдээлэлтэй харьцахаас айдаг болно. Тэд ойлгоход хүнд, хэрэг тус нь шууд харагдахааргүй мэдээлэлд анхаарал хандуулахаа больж, зугаа баясал төрүүлэхээр хогон/ач тус багатай/ мэдээлэлд л нэвтрэх эрх олгоно.  

         Уураг тархины мэдээлэл хүлээн авах сувгийг нээе гэвэл мэдээллийн хэт их урсгал уураг тархийг тань гацаана. Мэдээлэл авахаа болъё гэвэл хоцрогдоно, бүр уураг тархи чинь мэдээлэл боловсруулах чадвараа гээж эхэлнэ. Тэгвэл одоо яах ёстой юм бэ?

            Та уураг тархиа мэдээллийн хэт их урсгалаар гацаахгүй, хогон мэдээллээр дүүргэхгүй, цаг үеэсээ хоцрогддоггүй, үнэ цэнэтэй хүн байя гэвэл юуны өмнө мэдээлэл боловсруулах чадвараа хөгжүүлэх хэрэгтэй. 

Системийн онол ба Уураг тархи
             Хоорондоо харилцан холбоотой хэсгүүдээс зохион байгуулалттайгаар буюу дэс дараатайгаар бүрдэж тодорхой зорилгыг биелүүлэх зориулалттайгаар нэгэн бүхэл бүтэн зүйл болсон нэгтгэл цогцыг хэлнэ.
Н.М.Тишинко  Введение в проектирование систем управления. М., 1986, 5-р тал

        Удирдлага зохицуулалтын үйл ажиллагаа явуулах боломжтой системийг  функциональ систем гэнэ.  


        Системийн онолын үүднээс харвал хүн хэмээх амьтан нь функциональ/өөрийгөө удирдан жолоодох чадвартай/ систем мөн бөгөөд бидний уураг тархи энэ системийн мэдээлэл боловсруулах хэрэгсэл нь юм.

     Өнөө цаг үед хувь хүний хувьд системийн тэнцвэрт байдлаа хадгалан оршин тогтнож, хөгжиж цэцэглэхийн үндсэн нөхцөл нь хүний уураг тархины ажиллагаа, оюуны чадавхи, танин мэдэхүйн түвшин, сэтгэн бодох үйл, мэдлэг чадвараас нь шууд хамаарах болоод байна. 



Мэдээлэл боловсруулалт
            Мэдээлэл дээр мэдээллийн боловсруулалт гэж нэрлэгдэх хүлээн авах, хувиргах/задлах-нэгтгэх, харьцуулах-жиших, ангилах-бүлэглэх, хураангуйлах-дэлгэрүүлэх/, хадгалах, ашиглах, хамгаалах, дамжуулах зэрэг үйлдлүүд хийгддэг.

            Хүн амтлах, хүрэх, үнэрлэх, сонсох, харах гэсэн мэдрэхүйн 5 эрхтэнээр гадаад орчноос мэдээллийг хүлээн авах бөгөөд энэ нь орчин тойрноо мэдрэх, ухамсарлан ойлгох, мэдэх, сэтгэн бодох, үйлдэл хийх, шийдвэр гаргах, шийдэл олох, санаа дэвшүүлэх зэрэг хүний оюуны бүхий л үйлийн түүхий эд нь болдог.

  
Бидэнд цуглуулж чадах хэмжээгээр л мэдээлэл хэрэгтэй. Харин ямар мэдээллийг хайх, хаанаас хайх, цуглуулсан мэдээллээ үр дүнтэй хэрхэн ашиглах, тэдгээр мэдээллийг хэрхэн хамгийн сайнаар боловсруулах, шинэ мэдлэг, мэдээллийг яаж бий болгох зэрэгт сэтгэн бодох үйл зайлшгүй хэрэг болдог. Өөрөөр хэлбэл мэдээлэл ба сэтгэлгээ нь бие биентэйгээ харилцан уялдаатай, салган ойлгож болшгүй зүйлс юм. 
  Хэрэв бид бүх нөхцөл байдлыг үнэхээр тодорхой харж чадаад, хэрэгцээт мэдээлэл хангалттай бол сэтгэн бодоод байх шаардлага үгүй. Харин бид бүрэн мэдээллийг авч чадахгүй байгаа бол өгөгдсөн  мэдээлэл дээр үндэслэн сэтгэн бодох замаар зорилгодоо хүрнэ.


          Систем судлаач  Расселл Акоф/Russell Ackoff, , "From Data to Wisdom", Journal of Applies Systems Analysis, Volume 16, 1989, p3-9/ мэдээллийн хэлбэрүүдийг дараах байдлаар 5 ангилсан/эхний дөрвийг нь өнгөрсөн цаг хугацаанд, харин мэргэн ухаан нь ирээдүйд харъяалагдана гэж үзсэн/ байдаг.  

  1. Өгөгдөл, тэмдэгт/ Data: Symbols/ - Түүхий эд 
  2. Мэдээлэл/Information/ - Хэн, юу, хаана, хэзээ гэсэн асуултуудын хариулт болохоор боловсруулагдсан, холбоо хамаарыг илэрхийлэх өгөгдөлүүд
  3. Мэдлэг/Knowledge/ - Хэрхэн, яаж гэсэн асуултуудын хариулт болж хэрэглэгдэх агуулгатай өгөгдөл, мэдээллийн сан
  4. Ойлгон ухааралт/Understanding/ - Яагаад гэсэн асуултын хариулт болох мэдлэг
  5. Мэргэн ухаан, оюун билиг/Wisdom/ - Үнэлэн цэгнэгдсэн ухаарал, зарчим 
Жишээ нь:
  1. Өгөгдөл – Бороо орж байна
  2. Мэдээлэл – Агаарын температур 15 хэм болж буурснаар бороо орж эхэллээ.
  3. Мэдлэг – Агаарын чийг өндөр үед агаарын температур буурахад агаарын чийг нь хур тунадас болж буудаг.
  4. Ухаарал – Агаарын температурын бууралтаар агаарын чийг хур тунадас болдог юм байна.
  5. Мэргэн ухаан – Бороо орох учиртай болоод л бороо орж байгаа хэрэг. Энэ нь цаанаа хур тунадас, агаарын урсгал, ууршилт, температурын өөрчлөлт зэрэг олон зүйлсийн харилцан хамаарлыг авч үзэх нарийн ойлголт  билээ.  
      Бид өгөгдөл буюу мэдээллийн түүхий эдийг сэтгэн бодох үйлийн ачаар хэрэгтэй мэдээлэл, мэдлэг, ухаарал, мэргэн ухаан болтол нь хувирган боловсруулдаг.

           
        
Бидний хүлээж авсан болоод бодож боловсруулсан мэдээлэлд дараах шинж чанарууд байх шаардлагатай:
•  Үнэн зөв найдвартай байх чанар
•  Гүйцэд байх чанар
•  Үнэ цэнэтэй байх чанар
•  Эрэлт хэрэгцээтэй байх чанар
•  Ойлгомжтой/тодорхой/ байх чанар

Бид аливаа мэдээллийг ашиглахдаа үнэн зөв, итгэж болох эсэхийг нь байнга сонирхож байх ёстой. Үүнтэй холбоотойгоор юуны түрүүнд баримт болоод үзэл бодлыг ялган салгаж чаддаг байх хэрэгтэй.  Үнэний чанар нь тухайн мэдээллийг мэдээлэгч нь хэн байхаас үл хамааран, өөрчлөгдөхгүй байх мэдээллийг баримт гэнэ. Харин үзэл бодол гэдэг нь хэн нэгэн хүний хувийн үнэлэмж, итгэл үнэмшил байдаг бөгөөд үнэн зөв гэдэг нь тэр бүрийд батлагдаад байдаггүй.

      Сэтгэн бодох үйлд тулгуурлан бий болгосон үр дүн буюу гарц нь мэдээлэлд тавигдах дээрх шинж чанаруудыг хангахгүй байх нь элбэг. Энэ нь цаанаа анхнаасаа зөв мэдээлэл авсан эсэх, авсанаа мэдээллээ зөв таньсан эсэх, таньсан мэдээллээ зөв боловсруулсан эсэх, боловсруулсан мэдээллээ зөв тайлбарласан эсэх гээд шат шатны оюун сэтгэхүйн үйлүүдийн чанараас хамаарах бөгөөд энэ бүхний үндэс нь ерөөсөө уг зүйлийнхээ мөн чанарыг зөв ойлгож, ухаарсан эсэх асуудал байдаг.   

            Өөрийгөө удирдан жолоодох чадвартай функциональ систем гарц буюу үр дүнгийнхээ алдаа мадгийг буцах холбооны функцээрээ засч залруулдаг. Энэ нь тухайн системд гарсан зөрчлийг шийдвэрлэж, зохицуулалт хийж, ингэснээрээ цаашид оршин тогтнох нөхцлийг нь хангаж өгдөг.

      Ухаант хүмүүний хувьд буцах холбооны функцийн үүргийг логик сэтгэлгээ гүйцэтгэдэг.  Логик сэтгэлгээний эргэцүүлэн, тунгаан, шүүн бодох үйлээр бид  мэдээлэл боловсруулах үйл ажиллагаанд гарсан алдаа дутагдлыг илрүүлж, юуг хэрхэн ойлгосон ойлголтоо засч, шинэчилж, сайжруулдаг.



            Ардын аман яриандБодоод бодоод бодын шийр дөрөв дөө гэсэн хэлц үг бий. Энэ нь логик хандлагаар ямар нэг зүйлийн талаар эргэцүүлж, тунгааж, шүүн бодоод байхад,  яаж ч оролдоод бодолтын үр дүн нь оновчгүй,  шийдгүй, гарцгүй болох төлөв байдлыг хэлж байгаа болно. 

            Энэ нөхцөлд бидэнд буцах холбооны хоёр дахь гогцоо хэрэгтэй болно. Өөрөөр хэлбэл бидний сэтгэн бодох үйл ажиллагааг гацаанаас гаргах, логиктой бодохуйн алдааг засч залруулах тийм гогцоо шаардлагатай. Энэ гогцооны үүргийг бүтээлч сэтгэлгээ гүйцэтгэдэг. 


           Логик сэтгэлгээний мөн чанар нь мэдээлэл боловсруулах байдаг бол бүтээлч сэтгэлгээний  цаад мөн чанар нь логик сэтгэлгээний алдааг засч, залруулах явдал байдаг.

            Мэдээлэл боловсруулах чадвараа хөгжүүлнэ гэдэг нь эцсийн дүндээ сэтгэх чадвараа хөгжүүлнэ гэсэн үг мөн.  
Ангилал: , ,

0 сэтгэгдэл:

Post a Comment

 

Онцлох санаа

Амжилтын 5 хошуу - Тунгаан бодож сур - Шинэ санаатай нөхөрлө

Онцлох санаа

Шаардлага хангасан боловсрол - Уламжлал&шинэчлэл - Хож хож

Хэрсүү ухаанаар хамаг монгол хөгжинө.

Зохиогчийн эрх © Баатарын Батаа /