Facebook Page Like

2015/02/05

Агуулгагүй хэлбэрдэл буюу Дүр эсгэлт

Share & Comment
Агуулга гээсэн хэлбэрдэл бүхэн
Ашиг болохгүй уршиг болно


Дуураймал уран зохиолоос л сэрэмжлэх хэрэгтэй.
Жан-Поль Сартр 


           Хүмүүс цаг үеэсээ хоцорч, гээгдэхийн хэрээр тэдэнд илэрдэг нэг түгээмэл хандлага нь ямар ч агуулгагүй хэлбэрдэх буюу тухайн нэг зүйлийг ойлгож, чадаж, мэдэж байгаа мэт царайлах/дүр эсгэх/ явдал байдаг. Үүнийг испанийн нэрт философич Хосе Ортега и Гассет 1914 онд Кихотын тухай эргэцүүлэл” номоороо хүн төрөлхтөнд сануулсан байдаг.



Агуулга хэлбэр: (Содержание и форма. Contents and form)
Агуулга болоод хэлбэр нь юмс үзэгдлийн дотоод нарийн чанд нэгдэл, зохион байгуулалтыг илэрхийлсэн философийн үндсэн ойлголтуудын нэг билээ. Агуулга гэдэг бол тухайн юмыг бүрдүүлж байгаа элементүүдийн цогц, тэдгээрийн хэлхээ холбоо, ерөнхий байдал, дотоод шинж  мөн.


Платон хэлбэрийг тухайн зүйлийн материаллаг ахуйгаас үл шалтгаалан оршиж буй “ирээдүйн дүр төрх” гэж үзэж байсан бол Аристотель агуулгыг тухайн зүйлийн орших, эс орших боломж, урьдчилсан нөхцөл, хэлбэрийг тухайн зүйлийн нэгдлийг хангахад чиглэгдсэн түүний дотоод зорилго гэж тодорхойлсон байдаг.



Агуулга хэлбэрээр дамжин илэрдэг. Хэлбэр бол агуулгын гадаад байдал бөгөөд түүнийг зохион байгуулах арга юм. Хэлбэр нь агуулгыг бүрэн илэрхийлэн гаргахуйц, түүний хэрэгцээ шаардлагад тохирохуйц байх ёстой.

Агуулгагүй хэлбэр, хэлбэргүй агуулга орших боломжгүй. Агуулга хэлбэртэйгээ, хэлбэр агуулгатайгаа зөрчилдөх явдал ч гарна. Ийм тохиолддолд хэлбэрийг хаяж, агуулгыг голлох шаардлагатай.
Агуулга ихэнх тохиолдолд хэлбэрээс түрүүлж хөгжих зүй тогтолтой. Хэлбэрийг голоод агуулгыг орхигдуулвал хоосон хэлбэрдэл болно. Харин  агуулгыг голлосон ч тохирох хэлбэрийг олоогүй тохиолдолд агуулгын утга санаа бүрэн гүйцэт илрэн гарч чадахгүйд хүрнэ.

... Бидний одоогийн алдаа юу гэхээр бид агуулгыг нь ойлгохгүй учраас зөвхөн хэлбэрийг нь хэрэгжүүлэх гээд байгаа юм. Хоосон хэлбэр бол үхмэл байх нь ойлгомжтой. Тийм ч болохоор зарим зан үйл маань цаг үетэйгээ зохицохгүй хаягдаж байна. Хэрэв бид мөн чанар, агуулгыг нь мэдсэн бол хоцрогдсон хэлбэрийг нь өөрчлөөд зан үйлээ аваад үлдэх боломжтой болно. Хэрэв бид ингэж л чадвал манай соёлын толбо улам их тодрох билээ.


А.Наранболд

       … Гэхдээ агуулгагүй хэлбэр амь бөхтэй, амьтан хуураад л өөрөө амьдраад байх магадлал өндөртэй. Харин хэлбэргүй агуулга нас богинотой, өөртөө гайтай ч өрөөлд тустай байдаг бололтой юм. Ялангуяа аугаа их хэлбэрдэгч нарт бөөн тусыг хүргэдэг аж. Энэ цагийн сод нээлтүүдийг хийгч Никола Тесла, Томас Эдисон хоёр энэхүү хэлбэр, агуулгын тодхон жишээ ажгуу. Гэрлийн шил, цахилгаан гүйдлээс өгсүүлээд өчнөөн арван түүхэн нээлттэй Томас Эдисоны нэр холбогддог. Харин эдгээрийг жинхэнэ утгаар нь бүтээсэн суутан Никола Тесла өдгөө маш цөөхөн эрдэмтэн судлаачдын хүрээнд танигддаг, дурсагддаг. “Миний өмнөөс бусдын хийчихэж чадах зүйлд би хуруугаа дүрээд яах юм вэ” гэсэн зарчимтай Эдисон ил гарч бодлогоширч, олон нийтэд өөрийгөө харуулж, нээлтээ танилцуулдаг байв. Харин лаборторид түүний өмнөөс тухайн үедээ арай ахиу шан харамж авдаг эрдэмтэд, тэр дунд Никола Тесла ажилладаг, жинхэнэ нээлтийг танилцуулахад бэлэн болгодог байжээ. Ил харагдаж, оюунаа шатаан хөдөлмөрлөж байгаа мэт үзэгддэг Эдисон шинжлэх ухааны түүхэнд аугаа гэсэн тодотголтой, сүржин алдартай үлдсэн бол түүнд хөлсөөр ажиллаж байсан эрдэмтдийн, тэр дундаа түүний хамгийн шилдэг нээлтийн бэлтгэл ажлыг хийсэн Тесла ямар ч нэр хүндгүй үлдэж, хүндхэн амьдарч, хатуухан нөхцөлд нас эцэслэсэн гэдэг.



“Academy Awards 2012”-т нэвтрэхүй
        ... Бас нэг “эзэнгүй” номинаци нь “Шилдэг инээдмийн кино”. Сүүлийн жилүүдэд цөөнгүй хийгдсэн арилжааны кинонуудын орлого олох гол хэрэглүүр нь инээдэм байсан. Энэ төрөл өрсөлдөөнгүй байна гэж байхгүй дээ хэмээн үзэгчид таамаглаж байж мэднэ. Гэвч “инээдмийн” хэтийдэл нь уг төрөл жанраа нэг хэсэг урлагийн бус хэлбэрдэл рүү түлхсэн тал бий. Киночид өөрсдөө ч энэ дутагдлаа хүлээн зөвшөөрдөг. Харин өнөөдөр бол инээдмийг өөрөөр, жинхэнэ урлагийн зүй ёсны шаардлага, наад захын дүрэмд нь захируулж хийх цаг. Энэ өнцгөөс нь харвал сонгодог инээдмийн бүтээлүүд одоо л хийгдэж эхлэх гэж байна гэж хэлж болно. Тэгэхээр өрсөлдөөнгүй үлдэж, хоосон хоцорсон нь харин ч зүйн хэрэг байж мэдэх юм.

http://www.mongolianembassy.us/news_and_events/news_mongolian_2009.php

10/29/09

Монгол Улсын Ерөнхий Сайд С.Батболдын УИХ-ын нэгдсэн чуулганд хэлсэн үг
... Мөн Засгийн газрын бүх шатанд үг яриа нь үйл хэрэгтэйгээ нэгддэг, хариуцлагатай байх зарчмыг барьж ажиллана. Ажлын арга хэлбэрийг ч өөрчлөхийг шаардана. Аль ч шатны төрийн байгууллагын аливаа ажилд хэтэрхий чамирхал, хэлбэрдэл байх шаардлагагүй. Төрийн бүх төрлийн ажил үйлчилгээ нь тогтсон хэм хэмжээ, ёс зүй, дүрэм журмын хүрээнд, бодит үр дүнг эрхэмлэсэн байх учиртай. 

Эх сурвалж:
Мял богд (1052-1135) бол өмнөт Төвдийн Гүнтан нутагт баян айлын ганц хүү болон төрсөн ч хар багадаа өнчрөл хагацал үзэж, өмч баялгаа луйвардуулж, өш хонзонгийн эрхээр хараал жатгад суралцан, олон хүний амийг хөнөөсөн нүгэлтэн болж, эцэстээ амьдралын утга учир зөвхөн гэгээрэлд оршдогийг ухаарч, очир хөлгөний их багштай учирч, аглаг уулсаар бясалгал дияан үйлдсээр билгийн чанадад хүрсэн нэгэн ажээ.

Мял богдын захиас үгнээс
Авралын дээд багшдаа бишрэлгүй

Авшиг хүртээд юуны тус
Утгын шимийг зүрхэндээ шингээлгүй
Уншилга цээжлээд юуны тус

Бэртэгчин амьдралаас холдолгүй

Бясалгал хийхийн хэрэг юун
Бие сэтгэлээ номхотголгүй
Мөргөл хийхийн ашиг юун

Хүний муулахыг тэсэхгүй бол

Хүлцэл сахилын хэрэг юун
Тачаал хорслыг дарахгүй бол
Тахил мандлын утга юун

Аминч үзлийн хир шингэсэн

Өглөг буян юуны тус
Амьтан бүхнийг эх шигээ бодолгүй
Өндөр суудал юуны тус

Ариун үзэгдлийг сэрж мэдэхгүй

Суварга босгоод юуны тус
Аж төрлөө бясалгал болгохгүй
Цац талбиад юуны тус

Өр зүрхний угаас залбиралгүй

Өргөл бариад юуны тус
Үнэн номыг анхаарч сонсолгүй
Өвдөг сөхрөөд юуны тус

Амьд сэрүүнд нь итгэж бишрэлгүй

Авсанд мөргөөд юуны тус
Найдангуй орчлонд сэтгэл уйдалгүй
Наминчлал үйлдээд юуны тус

Өөрөөсөө илүү бусдыг хайрлалгүй

Өгөөмөр амлаад юуны тус
Нүглийн буртгийг дотроос угаалгүй
Нүүрээ будаад юуны тус

Башир хуурмагийг жигшээ нь үгүй

Шашин номлоод юуны тус
Багшийн үгийг дагах нь үгүй
Шавь нар олшроод юуны тус

Агуулга гээсэн хэлбэрдэл бүхэн

Ашиг болохгүй уршиг болно
Ариун зорилгодоо үнэнч бол
Аливаа дэмийрлээс хол байгтун.


ХҮНИЙ ЭРХИЙН БОЛОВСРОЛ - ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬД”  судалгааны тайлан
... Судалгаанаас харахад дунд сургуулийн хүний эрхийн хичээлийн сургалтын технологи нь тухайн сургалтын зорилго, агуулга, арга зүйн нийцэхүйц хэмжээнд хүрч чадаагүй, уламжлалт болон идэвхгүй арга зонхилсон шинжтэй байгаа нь харагдаж байна. Багш нар жижиг багаар ажиллах зэрэг идэвхтэй аргыг хэрэглэдэг боловч тэрхүү аргын агуулга, мөн чанарыг чухалчлахаас илүү хэдэн хүүхдийг ширээ тойруулан суулгах, хэн дуртайг нь яриулах зэрэг хэлбэрийн талыг хэт барьдаг нь тухайн аргаар заасан хичээлийн үр дүнд нөлөөлсөн гэж үзэж болохоор байна.  Агуулгагүй хэлбэрдэл дунд боловсролд газар авах аюул “нүүрлэх” эх үндэс тавигдах вий.

Эх сурвалж:
2011 оны 1 сарын 25

С.Энхбаяр/МУБИС/

Утга зохиол дахь “Баасан авгай” нар болон бидний үнэт зүйлс
Аливаа хувьсгал юуны түрүүнд өмнөх тогтолцоо, үзэл санаа, үнэт зүйлсийг устган өөрчилдөг. Гэвч хувьсгалын романтик үе 90-ээд оны төгсгөлөөр дуусгавар болсон юм. Сэлэм эргүүлдэг үе өнгөрөөд эдүгээ шинэ үнэт зүйлс бүтээх цаг ирэв. Гэтэл олон салбарт тасалдал гарсаны нэг нь утга зохиолын шүүмж судлал, нийгэм-уран сайхны шүүмжлэлт сэтгэлгээний орчин. 

...  Хов хоосон энэ том талбар дээр жаахан тодорчих хүсэлтэй, ялигүй ч атугай хүний анхаарал татчих юмсан гэхээс шөнө ч нойр нь хүрэхээ байсан “нөр их хөдөлмөрч” хэдэн авгай нар л/эрэгтэй, эмэгтэй олон авгай нар бий/ ёстой нэг дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж сууна. “Д.Нацагдоржийн бүх зохиол далд утгатай” л гэнэ, “О.Д.Бальзак шүүмжлэлт реализмын том онолч байсан” л гэнэ, “Агуу ихийн дэмийрэл буюу Г.Аюурзана ахайтанд шинэ мянганыханы өмнөөс үг хэлж байна” л гэнэ… ичмээр, ичмээр, бүр зүүдэндээ ч ичмээр.

Энэ бүх элийрэл балайрлын оргил туйл, сүлд аялгуу нь бас л нэг нилээдгүй “юмтай” хүүхний бичсэн “Өнөөгийн уран зохиолын онол-шинжлэлийн шинэ сурах бичиг” гэгч ланжгар ном. “онол-аргазүйн тулгамдсан асуудлаарх постмодернист сэтгэлгээний монголын анхны онолын бичвэр” л гэнэ, “бүх нийтийг гэгээрүүлэх ариун үйлсэд” зориулав л гэнэ, “нээлттэй-иргэний нийгмийн үзэл санааг төлөвшүүлэхэд” зориулав л гэнэ, “бүх шатны сургалтын суурь боловсролын шинэчлэлд” зориулав л гэнэ, “онолын шинэчлэлд” зориулав л гэнэ, “түүх бичлэгийн шинэчлэлд” зориулав л гэнэ, “шүүмжлэлийн салбарын шинэчлэлд” зориулав л гэнэ, “уран зохиолын хөгжлийн шинэчлэлд” зориулав л гэнэ.  Бүр болоогүй “…та бүхний анхааралд…цаашид уянгын яруу найргийн тухай онол, шинжилгээ, туульсын төрлийн тухай онол, шинжилгээ, жүжгийн тухай онол, шинжилгээ хэмээх 2,3,4 –р дэд дэвтрүүдийг хэвлүүлж болох юм” гэж айлгасан байгаа юм даа.

Ерөөс иймэрхүү ямар ч шинжлэх ухааны эх сурвалжгүй, логик авцалдаа холбоогүй, ёстой л нэг үнэн, хоёр худлаар дүүрсэн “онол” “түүх” “судалгаа” тэргүүтэн нь нийгмийн шилжилт, үнэт зүйлсийн өөрчлөлт хийгээд шинэ үнэт зүйлсийн төлөвшилийн үед өнөөх хоцрогдож гээгдсэн хоосон орон зай дээр олноор гарч ирдэг зүй тогтолтой бололтой.

Эрдэмтэн мэргэдийн бичиж тэмдэглэснээр иймэрхүү зүйл хүний танин мэдэхүйн түүхэнд нэг биш удаа гарч л байдаг тул тэдэнд зориулж бүр pseudo-philosophy, pseudo-science /псевдо-философия, псевдо-наука/ буюу хуурамч философи, хуурамч шинжлэх ухаан хэмээх тусгай нэр томьёо хүртэл гарсан байдаг ажээ. Гэхдээ л бас ч гэж эдүгээ цаг чинь ХХ1 зуун болохоос биш, арай ч бүх чулууг алт болгоно гээд нухаад сууж байдаг дундад зуун биш шүү дээ.
Ангилал:

0 сэтгэгдэл:

Post a Comment

 

Онцлох санаа

Амжилтын 5 хошуу - Тунгаан бодож сур - Шинэ санаатай нөхөрлө

Онцлох санаа

Шаардлага хангасан боловсрол - Уламжлал&шинэчлэл - Хож хож

Хэрсүү ухаанаар хамаг монгол хөгжинө.

Зохиогчийн эрх © Баатарын Батаа /