Facebook Page Like

2015/02/05

Ишлэл: Л.Түдэв

Share & Comment
Лодонгийн Түдэв
/Ардын уран зохиолч, төрийн шагналт, хөдөлмөрийн баатар, сэтгүүлч, зохиолч/


Ишлэлүүд

¨ ¨ ¨
ХХI зуунд хамгийн том бэлэг ном гэж байгаа. Хуучин зуунд алт мөнгө байсан. 

¨ ¨ ¨
Ойлгохгүй байгаа юмандаа хүн хоёр янзаар ханддаг. Нэг бол үл тоомсорлодог, нэг бол шүтэн би­шир­дэг. Аль алин нь буруутгах аргагүй үзэгдэл. 

¨ ¨ ¨
Манай нөхцөлд бол хүүхдийг цэцэрлэг, сургууль, их дээд сургууль гэж бага балчраас нь эхлээд ширээний цаана багшийн өмнө "номхон" суулгаж, багшийн заасныг давтан хэлүүлж муу, дунд, сайн, онц гэсэн дүн өгсөөр байгаад 25 жилийг нь яг л ийм суугаа бас багшийн үгээр "тотьчилсон" ярьдаг хүн болгочихдог тогтолцоо хагас зуун жил ноёрхсон тул "нээлт хийх", "бүтээл гаргах" насандаа "дүн авах" мөрөөдлөөр суралцдаг залуу үетэй болчихсон. 

¨ ¨ ¨
Цаг хугацаа гэдэг бол энэ хор­воо­гийн цорын ганц дарангуйлагч бас хэмжээгүй эрхт засаглал юм. Чулууг хүртэл цаг хугацаа хөгш­рүүлж өгөршүүлдэг юм. Хүнд бол энэ нас ганцхан удаа л заяах тул тэр хөрөнгөө зөв, ариг гамтай зарцуулах ёстой.

¨ ¨ ¨
Цаг хожих ганцхан л арга байдаг. Тэр нь "богино хугацаанд их юм хийх" арга. Суурин соёл иргэншлийнхэн бол "автоматжуу­лах" аргаар бага цагт их юм хийдэг болсон. 

¨ ¨ ¨
Ний­гэм гэдэг хүмүүсээс бүрддэг. Тэгэ­хээр хөгжил, хөдөлгөөнтэй үзэгдэл. Тогтонги байгаад байвал аливаа юм чанараан алдаж, өгөршиж, мууддаг. Нийгмийн зүтгэлтэн бол мөн л тийм шинжтэй бөгөөд нийг­мийн хөдөлгөөнд хэр зэрэг оролц­догоороо л ялгардаг. 

¨ ¨ ¨
Хүн төрөлхтөн зохиомол зүйлд хууртагдахаа больж барим­тат уран өгүүлэмжийг сонирхох эрин зуунтай нэгэнт золгожээ. Тэрнээс үүдээд сэтгүүлч нарын ханш өслөө. Сэтгүүлч бол "сэтгэгч" гэдгээс гаралтай үг. Сэтгүүлч хүн бодот байдлыг яг байгаагаар нь уран сайхны хэл найруулгаар дүрслэн бичих болсноос уран зохиолыг баримтат уран зохиол шахан "жийдэг" болоод байна. 

¨ ¨ ¨
Залуус надтай уулзах гэж биечлэн санал тавих нь ховор. Уулзалт гэдэг бол цаг идэх болов­сон хэлбэр. Уулзсан хүний үрсэн цаг дээр уулзалтад оролцсон олон хүний зарцуулсан цагийг нэмбэл нэг уулзалт их үнэтэй. Гэтэл тэр гарзыг нөхөхөөр юм ярьж өгөхгүй бол бүүр ч хохиролтой. Бас хүний яриаг нэг чихээр сонсоод нөгөө чихээрээ гаргачихдаг хүмүүст бол цаг улам ч хайран болдог юм.  

¨ ¨ ¨
Түүхийг муулах хэрэггүй. Муулаад ч түүх хэвээрээ л байдаг. Болоод өнгөрсөн учраас өөрчлөгддөггүй. Гэтэл манай зарим сэтгүүлч өнгөрснийг муулж бичээд л байдаг. Харин одоо үеийг шүүмжилбэл засарна.

¨ ¨ ¨
Энэ зуун бол пролетарийн зуун биш когнитариатын буюу эрдэмтдийн зуун. Энэ зуун оюун ухааны болоод мэдээллийн зуун. Мэдээллийн зууны хамгийн том арми бол сэтгүүлчид.  Сэтгүүчдийн хамгийн чухал зэвсэг нь хэл. 

¨ ¨ ¨
Манай сэтгүүлчид сүүлийн үед хачин муухай гадаад үг хэллэг хэлдэг болсон байна. Тэр бол буруу.  Гадаад нэрээр нэрлэсэн болгон тэр үндэстний оюун ухаанд төлждөггүй юм. Худлаа гэвэл бид нар социализм гэж хагас зуун жилийн турш ярьсан. Гэтэл яг социализм гэж ер нь юу яриад байгааг ойлгодоггүй байсан.
¨ ¨ ¨
Монголчууд дэлхийг эзэлсэн хэвээрээ байгаа гэсэн чинь гайхаад байгаа юм. Одоо ч би хэлэхэд бэлэн байна. Яагаад вэ гэвэл Америкт 15 хувь нь, Европ, Орос, Египет, Дундад Азид генийн судалгаагаар үзэхэд 17 сая хүн С3 гэдэг гентэй байсан. Тэр нь Чингисийн ген гэж үзэж байгаа. Энэтхэгт бол түүнээс олон 35-аад сая гарч байгаа юм. Хятадад бол бүр их.
¨ ¨ ¨
Бид нар харамсалтай нь дэндүү ойрын хараатай болчихсон. 800 жилийн өмнөхийг л яриад байдаг. Сая арай гэж 2220 жилийн өмнөх үеийг ярилаа. Тэгэхэд тэр Модунь Шаньюгаас өмнө түүний эцэг Түмэн гэдэг монгол хүн байсан шүү дээ. Түүнээс ч өмнө Хүннү гүрэн байж л байсан. Модунь Шаньюгийн үед л мандаж байсан болохоор Хүннүгийн 2220 жилийг тэмдэглэлээ. Түүхээ судалдаггүй. Хамаг түүхийн номыг маань хятадууд шатаачихсан. Зарим үлдсэнийг нь архивтаа цоожилчихсон. Оросууд бас адил.

¨ ¨ ¨
Бидэнд эртнээс тэнгиризм гэдэг шүтлэг байсан. Харин сүүлийн үед овоо сэргэж байна. Түүнээс өмнө лалын шашин байгаагүй, буддын шашин ч байгаагүй. Буддын шашин бол монголчуудын зоригийг мохоохын тулд хятадуудын нэвтрүүлсэн шашин. Лал, Христын шашин бас адилхан. Түүнээс өмнө байсан тэнгиризм монголчуудын гол шашин байсан. Тэр нь хөгжөөд бөөгийн шашин болчихсон. 

¨ ¨ ¨
Хэлд ороогүй хүүхэд зөндөө байна, тэрч байтугай хэлд ороогүй хөгшин зөнөгүүд олон байна. 

¨ ¨ ¨
Сэтгүүлчид ээ, шинэ үг хэрэглээнд оруулж ирээч ээ. Сэтгүүлч хүн олон талын зүйлийг мэддэг, үгийн баялагтай байх хэрэгтэй. Үг гээч сумыг уран чадварлаг ашигладаг байх ёстой. 

¨ ¨ ¨
Манайд эрэмдэг зэрэмдэг толь бичиг их байна. Жишээ нь Ц.Цэвэл гуайн толийг үзэхээр өвөө гэдэг үг байдаггүй. Гэтэл эмээ гэдэг үг нь байж байгаа юм. Ц.Цэвэл гуай өвөөд дургүй биш шүү дээ. Тэгэхээр нь Дамбажавын толийг үзлээ. Тэгсэн бас өвөө байхгүй. Тэгэхээр Цэвэл гуайн толийг хуулсан нь харагдаж байгаа биз. 

¨ ¨ ¨
“Хар” гэдэг нь монголчуудын хамгийн их хэрэглэдэг үг. Энэ үг 95 хувилбартай. Цагаан гэдэг үг 80 гаруй хувилбартай байна. “Хар”-аас арай бага. Тэгэхээр амьдралд цагаанаасаа хар нь их байгаа нь харагдаж байгаа биз. Хүн төрөлхтний анх ялгаж таньсан юм нь хар, цагаан хоёр. Хар гэдэг үг хойд туйлд, Өмнөд Азид байгаа. Хар үйл явдлын мэдээ нь нь цагаанаасаа олон байгаа юм.
¨ ¨ ¨
Хэл ярианы хэлнийхээ дагуу явах ёстой. Харин шинэ үсэгт орсны гавьяа нь дуудлага, бичлэгийн зөрүүг арилгасан. Англи хэл дуудлага, бичлэгийн маш их зөрүүтэй, бүдүүлэг хэл шүү дээ. Франц хэл мөн адил. Испани хэл арай гайгүй. Франц хүүхнүүд хоол, хэл хоёроо далтигануулсаар байгаад юу ч биш болгосон. Өвөрхангайнхан саяхан хүртэл “явдага, байдага” гэж ярьдаг, бичдэг байсан. Одоо ингэхээ больсон. Бичлэг, дуудлагыг ижил болгосноор омог отгоороо хачин хачин ярихыг болиулсан.

¨ ¨ ¨
Хүнийг шатаадаг юм толгой. Толгойноос бүх муухай, сайхан, харгис, энэрэнгүй юм гардаг. Тэр тусмаа сэтгүүлчдийг шатаах зүйл толгой нь. Бас толгой дотроо ам. Амаар муухай, сайхан бүх юм гарна. Ам шиг аймаар юм байхгүй. 

¨ ¨ ¨
Даяарчлал гэдэг дэлхийг эзлэх бодлого. Том гүрнүүдийн хуйвалдаан. Хөгжлийнхөө хурдаар дэлхийг эзлэх зорилготой. Даяарчлалын цаад утга нь том гүрнүүд нийлж байгаад жижиг улсыг өөртөө уусгах. Ингэхдээ хүчээр бус соёл урлаг, хөгжлийнхөө ололтоор. Бидний өмсч байгаа бүх юм монгол биш. Хэрэглэж байгаа бүх юм, дуулж байгаа дууч монгол биш. Ийм боловсон аргаар өөрсдийн бүтээгдэхүүнийг түгээж байна.

¨ ¨ ¨
Би “Дуугүй байснаас хэлж байгаад үхсэн нь дээр” гэсэн лоозонтой.

¨ ¨ ¨
Монгол төр ард түмнээ цөөлөх бодлого явуулах учиргүй.

¨ ¨ ¨
Хүүхэд эхээс төрөөд гурван нас хүртлэх хугацаанд "гэгээнтэн" байдаг. Зургаан нас хүрэх хугацаанд "суутан" байдаг. Арван нэгэн нас хүрмэгц "жирийн хүн болчихдог" гэсэн мэргэдийн гаргалга байдаг. Учир нь аливаа хүүхэд эхээс төрөхдөө хүн төрлөхтөнд заяадаг бүхий л авьяас чадвар, ухааны үндсэн өгөгдөхүүнтэй гарч ирдэг.

¨ ¨ ¨
Өеөдсөн мал өөрөө өндийхийг чармайдаг шиг өеөдсөн эдийн засгаа өөд нь татахад “өөрөө өндийхүйн өгөөж” үндсэн таяг болж өгнө гэдгийг нийтээр ухаарахыг амьдрал шаардаж байна. Өөрөө хөгжих замаар л хүн төрөлхтөн өнгөрсөн түүхийн хэдэн мянганыг туулжээ. Анхандаа түүгчэрэм, хүн хоёр адилхан аргаар амь зууж байсан цаг/ байлаа. Дараа нь бүтээгч болсон юм. Хүн бэлэн юм түүж идэх хязгаарыг давж өөрийн гараар бүтээж үйлдэж сурсан нь түүнийг адгууснаас ялгаруулж өгсөн.

¨ ¨ ¨
 “Өеөдсөн” нийгэм өндийн босоход “өөрөө хөгжих” эртний арга зам хамгийн найдвартай “таяг” боловч бэлэнчлэх сэтгэлгээ давамгайлсан олонхид тэрхүү таягийг тулж босох санаачлага дутсанаас ядуурал гэнэт нүүрлэсэн билээ.

¨ ¨ ¨
Хэл заяасан учраас хүн төрлөхтөн хорвоогийн хамгийн их ухаантан болж улмаар хүн төрлөхтөн гэдэг агуу их хамтлагт нэгдэж дэлхийг эзэгнэн өдгөө сансарт тэмүүлж байгаа билээ. Хүмүүс хэлтэйн ачаар бие биенээ ойлголцож, эрдэм ухаанаа хөгжүүлж, өв соёлоо бүтээж, өнгөрсөн одоо ирээдүйгээ холбож чадсан ажээ.

¨ ¨ ¨
Монголчууд баяжих тухай бодохоороо “бэлэнчлэх” аргыг л сонгох юм уу эсвэл “гэнэт” баяжих санаархалаар дүүрэн байх юм. “Баяжих” гол арга бол мэдлэг шаардахааргүй ганцхан сонгодог юм байсаар ирсэн. Тэр бол “хөдөлмөр”. Хөрөнгөт нийгмийг нэвт судлаад “Хөрөнгө” /капитал/ гэдэг суут сонгодог бүтээлээ хийсэн Маркс “Хөдөлмөр хүнийг буй болгожээ” гэж тунхагласан. Тэгэхээр хөдөлмөр бол “баяжих” хэрэгсэл төдийгүй хүнийг өөрийг нь буй болгож, адгууснаас ялгаруулан дэвшүүлсэн ганц ид шид, баяжих “алтан түлхүүр” юм.

¨ ¨ ¨
Ташуураар хамгаалсан эх орноо тархиараа хамгаа­лах цаг ирлээ.




 







Ангилал:

0 сэтгэгдэл:

Post a Comment

 

Онцлох санаа

Амжилтын 5 хошуу - Тунгаан бодож сур - Шинэ санаатай нөхөрлө

Онцлох санаа

Шаардлага хангасан боловсрол - Уламжлал&шинэчлэл - Хож хож

Хэрсүү ухаанаар хамаг монгол хөгжинө.

Зохиогчийн эрх © Баатарын Батаа /