Facebook Page Like

2015/02/10

Б.Цацрал: Мөс

Share & Comment
Эх сурвалж:
http://world.news.mn/content/84199.shtml, 2011 оны 10 сарын 24

       Дэлхийн мөс хайлж байна. Дулаарал явагдаж байна. Хүний мөс ч бас хайлж байна. Хүйтрэл явагдаж байна. Аль нь эхэлж хайлсан юм бол? Хүмүүс өөрсдөө мөс шиг хүйтэн цэвдэг болсон болохоор жиндэж чичирсэн бөмбөрцөг өөрийгөө дулаацуулж эхэлсэн байх. Халуунаас халуун сэтгэлийн илчийг хэмждэг зүйлийг хүйтнээс хүйтэн үгээр яагаад илэрхийлдэг тухай үе үехэн би боддог. Хайлах тусам нь сэтгэл дотор жавар хургамаар хүйтэн болдог хүний мөс. 


   Хоёрхон настай бяцхан охиныг ачааны машинаар дайрсан бичлэг YouTube хуудаснаа шуугиан тарив. Хятадын Гуандун мужийн жижигхэн зам дээр тэр хэрэг гарчээ. Аав, ээжийнхээ ажиллуулдаг дэлгүүрийн гадаа явсан бяцхан охиныг машин дайрчээ. Урд дугуйгаараа охины дээгүүр гарсны дараа хэсэг тээнэгэлзсэнээ ард талын дугуйгаараа ахин нэг удаа дайрав. Цусанд будагдсан бяцхан охины хажуугаар хүмүүс метр ч хүрэхгүй зайтай өнгөрөх авч туслахыг хүссэнгүй. Зам дээр хэвтэх охиныг ахин нэг машин дайрчээ. Хажуугаар нь явж өнгөрсөн 18 хүний хэн нь ч түүнд тусалсангүй. Харин эцэст нь нас тогтсон нэгэн ядуу эмэгтэй олж харангуутаа замаас холдуулан, эмнэлэг дууджээ. Өнөөдөр Хятад орон даяар энэ аймшигт явдлын тухай өөр хоорондоо ярьж байна. Охиныг дайрсан хоёр жолоочоос илүүтэй хажуугаар нь хэнэг ч үгүй алхаж одсон тэр хүмүүсийг жигшиж байна. Хүнлэг бус сэтгэлтэй хүмүүсийнхээ өмнөөс Хятад улс ичиж байна.

     Харин өчигдрөөс YouTube-д нэгэн шинэ сенсаац дэгдлээ. Босогчдод амьдаараа баригдсан хурандаа Каддафигийн амьгүй болсон цогцсоор цөс нь хөөрсөн эрчүүд хүүхэлдэй мэт тоглон, зугаацаж байгаа бичлэг. Аягүй бол тэр зэрлэг залуусын дотор Ливийн ажилгүйчүүдэд олгодог сарын 700 ам.долларын тэтгэмжийг гутамшигтайгаар доромжлогдож буй энэ цогцосны амьд ахуйдаа батлан гаргасан тогтоолоор авч байсан хүн байгаа даа. Амьгүй цогцсыг тохуурхан таашаал авдаг болтлоо цэвдэгшсэн жихүүдэс хүрмээр хүйтэн хүмүүс.

     Цэвдэг эриний цэвдэг хүмүүс. Хэтэрхий материаллаг, хуурмаг ертөнцийг өөрсдийн гараар бүтээчихээд амьд халуун сэтгэлээ алхам алхмаар гээсээр яваа бидний үе. Хэнтэй ч юм бэ уралдах мэт, юунд ч юм бэ яарах мэт зөвхөн өөрийнхөө өнөөдрийг бодож амьдрах завгүй, сэтгэлгүй, амьгүй амьдралын хэв маяг. Болж өнгөрсөн дээрх эмгэнэлт хэргээс улбаалан гарцаагүй тохиолдолд бусдад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг хуульчлах тухай ярьж эхлэв. Хүн чанарыг хуулиар аварч үлдэх гэсэн XXI зууны хүмүүсийн хөөрхийлөлтэй оролдлого. Уг нь хүний мөс гэдэг хуулийн заалт биш, хүний сэтгэлд бадамлаж байдаг гал билээ. 

     Яг энэ өдрүүдэд Монголд бөмбөрцгийн нөгөө бөөрнөөс ирсэн хэдэн хүн говийн онгон байгаль, хангайн сүрлэг уулсын хормойд бясалгал хийж сууна. Материаллаг амьдралын хэв маягаас оюунлиг амьдралд шилжих тэр гарц Монголын тал нутагт байна хэмээн эрж ирсэн хүмүүс. Нүүдэл хармагц идээ, цайгаа барин тосож очдог, уярч нялхарсан ингэний нулимстай хамт мэлмэрдэг, уул, ус, нар саранд цай, сүүгээ өргөдөг энэ ард түмний амьдралын ухаан эх дэлхийн хүмүүсийг цэвдэгшлээс аврах гарц хэмээн тэд зорин иржээ. Ертөнцийн галыг таслалгүй манаж ирсэн нүүдэлчин Монголд хүмүүний сэтгэлийн галыг нь ч мөн бөхөөхгүй авч явах хувь заяа ногдсон гэдэгт тэд итгэдэг ажээ.

      Хүн хүнээ хайрлах агуу их хайрыг хуулиар бүтээж болохгүй. Хайр өөрөө сэтгэлээс асаж, сэтгэлээр тэжээгддэг ургамал билээ.

Дэлхийн мөс хайлж байна. Дулаарал явагдаж байна.

Хүний мөс ч бас хайлж байна. Хүйтрэл явагдаж байна.
Ангилал:

0 сэтгэгдэл:

Post a Comment

 

Онцлох санаа

Амжилтын 5 хошуу - Тунгаан бодож сур - Шинэ санаатай нөхөрлө

Онцлох санаа

Шаардлага хангасан боловсрол - Уламжлал&шинэчлэл - Хож хож

Хэрсүү ухаанаар хамаг монгол хөгжинө.

Зохиогчийн эрх © Баатарын Батаа /